Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2024/00931

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2024/00931

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.С-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 96,980,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгч М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Б.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Сын компанийн данс болох **** гэсэн дансанд 65,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай өдрийн 0,3 хувийн хүүтэй тооцож өгсөн. Уг данс руу ажилдаа хэрэглэх тул утгыг нь дараа төлөлт гэж бичиж өгөөч гэж гуйсны дагуу шилжүүлсэн. Гэвч хугацаа хэтрээд 5 сар өнгөрөөд 9 сард 1 сарын 5 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай сунгаж зээлүүлье гэж бичиг хийж өгч тохирсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн асуудлыг шийдэж өгөөгүй тул тус дүүргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж байна. Иймд миний зээлүүлсэн 65,000,000 төгрөг, хүүний мөнгөтэйгөө нийлж 96,980,000 төгрөгийг гаргуулж авч өгч шийдвэрлэж өгнө үү. гэжээ. 

 

Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн М.Жын нэхэмжлэлтэй уншиж танилцсан бөгөөд тус нэхэмжлэл нь иргэн Батжаргалын Сүхбат миний бие хариуцагч биш ** ХХК нь хариуцаж төлбөр тооцоог барагдуулах юм. гэжээ.

Нэхэмжлэгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 10 дугаар сарын 27-нд Б.Сд 65,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Тухайн үед өөрийнхөө данс биш компанийн данс руу дараа төлөлт хийгээд өгнө үү. Гадаад руу шууд явуулах учраас яаралтай ингэж хийх хэрэгтэй байна гэсэн учраас өөрийнх нь хэлснээр компанийн данс руу хийсэн. Өдрийн 0,3 хувийн хүүтэй 14 хоногийн хугацаатай маш яаралтай буцаагаад өгнө. Ажил энэ хугацаанд бүтэхгүй бол * дугаартай машинаа зараад өгнө гэж хэлээд компанийн данс руу хийлгэсэн. Тэгээд 14 хоногийн дараа мөнгөө өгөөгүй машинаа зарна гэсэн боловч зар тавьсан утасны дугаараа авахгүй өөрт нь хэлэхээр удахгүй өгнө гэж хэлдэг. Хамгийн гол нь би Б.Сас мөнгөө авч охин дээрээ очих бодолтой байсан. Манай хүү бурхан болоод 2 сар болж байсан учраас охин дээрээ очиж сэтгэл санаагаа тайвшруулж ирэх бодолтой байсан. Б.Сас мөнгөө авч чадахгүй 3 сарын хугацаа өнгөрсөн. Тэгээд Б.С сарын 5 хувийн хүүтэй болгож өгнө та санаа зовох хэрэггүй явчхаад ир ирэхээр мөнгийг нь сарын дараа өгнө гэсэн боловч ажил болохгүй байна гэсээр өдийг хүрсэн. гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, М.Жын иргэний үнэмлэхийн хуулбар, баталгаа гаргасан баримт /хх-4,5/, М.Жын депозит дансны хуулга,

 

Хариуцагчаас хариу тайлбар, ** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Б.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Сд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 15:30 цагт болох шүүх хурлын товыг мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх ба хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Сын компанийн данс болох **** гэсэн дансанд 65,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай өдрийн 0,3 хувийн хүүтэй тооцож шилжүүлсэн. Ажилдаа хэрэглэнэ гэж хэлж байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад 1 сарын 5 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай сунгасан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Иймд 96,980,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Б.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 96,980,000 төгрөгийг *** ХХК-ийн зээлсэн тул төлбөрийг тус компаниас шаардах ёстой. Миний бие хариуцагч биш гэж няцааж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Б.Сд 65,000,000 төгрөгийг өдрийн 0.3 хувийн хүүтэйгээр зээлсэн ба 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буцаан төлөхөөр талууд тохиролцжээ. Мөн тус гэрээний хугацаа дууссан тул дээрх гэрээг сарын 5 хувийн хүүтэйгээр өөрчлөн байгуулжээ.

Гэрээний хугацаанд хариуцагч нь зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

5.Талууд 65,000,000 төгрөгийг шилжүүлсэн, түүнийг буцаан төлөөгүй зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагчаас гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй этгээд биш, тус төлбөрийг *** ХХК хариуцна гэж маргаж байна.

6.Хэрэгт авагдсан /хх-4,5/ Иргэн М.Жд баталгаа гаргах нь гэх хэлцлийн агуулга, эрх үүргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

7.Харин дээрх зээлийн гэрээ болон гэрээний сунгалтыг *** ХХК болон * нар хоорондоо байгуулсан болох нь тус гэрээний талууд гэх хэсэг, талуудын гарын үсэг, гэрээнд дарсан тэмдгээр тогтоогдож байна.

8.Харин хариуцагч Б.С нь тус компанийн гүйцэтгэх захирал байсан ба энэ талаар талууд маргаагүй.

9.Иргэний хуулийн 281 дүгээр зүйийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд зээлийн гэрээний үүргийг зээлийн гэрээний нэг тал болох зээлдэгч хүлээнэ.

Харин хариуцагч Б.С нь дээрх зээлийн гэрээний нэг тал биш байх тул гэрээний дагуу үүсэх үүргийг хариуцахгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.Жын гаргасан 96,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Жын гаргасан хариуцагч Б.Сас 96,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА