| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/04709/И |
| Дугаар | 183/ШШ2024/01003 |
| Огноо | 2024-03-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2024/01003
2024 оны 03 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2024/01003 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:** ХХК -д холбогдох
Гуравдагч этгээд: * ХК,
Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авав.
1.Нэхэмжлэгч М.М нь ** ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М.М нь "**" ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр **тоот "Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ" байгуулсан ба уг гэрээгээр захиалагч М.М нь ** талбайтай 3 өрөө орон сууцанд 314,860,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, гүйцэтгэгч "**" ХХК нь орон сууцыг захиалагчийн өмчлөлд нь шилжүүлж өгөхөөр тус тус харилцан тохиролцсон байдаг. М.М нь худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн ба тухайн орон сууцандаа 2021 оны 6 дугаар сараас хойш гэр бүлийн хамт амьдарч байна. Гүйцэтгэгч "**" ХХК-ийн зүгээс орон сууцны өмчлөлийг Захиалагч М.Мд шилжүүлж өгөхгүй байсан тул М.М нь "**" ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн **дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч *ийг Б** орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч "**" ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл, ** ХХК нь тухайн орон сууцыг "**" ХХК болон ** банк нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр айгуулсан * тоот Зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан байсан байна. Тодруулбал, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор "**" ХХК болон ** банк нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ** Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг барьцааны гэрээний дагуу **тоот хаяг бүхий орон сууцны барилгыг бүхэлд нь барьцаалсан байх бөгөөд барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Өмнө нь, ** ХХК-тай байгуулсан Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ болон тус компаниас гаргаж өгсөн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Албан хүсэлт, тодорхойлолт, орон сууцны хаягийн тодорхойлолт болон схем зургийн зэргийг бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч *ийн нэр дээр гаргуулахаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч тус барилга нь бүхэлдээ ** банкны барьцаанд байх тул хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг" нэмж өгөхийг шаардсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн **дүгээр шийдвэрээр Б** орон сууцны гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч "**" ХХК-д даалгаж шийдвэрлэсэн боловч хариуцагч "**" ХХК нь бичиг баримтыг бүрэн өгөөгүй буюу *ийн өмчлөлийн орон сууцыг ** банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн албан бичгийг гаргаж өгөөгүй. Орон сууцыг барьцаасан хэсэгчлэн чөлөөлсөн бичгийг банкнаас авахын тулд тухайн орон сууцыг барьцаанаас чөлөөлөх ёстой. "**" ХХК нь орон сууцыг барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг нь тус компаниас гарах боломжгүй, банкнаас гарах бичиг тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөх боломжгүй, өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэдэг байдлаар өдийг хүрлээ. Орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн бичиг нь барьцаалагчаас буюу ** банкнаас гарах нь хэнд ч ойлгомжтой, Үүний тулд тухайн орон сууцыг барьцаанаас чөлөөлөх ёстой гэдэг нь тодорхой байтал "**" ХХК нь дээрх байдлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байгаа нь зохисгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч шүүхийн шийдвэрээр зөвхөн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байгаа тул орон сууцыг барьцаанаас чөлөөлөгдтөл гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас бүрэн гаргуулах боломжгүй байна гэдэг байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон орон сууц захиалгын гэрээ, албан бичиг, тодорхойлолт, хаягийн тодорхойлолт, барилгын схем зураг зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дахин хандсан боловч мөн л тухайн орон сууцыг банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөөгүй нөхцөлд гэрчилгээ олгох боломжгүй гэсэн татгалзсан хариуг өгсөн болно. Аливаа эд хөрөнгө худалдах-худалдан авах болон захиалах гэрээгээр худалдагч буюу ажил гүйцэтгэгч тал нь аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагч буюу захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл, гүйцэтгэгч ** ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, эрхийн доголдолтой буюу банкны барьцаанд барьцаалсан орон сууцыг худалдан борлуулсны улмаас захиалагч М.М нь худалдан авсан орон сууцныхаа өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй өдийг хүртэл хохирч байгаа тул худалдан авсан хөрөнгөд үүссэн эрхийн доголдлыг арилгуулахаар хариуцагчаас шаардаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд, нэхэмжлэгч М.М /РД:**/-ийн өмчлөлийн ** 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад тухайн орон сууцыг ** банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг шаардлагатай байх тул тухайн орон сууцыг ** банкны барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч **" ХХК-д даалгаж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч ** ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн *ийн нэхэмжлэлтэй ** ХХК-д холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд манай компанийн зүгээс дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Манай компани иргэн М.Мтэй 2020 оны 03-р сарын 20-ны өдөр ** дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулан тус гэрээний дагуу нэхэмжлэгч тал ** 3 өрөө орон сууцыг бариулж, орон сууцны төлбөрийг 100% барагдуулсан. Орон сууцны төлбөрт гэрээний 1.1-д зааснаар 314,860,000 төгрөг төлөх ёстой бөгөөд төлбөр тооцоо дууссан. Дээрх үйл баримт нь нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тус шүүхэд гаргасан өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгүүлж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэрэгт тусгагдсан, материал нь авагдсан, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тус шүүхийн **тоот шийдвэрээр өмчлөгчөөр тогтоож, бүртгүүлэхэд шаардлагатай холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг ** ХХК-нд даалгахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 сарын 12-ны өдрийн нэхэмжлэлээрээ барьцаанаас чөлөөлж өгөхийг даалгах шаардлага тавьсан байна. Өмнө нь тайлбарлаж байсанчлан, ** банк болон ** ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой хэргийн улмаас бид банкнаас хэсэгчлэн чөлөөлсөн бичгийг гаргуулж авч чадахгүй байгаа. Манай компани нь банканд төлөх төлбөргүй гэж маргаж байгаа учир банканд төлбөр төлөх боломжгүй. Уг хэрэг нь 2023 оны 09 сарын 21-ний өдрийн УДШ-ийн иргэний танхимын нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хурлаар хянагдаж, банкны талаас гаргасан гомдлыг УДШ хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу хэрэг анхан шатны шүүх руу буцсан. Одоо Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг буцаагдаж, хуваарилагдсан төлөвтэй байна. Иймд дээрх хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл манай компанийн зүгээс барьцаанаас чөлөөлүүлэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын зүгээс ** ХХК 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Уг зээлийн байгуулагдсантай холбоотой үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2017 оны 066 дугаар сарын 13-ны өдөр зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан. Уг зээлийн барьцааны гэрээний дагуу нэхэмжлэгчийн 752 дугаар байр бүхэлдээ буюу 5509 м.кв байр бүхэлдээ барьцаалагдсан. Тэгээд барьцааны гэрээний дуусгавар болох үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас банк хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. ** ХХК болон ** банк нарын хооронд бас Сүхбаатар дүүрэг дээр Иргэний хэрэг онолоор шийдвэрлэгдэх эсэх нь эргэлзээтэй байгаа яагаад гэвэл гуравдагч этгээдүүд хүсэлт өгч байгаа шүүх хуралдааныг хойшлуулах зүйл яваад байгаа тийм учраас тус маргаан шийдвэрлэгдсэний дараа Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн зүйлд заасан барьцааны гэрээ дуусгавар болох үндэслэл тогтоогдох эсэх талаар яригдана. Нэхэмжлэгч М.М нь ** ХХК-аас банкны барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байсан. Үүнд татгалзах зүйл байхгүй байгаа учир нь ** ХХК нь ** банкнаас зээл авсан байгаа зээлийн санхүүжилт буюу эргэн төлөлтийн 90 хувиас доошгүй төлбөрийг манай компаниар дамжуулахаар зээлийн гэрээний нэмэлт гэрээг 7 дугаар зүйлийн 7.1.13-т заасан байдаг. Гэхдээ гуравдагч этгээдээр оролцоод явж байгаа оршин суугчтай холбоотой маргааныг манай банкаар дамжуулсан үйл баримт тогтоогдохгүй байгаа дандаа Хаан банкаар авсан байгаа ганц нэг 23,000,000 төгрөгийг ** банкаар оруулсан жишээтэй үйл баримт тогтоогдож байгаа. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн **дугаар шүүхийн шийдвэр, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн * дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн * дугаар тодорхойлолт, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн * дугаар албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ** дугаар хот байгуулалт хөгжлийн газрын тодорхойлолтын хуулбар хувь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээд эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн хэлтсийн мэдэгдэл, барьцааны мэдэгдэл бүртгэгдсэн хөрөнгийн жагсаалтын хуулбар хувь зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн **дугаар шүүхийн шийдвэр, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ байгуулах саналын хуудас, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ** дугаар арилжааны нэмэлт гэрээний хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ байгуулах саналын хуудас, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ** арилжааны гэрээний хавсралт зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Гуравдагч этгээдээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ** ХХК-д холбогдуулан ***, 3 өрөө орон сууцанд 314,860,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, гүйцэтгэгч "**" ХХК нь орон сууцыг захиалагчийн өмчлөлд нь шилжүүлж өгөхөөр тус тус харилцан тохиролцсон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн **дүгээр шийдвэрээр орон сууцны гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч "**" ХХК-д даалгаж шийдвэрлэсэн боловч хариуцагч "**" ХХК нь бичиг баримтыг бүрэн өгөөгүй буюу *ийн өмчлөлийн орон сууцыг ** банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлсөн албан бичгийг гаргаж өгөөгүй. ** ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, эрхийн доголдолтой буюу банкны барьцаанд барьцаалсан орон сууцыг худалдан борлуулсны улмаас захиалагч М.М нь худалдан авсан орон сууцныхаа өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй өдийг хүртэл хохирч байгаа тул тухайн орон сууцыг ** банкны барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч **" ХХК-д даалгаж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч ** ХХК нэхэмжлэлийг дараан үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ** банк болон ** ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой хэргийн улмаас тус банкнаас хэсэгчлэн чөлөөлсөн бичгийг гаргуулж авч чадахгүй байгаа. Манай компани нь банканд төлөх төлбөргүй гэж маргаж байгаа учир банканд төлбөр төлөх боломжгүй. Уг хэрэг нь 2023 оны 09 сарын 21-ний өдрийн УДШ-ийн иргэний танхимын нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хурлаар хянагдаж, банкны талаас гаргасан гомдлыг УДШ хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу хэрэг анхан шатны шүүх руу буцсан. Одоо Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг буцаагдаж, хуваарилагдсан төлөвтэй байна. Иймд дээрх хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл манай компанийн зүгээс барьцаанаас чөлөөлүүлэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
3.Гуравдагч этгээд ** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Гомдлын зүгээс ** ХХК 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Уг зээлийн байгуулагдсантай холбоотой үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2017 оны 066 дугаар сарын 13-ны өдөр зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан. Уг зээлийн барьцааны гэрээний дагуу нэхэмжлэгчийн 752 дугаар байр бүхэлдээ буюу 5509 м.кв байр бүхэлдээ барьцаалагдсан. Тэгээд барьцааны гэрээний дуусгавар болох үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас банк хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Нэхэмжлэгч М.М нь ** ХХК-аас банкны барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлд татгалзах зүйл байхгүй. гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2020 оны 3 сарын 20-ны өдөр ** тоот барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр ***, 3 өрөө орон сууцыг ** ХХК барьж нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч М.М нь 314,860,000 төгрөгийг хариуцагч ** ХХК-д шилжүүлэхээр талууд тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д гүйцэтгэгч нь гэрээний 1.1-д дурдсан орон сууцыг чанар сайтай барьж 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан захиалагчид шилжүүлэн өгнө гэж, 3.6-д хөрөнгө оруулалтын нийт дүнг бүрэн хэмжээгээр төлж, барилгыг зохих журмын дагуу ашиглалтанд оруулсны дараа захиалагчийн тухайн захиалсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж заасныг хариуцагч зөрчсөн болох нь хэрэгт авагдсан ** ХХК-ийн 2021.10.27-ны өдрийн *, **** тоот албан бичиг, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлүүд, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
***, 3 өрөө орон сууц нь ** банк ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан болох нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн 2024 оны 01 сарын 15-ны өдрийн мэдэгдлээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан ба нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байх тул өмчлөгчөөр тогтоогдсон, мөн нэхэмжлэгч М.М нь тус орон сууцыг өмчлөгчөөр тогтоогдсон болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн **дугаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
Иймд ***, 3 өрөө орон сууцыг ** банкны барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч ** ХХК-нд даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан ****, 3 өрөө орон сууцыг ** банкны барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч ** ХХК-нд даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА