Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 462

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогч О.Н,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г Д д холбогдох эрүүгийн 2017 2501 1298 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт дүүрэг, дугаар хороо, байр, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г Д, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гурван булаг амралтын газар О.Нямбаярыг архины шилээр толгой тус газар цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр найзууд болох Ган-Өлзий, Төгөлдөр, Намуунаа, Урангоо нартай “3 шарга” нэртэй амралтын газар руу 2 машинтай явсан. Орой 20-21 цагийн үед очоод гэр хөлслөн авч архи уугаад байж байхад шөнийн 00 цагийн үед Нямбаяр 2 найзтайгаа гэрт орж ирсэн. Тэгээд бүгд гадаа орилолдож, бидэнтэй байсан 2 охин явна, явахгүй гэж байхад манай 1 найзтай муудалцаж байгаа юм шиг байхаар нь 2 охиноо авч үлдэх гээд гэрийн хажууд байсан архины шилээр цохисон. Харж байгаад том биетэйг нь цохино гэж бодоод толгойн тус газар нь цохисон. Тэгээд Нямбаярын толгойноос цус гарсан тул усаар угаагаад, гэрт байсан даавуу урж толгойг нь боосон гэв.

Хохирогч О.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 04 дүгээр сарын 02-ны өдөр манай найз охин Намуунаа над руу залгаад “3 булаг” нэртэй амралтын газарт байна, ирж ав гэсэн. Би очоод Намуунаа, Урангоо нарыг аваад гарахад Үйтүмэн намайг дуудсан. Тулаад очиход хажуунаас архины шилээр цохисон. Би тэр үед мэдээгүй. Тэгээд даавуугаар боосон ба цагдаад мэдэгдэж, хэлтэс дээр очсон. Одоо гомдол саналгүй гэв.

Хохирогч О.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гурван булаг амралтын газар найз охин Намуун-Эрдэнийг авахаар найз Отгонтүлхүүр, Ганхуяг нарын хамт очсон. Тэгээд найз Намуун-Эрдэнийг авч явах гэхэд Урангоо гэх найзыгаа авч явна гээд Урангоог авч гарсан юм. Араас Үйтүмэн гэх залуу дуудаж, уулзах гээд очиход Дөлгөөн гэх халамцууу залуу гэрээс гарч ирээд хажуунаас миний толгой руу архины шилээр шалтгаангүй цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-20 дугаар хуудас/,

Гэрч Т.Ган-Өлзийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байдаг Гурван булаг амралтын газар найзуудтайгаа амрахаар очиж архи хувааж уусан. 00 цагийн үед Намуун-Эрдэнийн найз гэх залуу хоёр эрэгтэй найзтайгаа ирсэн. Намуун-Эрдэнийг аваад гарахад араас нь Үйтүмэн, Дөлгөөн нар гарсан. Би удалгүй араас нь гарахад Үйтүмэн тэр залуутай уулзаж байсныг Дөлгөөн андуураад хойноос нь архины шилээр байх харанхуйд анзаарч хараагүй толгой руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹4677 дүгнэлтэд “О.Н  биед духанд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 36 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №562 дүгнэлтэд “Г.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, хэргийн талаар зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 50 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гурван булаг амралтын газар О.Нямбаярыг архины шилээр толгой тус газар цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 300 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Г.Д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Г.Д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.