Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0608

 

 

    2023         08           08                                    128/ШШ2023/0608

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б******* нарыг оролцуулан “И*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: “Хариуцагчийн гаргасан тайлбартай холбоотой тодруулах зүйл байна. Нэхэмжлэгчийн зүгээс актын биелэлт түдгэлзүүлэх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах гэсэн юм. Нэхэмжлэгчийн газар нь LRT трассын эцсийн буудал 106 га талбайд багтсан эсэх нь бодитой эсэхэд нотлох баримт гаргуулах хүсэлттэй байна. Харин актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлт гаргах гэтэл хариуцагчийн тайлбарт техникийн алдаатай хариу хүргүүлсэн байна гэсэн байна. Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргахад Тамгын газраас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан бичиг хүргүүлж, Газар зохион байгуулалтын албанаас хариу өгсөн. Энэ хугацаанд LRT трасстай холбоотойгоор тус шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байсан. Гэтэл 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын  газраас хүчингүй болгосон гэсэн хариу өгсөн. Үүний дагуу хэрэг үүсээд явсан. Хариуцагчаас хариу тайлбартаа техникийн алдаа гарсан байна, хүчингүй болгоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн утгын хувьд ойлгомжгүй тайлбар өгсөн байна. Үүнийг тодруулсны үндсэнд хүсэлт гаргах саналтай байна.

Газартай холбоотой асуудал явж байгаа. 2020 онд газар эзэмшиж авсан. 2020 оны 04 дүгээр сараас эхлээд ковидтой холбоотой асуудал явсан. 2022 оны 02 дугаар сараас эхлэн Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар авъя гэсэн хүсэлт гаргахад LRT трассын асуудлыг ярьдаг. Иргэний нисэхтэй уулзаад бичиг авахад 12 давхар хүртэл барилга барьж болно гэсэн. Хурлаар оруулъя гэхээр арай болоогүй байна, газартай холбоотой асуудал ярьж, 2 жил ашиглаагүй гэсэн асуудал гардаг. Гэтэл Газрын албанаас LRT трасст өртсөн гэсэн. Хот байгуулалт, хөгжлийн газарт хандахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 дүгээр тогтоол, LRT холбоотой хил хязгаарт орсон тул хурлаар хэлэлцүүлэх боломжгүй гээд хойшлуулдаг. Урьдчилсан байдлаар өртсөн, 2 жил ашиглаагүй гэсэн. LRT явах эсэхийг тодруулахаар тодорхойгүй гэдэг.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байгаа. Асуудлыг хариуцсан агентлагийн албан бичигт сонсох ажиллагаа явуулсан гэсэн хариу ирүүлсэн байхад манай мэргэжилтэн цуцалсан гээд техникийн алдаатай хариу өгсөн байна. Тодруулахад албан ёсоор захирамж гарсан зүйл байхгүй гэсэн. Иймд актын биелэлт түдгэлзүүлэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хэвээр байгаа, сонсох ажиллагаа хийгдээд явж байгаа.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон урьдчилсан хэлэлцүүлэг дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, “И*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“И*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “И*******” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дүгээр захирамжаар олгосон ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 40000 мкв газар эзэмших эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6- т заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй талаар тус компанид 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01-13/1096 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна ... Энэ асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03/2873 дугаар албан бичгээр тодруулсан Хариуд нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01-13/1993 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. “И*******” ХХК-руу 2023 оны 05 дугаар сарын 03/3005 дугаартай албан бичгээр хариу хүргүүлэхдээ газрын эрхийг цуцалсан гэж техникийн алдаатай хариу хүргүүлжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, дээрх албан бичигт сонсох ажиллагаа явуулсныг цуцалсан гээд техникийн алдаатай хариу өгсөн болохыг хүлээн зөвшөөрч байна.

Албан ёсоор захирамж гарсан зүйл байхгүй тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хэвээр байгаа, сонсох ажиллагаа хийгдээд явж байгаа” гэжээ.

Дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дүгээр захирамжаар олгосон ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 40000 мкв газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гараагүй буюу “И*******” ХХК-ийн газар эзэмших эрх одоог хүртэл хэвээр, хүчин төгөлдөр байгаа болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч байгаа болно.

Харин хариуцагчаас сонсох ажиллагаа явуулсны үндсэнд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд тухайн захиргааны акттай маргаж, нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “И*******” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “И*******” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дүгээр захирамжаар олгосон ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 40000 мкв газар эзэмших эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ