| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/04136/И |
| Дугаар | 183/ШШ2024/00927 |
| Огноо | 2024-02-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2024/00927
| 2024 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2024/00927 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, Б.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Д-д холбогдох,
Түрээсийн гэрээг хууль бусаар цуцалсны болон түрээсийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 9,777,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц,
Хариуцагч Т.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Т.Дд холбогдуулан түрээсийн гэрээг хууль бусаар цуцалсны болон түрээсийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 9,777,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч нар нь хариуцагчтай 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *** тоот оффис түрээслэх гэрээ байгуулж, Улаанбаатар, ***хаягт байрлах 57 м.кв оффисыг 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар, сарын 2,109,000 төгрөгөөр, мөн нэг сарын барьцаа төлбөр байршуулж, түрээсэлж эхэлсэн. Гэвч 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр түрээслүүлэгч буюу хариуцагч Т.Д нь утсаар залгаж, тодорхой шалтгаан хэлэлгүйгээр түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэж гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Түрээсийн гэрээг цуцалж, оффисыг чөлөөл гэсэн мэдэгдлийн араас гэрээ, хуульд заасан хоног хугацаа, түрээслэгчийн тайлбар, нөхцөл байдал, тохиролцоог үл хэрэгсэн, тог цахилгаан, ус таслах, дараагийн авсан гэх хүмүүс орж ирж хурдан гар гэж хөөж туух, танхайрах, ажлын дундуур орж гарч засвар үйлчилгээ хийх, эд хогшил, барилгын бараа материал зөөх гэх мэт байдлаар түрээсийн гэрээнд заасан зориулалтаар ашиглах буюу хэвийн ажил явуулах боломжгүй болгосон. Ийм нөхцөл байдал 7 дугаар сарын эхээс түрээсийн оффисыг хариуцагчид буцаан хүлээлгэн өгөх 8 дугаар сарын эхэн хүртэл үргэлжилсэн буюу түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас түрээсийн зүйлийг бүтэн нэг сар гаруй хугацааны туршид зориулалтын дагуу ашиглаж чадаагүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1 дэх хэсэгт хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй бөгөөд үүний дагуу 2023 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг хариуцагчид төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч буюу түрээслүүлэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр түрээсийн талбайд өөрийн зардлаар ариун цэврийн өрөө, цэвэр бохирын сангийн шугам, суултуур, угаалтуур гэх мэт засан сайжруулалтыг хийсэн бөгөөд үүний зардалд 6,918,600 төгрөгийг зарцуулсан. Мөн, түрээсийн оффисын цахилгааны засвар, сайжруулалтын ажлыг 200,000 төгрөг төлж хийлгэсэн. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхийг хөлслөгч эдлэх бөгөөд 00-ын өрөө хийхэд зарцуулсан зардал болон цахилгааны ажлын зардлыг хариуцагчаар төлүүлнэ. Мөн, нэхэмжлэгч нь хариуцагчид 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү хэмжээний буюу 2,109,000 төгрөгийн барьцаа төлбөрийг төлсөн. 2023 оны 4-р сараас 8-р сар хүртэл түрээсийн зүйлийг ашиглах явцад Түрээсийн гэрээнд заасан барьцаа хөрөнгийг ашиглах нөхцөл үүсээгүй бөгөөд түрээслүүлэгч талын санаачилгаар гэрээ хууль бусаар цуцлагдсан. Хариуцагч нь дээрх барьцаа мөнгө болох 2,109,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөөгүй. Түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг буруутай тал нөхөн төлнө гэж заасан байдаг. Хариуцагч нь Түрээсийн гэрээний 3-р зүйлд заасан гэрээ цуцлах журмыг, мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт "Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно" гэсэн хуульд заасан хугацаа, журмыг зөрчиж, нэг талын түрэмгийлсэн байдлаар гэрээ цуцалж, үүний улмаас Нэхэмжлэгч буюу түрээслэгч нь аргагүйн эрхэнд түрээсийн оффисоос нүүсэн. Үүний улмаас дараах хохирол нэхэмжлэгч талд учирсан. Тодруулбал, маргаан бүхий түрээсийн оффисын хаяг байршлын дагуу хэвлүүлсэн нийт ажилтнуудын нэрийн хуудсыг 3 сар хүрэхтэй үгүйтэй хугацаа өнгөрөөд ашиглах боломжгүй болсон. Нэхэмжлэгч нь ашиглах боломжгүй болсон нэрийн хуудсыг нийт 300,000 төгрөгийн зардал гаргаж, хийлгэсэн байсан. Мөн, нэхэмжлэгч өөр шинэ оффис түрээслэхтэй холбоотой нүүлгэлтийн зардал 250,000 төгрөгийг төлсөн. Гэрээний эрх зүйн гол зарчим нь гэрээнд үнэнч байх зарчим гэж үздэг. Зарчмын хувьд аливаа гэрээ байгуулагдсан тэр хэлбэрээрээ заавал зохих ёсоор биелэгдэж байх ёстой. Энэ нь гэрээ байгуулах явцад талуудаас бие даан, өндөр хариуцлагатайгаар гаргасан шийдвэрийг хүндэтгэх, эдийн засаг, эрх зүйн харилцаанд зайлшгүй шаардлагатай төлөвлөлтийн баталгаа, найдвартай байдлыг хангах шаардлагатай холбоотой гэж Иргэний хуулийн тайлбарт тусгагдсан байдаг. Нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээг тодорхой шалтгаангүйгээр гуравхан сарын дараа цуцалж, ингэхдээ түрээслэгч талтай харилцан тохиролцох, хоног хугацаа тогтоох боломжийг олголгүй, түрэмгийлэн гэрээг дуусгавар болгож, оффисын талбайгаас гэрээний нөгөө талыг хөөж гаргасан нь дээрх зарчимд үл нийцнэ. Түрээслүүлэгч буюу хариуцагч нь гэрээ цуцлахдаа талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлах нөхцөл болон Иргэний хуульд заасан түрээсийн гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээний гэрээ цуцлах журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дээрхийн дагуу хариуцагчийн түрээсийн гэрээг хууль бусаар цуцалсан, мөн түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол, зардал буюу ариун цэврийн өрөөний зардал 6,918,600 төгрөг, цахилгааны ажлын зардал 200,000 төгрөг, барьцаа төлбөр 2,109,000 төгрөг, нэрийн хуудасны зардал 300,000 төгрөг, нүүлгэлтийн зардал 250,000 төгрөг, нийт 9,777,600 төгрөгийг хариуцагч Т.Дгаас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Т.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Т.Д би ** тоотод оршин суудаг. Нэхэмжлэгч ***/ төлөөлж түрээсийн гэрээ байгуулсан Б.Ггийн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Бид 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан. Энэ хугацаанд Түрээслэгч /*** ХХК/ Б.Г нь түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа 1 ч удаа түрээсийн төлбөрөө төлж байгаагүй. түрээслэгч Б.Г түрээсийн гэрээ байгуулснаас хойш сар хүрээгүй байхад 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Viber ** дугаараар залган түрээсийн гэрээгээ үргэлжлүүлж чадахгүй боллоо гэж мэдэгдсэн. Энэ хугацаанаас 14 хоногийн дараа дахин бид нүүхээ болилоо үргэлжлүүлэн суухаар болсон гэж дахин утсаар мэдэгдэж хэлсэн. Түрээслүүлэгч Т.Д би Б.Гд хоорондын байгуулсан гарын үсэг зуран баталгаажуулсан түрээсийн гэрээний 3.2-т заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэж түрээсийн гэрээг цуцалсан болно. Түрээсийн 4 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг байнга хоцроодог байсан. 2023 оны 4 дүгээр сарын 09-ний түрээс төлөх өдрийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 26 хоногийн хугацаа хоцорсон. 2023 оны 5 дугаар сарын 09-ний түрээс төлөх өдрийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 18 хоногийн хугацаа хоцорсон, 2023 оны 6 дугаар сарын 09-ний түрээс төлөх өдрийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 7 хоногийн хугацаа хоцорсон. 2023 оны 7 дугаар сарын 09-ний түрээс төлөх өдрийг 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 20 хоногийн хугацаа хоцорсон. Нэхэмжлэгч Б.Г нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ** тоот албан бичиг надад ирүүлсэн бөгөөд тус албан бичигтээ сүүлийн сарын түрээсийн төлбөрийг барьцаа төлбөрөөс суутгахад татгалзах зүйлгүй болно гэж бичиж ирүүлсэн. Иймд сүүлийн 7 дугаар сарын түрээсийг барьцаа төлбөрөөс суутгасан болно. жич Хэрвээ нэхэмжлэгч талын бичсэний дагуу түрээслүүлэгч Дби тог цахилгаан таслан, хөөж тууж, танхайрсан бол түрээслэгч байгууллага энэ албан бичгийг 1 сарын дараа ирүүлэхгүй байсан. Иймд барьцаа төлбөрийг буцаан олгоогүй 7 дугаар сарын түрээсийн төлбөрт суутгасан болно. Нэхэмжлэгч /*** ХХК/ Б.Ггийн нэхэмжилж буй ОО-н өрөөний засварын 6,918,600 төгрөгийг мөн төлж чадахгүй болно. Учир нь: Манай түрээсийн байр болох ** оффис нь шинээр ашиглалтад орсон улсын комисс хүлээн аваад 3 сар болж байсан шинэ барилга бөгөөд 3 оффисын өрөө түрээслүүлэхээр зохион байгуулж хуваагдсан эрэгтэй, эмэгтэй ОО-н өрөөтэй юмаа. 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Б.Г *** ХХК-ны захирал гэх япон хүнтэй хамт ирэн бид өөрсдийн түрээслэх өрөөндөө ОО-н өрөө шинээр хиймээр байна гэж гуйсан. Би энэ бол дөнгөж шинээр ашиглалтад орсон байр, мөн гуравхан түрээслүүлэгчтэй, их цомхон. Та бүхэн дахин ОО-н өрөө хийх шаардлага байна уу? зөвхөн түрээсээр ашиглаж байж нэмэлт зардал гаргах хэрэг байна уу? Дараа нь түрээс дуусаад та нар гарлаа гэхэд надад ариун цэврийн өрөө хэрэггүй, яагаад гэвэл шинэ эрэгтэй эмэгтэй ОО-н өрөө байгаа, бас түрээслэх өрөөний М2 хасагдах болохоор надад бол ОО-н хэрэггүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч: Бид тусдаа л ОО-н өрөөтэй болмоор байна. Та харин ханаа цоолж болно гэж зөвшөөрөх юм бол танаас ямар ч зардал гарахгүй, бид өөрсдийн хөрөнгөөр шинээр ариун цэврийн өрөө хийгээд дараа нь өөрсдийн зардлаар буулгана гэж хэлсний дагуу би ханаа цоолохыг зөвшөөрсөн. Түрээслүүлэгчийн өөрийн хүсэлтийн дагуу шинэ ариун цэврийн өрөө хийхэд дундын шинэ ханаа цоолуулахыг зөвшөөрсөн. Тийм учраас түрээсийн гэрээнд ямар нэгэн нэмэлт заалт оруулаагүй болно. Түрээсийн гэрээний дагуу урьдчилж мэдэгдсэн 1 сар дууссаны дараа буюу 2023 он 08 дугаар сарын 8-ны өдөр түрээсэлж буй өрөөний хаалганы гол сольсон. Ингэснээр 2023 оны 08 сарын 09-ны өдөр энэ байгууллага нүүсэн. Түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдсэнээс хойш 1 сарын хугацаанд Дби танхайрч, хөөж тууж, тог цахилгаан тасалж байгаагүй. Жич: Мөн Т.Д би өөрийн зардлаар тухайн ариун цэврийн өрөөг буулган тээвэрлэж, өөрийн талбайг чөлөөлөн хуучин байдалд нь оруулсан. Энэ үедээ сонирхон нэхэмжилж буй барилгын материалыг тоолж үзэхэд нэхэмжилж буй тоо ширхэгтээ хүрэхгүй маш их дутаж байсан. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээг хууль цуцалсан гэрээний үүргээ яагаад зөрчсөн талаар тайлбар хэлье. Маргааны тухайд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан түүний 3.1, 3.2, 3.3 гэсэн гэрээний заалт яригддаг. Хариуцагчийн зүгээс 3.2-т заасны дагуу манайх нэг сарын өмнө мэдэгдсэн учраас түрээсийн талбайг түрээсэлсэн гэдэг байдлаар тайлбарладаг. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дах заалтын тухайд талууд гэрээ цуцлах талаар албан ёсоор нэг сарын өмнө мэдэгдэж хугацаанаас өмнө цуцалж болно гэсэн утгатай заалт байдаг. Тус заалтын тухайд нөгөө тал буюу Б.Ггийн түрээслэгч газрын харилцан тохиролцоо зөвшөөрөл заавал шаардагдах зохицуулалт байгаа юм. Харин гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т буюу гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд түрээслэгчийн харилцан тохиролцох зөвшөөрөл шаардлагагүйгээр түрээслүүлэгч гэрээг нэг талын санаачилгаар дангаар цуцлах эрх үүсдэг. Манай тохиолдолд 3.2-д зааснаар гэрээ цуцалсан гэж ярьдаг. Гэхдээ 3.2 нь түрээслэгч Б.Ггийн харилцан тохиролцоо зөвшөөрлийн үндсэн дээр заавал цуцлах ёстой зохицуулалт байдаг. Гэрээнд нэг сарын өмнө цуцлахыг мэдэгдсэн болно гэсэн байдлаар явж болохгүй. Дуртай үедээ нэг сарын өмнө бичиг өгчхөөд гэрээ цуцлах нь гэрээний эрх зүйн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Тэгэхээр гэрээний 3.2-т зааснаар заавал нөгөө талтайгаа харилцан тохиролцох, зөвшөөрөл авах гэрээ цуцлах нөхцөл байдал үүсэх байтал шууд мэдэгдэл өгсөн гэдгээрээ шууд нэг талыг барьж илэрхийлж дуусгасан байдаг. Мөн иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д гэрээ дуусгавар үндэслэл бичигдсэн байдаг. 294.2-т хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг цуцлах үндэслэл бичигдсэн байдаг. 294 дүгээр зүйлийн 294.1.1-д гэрээний хугацаа дууссан бол гэрээ дуусгавар болдог. Гэтэл бид гэрээгээ байгуулаад зөвхөн нэг сар өнгөрч байсан 294 дүгээр зүйлийн 294.1.2-т гэрээг тодорхой бус хугацаагаар гаргуулсан бол аль нэг тал нь мэдэгдэл өгснөөс хойш хууль болон гэрээнд заасан хугацаанд гэрээ дуусгавар болдог. Бид нарын хувьд нэг жилийн хугацаатай хугацаа заасан гэрээ байгаа тэгэхээр хариуцагчийн тухайд 294 дүгээр зүйлийн 294.1-д заасан хууль заасан үндэслэл үүсээгүй байхад гэрээг цуцалсан хууль бус үйлдэл гаргасан. 294 дүгээр зүйлийн 294.2-т хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд талууд гэрээг цуцалж болдог. гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн оффис түрээсийн гэрээ, Б.Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар, *** ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаар албан бичиг, *** ХХК-ийн 2023 оны 7 сарын 31-ний өдрийн нэхэмжлэх, оффисын засвар үйлчилгээний зардлын жагсаалт, дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 7 сарын 26-ны түрээсийн гэрээ цуцлах тухай баримт, 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн түрээс төлөх тухай баримт, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Т.Дгийн хүсэлт, дансны шилжүүлгийн баримтуудын хуулбар хувь, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн бэлэн мөнгөний баримт, 8 дугаар сарын 09-ний өдрийн дансны мэдээлэл, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, зарлагын баримтууд, дансны дэлгэрэнгүй хуулга, санхүүгийн нэхэмжлэх, зарлагын баримтууд зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас хариу тайлбар, фото зураг зэргийг ирүүлжээ.
Шүүхээс Б.Г болон Т.Д нарын хоорондоо ярьсан утсаар ярьсан бичлэгт үзлэг хийв.
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Т.Дд холбогдуулан түрээсийн гэрээг хууль бусаар цуцалсны болон түрээсийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 9,777,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэгч Д.Ггийн нэхэмжлэлээс 6,160,100 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,617,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нар нь хариуцагчтай 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *** тоот оффис түрээслэх гэрээ байгуулж, Улаанбаатар, ***хаягт байрлах 57 м.кв оффисыг 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар, сарын 2,109,000 төгрөгөөр, мөн нэг сарын барьцаа төлбөр байршуулж, түрээсэлсэн. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр түрээслүүлэгч Т.Д нь түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Тог ус тасалж хурдан гар гэж шаардах болсон. Иймд түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас түрээсийн зүйлийг бүтэн нэг сар гаруй хугацааны туршид зориулалтын дагуу ашиглаж чадаагүй. Иймд 2023 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр өөрийн зардлаар ариун цэврийн өрөө, цэвэр бохирын сангийн шугам, суултуур, угаалтуур гэх мэт 6,918,600 төгрөгийн засан сайжруулалтыг хийсэн. Түрээсийн оффисын цахилгааны засвар, сайжруулалтын ажилд 200,000 төгрөг зарцуулсан. Түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг гурван сарын өмнө өгөх ёстой байтал гэнэт мэдэгдсэн. Иймд түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол, зардал буюу ариун цэврийн өрөөний зардал 6,918,600 төгрөг, цахилгааны ажлын зардал 200,000 төгрөг, барьцаа төлбөр 2,109,000 төгрөг, нэрийн хуудасны зардал 300,000 төгрөг, нүүлгэлтийн зардал 250,000 төгрөг, нийт 9,777,600 төгрөгийг хариуцагч Т.Дгаас гаргуулж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.Г нь түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа 1 ч удаа түрээсийн төлбөрөө төлж байгаагүй. Түрээсийн гэрээний 3.2-т заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэж түрээсийн гэрээг цуцалсан. 2023 оны 5 дугаар сарын 09-ний түрээс төлөх өдрийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 18 хоногийн хугацаа хоцорсон, 2023 оны 6 дугаар сарын 09-ний түрээс төлөх өдрийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 7 хоногийн хугацаа хоцорсон. 2023 оны 7 дугаар сарын 09-ний түрээс төлөх өдрийг 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 20 хоногийн хугацаа хоцорсон. Нэхэмжлэгч Б.Г нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ** тоот албан бичиг надад ирүүлсэн бөгөөд тус албан бичигтээ сүүлийн сарын түрээсийн төлбөрийг барьцаа төлбөрөөс суутгахад татгалзах зүйлгүй болно гэж мэдэгдсэн. Иймд барьцаа төлбөрийг 7 дугаар сарын түрээсийн төлбөрт суутгасан тул буцаан олгох үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь ариун цэврийн өрөө хийх зөвшөөрөл олговол бид өөрсдийн зардлаар хийгээд, дараа нь буулгана гэсэн. Түрээсийн гэрээний дагуу урьдчилж мэдэгдсэн 1 сар дууссаны дараа буюу 2023 он 08 дугаар сарын 8-ны өдөр түрээсэлж буй өрөөний хаалганы гол сольсон. Нэхэмжлэгч нь 2023 оны 08 сарын 09-ны өдөр нүүсэн. 1 сарын хугацаанд би танхайрч, хөөж тууж, тог цахилгаан тасалж байгаагүй. гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2023 оны 4 сарын 9-ний өдөр Оффис түрээсийн гэрээ байгуулагджээ. Тус гэрээгээр *** тоот хаягт байрлах 57 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийн 2023 оны 4 сарын 9-ний өдрөөс 2024 оны 4 сарын 8-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар түрээсэлжээ. Талууд түрээсийн төлбөрийг сарын 2,109,000 төгрөг, мөн нэг сарын барьцаа төлбөр байршуулахаар тохиролцжээ.
Талууд түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээсийн гэрээ хожим цуцлагдсан, гэрээний хугацаа, үнийн дүнгийн талаар маргаагүй.
Харин гэрээ цуцлах болсон үндэслэл, хариуцагч гэрээнд заасны дагуу оффисыг түрээсэлсэн хугацаа, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн эсэх, нэхэмжлэгч тал түрээсийн оффист ариун цэврийн өрөө хийх нь зайлшгүй шаардлагатай эсэх талаар маргаж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний эрх үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний гэрээ байгуулжээ.
Түрээсийн зүйл нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд ашиглах боломжтой байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тус оффист ариун цэврийн өрөө байгуулах хувийн шаардлага байсан гэж тайлбарлаж байх ба хариуцагчаас энэ талаар маргаагүй, тус ариун цэврийн өрөөг тохижуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Харин тус ариун цэврийн өрөөг нэхэмжлэгч өөрийн зардлаар барих, буцаан буулгах талаар талууд тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.4-д Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно. гэж заасан бөгөөд хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул түүнийг гэрээгээ зөрчин нэг талын санаачилгаар түрээсийн гэрээг цуцалсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Б.Г нь ариун цэврийн өрөөг тохижуулахад суултуур 1,150,000 төгрөг, хоолойнууд 129,400 төгрөг, хоолтой тоолуур 208,300 төгрөг, угаалтуур суулгахад 200,000 төгрөг, хаалганы цоож нугас 297,000 төгрөг, замаскны 25,500 төгрөг, гипсэн хавтан 775,000 төгрөг, зарцуулсан, ам дарагч 82,900 төгрөг, дотор заслын 901,000 төгрөг, өнхрүүш 34,000 төгрөг, хүрээ залгаас 48,000 төгрөг, цахилгааны төлбөр 200,000 төгрөг, түрээсийн барьцаа төлбөрт 2,109,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт хавсаргасан бэлэн мөнгөний зарлагын баримт, зарлагын баримт, дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Түрээсийн гэрээ цуцлахад түрээслэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй байх тул түрээсийн гэрээний барьцаа болгон шилжүүлсэн 2,109,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгах үндэслэлгүй.
Иймд хариуцагчаас 6,160,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгчээс хана босгосон хөлс 840,000 төгрөг, дотор хана, шингэн хадаас гэх мэт төлбөр 806,000 төгрөг, хөшиг 685,400 төгрөг, дотор заслын ажлын хөлс 500,000 төгрөг, портер хөлсөлсөн 235,000 төгрөг, нэрийн хуудас хэвлүүлсэн 300,000 төгрөг, нүүлгэлтийн үйлчилгээ авсан 250,000 төгрөг гэх шаардлага баримтаар тогтоогдохгүй, төлбөрийг *** ХХК гэх өөр этгээд төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх 3,617,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Т.Дгаас 6,160,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож, үлдэх 3,617,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхнгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Дгаас 113,511 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА