Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ1025

 

Г.Д-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.У,

иргэний хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Одончимэг,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/454 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Д-д холбогдох 2014 25000 7486 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Г-ийн Д, 1987 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ 2010 онд Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөх, 2013 онд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ...-... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;

Г.Д н нь давтан үйлдлээр Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн  хил,  гаалийн  шалган нэвтрүүлэх  боомтод авто тээврийн  хэрэгслийг  жинлэх  150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, өөрийн төрсөн эгч Г.У, найз Н.Э нарын нэр дээр үүсгэн байгуулсан өөрийн хамаарал бүхий “Э” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 135.292.300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний үнийн дүнг өсгөж, 199.792.300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээ байгуулан, уг санхүүжилтийг “Э” ХХК-аар дамжуулан авсан атлаа 62.676.000 төгрөгөөр чанар, ашиглалтын шаардлага хангахгүй авто пүүг Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт барьж байгуулан 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ахалсан ажлын хэсгээр акт үйлдүүлэн хүлээн авч, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албанд хүлээлгэн өгч, улсад 137.116.300 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Э” Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж, “Э” ХК-аас 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт эхнэр Г.У-ын нэрээр иргэн Д.Б-тай хамтран худалдан авсан “Г” ХХК-ийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Б-аар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэх нарийн бичгийн даргаар нь өөрийн төрсөн эгч Г.У-ийн хамтран амьдрагч, тус компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Т-г томилсон тушаалыг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргуулахаар Я.Б-т нөлөөлсөн,

улмаар сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцөлийг хаасан, “Г” ХХК-д давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Г.Т-ээр боловсруулах үүрэг өгч, хууль бусаар зохион байгуулах ажлыг гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулахаар нөлөөлсөн,

“Э” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Б-аар “Г” ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулуулж, гэрээний урьдчилгаа хэлбэрээр “Э” ХК-аас 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 700.000.000 төгрөгийг “Г” ХХК-нд шилжүүлэхээр Я.Б-т нөлөөлсөн,

2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах” тухай тогтоол гарч, “Э” ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсны улмаас “Г” ХХК-тай байгуулсан дээрх гэрээг цуцалсан байхад “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-аар гэрээ цуцалсантай холбогдуулан тус компанид гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7.413.055.365 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулахаар нөлөөлсөн,

улмаар Я.Б-ийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр томилогдсон тус компанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Б, Т.Т нарыг тус иргэний хэргийн шүүх хуралд оролцуулж, “Э” ХК нь “Г” ХХК-ийн нэхэмжилсэн 7.413.055.365 төгрөгөөс 5.328.916.262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700.000.000 төгрөгийг хасаж үлдэх 4.835.164.509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412.495.807 төгрөгийн 50 хувь буюу 206.248.247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус эвлэрлийн гэрээ байгуулуулсныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар шүүгчийн захирамж гарсны улмаас “Э” ХК нь “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд 4.688.482.022 төгрөгийг бодит байдлаар төлж, “Э” Төрийн өмчит хувьцаат компанид нийт 5.388.482.022 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овогт Г-ийн Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Д-ээс нийт 137.116.300 төгрөгийг гаргуулж, Сангийн яамны Төрийн сангийн газарт олгохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол буюу Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгө, харуул хамгаалалтын зардал (2013 оны 12 дугаар сараас хойш),  алдагдсан боломжийн өртөг буюу зээлийн хүү зэргийг жич нэхэмжлэх эрхтэйг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э” ХК-аас гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тус тус дурдаж,

Г.Д нь нийт 533 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Г.Д-ийн D00ххххх дугаартай гадаад паспорт 1 ширхэг, E14ххххх дугаартай гадаад паспорт 1 ширхэг, Г.Д-ийн гэрээс хураан авсан Нийслэлийн Прокурорын газрын Улаанбаатар хотын банкин дахь хххххххххх тоот дансанд байгаа 19.500 евро, хххххххххх тоот дансанд байгаа 2.000.000 төгрөг, хххххххххх тоот дансанд байгаа 300 ам.доллар зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Г” ХХК-ийн байрнаас хураагдсан GobipowerCO.,ltd 5148545 XAKхххх гэсэн бичиглэл бүхий металл гадаргуутай тэмдэг, Gobipower Cо.,ltd (гэрээний) УБМххххх гэсэн бичиглэл бүхий хуванцар гадаргуутай тэмдэг, Gobipower Co.,ltd гэсэн бичиглэл бүхий тэмдэг, “Г” ХХК Санхүү гэсэн бичиглэл бүхий тэмдэг, нийт 4 ширхэг тэмдгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Г.Д-ийн хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, Г.Т-ийн жолоодож явсан автомашинаас хураагдсан нийт 40 гб багтаамж бүхий “Seagate” загварын хард диск 1 ширхэг, Д.Б-ийн “Construction Mongolia 2013” гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, улаан хүрэн өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хар ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “Э” ХК-ийн ажилтан Г.М-ийн албан өрөөнөөс хураагдсан “Apu 2013” гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 416, 417, 418, 470, 471 архивын нэгжийн дугаартай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн баримт бичиг 5 хавтас /хуулбар учир хуудаснууд дугааргүй/, яллагдагч, тэдгээрийн холбоо хамаарал бүхий хүмүүсийн арилжааны банкин дахь данснуудын лавлагаа, мэдээлэл, хуулга бүхий 21 хавтас /нийт 5217 хуудастай/, “Г” ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “Э” ХК-ийн тавьсан шаардлагын дагуу хийсэн нэмэлт ажлын фото тайлан зэргийг энэ эрүүгийн хэрэгт хавсарган хадгалахаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн тогтоолоор шүүгдэгч Г.Д-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “...” хотхон ...-... тоот орон сууцыг битүүмжилснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр битүүмжлэлийг хэвээр үлдээж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр,

Мөрдөн байцаагчийн тогтоолоор хх-хх УБҮ улсын дугаартай “Лексус-470” загварын автомашин, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... тоот орон сууц тус тус битүүмжилснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор, шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би "Э" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа тухайн үед хашиж байсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж тус компанийн гүйцэтгэх удирдлагаар дамжуулан худалдан авах үйл ажиллагаанд оролцож, онц их хэмжээний хохирол учруулсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй учир дараах үндэслэлүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм. Үүнд:

Үндэслэл 1: Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй талаар:

Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, Эрүүгийн хуулиар заавал байвал зохих объект, объектив тал, субъект, субъектив тал гэсэн шинжүүдийн нийлбэрийг хэлнэ. Эдгээрийн аль нэг шинж нь үгүйсгэгдвэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болж эрүүгийн хариуцлага хүлээхгүй.

Намайг буруутгаж байгаа гол үндэслэл нь Г.Д-ийн эхнэр Г овогтой У нь “Г” ХХК-ийн хувь эзэмшигчийн нэг бөгөөд "Э" ХК-аас зарласан тендерт орж шалгарсан гэж буруутгадаг. Гэтэл уг тендер шалгаруулалт болон бусад зүйлд миний ямар нэгэн үйлдэл болон эс үйлдэхүй байдаггүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л зүйлийг шалгахад харагддаг. Тэр ч бүү хэл 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр болсон шүүх хурал дээр прокурор Бадамцэцэг нь үүнийг хүлээн зөвшөөрсөн. Иймээс надад үйлдэл, эс үйлдэхүй байхгүй учраас объектив тал нь хангагддаггүй.

Үндэслэл 2:

“Г” ХХК-ийн хувь эзэмшигч нь миний эхнэр Г-ийн У биш болох нь дараах байдлаар нотлогддог.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хуулийн этгээдүүдийг улсын бүртгэлд бүртгэхдээ 3 давхар системийг ашигладаг байна. Үүнд:

  1. Эх нотлох баримт бичиг бүхий архив. (Хуульд заасан бүртгэл)
  2. Цахим мэдээллийн сан (Хуульд заасан бүртгэл)
  3. Цахим  архив (Байгууллагын дотоод системд ашигладаг хуульд заагаагүй бүртгэл)

Гэтэл "хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх" гэрээ нь дараах 2 хувилбартайгаар гарч ирснээр бүх эргэлзээг үүсгэсэн байна.

  1. Хувилбар: Компанийн хувьцаа эзэмшигчид нь:
    1. Д.Б
    2. Ч-ын У

   2. Хувилбар: Компанийн хувьцаа эзэмшигчид нь:

                        1.1. Д.Б

                        1.2. Г-ийн У

Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт хадгалагдаж байгаа “Г” ХХК-ийн хувийн хэрэг өмнө нь удаа дараа холбогдох эрх бүхий газрууд руу хүргэгдэж байхдаа “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Д.Б, Ч-ын У нар болно" гэсэн албан бичгүүдээр хөдөлбөргүй нотлогддог.

2013 оны 4 дүгээр сарын 22-нд Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын их хурлын гишүүн Ж.Энхбаяр руу түүний ирүүлсэн албан бичгийн дагуу тус өдрийн 1/3523 дугаар албан бичгээр “Г” ХХК-ийн хувийн хэргийг явуулжээ. Уг албан бичигт “...УБ-05 маягт. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд Д.Б, Ч-ын У" нар нь “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болно. ..." гэсэн байв. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Архивын хэлтсийн дарга С.Оюунгэрэлийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Авлигатай тэмцэх газар руу хүргүүлсэн албан бичигт “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Ч овогтой У болон Б нар болохыг нотолдог.

2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ч.У өөрийн хүсэлтээр “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс чөлөөлөгдсөнөөр Д.Б “Г” ХХК-ийн хувьцааг 100% эзэмшихээр болж, түүний төрсөн эгч Д.Б нь тус компанийн гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна.

Гэрээ

Хувьцаа эзэмшигчид

Эх хувь эсэх

Хууль ёсны эсэх

1

Хувилбар 1

Д.Б Ч.У

Мөн. /УБЕГ-ын архивт хадгалагддаг/

Мөн

2

Хувилбар 2

Д.Б Г.У

Биш /УБЕГ-ын архив гэсэн компьютерт байдаг. Хууль бус/

Биш

Нэмэлт бүртгэлээр дараах байдалтай байдаг.

Он, сар, өдөр

Хувьцаа эзэмшигчид

Захирал

Бүртгэсэн улсын бүртгэгч

1

2013.01.07

Д.Б Ч.У

Д.Б

Д.Ч

2

2013.5.30

Д.Б

Д.Б

М.Б

Нотлох баримтын үндэслэлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана." гэж заасан. Нотолгооны онол ёсоор анхдагч нотлох баримтад бичиг баримтын эх хувь ордог бол дамжмал нотлох баримтад бичиг баримтын хуулбар хувь ордог. Нотолгооны чадварын зэрэглэлээр нь авч үзвэл анхдагч нотлох баримт нь дамжмал нотлох баримтаас илүү хүчин чадалтай.

Нэгдүгээрт, Б-ийн дүү нар болох Ч овогтой У болон Б нар “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээр гэрээ байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ нь Улсын бүртгэлийн төв архивт хадгалагдаж байх бөгөөд эх хувиараа байдаг учраас анхдагч нотлох баримт болно.

Хоёрдугаарт, Г.Д-ийн эхнэр Г овогтой У болон Б нар “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээр гэрээ байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ нь тухайн үед Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаяр болон МАН-ын гаргаж өгсөн сканнердаж янзалсан хуулбар хувь байдаг учраас дамжмал нотлох баримт болно. Эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын тухайн үед явуулж байсан албан бичигт, тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржоос Улсын их хурлын гишүүн Ж.Энхбаяр руу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр явуулсан 1/3523 дугаар албан бичиг болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Архивын хэлтсийн дарга С.Оюунгэрэлийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Авлигатай тэмцэх газар руу хүргүүлсэн албан бичигт тус тус “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Ч овогтой У болон Б нар болохыг нотолдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хуулийн этгээд, албан тушаалтан иргэний   баталсан   болон  бичсэн  баримт  бичиг,   эрүүгийн  хэрэгт  ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно." гэж заасны дагуу дээрх албан тушаалтнуудын явуулсан бичгээр “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Ч овогтой У болон Б нар болох нь нотлогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т "Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ" гэж заасны дагуу анхан шатны шүүхээс надад “Г” ХХК-тай холбоотой хэрэгт гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь, анхан шатны шүүх дээрх харилцан зөрүүтэй нотлох баримтын хувьд Г овогтой У болон Б нар “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж үзсэн атлаа Ч овогтой У болон Б нар “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байгаа нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Үндэслэл 3:

“Г” ХХК-ийн хувь эзэмшигч Ч-ын У болон тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд “Г” ХХК-ийн хувь эзэмшигч Ч-ын У мөн гэж мэдүүлэн нотолдог.

Амьд гэрч Ч-ын У нь “...”Г” ХХК-ийн хувь эзэмшихээ больсон. Тухайн үед 60 хувийг эзэмшиж байсан. ...” /23-р хавтас/ гэж мэдүүлсээр байтал анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй.

Үндэслэл 4: Эргэлзээ төрсөн талаар.

Хавтаст хэргээс үзвэл, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан "Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ" нь 2 өөрөөр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэгдүгээрт, Б-ийн дүү нар болох Ч овогтой У болон Б нар “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид. Хоёрдугаарт, Г.Д-ийн эхнэр Г овогтой У болон Б нар “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид. “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь аль У юм бэ гэсэн эргэлзээ үүсэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч. ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ." гэж заасны дагуу Б-ийн дүү нар болох Ч овогтой У болон Б нар “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна .

Үндэслэл 5: Улсын Дээд шүүхийн тогтоол биелээгүй:

Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 237 дугаар тогтоолоор " ...Хэрэгт цугларсан баримтыг үнэлж, дүгнэж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадаагүй ...Г.Д-г буруутгаж байгаа үйл баримтад гэм буруугийн ямар хэлбэрээр оролцсон болохыг хангалттай нотолсон баримт хэрэгт авагдаагүй..." гэж хяналтын шатны шүүх дүгнэсэн. Үүгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн ба үүнээс хойш "Э" ХК-д нийлүүлсэн эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний төв 2,658.4 сая төгрөгөөр үнэлснийг шинээр шинжээч томилуулж 2,761.2 сая төгрөг гэж үнэлүүлснээс өөр ажиллагаа хийлгүйгээр шүүхэд шилжүүлсэн. Үүгээр Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан нотолбол зохих байдлуудыг бүрэн, дүүрэн хангалттай нотолж чадаагүй бөгөөд намайг гэм буруутай гэж үзэх нотлох баримт байхгүй гэж үзнэ.

Үндэслэл 6: Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хавтаст хэрэгт "Э" ХК-аас шилжсэн 5,388.5 сая төгрөг “Г” ХХК-ийн данс руу орсон бөгөөд уг мөнгө хаашаа ямар аж ахуйн нэгж, иргэн рүү шилжсэн нь баримтаар нотлогдсон. Уг аж ахуйн нэгжид миний хамаарал бүхий этгээд байхгүй. Б болон Д мэдүүлэхдээ Г.Д-г танихгүй, тэр хүн рүү мөнгө шилжүүлсэн, өгсөн зүйл байхгүй гэж мэдүүлсэн.

Иргэний нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд өгсөн гомдлын хавсралтад, "Э" ХК-аас шилжсэн 5,388.5 сая төгрөг “Г” ХХК-ийн данс руу орсныг жагсаалтаар гаргасан. Үүгээр уг мөнгийг хариуцагч нь “Г” ХХК гэдэг нь илт.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг тунхаглахдаа "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна." гэж заасан. “Г” гэдэг компанийн захиран зарцуулсан мөнгийг “Г” ХХК хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

            2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагч “...“Э" ХК-д учирсан хохирлыг иргэний хариуцагч “Г” ХХК-аас гаргуулах саналтай. Шүүгдэгч Г.Д нь Сангийн яаманд учруулсан 137116300 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. ...” гэсэн байдаг.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон улсын яллагчийн санал зэргээс дүгнэвэл хохирогч, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг иргэний хариуцагч “Г” ХХК хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Үндэслэл 7:

Уг хэрэгт нийт 5 оролцогч байсан гэж үздэг бөгөөд дан ганц намайг холбогдуулан шүүхээр асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг зөрчиж байна.

Дээрх 6 үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/454 дугаартай шийтгэх тогтоолоос Г.Д нь “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаандаа тухайн үед хашиж байсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, тус компанийн гүйцэтгэх удирдлагаар дамжуулан худалдан авах үйл ажиллагаанд оролцож, онц их хэмжээний хохирол учруулсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй учир дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.

Г.Д нь 2010 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэрэг нь хохиролгүй учир дараах үндэслэлүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Үүнд:

Үндэслэл 1: Хууль зөрчиж тендер зарлан сонгон шалгаруулалт явуулаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл шаардлагын дагуу боловсруулж түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн санал” гэж заасан. Н.Э-ын гэрчээр өгсөн “...Эгчийг нь мэдэхгүй. ...”, Г.У-ийн гэрчээр өгсөн “...Ийм тендерт орсныг мэдээгүй. ...” гэх мэдүүлгээр Г.У нь сонирхогч этгээд байгаагүй нь тогтоогдож байна. Г.У нь "Э" ХХК-нд ажилладаггүй, цалин хөлс авч байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Мөн тендерийн материалд тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн талаар байгаагүй бөгөөд "Э" ХХК-г төлөөлж захирал Н.Э гарын үсэг зурж материал ирүүлсэн. Иймд хууль зөрчин сонгон шалгаруулалт явуулсан зүйл байхгүй байна.

Үндэслэл 2: Энэ хэрэгт хохирол байхгүй.

Монгол Улсын Тэргүүн шадар сайдын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаар тушаалын хавсралтад уг пүүний ажлын төсөвт өртөг нь 200.0 сая төгрөг гэж туссан. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Я.Г-өөс Үнэлгээний хорооны дарга руу Тендерийн баримт бичиг хүргүүлэх тухай 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1/31 тоот албан бичигт уг пүүний техникийн тодорхойлолтыг зааж өгсөн байдаг. Мөн 2010 онд суурилуулсан пүүтэй яг ижил пүүг 2013 онд "Г Х" ХХК нь 179.4 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. 2010 оны байдлаар пүүг худалдан авч, суурилуулан, ашиглалтад оруулах зах зээлийн дундаж үнэ 150.0-200.0 сая төгрөгийн үнэтэй байсан. Гаалийн ерөнхий газрын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрд хүргүүлсэн 01/4616 дугаартай албан бичигт “...Замын-Үүд боомтод 150 тонны даацтай иж бүрэн пүү нийлүүлж, суурилуулах тендерт оролцогчдоос 248.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэх үнийн санал ирүүлсэн байна.

"Э" ХХК нь ажилчдадаа хэдэн төгрөгийн цалин өгсөн, материал тээврийн зардал нь хэд гарсан ямар хэмжээний ашиг олсон гэдгийг би мэдэх ямар ч боломж байхгүй. Гэтэл Авлигатай тэмцэх газар нь "Голден пейж аудит" ХХК-ийг шинжээчээр томилон тус компанийн ажилтан Б.Энхболд гэж хүний гаргасан “...Пүүг суурилуулах зах зээлийн үнэ цэнийн баримжаа нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 62.6 сая төгрөгөөр тогтоогдсон. ...” гэсэн дүгнэлт гаргуулсан үйлдэл нь "Э" ХХК-ийн дотоод хэрэг, оюуны бүтээлийн үнэлэмж, олох ашиг зэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр халдаж байгаа хэрэг бөгөөд ийм зүйл зах зээлийн эдийн засагтай улсад байж боломгүй ойлголт юм.

Өөрөөр хэлбэл, нэгэнт гэрээг хоёр талаас байгуулсан гэрээний үнийн дүнгээр ажил хийгдээд улсын комисс хүлээж аваад, түүнийг нь Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс өөрийн хөрөнгөдөө бүртгэн авсан байгаа тул энэ хэрэгт хохирол байхгүй юм.

Мөн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 959 дугаар тэмдэглэлд “...Улсын яллагч: Хэрэв 200 сая төгрөгийн үнэлгээтэй тендерт 200 сая төгрөгийн чанар ашиглалтын шаардлага хангасан пүүг нийлүүлсэн бол энэ хэрэгт хохиролгүй гэж үзэж болох байлаа. ...” гэснээр зарчмын дагуу энэ хэрэгт хохирол байхгүй гэдэг нь нотлогдон харагдаж байна.

Үндэслэл 3: Хуулийг буруу хэрэглэсэн.

            Миний бие Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа үнэлгээний хорооны даргаар томилогдсон боловч саналын нэг эрхтэй гишүүн байсан тул захирамжлан зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтан байгаагүй. Энэ утгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш юм.

Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив тал нь албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хууль бус үйлдэл, түүний эцэст учирсан хор уршгийн шалтгаант холбоогоор илэрдэг. Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд уг хэрэгт надад ямар ч субъектив санаа, сэдэл байгаагүй бөгөөд хохирол байхгүй.

Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт "Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ" гэж хийх ёстой үйлдлийг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргахыг хориглоно" гэж хийх ёсгүй үйлдлийг тус тус заасан. Гэтэл 2012 онд батлагдсан хуулийг 2010 оны үйлдэлд буцаан хэрэглэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэж байгаа явдал юм.

Дээрх гурван үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолын Г.Д нь 2010 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэрэг нь хохирол байхгүй.

Энэ хэрэг нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар дөрөв дэх удаа орж байна. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэлийн шийтгэх тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/454 дугаартай Л.Галбадар шүүгчийн гаргасан шийтгэх тогтоолууд нь хоорондоо яг адилхан байгаа. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/959 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Я.Б, Г.Т, Т.Т, Д.Б нарын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж прокурор үзсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагчийг буруутгаж байгаа зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж” гэж заасны дагуу хэргийн зүйлчлэл өөрчлөхгүйгээр гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Иймд хэргийг прокурорт буцаах ёстой” гэж дүгнэсэн байдаг. Яг адилхан тогтоолд давж заалдах шатны шүүх өөр байр суурь гаргавал иргэдийн шүүхэд итгэх итгэл унана. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаартай хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан хэргийн нотолбол зохих байдал, гэмт хэрэг төгссөн цаг хугацаатай холбоотой үйл баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоолгүй яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Прокуророос хохирлыг “Э” ХК болон “Г” ХХК нарын асуудал гэж үздэг. Гэтэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Г.Д-ээс гаргуулж шийдвэрлэсэн нь “Э” ХК хохирлоо гаргуулж авч чадахгүй нөхцөл байдалд орно. Энэ мөнгийг би авч чадаагүй учраас би төлж чадахгүй. Хохирол нь аж, ахуй нэгжүүд хоорондын асуудал юм. Үүнийг анхаарч үзнэ үү. Хохирол үндэслэл бүхий биш байгаа талаар гомдол гаргадаг боловч хүлээж авдаггүй. Хохирлын талаар маргаантай учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэх ёстой. Дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Э” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй. Тухайн компанийг тендерт шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр хүчин төгөлдөр байна. “Э” ХХК-ийн дансаар дамжуулан 199.792.300 төгрөгийг хүлээн авч гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн боловч тухайн компанийн санхүүгийн болон гүйцэтгэх захирал Н.Э-ыг энэ хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа хийгдээгүй. Хэрэв Г.Д-г гэм буруутай гэж үзэж байгаа бол захирал Н.Э-ын үйлдэлд түүнийг холбогдуулан шалгаж, хариуцлага тооцож хохирлыг адил тэнцүү гаргах ёстой. Г.Д нь 137.116.300 төгрөгийг өөртөө авч ашигласан асуудлыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотолж тогтоогоод байгаа нь эргэлзээтэй. Тухайн авто пүүг чанарын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна. Уг пүү нь өнөөдрийн байдлаар бүрэн ашиглаж байгаа, мөн пүүний зах зээлийн үнэлгээг харьцуулан үнэлэх ажиллагаа  хийгдээгүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хавтас хэрэгт Г.Д-г “Э” ХК-ийн гүйцэтгэх удирдлагаар дамжуулан худалдан авах үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөн оролцсон гэх байдал нь хэрэгт авагдсан хэний, ямар мэдүүлэг, бичгийн ямар нотлох баримтаар, хэрхэн ямар үйлдлээр тус компанийн гүйцэтгэх удирдлагад нөлөөлж худалдах, худалдан авах ажиллагаанд хууль бусаар нөлөөлж оролцсон болох нь нотлогдож тогтоогдоогүй байхад шүүх субъектив байдлаар дүгнэлт өгсөн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Мөн 5.388.482.022 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх байдал нь хэний, ямар үйлдлээр хийгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой байна. “Э” ХК нь тухайн объектуудыг үндсэн хөрөнгөдөө 8.000.000.000 төгрөгөөр бүртгэж авсан. Яаж хохирсон бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа. Хохирол гэх зүйл байхгүй. Иргэний журмаар нэхэмжлэх гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх ёстой байсан. “Г” ХХК болон “Э” ХК-ийн хооронд хийгдсэн гэрээ болох санхүүгийн баримт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, гэрч, хохирогчийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар Г.Д-д хамааралгүй болох нь нотлогдон тогтоогдсон байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/454 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Э” ХК-аас 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний урьдчилгаа төлбөр болох 700.000.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр “Г” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байдаг. Бусад 8 удаагийн гүйлгээ буюу 4.600.000.000 төгрөгийг “Э” ХК нь “Г” ХХК-д бус Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмаар буюу данс хаах байдлаар татаж авсан. “Э” ХК-ийн харилцдаг бүх банкинд байсан дансны хөдөлгөөнийг хааж байгаад Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк дахь данснаас татаж авсан. Сайн дураар “Г” ХХК-д шилжүүлсэн зүйл байхгүй. “Э” ХК нь “Г” ХХК-аас шилжүүлсэн авсан талбайг өнөөдрийг хүртэл ашиглаагүй. 2014 онд шилжүүлж авснаас хойш 8 жилийн хугацаа өнгөрч байна. Үндсэн хөрөнгөд бүртгэж авахдаа 8.000.000.000 төгрөг болтол өсгөж байгаа үр дагавар нь алдагдсан боломжийн өртөг буюу зээлийн хүүгээр капиталжуулах маягаар санхүүгийн бүртгэлээр бүртгэсэн. Энэ бүлтгэлд өнөөдрийг хүртэл элэгдэл, хорогдол нь тооцогдоод явж байгаа. “Э” ХК дээр үр ашиггүй байгаа хөрөнгө болон талбайн талаар Үндсэний аудитын газраас жил тутам гардаг хязгаарлагдмал дүгнэлтэд байнга дурдагдаж явдаг. “Э” ХК нь бодитойгоор хохирсон. Удаа дараа хохирлын асуудлын талаар хүсэлт гаргаж байсан. Иргэний хуулийн 479, 510 дугаар зүйлийг дурдаж шийдвэрлэдэг. Уг асуудлаа хурдан шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Хэрэг удаа дараа мөрдөн байцаалтад буцаж байгаагаас шалтгаалан манай компанид учирч буй хохирлын хэмжээ, үр дагавар өсөж байгаа. “Г” ХХК-аас шилжүүлсэн авсан хөрөнгө буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар хүлээж авсан хөрөнгө нь 5.300.000.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Мөрдөн байцаалтын шатанд гарсан шинжээчийн дүгнэлтүүдээр “Э” ХК-д 5.300.000.000 төгрөгөөр үнэлэн хүлээлгэн өгсөн хөрөнгүүд нь бодитоор 2.500.000.000 төгрөг, 2.600.000.000 төгрөгийн зах зээлийн өртөгтэй байсан гэх дүгнэлтүүд гарсан. Гэтэл эдгээр дүгнэлтийг шийтгэх тогтоол болон хохирлын хэмжээн дээр дурдаагүй. “Э” ХК нь тухайн хөрөнгүүдийг иргэний хэрэгт авагдсан тухайн үед Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлтэд дурдсан буюу анх хүлээж авсан үнийн дүнгээр Шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж өгсөн учраас тухайн үнэлгээгээр нь дансандаа бүртгэж авахаас өөр арга байгаагүй. Анх шүүхэд “Г” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж 6.200.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ албан ёсоор бичгээр үйлдээд хэрэгт хавсаргуулсан. Энэ байр сууриа шүүх хуралдаан болгонд илэрхийлж байсан. Хохиролгүй гэдэг байдлаар нэг ч удаа тайлбар, мэдүүлэг гаргаж байгаагүй. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатнаас эхлээд ойлгомжгүй байдлаар хугацаа алдсан. Шинжээчийн дүгнэлтээр бодит учирсан хохирол нь 8.000.000.000 төгрөг байдаг. ...” гэв.

Иргэний хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан баримтаар 5.300.000.000 төгрөгийн хөрөнгө “Э” ХК-д бүрэн шилжсэн. Тухайн компани шилжүүлж авсан эд хөрөнгийг үндсэн хөрөнгийнхөө бүртгэлд бүртгэж авсан гэдэг нь тогтоогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ХК нь 5.300.000.000 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс гаргуулахаар шаардаж байсан атлаа сүүлийн анхан шатны шүүх хуралдаан дээр үнийн дүн тодорхойгүйгээр зээлийн хүү, харуул хамгаалалтын зардлыг нэмж нэхэмжилсэн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр 6.200.000.000 төгрөг гэж хэлж байгаа боловч анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой үнийн дүн хэлэлгүйгээр шаардаж байсан. Хоёр компанийн хооронд харилцан хөрөнгө шилжсэн. “Г” ХХК-ийн шилжүүлсэн хөрөнгө нь ямар чанарын байдал, үнэлгээтэй байгаа, эд хөрөнгийн ашиглалтаас хэдэн төгрөгийн ашиг олсон бэ гэдгийг тогтоосны дараа иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг нь шүүх хуралдаан тэмдэглэлд тодорхой тусгагдсан. “Г” ХХК-аас хүлээн авсан хөрөнгийг бусдад шилжүүлсэн, заримыг нь устгасан гэж мэдүүлдэг. Ямрыг нь устгасан, ямар чанар хэмжээтэй, үнэлгээтэй байгаа вэ гэдгийг тогтоосны дараа иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх нь талуудын хууль ёсны эрхийг хангах зарчимд нийцнэ. Иргэний эрх зүйн зарчмаар 2 компанийн хооронд шилжсэн хөрөнгө харилцан буцах ёстой. “Э” ХК нь бусдын эд хөрөнгөөр хөрөнгөжих үндэслэлгүй. Харилцан буцаалт хийхийн тулд тооцоог зайлшгүй хийх шаардлагатай. Иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай баримт, үнэлгээ огт байхгүй. Иймд иргэний нэхэмжлэлийг жич шийдвэрлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хэрэгт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт” гэх 3 байгууллагын дүгнэлт авагдсан. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг аль ч шатны шүүх хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримт гэж үзээд үнэлээгүй. “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-ийн үнэлгээг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрөөгүй. “Г” ХХК-ийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаж байсан боловч нотлох ажиллагааны явцад эрх хангагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дараах тайлбарыг хэлье. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Г.Д-г Монгол Улсын Тэргүүн шадар сайдын 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Үнэлгээний хороо байгуулах тушаалаар тухайн хорооны даргаар томилсон байдаг. Уг хороо нь сонгон шалгуулах ажиллагаа явуулаад “Э” ХХК-ийг шалгаруулсан байдаг. Уг компани нь 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан бөгөөд 65 хувийг Г.Д-ийн эгч Г.У, 35 хувийг Г.Д-ийн найз Н.Э гэх хүмүүс эзэмшиж байсан. Улсын бүртгэлд тухайн компанийг бүртгүүлсэн баримт бичгүүдэд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс шинжилгээ хийлгэхэд уг баримтууд нь Г.Д-ийн гар бичмэлүүдтэй тохирч байна гэсэн байдаг. Гэрч Н.Э-ын мэдүүлгээр “Э” ХХК нь Г.Д нь тухайн компанийг бусдын нэр дээр үүсгэн байгуулсан, өөрийнх нь компани болох нь тогтоогддог. Үнэлгээний хорооны дарга буюу захиалагч өөрийнхөө хамаарал бүхий компанийг сонгон шалгаруулсан үйлдлийг хууль бус үйлдэл гэж прокуророос шилжүүлэхээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар ямар хууль бус үйлдэл гаргасан бэ гэдэг асуудал тавьдаг. Авлигын эсрэг хуулийн хориг хязгаарлалтууд тухайн үед хэрэгжээгүй байсан учраас сонгон шалгаруулсан ажиллагаа нь хууль ёсны байсан гэж тайлбарладаг. Гэтэл өөрөө захиалагч нь атлаа өөрийнхөө хамаарал бүхий компанийг шалгаруулж буй үйлдэл нь тухайн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогч нарын эрх ашгийг зөрчсөн, төрд хохирол хор уршиг учруулж буй үйлдэл юм. Г.Д өөрийнхөө компанийг сонгон шалгаруулаад мөнгийг нь өөрөө авч байгаа нь хууль бус юм. Анхны гэрээгээр 135.000.000 төгрөгийн үнийн дүнтэй байсан. Гэтэл 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үндэслэлгүйгээр, үнэ нэмэгдсэн гэдэг шалтгаанаар гэрээний үнийн дүнг 199.000.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн байдаг. Үүнийгээ тайлбарлахдаа 2013 онд 150 тонны пүүг 150.000.000 төгрөгөөс 200.000.000 төгрөгөөр худалдаж байсан гэдэг талаар шүүгдэгч ярьдаг. Тухайн худалдан авах ажиллагаа нь 2010 онд зохион байгуулагдсан байдаг. Тухайн хугацаанд ижил төстэй суурилуулсан пүүний үнээс илүү өндөр дүнтэй гэрээг байгуулсан байна гэдгийг Сангийн яамнаас Тэргүүн шадар сайдад албан бичгээр мэдэгдэж байсан талаарх баримт хэрэгт авагдсан. Үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байдаг. 199.000.000 төгрөг шилжүүлж аваад хийсэн ажил нь хэдэн төгрөгийн үнэлгээтэй байсан талаар “Голден пэйж аудит” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийсэн. 2012 оны байдлаар 62.676.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон. Үнэлгээ гаргасан шинжээчээс мэдүүлэг авсан. “Уг үнэлгээнд тээвэрлэлт болон суурилуулалтын хөлс, ажлын зардал багтсан” гэж мэдүүлсэн. 199 сая төгрөгөөс 62 сая төгрөгөөр пүү, пүүний байр, тоног төхөөрөмж худалдаж аваад үлдсэн 137.116.300 төгрөг нь авто пүү худалдан авах ажиллагаатай холбоотойгоор зарцуулагдаагүй. Тухайн мөнгийг Г.Д авсан гэдгийг тухайн компанийн 35 хувийн эзэмшдэг, гүйцэтгэх захирал хийдэг байсан Н.Э мэдүүлсэн. Мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж хэзээ гэрт нь аваачиж өгсөн бэ гэдэг талаараа мэдүүлсэн. Уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулах ёстой. Шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд гэрээний үнийн дүн болон хийсэн ажлын хоорондын зөрүү 137.000.000 төгрөгийг хохирол гэж дүгнэсэн байна. Зүйлчлэлд хамаарахгүй байгаа учраас хэлэхэд 199 сая төгрөгийн гэрээ байгуулж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийн хор уршиг нь 137.000.000 төгрөг гэж харагдаж байна. Г-ийн У уу, Ч-ын У уу гэдэг талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгчийн зүгээс Ч-ын У гэж тайлбарладаг боловч анх “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулж байсан Улсын бүртгэлийн байгууллагын ажилтан М.Б гэрчийн мэдүүлэгтээ “2013 оны эхээр Г-ийн У, Д.Б нарыг бүртгэж байсан. Хэсэг хугацааны дараа өөрчлөлт орсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахаар нь бүртгэсэн талаарх материалыг үзэхэд миний бүртгэсэн материал дахь тэмдэг дарсан хэсэг өөрчлөгдөөд Ч-ын У болсон байсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэрч Я.Б болон бусад гэрчийн мэдүүлгээр Г.Д тухайн өөрчлөлтийг оруулж байсан гэдэг нь харагддаг. Г.Д болон бусад албан тушаалтнуудын хууль бус үйлдлээр тухайн компанийн хувьцаа эзэмшигч Г-ийн У нь Ч-ын У болсон байдаг. Эхнэрийнхээ нэр байгуулсан компанийг сонгон шалгаруулах ажиллагаанд оролцсон. Г.Д нь Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхийн албан тушаалын байдлаа ашиглаад тухайн тендер сонгон шалгаруулах ажиллагаа явуулж байгаа “Э” ХК-ийн албан тушаалтнуудад нөлөөлж, улмаар өөрийн эгч Г.У-ийн хамтран амьдрагч байсан Г.Т-г худалдан авах авалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилж, уг сонгон шалгаруулах ажиллагаанд “Г” ХХК-ийн шалгаруулсан гэдэг нь үйл баримтаараа тогтоогддог. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр 6.500.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэдгээ хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Г” ХХК-аас “Э” ХК-д шилжүүлсэн хөрөнгийг үнэлэхэд 3 өөр дүгнэлт гарсан. Эргэлзээтэй байдал бий болоод байгаа учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Хэрэгсэхгүй болгосон яллагдагч нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигтай холбоотойгоор иргэний журмаар нэхэмжлэл гаргасан зүйл одоогоор байхгүй. Нийт 5.300.000.000 төгрөгийн хохирол “Э” ХК-д учирсан. “Г” ХХК-аас шилжүүлсэн хөрөнгийг үндсэн хөрөнгөөр бүртгэж авсан. Эдгээр шилжүүлсэн хөрөнгүүд нь ашиглагдах боломжтой эсэх, хэдэн төгрөгийн үнэлгээтэй вэ гэдгээс хамаарч хэнээс, хэдэн төгрөг гаргуулах вэ гэдэг асуудал байсан Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах, анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтойгоор хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

            Энэхүү хэрэгт нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг асуудлуудыг шалгаж тодруулахаар шат шатны шүүхээс урьд нь хэргийг удаа дараа мөрдөн байцаалтад буцааж байсан ба мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр хэрэгт хамааралтай байж болох бүхий л нөхцөл байдлуудыг шалгаж, тодруулсан байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг судлахад:

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тушаал /20хх 103/-аар Г-ийн Д-г Монгол Улсын Тэргүүн шадар сайдын зөвлөхөөр, 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал /20хх 70/-аар Тэргүүн шадар сайдын зөвлөх Г.Д-г 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс түүнийг Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр томилжээ.

Тэргүүн шадар сайдын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаар тушаал /28хх 141-142/-аар Тэргүүн шадар сайдын 2010 оны төсвийн багц дахь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд уг хөрөнгө оруулалтын төсөлд “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх зориулалттай 150 тонны даацтай хэмжилтийн пүү байрлуулах ажил” багтсан байна.

Улмаар Тэргүүн шадар сайдын 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаар тушаал /28хх 143/ гарч дээрх хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулахад үнэлгээний хорооны даргаар Г.Д томилогдсон бөгөөд уг тушаалаар түүнийг тендер шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг даалгасан байна.

Гэтэл шүүгдэгч Г.Д энэхүү ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тендер сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулалгүйгээр албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан өөрийн хамаарал бүхий этгээд буюу төрсөн эгч Г.У, найз Н.Э нарын нэрээр “Э” ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар уг компанийн нэр дээр баримт бүрдүүлэн уг компанийг “Хамгийн сайн тендер ирүүлсэн аж ахуйн нэгжээр шалгарсан”-д тооцож, захиалагч буюу Тэргүүн шадар сайдад тус компанитай гэрээ байгуулахыг зөвлөмж болгосон үнэлгээний хорооны дүгнэлт /29хх 17/ хүргүүлсний дагуу тендерт шалгарсан тушаал гаргуулан аж ахуйн нэгжийн нэр, тендерийн дугаар, төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хугацаа, төсөвт өртгийг баталж, “Э” ХХК-тай 135.292.300 төгрөгийн төсөвт өртөг бүхий “ТСШАА 10-06” тендерийн дугаартай “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хяналтын пүүг суурилуулах ажлын гэрээг /28хх 27-29/ хууль бусаар байгуулсан байна.

Мөн уг ажлыг хийж гүйцэтгэхэд пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр /28хх 155-157, 33-34/-аар 64.500.000 төгрөгийн нэмэлт зардлыг гэрээний үнийн дүнд тохируулга хийж, 199.792.300 төгрөгөөр гүйцэтгэхээр өөрчилж, ажлын санхүүжилт хэлбэрээр 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 67.646.150 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 112.166.920 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19.979.230 төгрөгийг тус тус “Э” ХХК /28хх 26, 32, 35/-аар дамжуулан нийт 199.792.300 төгрөгийг хүлээн авсан нь тогтоогдож байна.

            “Э” ХХК-аас суурилуулж хүлээлгэн өгсөн гэх тухайн хэмжилтийн пүү нь техникийн шаардлага хангахгүй, одоог хүртэл ашиглах боломжгүй байгаа болох нь:

гэрч, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны Бүртгэл санхүүгийн хэлтсийн дарга Ж.Б-ийн: “...Ажил аваад өмнөх жилүүдийн санхүүгийн тайлан баланс, байгууллагын үндсэн хөрөнгөтэй танилцаж байсан бөгөөд Замын-Үүд дэх чөлөөт бүсийн нутагт хоёр ширхэг авто пүү суурилагдаж, үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн байсан. 2015 оны жилийн эцсийн тооллогоор “Э” ХХК-ийн 2010 онд нийлүүлсэн авто пүүг одоог хүртэл ашиглаагүй...” /37хх 230-232/,

гэрч, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны Бүртгэл санхүүгийн хэлтсийн тооцооны нягтлан бодогч С.Э-ын: “...Анх 2010 онд хүлээж авчихаад чанарын шаардлага хангахгүй, ажилладаггүй автопүү учир орлогод авахгүй байсан гэж ойлгосон.” /37хх 233-234/,

гэрч, Замын-Үүд чөлөөт бүсийн дэд бүтцийн хэлтсийн тээвэр ложистик хариуцсан мэргэжилтэн Б.Д-ын: “...Тендер худалдан авалтыг нь Тэргүүн шадар сайдын ажлын албанаас зохион байгуулж дээгүүрээ л бүх юм нь шийдэгдсэн гэсэн. Төсөв мөнгө нь ч манайхаас гараагүй, Тэргүүн шадар сайдын багцаас гарсан гэсэн. Тухай үед Н.Э, Х.Н гэх залуучууд “Э” ХХК-ийг төлөөлж ирж очин явдаг байсан. Ингээд 2010 оны сүүлээр Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Г.Д, “Э” ХХК-ийн Х.Н, Н.Э нар болон бусад хүмүүс ирж пүүг чөлөөт бүсэд хүлээлгэн өгсөн. Улсын комисст шууд Тэргүүн шадар сайдынхаа шугамаар хүлээлгэн өгсөн гэж ойлгосон. Ингээд хэсэг хугацаанд буюу 2013 оныг хүртэл тус автопүү байгууллагын үндсэн хөрөнгөд хүлээн авахгүй байж байгаад авсан санагдаж байна. Учир нь пүүг барьсан компани нь бичиг баримт, гүйцэтгэлээ дутуу өгсөн гэж байсан. Ингээд л одоог хүртэл огт ашиглагдаагүй байж байна. Автопүүг ажилд оруулах талаар асуухад “Монголын стандартад тохирохгүй пүү байна. Шинээр тохируулга хийлгэх хэрэгтэй” гэж зөвлөгөө өгч байсан. ...Ашиглаж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүсийн ярьснаар сүүлд буюу 2013 онд хийгдсэн автопүүний хажууд муу, чанар муутай авто пүү гэдэг. ...” /37хх 237-239/,

гэрч, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны дарга Б.М-йн: “......Манай байгууллага нь Замын-Үүд чөлөөт бүсийн газарт байрлах барилга байгууламж, 2 ширхэг авто пүү, пүүнүүдийн байр, талбайн хашаа, тодорхой тооны автомашин, оффисын тавилга, хэрэгсэл зэрэг үндсэн хөрөнгүүдтэй. Эхний автопүүг 2010 онд Тэргүүн шадар сайдын ажлын албанаас тендерийг нь зохион байгуулж, худалдан авч өгсөн гэх мэдээлэлтэй байгаа. Төсөв хөрөнгө нь мөн тэргүүн шадар сайдын ажлын албанаас гарсан. ...Тэргүүн шадар сайдын ажлын албанаас 2010 онд хүлээлгэн өгсөн пүү нь Стандартчилал хэмжил зүйн газраас албан ёсоор тохиргоо, баталгаажилт хийгдээгүй, дагалдах тоног төхөөрөмж нь бүрэн бус, ажиллагаагүй, бэлэн бус байдалд байгаа.” /37хх 240-243/,

Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс дэх “Э” ХХК-аас хүлээлгэн өгсөн авто пүүний байр, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /37хх 245-246/, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд хадгалагдаж буй баримт бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /37хх 247-250, 38хх 1-22, 28хх 182-250, 29хх 1-184/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /28хх 177-180/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Стандартчилал, хэмжил зүйн газрын улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №2016-002 дугаартай: “Дорноговь аймгийн Замын-Үүд чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод 2010 онд суурилуулсан хүнд даацын автомашиныг жинлэх 150 тн хүртэл хэмжих зориулалтын жингийн чанар, ашиглалтын байдлыг тогтоох шинжилгээг хийхэд тухайн хэмжих зориулалтын жинг суурилуулсан зураг төсөл, ажил гүйцэтгэх гэрээ байхгүй байсан ба шалгах үед жингийн тавцан руу автомашин гарч, орох зам хийгдээгүй, элс шороо овоолон дээр нь бетон хашаа тавьсан нь автомашин орж гарахад хагарч бутрах, осол гарах эрсдэлтэй байна. Зүй нь хүнд даацын автомашин байнга орж гарахад эвдрэхгүй байхаар тооцоолж бат бэх зам цутгах ёстой. Тухайн жинг суурилуулснаас хойш огт ашиглаагүй, жингийн ачаалал хэмжих тензо датчик нь загварын туршилтанд хамрагдаж, Монгол Улсад ашиглах хэмжих хэрэгслийн жагсаалтад бүртгэгдээгүй, заагч индикатор ХК3190-А30 нь хэмжих хэрэгсэлийн бүртгэлд ороогүй, хятад үсгээр тэмдэглэгдсэн байгаа зэрэг нь мөнгөн тооцооны хэмжих хэрэгсэлд тавигдах журмын шаардлагыг хангахгүй байна. Энэ жинг суурилуулсан “Э” ХХК нь хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болохыг тогтоов. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тэргүүн шадар сайдын ажлын албанаас зарласан “Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэлийг жинлэх 150 тн даацтай хэмжилтийн пүүг худалдан авах суурилуулах ажлын тендер”-т шалгаран гүйцэтгэхдээ хэмжих хэрэгслийн загварын туршилтад орж Монгол Улсын хэмжих хэрэгсэлийн жагсаалтад бүртгэгдээгүй, ачаалал хэмжих тензодатчик 30 т, хятад үсгээр тэмдэглэгдсэн заагч индикатор ХК 3190-А30 ашиглан холбогдох хууль, журмыг зөрчиж улсын комисст хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхдөө тухайн жинг улсын баталгаажуулалтад хамруулсан талаарх баримт хавсаргаагүй байна. Өнөөдрийн байдлаар энэ жинг ашиглах боломжгүй байна. Учир нь суурилуулаад огт ашиглаагүй, хэмжлийн элементүүд нь элсэнд булагдсан, эд ангиудыг нь холболт хийгээгүй, улсын баталгаажуулалт хийгдээгүй. Тухайн жинг ашиглалтад оруулахад нийт 19.476.776 төгрөгний зардал гарах тооцоог хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Э Х” ХХК гаргасан болох нь баримтаар тогтоогдов.” гэсэн дүгнэлт /41хх 153-158/-ээр “Э” ХХК-ийн Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд хүлээлгэн өгсөн 150 тонны авто пүүг зохих ёсоор ажиллуулахын тулд нэмж 19.476.776 төгрөгийн засвар, үйлчилгээ хийж ашиглалтад оруулах буюу чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдал тогтоогджээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн давж заалдах гомдолд “...пүүг ашиглаж байгаа. ...” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт Монгол Улсын Шадар сайд нь Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан, гишүүн байхаар хуульчилсан байх тул Г.Д-ийн Шадар сайдын ахлах зөвлөх албан тушаал нь тухайн үед дагаж мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14 дэх заалтад зааснаар улс төрийн албан тушаалтан /Засгийн газрын гишүүн/-ы бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байсан буюу Г.Д нь төрийн албан тушаалтан мөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

шүүгдэгч Г.Д-ийн найз, “Э” ХХК-ийн захирал Н.Э-ын гэрчээр өгсөн: “...2009 оны эхээр Г.Д надтай холбогдож “Хамтарч компани байгуулъя” гэдэг санал тавьсан. ...Г.Д “Би эгч Г.У-ийн нэр дээр компани байгуулах гэсэн юм” гэж байсан. Ингээд Г.Д-ийн хэлсний дагуу би 35 хувь, эгч Г.У нь 65 хувь эзэмшихээр болж, Г.Д-ийн бэлдсэн материалыг авч УБЕГ-т түүний хэлсэн хүнд аваачиж өгсөн. ...Ингээд хэсэг хугацааны дараа УБЕГ-аас над руу ярьсны дагуу очиж, компанийн гэрчилгээг авч, тамга, тэмдгийг нь захиалсан. Миний хувьд тус компанийг үүсгэн байгуулахад нь ямар нэгэн хувь, хөрөнгө мөнгө гаргаагүй. 2010 онд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн пүүний ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний дараа Г.Д-ийн хэлсний дагуу компанийн бүх хувийг над дээр төвлөрүүлж байгаад хэсэг хугацааны дараа Б гэж хүнд Г.Дийн хэлсний дагуу шилжүүлж өгсөн. ...“Э” ХХК-ийг 2009 онд үүсгэн байгуулчихаад бүтэн жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд 2010 онд Г.Д намайг дуудаж “Тендерт орох болсон” гээд өөрөө урьдчилан бэлдсэн бичиг баримтууд дээр надаар гарын үсэг зуруулж авч байсан. Ингээд хэсэг хугацааны дараа тендер авчихсан гэж хэлсэн. Ингээд Г.Д-ийн хэлсний дагуу БНХАУ-ын Бээжин зэрэг хотуудад очиж авто пүүний үнэ, чанарын талаар судалгаа хийж, түүнд авч ирж өгсөн. Тухайн үед компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд санхүүжилт орж ирсэн байсан бөгөөд энэ мөнгөнөөс Г.Д-ийн зөвшөөрлөөр гарын үсэг зурж, авч ажлын хэрэгцээгээр зарцуулдаг байсан. Миний хувьд гүйцэтгэх захирал буюу нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд байсан боловч Г.Д-ийн зөвшөөрлийн дагуу л гүйлгээ хийдэг байсан. Г.Д өөрөө эгчийнхээ нэрээр тус компанийг удирддаг байсан гэж ойлгож болно. Ингээд авто пүүг БНХАУ-аас захиж авч ирүүлсэн бөгөөд пүүлэгчийн байр, пүү суурилуулах, гэрэлтүүлэг зэрэг ажлыг би хариуцаж хийлгэсэн. Энэ ажилд зарцуулагдсан мөнгийг Г.Д-ийн зөвшөөрлөөр авч зарцуулдаг байсан. Хийх ажлын талаар түүнд танилцуулж, зөвшөөрөл авч хийдэг байсан гэж ойлгож болно. Бараа, материал татаж, худалдаж авах үед компаниудын үнийн саналыг Г.Д-д хэлж, түүний сонгосон компани аж ахуйн нэгжээс худалдан авалтыг хийдэг байсан. Үндсэндээ Г.Д-ийн гарын үзүүрт тус компанийн үйл ажиллагааг  явуулж байсан. Миний хувьд хөрөнгө мөнгө оруулаагүй учир, ямар нэг эрх эдлэхийг санаархаагүй. Ингэж ажиллах хугацаандаа тус компаниас болон Г.Д-ээс цалин хөлс авч байгаагүй. Харин ч бүр бараа, материалаа урдаас татахдаа   аавынхаа   автомашинаар үнэгүй тээвэрлэж оруулж ирж байсан удаатай. Ингээд авто пүүг Г.Д нарын оролцсон улсын комисст хүлээлгэж өгснөөр уг ажил дууссан. ...Тус компани нь Худалдаа хөгжлийн банкинд төгрөг болон валютын харилцах данстай байсан. Данснаас мөнгө гаргах эрх нь гүйцэтгэх захирлын хувьд надад байсан. Тус компанийн дансны хуулгыг үндэслэн зарцуулалтын талаар ярья. Үүнд 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 67.646.150 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд тухайн өдөр нь миний бие бэлнээр авч Г.Д-д хүлээлгэн өгсөн. 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 112.166.920 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд маргааш өдөр нь буюу 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний бие бэлнээр авч, Г.Д-ийн 10 дугаар хороололд байдаг байранд нь очиж унтлагын өрөөнд нь орж хүлээлгэж өгсөн. 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19.979.230 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд уг мөнгийг тухайн өдөр нь миний бие бэлнээр авч, Г.Д-д өгсөн. ...Дээрх санхүүжилтээс хэдийг нь юунд зарцуулсныг тодорхой санахгүй байна. Бүх мөнгийг Г.Д-д аваачиж өгсөн бөгөөд түүнээс ажлын хэрэгцээ, шаардлагаар авч зарцуулж байсан. Одоо бодоход ойролцоогоор 70-80 сая төгрөгийн зардал гарсан байх гэж тооцоолж байна. Нарийн тооцоо бол байхгүй. Г.Д өөрөө мөнгөө авчихаад надад бага, багаар өгдөг байсан учир тооцох боломж байгаагүй. Г.Д надад “Кристал таунд байрлах орон сууцыг худалдаж авах гэж байна. Энэ мөнгөө тийш нь оруулна” гэж байсан. Санхүүжилтээс орж ирсэн мөнгөнөөс надад 20 сая төгрөг өгөөд “Чи дансандаа хадгалчих” гэхээр нь надад урамшуулал өгч байгаа юм гэж бодож байтал хэсэг хугацааны дараа “Мөнгөө аваад ир” гэхээр нь “Яах гэж байгаа юм” гэхэд “Би нөгөө Кристал таун дахь байраа худалдаж авч байгаа” гэж хэлж байсан. Тэгэхээр энэ мөнгөнөөс байр авахдаа зарцуулсан байх ёстой. ...Тус компаниар пүүний ажил хийж дууссаны дараа Г.Д дуудаж “Компанийн бүх хувийг чамд өгнө” гэхээр нь явж очиход бичиг баримтаа бэлдчихсэн байсан. Ингээд Г.У-ийн 65 хувийг авсан. Ингээд хэсэг хугацааны дараа “Наад компаниа манай ахад өг” гээд Б гэж хүнд шилжүүлсэн. ...Нэмж ярихад компанийн бичиг баримтанд миний нэр байсан хэдий ч би үйл ажиллагааг нь явуулж, мөнгө захирах эрх байгаагүй, Г.Д-ийн хэлсний дагуу л удирдаж байсан. Сүүлд Г.Д-ийн нөлөөллөөр Алтанбулаг чөлөөт бүсийн ерөнхий менежерийн албан тушаалд томилогдож, ажилласан бөгөөд захирагч Сэмэрийн эзгүйд миний бие хэсэг хугацаанд түүнийг орлох үед Г.Д илтэд байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцож, хүн халах, солихыг хүртэл зааварчилж байсан бөгөөд арга буюу би ажлаа өгсөн. Үүнээс хойш түүнтэй  харилцаагүй. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах, суурилуулах ажлын тендерт оролцоогүй, харин Г.Д тухайн үед энэ талаар ярьж байсан бичиг баримт бүрдсэн материалд надаар гарын үсэг зуруулсан. Гэрээний үнэ хэд байсныг мэднэ, харин яаж тооцож ийм дүн гаргасан талаар мэдэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /37хх 215-219/,

“Э” ХХК-ийн захирал Н.Э-ын сэжигтнээр өгсөн: “...Компанийн дансанд 3-4 удаагийн байдлаар нийт 199.000.000 орчим төгрөг орж ирсэн бөгөөд орж ирсэн даруйд нь данснаас авч Г.Д-ийн 1 дүгээр хороолол дахь гэрт нь аваачиж бэлнээр өгч байсан. Мөнгө орсон даруйд Г.Д над руу өөрөө залгаад “Одоо компанийн дансанд мөнгө орсон. Очиж аваад хүрээд ир” гэж хэлдэг байсан. Ингээд миний тооцоолсноор нийтдээ 70.000.000-80.000.000 орчим төгрөгөөр уг пүү, пүүний барилга бүрэн боссон. Гэхдээ нарийн сайн мэдэхгүй байна. Санхүүгийн бүх тооцоо, бичиг баримтыг Г.Д авчихдаг байсан. ...Энэ ажлыг Г.Д надаар гардуулж хийлгүүлсэн мөртлөө нэг ч төгрөгийн хөлс, урамшуулал өгөөгүй. ...Өөрөөр хэлбэл улсаас пүүний санхүүжилтэд манай компанийн дансанд орсон мөнгөнөөс би нэг ч төгрөгийг хувьдаа ашиглаагүй. Орсон мөнгийг бүгдийг нь Г.Д-д аваачиж өгдөг байсан. Тэр мөнгөнөөс пүү барих зардалд тодорхой мөнгийг Г.Д надад өгч түүнийг нь би зарцуулдаг байсан. ...Энэ ажил эхлэхээс өмнө бид 2 намд ажиллаж байхад Г.Д-ийн хамт “Кристал таун” дахь загварын байрыг очиж үзэж байсан. Г.Д “Энэ гоё байр байна. Ийм байранд л амьдрах ёстой” гэж хэлж байсан. Тэгээд байж байтал тэр байраа авчихсан байсан. Энэ пүүний мөнгөнөөс авсан байх гэж бодож байна. Учир нь пүүний мөнгө орж ирэх үед л энэ байрыг авсан байсан.  ...” /43хх 126-128/,

гэрч Х.Н-ын: “...Миний бие тус компанид ямар нэгэн оролцоо байхгүй. Би энэ компанийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Д-ийн компани гэж ойлгож байсан. Компанийн ерөнхий захирлаар нь Н.Э гэж Г.Д-ийн найз ажиллаж байсан. Ер нь бол цаасны компани буюу ямар ч үйл ажиллагаа явуулаагүй компани гэж л ойлгож байсан. Би 2008 онд УИХ-ын сонгуулийн үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байгаад Г.Д-тэй танилцаж байсан. Тэгээд тэр 2010 онд над руу ярьж, уулзахад “Чи их давгүй залуу байна гэж бодлоо, хамтарч бизнес хийе” гэж санал тавьсан. Ингээд хамтарч компани байгуулахаар шийдвэрлэж “ЭЭДП К” ХХК-ийг байгуулж 65 хувийг Г.У, 35 хувийг би эзэмшсэн. Энэ компанийг үүсгэн байгуулаад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа уулзахад Г.Д нь “Үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай компани ол” гэхээр нь өөрийн найз Д-аас түүний үүсгэн байгуулсан “П Б” ХХК-ийг худалдан авч нэрийг нь “Х-А” гэж өөрчлөн 100 хувь нэр дээрээ авсан. Энэ үйл явц өрнөж байх үеэр мөн Г.Д над руу ярьж “Зам-Үүд яваад ирье” гэхээр нь түүнтэй хамт явсан. Г.Д “Э ХХК нь Замын-Үүдийн чөлөөт бүсэд авто пүү хүлээлгэн өгч байгаа, одоо хүлээлгэж өгөхөөр явж байна. Чи хүлээлцэхэд тус компанийн ерөнхий менежер мэтээр оролцоод хүлээлгэж өгөөч” гэж хэлж байсан. Г.Д нь ярихдаа “Энэ ажлыг авсан. Өөр ч ажил авна. Гол нь ашиг л олж байвал юу ч хийж болно” гэх утга бүхий зүйл ярьж байсныг нь санаж байна. Ингээд Замын-Үүд суманд чөлөөт бүс гэх газарт нь очиход пүүний барилга гэж дөрвөлжин путка хэлбэрийн байшин баригдаж байсан ба автопүү нь суурилуулагдаагүй, суурийг нь цутгачихсан байсан. Тэгээд Н.Э бид хоёр Г.Д-ийн хүсэлтээр тус ажилд нь туслалцсан бөгөөд барилгын ажил дуусаж, пүүг суурилуулсан. Энэ үеэр пүүний мэргэжилтэн гэж хүн авч ирж пүү тохируулж байсан. Энэ үйл ажиллагааг Г.Д, Н.Э нар л удирдан зохион байгуулж байсан. Ингээд Замын-Үүдээс хэсэг хүмүүс ирж уг ажлыг хүлээж авсан. ...Миний хувьд Г.Д-ийн хүсэлтийн дагуу пүүний ажил хүлээлцэх явцад “Э” ХХК-ийг төлөөлж хүлээлгэн өгч байгаа дүрд тоглон, пүүг барилгын хамт хүлээлгэн өгч гарын үсэг зурсан. ...“Э” ХХК-ийг хэн хэрхэн үүсгэн байгуулсан талаар нь мэдэхгүй. Гэхдээ Г.Д нь Н.Э-д багахан хувь өгөөд өөрөө ихэнхийг нь аваад надтай адилхан компани байгуулаад явж байсан юм болов уу л гэж ойлгосон. ...“Э” ХХК-ийг Замын-Үүдийн чөлөөт бүсэд пүү нийлүүлэх ажлыг авах тендер сонгон шалгаруулалтанд ямар байдлаар оролцсон талаар огт мэдэхгүй байна. “Э” ХХК-д орсон санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаар би мэдэхгүй. Замын-Үүд явсны хөлсөнд тодорхой юм өгөх болов уу гэж бодож, горьдож байсан боловч огт мөнгө өгөөгүй, ийм их мөнгө авсан гэдгийг нь ч мэдэхгүй. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд пүү нийлүүлэх ажлыг хүлээлцэх явцад ямар нэгэн бичиг баримт хөтлөгдөөгүй санагдаж байна. Урьдчилан бэлдсэн зүйлүүд дээр л гарын үсэг зуруулаад байсан. “Э” ХХК-ийн захирал Н.Э-ыг Г.Д-ийн их сургуулийн ангийнх нь хүүхэд гэж сонсож байсан. Бас л миний адил Г.Д-ийн гар хөлийн үзүүрт зарагдаж байсан байх. Г.Д-ээр дамжуулж л танилцаж байсан. ...” /37хх 211-214/,

гэрч Ч.Г-ийн: “...“Э” ХХК-ийн хувийн хэргийг үзэж танилцлаа. Хувийн хэргээс харахад 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн УБ03 маягтыг иргэн Н.Э-оос гаргасныг үндэслэн тус компанийг улсын бүртгэлд бүртгэсэн байна. Тус компанийг иргэн Г-ийн У /ААхххххххх/-ийн 65 хувь, иргэн Н-ийн Э /ААхххххххх/-ын 35 хувьтайгаар Гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, бараа тоног төхөөрөмжийн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулсан байна. Хувийн хэрэгт авагдсан материалаас үзэхэд тус компанийг анх Г.У, Н.Э нар нь үүсгэн байгуулсныг нотолсон дүрэм дээр миний тухайн үед ашиглаж байсан Татварын улсын байцаагчийн 0100 дугаартай хувийн тэмдэг дарж, улсын бүртгэлд бүртгэснийг нотолсон дөрвөлжин тэмдэг дээр би гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. ...” /37хх 227-229/ гэсэн мэдүүлгүүд,

мөрдөн шалгах ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол /26хх 135/-ын дагуу “Голден пэйж аудит” ХХК-ийн “Э” ХХК-ийн Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод хийж гүйцэтгэсэн авто пүү, пүүний барилга, бусад тоног төхөөрөмжийн үнэлгээ нь 2010 онд 62.676.000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн б/15 дугаартай дүгнэлт /26хх 136-156/,

тус үнэлгээг хийсэн “Голден пэйж аудит” ХХК-ийн үнэлгээчин, шинжээч Б.Энхболдын: “...Үнэлгээг өртгийн хандлагын бүрэн орлуулалтын өртгийг тооцох аргаар хийж гүйцэтгэсэн. Уг авто пүү, барилга, холбогдох тоног төхөөрөмжүүд нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 62.676.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70.265.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Бүрэн орлуулах өртөгийг нь тухай хугацааны зах зээлийн үнийн мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэсэн. Үнэлгээний ажлын зорилго нь зах зээлийн үнийн баримжааг тогтоох байсан. Барилгыг барьж байгуулсантай холбоотой барилгын гүйцэтгэлийн төсвийг хийх зорилго агуулаагүй. ... Замын-Үүд чөлөөт бүсийн хүрээнд импортолж байгаа аливаа бүтээгдэхүүнээс гаалийн татвар авдаггүй юм байна лээ. Тийм учраас эдгээр бараа, бүтээгдэхүүн нь татваргүй орж ирсэн учраас татварыг тооцоолоогүй. Харин авто пүүнд тээвэрлэлт, суурилуулалтын зардлыг тооцсон. Мөн барилга барихад гарах бүхий л зардлыг барилгын нормативаар гарч байгаа зардал тооцогдсон байгаа.  Тийм учраас нийт үнэлгээнд бүхий л зардал орж тооцогдсон. ...” гэсэн мэдүүлэг /26хх 157-158/,

“Э” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан Г-ийн У-ийн аж ахуйн нэгж байгууллагын гишүүний анкетад бичигдсэн гар бичмэлийг Г.Д бичсэн, “Э” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Э” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэрт бичигдсэн гар бичмэлийг Г.Д бичсэн, “Н.Э-ын ажил” гэсэн гарчигтай гар бичмэлийг Г.Д бичсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №5189 дугаартай шинжээчийн дүгнэлт /26хх 126-127/,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хадгалагдаж буй “Э” ХХК-ныг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх баримтууд /32хх 222-239/ зэрэг нотлох баримтуудаар Г.Д нь Тэргүүн шадар сайдын баталсан хөрөнгө оруулалтын төсөлд багтсан Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх зориулалттай 150 тонны даацтай хэмжилтийн пүү байрлуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн төрсөн эгч Г.У, найз Н.Э нарын нэр дээр бүртгэлтэй “Э” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, тус компанийн үйл ажиллагааг өөрөө удирдан чиглүүлж, гэрээний дагуу шилжүүлэн авсан 199.792.300 төгрөгөөс чанарын шаардлага хангахгүйгээс гадна ашиглагдах боломжгүй пүүг Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд чанарын шаардлагад нийцсэн хэмээн хүлээлгэн өгч, улмаар албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, “...” хотхоны ... дугаар байрны ... тоот орон сууцыг худалдаж авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авахаар өөрийн хамаарал бүхий этгээдийн “Э” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 199.792.300 төгрөгийг шилжүүлүүлж, тус компани нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, чанарын шаардлага хангахгүй, ажиллах боломжгүй, биет байдлын доголдолтой эд зүйлийг хүлээлгэн өгч 199.792.300 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Д-ийн давж заалдах гомдолд дурдсан “...Э ХХК-д Г.У нь хамааралгүй, Н.Э нь “Э” ХХК-ийг төлөөлж Н.Э материал ирүүлсэн. ...Гэрээний дагуу ажил хийгдэж улсын комисс хүлээж авсан. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс өөрийн хөрөнгөд бүртгэсэн тул энэ хэрэгт хохирол байхгүй. ...Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан “...Н.Э-ыг шалгаагүй, 137.116.300 төгрөгийг өөртөө авч ашигласан асуудлыг хэрэгт авагдсан ямар баримтаар нотолж тогтоосон нь эргэлзээтэй...” гэсэн тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн давж заалдах гомдолд “...Пүүний зах зээлийн үнэлгээг харьцуулан үнэлэх ажиллагаа  хийгдээгүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлтээр дүгнэсэн нь үндэслэлгүй...” гэж дурдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад, “Э” ХХК-ийн хүлээлгэн өгсөн хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Голден пэйж аудит” ХХК-аар хийлгүүлсэн байх бөгөөд үнэлгээчид нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартыг мөрдлөг болгон хийж гүйцэтгэсэн, түүнчлэн үнэлгээчдэд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх үүрэг болон Эрүүгийн хуулийг тайлбарлан сануулсан /26хх 135/ байна.

 “Э” ХХК-иар дамжуулан Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд 150 тонны даацтай хэмжилтийн пүү байрлуулах ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан, гэрээ байгуулсан, автопүүг нийлүүлж барьж байгуулан улсын комисст хүлээлгэж өгсөн, гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг компаниар дамжуулж хүлээн авсан үйл явц бүхэлдээ шүүгдэгч Г.Д-ийн албан тушаалын эрх мэдлээ хувьдаа ашиг хонжоо олох зорилгод ашигласан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, тендерийн дагуу пүү нийлүүлсэн нэрийдлээр “Э” ХХК-аар дамжуулан  одоог хүртэл ашиглах боломжгүй, чанарын шаардлага хангахгүй эд хөрөнгийг улсад нийлүүлэн хохироож 199.792.300 төгрөгийг авсан үйлдэл нь нотлогдож тогтоогдсон тул энэхүү гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын дүнг улсаас авсан мөнгөн дүнгээр буюу 199.792.300 төгрөгөөр тооцож гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх замаар шүүгдэгч Г.Д-д хариуцуулан учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд Г.Д-ээс 137.116.300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчилж, “шүүгдэгч Г.Д-ээс 199.792.300 төгрөгийг гаргуулах”-аар зохих өөрчлөлт орууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар, мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах ба гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ийн албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, төрд 199.792.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ... гудамж, “...” хотхоны ... дугаар байрны ... тоот орон сууцыг битүүмжилснийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх болохыг шийтгэх тогтоолд заагаагүй нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 199.792.300 төгрөгөөр тооцон гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хурааж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх буюу хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, ийнхүү гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн хэмжээ хохирлоос илүү гарсан тохиолдолд тэр хэсгийг улсын төсөвт шилжүүлэхийг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

  1. Шүүгдэгч Г.Д нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Э” Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж, “Э” ХК-аас 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт эхнэр Г.У-ын нэрээр иргэн Д.Б-тай хамтран худалдан авсан “Г” ХХК-ийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Б-т нөлөөлөх замаар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар нь өөрийн төрсөн эгч Г.У-ийн хамтран амьдрагч, тус компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Т-г томилсон тушаалыг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргуулсан,

улмаар сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцөлийг хааж “Г” ХХК-д давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Г.Т-ээр боловсруулах үүрэг өгч, гаалийн хяналтын талбайгүй “З М”, “Д Х”, “Х А” ХХК-уудын нэр дээр өндөр үнийн саналтай, шалгуур хангахгүй тендер шалгаруулалтын материал бүрдүүлэн тендер шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулах ажлыг гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулахаар “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Б-т нөлөөлөх замаар “Г” ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулуулж, гэрээний урьдчилгаанд 700.000.000 төгрөгийг “Г” ХХК-нд шилжүүлүүлсэн,

2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах” тухай тогтоол гарч, “Э” ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсны улмаас “Г” ХХК-тай байгуулсан дээрх гэрээг цуцалсан байхад “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-аар гэрээ цуцалсантай холбогдуулан тус компанид гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7.413.055.365 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргуулуулан маргаан үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус эвлэрлийн гэрээ байгуулуулснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар захирамж гарч дээр мөнгө төлөгдөх нөхцөлийг бүрдүүлүүлж, “Э” ХК нь 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд 4.688.482.022 төгрөгийг бодит байдлаар “Г” ХХК-д шилжүүлснээр “Э” Төрийн өмчит хувьцаат компанид нийт 5.388.482.022 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Г.Д нь “Э” ХК-д онц их хэмжээний хохирол учруулсан дээрх гэмт хэргийг зохион байгуулсан болох нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:

гэрч Б.Э-ийн: “...2000 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн тойргийн 80 дугаартай нотариатаар ажиллаж байна ...үзүүлж буй “Г” ХХК-ийн хувьцааг С овогтой Ц-ийн Д-оос Х овогтой Д-ийн Б, Б овогтой Ч-ын У нарт шилжүүлэн авсан тухай “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг” гэрчлээгүй. Үзүүлж буй гэрээнээс харахад миний нотариатын хувийн дугаар болох 80 дугаарын тамга дарагдсан байгаа боловч миний бие уг нотариатын үйлдлийг хийгээгүй. Би гэрээг батлаагүй учир миний тамга биш, харин нотариат 80 гэсэн дугаар маань давхцаж байна. Мөн бүртгэлийн 2435, 2438 дугаарт бүртгэсэн байгаагаас харахад 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2435 гэрээ баталсан юм шиг харагдаж байна. Гэтэл миний бие 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 27-30 дахь гэрээгээ гэрчилсэн байна. Тэгэхээр бүртгэлийн дугаар нь хүртэл үндэслэлгүй байна. Мөн бүртгэлийн тэмдэг дээр бичигдсэн бичгийн хэв болон Энхээ гэсэн гарын үсэг зэрэг нь миний болон туслахын бичгийн хэв биш, гарын үсэг нь миний зурдаг гарын үсэг биш байна. Тэгэхээр нь энэ гэрээ нь бүхэлдээ миний баталсан гэрээ биш байна. Гэрээний бүртгэлийн дэвтрийг хөтлөхдөө тухайн оны эхнээс баталж эхэлсэн гэрээг 01 гэж эхлэн дугаарлан бүртгэдэг юм. ...Би 2000 оноос хойш нотариатын үйл ажиллагаа явуулахдаа өөрийн хувийн тамга, тэмдгийг хаяж гээгдүүлсэн тохиолдол байхгүй. Харин мөн хугацаанд тамга, тэмдгийн элэгдэл, хорогдолтой холбогдуулан 2 удаа солиулж байсан тохиолдол бий. Солиулах тохиолдолд хуучин тэмдгийг маань нүдэн дээр устгаж шинийг олгодог юм. Би өөрийн хувийн нотариатын тамга, тэмдгээ зөвхөн өөрийн биеэр нотариатын үйлдэл хийхдээ ашигладаг бөгөөд хэн нэгэнд шилжүүлсэн, ашиглуулсан асуудал байхгүй. Миний бие тамга тэмдгээ өөрийн ажлын байранд байрлах төмөр сейфэнд хадгалдаг юм. Хэн нэгэн миний өмнөөс ашиглах ямар ч боломжгүй. ...” /23хх 218-220 /,

гэрч Б.А-ийн: “...Үзүүлж буй “Г” ХХК-ийн хувьцааг С овогтой Ц-ийн Д-оос Х овогтой Д-ийн Б, Б овогтой Ч-ын У нарт шилжүүлэн авсан тухай “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг” манай нотариатын газраас гэрчлээгүй. Учир нь нотариатын үйл ажиллагаа явуулахдаа аливаа гэрээ хэлцэл бүрийг бүртгэлийн дэвтэрт бүртгэж, гэрээний эх хувийг авч үлддэг. Манай бүртгэлийн дэвтрээс харахад 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр  “Г” ХХК-тай холбоотой ямар нэгэн гэрээг гэрчлээгүй байна. Манай нотариатын тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэж байна. Мөн нэмж хэлэхэд бүртгэлийн дэвтрийг хөтлөхдөө тухайн оны эхнээс 01 гэж дугаарлан эрэмбэлэн явдаг. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр надад үзүүлсэн гэрээн дээр байгаа шиг 2435, 2438 тоот бүртгэлтэй буюу нийт 2400 гаруй гэрээ бүртгэгдэж, гэрчлэгдэх ямар ч боломжгүй бөгөөд энэ нь хуурамчаар үйлдсэн нь харагдаж байна. ...” гэх мэдүүлэг /23хх 221-223/,

гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Үзүүлж буй “Г” ХХК-ийн хувьцааг Ц.Д-оос Д.Б, Ч.У нарт шилжүүлэн авсан тухай “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний хуулбар баримтаас харахад манай нотариатын газраас гэрчлүүлсэн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд биш байна. Учир нь уг хуулбар гэрээн дээр хуулбар үнэн гэсэн тамга дарсан байх бөгөөд Нотариатын тухай хуулиар нотариатаар батлуулаагүй гэрээ, хэлцлийг хуулбар үнэн зөв гэсэн үйлдлийг нотариат хийдэггүй. Гэрээ, хэлцэл гэрчилж байгаа тохиолдолд зөвхөн гэрээ, хэлцлийн тэмдэг дарагдах ёстой. Гэтэл хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан байна. Гуравдугаарт суутгаж авсан үнийг дүнг 4.500 төгрөг гэж бичсэн байна. Энэ үнийн дүн нь аль ч үйлдлийн хураамжтай тохирохгүй байна. Хуулбар үнэн баталсан тохиолдол хуудас тутамд 500 төгрөг буюу дээрх 3 хуудас гэрээнээс 1.500 төгрөг авах ёстой. Гэрээ, гэрчилсэн тохиолдолд компанийн дүрмийн сангийн 0.5 хувь буюу 1.000.000 төгрөгөөс 5.000 төгрөгийн хураамж авах ёстой. Гэтэл зөрүүтэй байна. Мөн нэмж хэлэхэд Энхээ гэж бичсэн гарын үсэг нь манай эгч Б.Э-ийн гарын үсэг биш байна. Мөн бүртгэлийн 2435, 2438 гэсэн дугаар өгсөн нь огт үндэслэлгүй байна. Он гараад 7 өдрийн дотор 2435 хуулбар батлуулна гэж огт байхгүй. Гэрээ бол бүр ч байхгүй. Тэгэхээр энэ гэрээ нь хуурамч байх бөгөөд манай нотариатын тамга, тэмдгийг хуурамчаар ашигласан байна гэж үзэж байна. Үүнийг хийсэн этгээд нь нотариатын анхан шатны мэдлэггүй хүн байна гэж дүгнэж байна. ...” /23хх 224-226/,

гэрч Ц.Э-ын: “...2013 оны 01 дүгээр сард О над руу яриад “Богд-Ар” хорооллын орчим байрлах газарт дуудсан. Намайг явж очиход Д.Б, Д.Б гэж хүмүүс байсан бөгөөд “Г” ХХК нь Өмнөговь аймагт газар шилжүүлж авах тухай гэрээ батлуулсан. Тухайн газрын мэдээлэл, шилжүүлэн өгч буй ахуйн нэгжийн мэдээллийг санахгүй байна. Харин У нарын талаар хэвлэлээр мэдээлэл гарахад нь олж мэдсэн. Аль У-ыг нь мэдэхгүй байна /овгийг нь санахгүй байна./ Тухайн үед хэвлэлээр Алтанхуяг сайдын дүү охин У-ын “Г” ХХК нь тендерт ялжээ гэсэн мэдээлэл гарсан бөгөөд миний бие “Г” ХХК-тай холбоотой гэрээ баталж байсан учир ямар учиртай гэрээ баталснаа нягталж үзэхэд “Г” ХХК-ний хувьцаа эзэмшигч нь У гэж нэртэй хүн байсан. Ингэж л өөрийн баталсан гэрээнээс У гэгчийн талаар мэдсэн” /23хх 207-209 /,

гэрч П.Ц-ын: “...Г.Д, Г.Т гэж танилцуулсан 2 залуу байсан. 2014 оны 3 сарын 17-ны өдөр Тариалангийн газар худалдах, худалдан авах гэрээг Г.Д-тэй хамт байсан Г.Т-тэй нь байгуулж, урьдчилгаа 60.000.000 төгрөгийг бэлнээр “Монцамэ” дотор Г.Т-ээс авсан. Би өөрийн 150 га газраа 1 га-г нь 400.000 төгрөг буюу нийт 60.000.000 төгрөгөөр, уринш буюу урьдчилан тариа тарихаар талбайг бэлдсэн ажлын хөлсөнд 13.000.000 төгрөг, үрийн будааг 6.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд гэрээ хийсэн өдөр газрын мөнгө болох 60.000.000 төгрөгөө бэлнээр авсан. Ингээд хэд хоногийн дараа үлдэгдэл 18.000.000 төгрөгөө бэлнээр мөн Г.Т-ээс хаана билээ машин дотор уулзаад л авсан. Ийм зорилгоор Г.Т-тэй хэд хэдэн удаа уулзаж байсан бөгөөд талбайг зарснаас хойш ургац тариалалт, хураалтын үеэр бүхий л ажлыг нь Г.Т нь хариуцаж байсан тул түүнтэй харилцаж байсан. ...” /23хх 169-175/,

гэрч С.Г-ын : “...Миний нэр дээр ...“З М”, “Д Х”, “Х А” зэрэг компаниуд бүртгэлтэй байгаа. ...Г.У-ийн нөхөр нь гээд залуу ирж гарын үсэг зурж өгч байсан. “Х А” ХХК Г.У-ийн нөхрийн нэр дээр нь байсан санагдаж байна. ...Өдрийн сонин дээр байсан “Э” ХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерийн зарыг олж аваад, компани дээрээс нь албан бичиг явуулж, тендерийн материалыг нь худалдаж авсан. Ингээд материалтай нь танилцаж, холбогдох материалыг нь бүрдүүлж тендерт оролцсон боловч шалгараагүй. ...“Х А” ХХК нь Өмнөговь аймгийн Цагаан хаданд гаалийн хяналтын талбай байхгүй. Уг тендерт “З М”, “Д Х” гэж компаниудаараа бас орсон. Миний хувьд тендерт орохдоо янз бүрийн буюу өндөр, бага үнийн санал хэлж орвол аль нэг нь шалгарч магадгүй гэж бодоод 3 компанийнхаа нэрээр орсон боловч аль нь ч шалгараагүй. ...” /22хх 201-204/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архив дахь С.Г-ын эзэмшлийн “Д Х” ХХК, “З М” ХХК, “Х А” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /13хх 119-166/,

гэрч Ч.Б-ын: “...“А Т” ХХК нь “Э” ХК-тай байгуулсан гэрээний дагуу 2012 онд бүтэн Гаалийн хяналтын талбайн үйлчилгээ үзүүлсэн. ...Ингээд 2012 оны жилийн эцсээр “Э” ХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болж, тус компаниас энэ чиглэлийн үйлчилгээ авах тендерийг дахин зарласан байдаг. Манай компани нь тус тендерт оролцох сонирхолтой байсан тул зарын дагуу тендерийн материалыг худалдан авч холбогдох материалыг бэлтгэн тендерт оролцсон боловч Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, Стандарт хэмжил зүйн газрын тусгай зөвшөөрөлгүй гэдэг үндэслэлээр шалгараагүй. Энэ үндэслэлүүдийг  манай компани хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Сангийн яам болон Чингэлтэй дүүргийн шүүхэд тус тус хандаж “Э” ХК нь тендерийг хууль бусаар зохион байгуулсан талаар гомдол гаргаж, тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл “Э” ХК-ийн зүгээс манай компанитай эвлэрэх санал тавьсан. Уг санал нь 2013 онд манай талбай дээр “Э” ХК нь 450.000 тонн нүүрс буулгаж дамжин өнгөрүүлье гэсэн. Бидэнд уг нүүрсийг буулгаж, ажлын хөлс авах нь хэрэгтэй байсан тул тэдэнтэй эвлэрсэн. Гэтэл 2013 онд манай талбай дээр 138.000 тонн нүүрс буулгачихаад одоог хүртэл авахгүй, манай талбайг чөлөөлж өгөхгүй, төлбөр тооцоогоо ч хийхгүй байгаа. ...Харин эвлэрлийн гэрээг Я.Б нь зурсан санагдаж байна. ...Манай компани нь 2012 онд “Э” ХК-тай гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг дээр хэлсэн. Тийм учраас манай компани нь Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан, бэлэн компани байсан гэж ойлгож болно.тоннытонны ...Анх “Г” ХХК-ийн  талбай нь Г гэж хүний нэр дээр байж байгаад Д гэж хятад хүн худалдаж аваад Д.Б-д зарсан байдаг. 2012 онд зарласан тендерт оролцох үедээ “Г” ХХК-ийн гаалийн хяналтын талбай нь гадуураа тойрсон жижиг хашаатай, дотроо 1 пүүтэй, худаг, харуулын байр зэрэгтэй л байсан. Өөрөөр хэлбэл шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй, бэлэн бус талбайтай байсан. Тэгээд “Э” ХК-аас зарласан тендерт хууль бусаар шалгарсныхаа дараа талбайгаа тохижуулах ажлыг хийж эхэлсэн байдаг. Түүнээс биш анх тендерт орохдоо гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ явуулах шаардлага хангаагүй компани байсан. Ер нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг нь би мэдэхгүй юм байна. ...Нэмж ярихад “Э” ХК-аас манай компанийг гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх эрхгүй гэсэн байдаг. Гэтэл энэ эрхийг Гаалийн ерөнхий газрын дарга олгодог бөгөөд жил бүр уг зөвшөөрлийг үндэслэн Гашуун сухайтын гаалийн газартай гэрээ байгуулдаг бөгөөд манайх гэрээ байгуулсан байсан. Хоёрдугаарт Стандартчилал хэмжил газрын зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн байсан. Гэтэл манай компани нь “Н-Э” гэж тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулж, авто пүүнүүдийнхээ засвар үйлчилгээг хариуцуулдаг байсан. Тэгэхээр манай компани заавал тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй байсан. Тэгэхээр “Э” ХК-ийн манай компанийг шалгаруулаагүй үндэслэлүүд нь үндэслэл муутай байдаг юм. ...” /22хх 173-176/,

гэрч Д.Б-ийн: “...2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 355 тоот “Э” ХК-ийн захирлын тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулахад би үнэлгээний хорооны даргаар томилогдсон. Үнэлгээний хороо байгуулснаас хойш 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 355 тоот тушаалыг үнэлгээний хорооны 3 гишүүн болон нарийн бичгийн даргад танилцуулаад тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын судалгааг гаргаж хязгаарлагдмал тендер зарлах техникийн тодорхойлолт, тендерийн бичиг баримт боловсруулахаар шийдвэрлэсэн. 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин хуралдаад техникийн тодорхойлолтыг нарийн сайн зааж өгөх, өмнө нь шалгарч байсан “А Т” ХХК-ийн гэрээнд заасан ажил хэр хэрэгжсэн талаар тодруулах, тендерийг хязгаарлагдмал зарлахад үнэлгээний хорооны бүх гишүүд дэмжсэн. Манай үнэлгээний хороог сонинд алдаатай зар тавьсан гэсэн шалтгаанаар 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 425 тоот тушаалаар бүх гишүүдийг өөрчлөн дахин шинээр үнэлгээний хороо байгуулаад манай үйл ажиллагааг зогсоосноос дээрх тендертэй холбоотой асуудалд оролцоогүй. ...Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэхэд тусгай зөвшөөрөл, мэргэжлийн ур чадвар, өндөр хүчин чадалтай техник технологи, машин тоног төхөөрөмж шаардагддаг бөгөөд уг шаардлагыг хангах аж ахуйн нэгжийн тоо хязгаарлагдмал учир хязгаарлагдмал тендер зарласан. ...” /22хх 90-91 /,

гэрч Б.С-ын: “...Гүйцэтгэх захирлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 355 тоот тушаалаар үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Ингээд байж байтал 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бидний үнэлгээний хорооны гишүүдийг өөрчилж, өөр бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороог томилсон. Ингээд би шинээр томилогдсон үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Г.Т-д бэлдсэн материалаа хүлээлгэж өгснөөр дахиж энэ үйл ажиллагаанд оролцоогүй. ...” /22хх 92-94/,

гэрч Д.Э-ийн: “...2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гүйцэтгэх захирал Я.Б-ийн тушаал гарч Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр намайг томилсон байсан. Ингээд үнэлгээний хороо хуралдаж, тендерийн баримт бичиг боловсруулах, техникийн тодорхойлолт гаргах даалгавартай тарсан. Ингээд бид зөвхөн тухайн бүсэд талбайтай аж ахуйн нэгжүүдийг оролцуулахаар хязгаарлагдмал тендер 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зарлаж, тендерийн нээлтийг 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр тогтсон байсан. Гэтэл дахин гүйцэтгэх захирлын тушаал 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарч, үнэлгээний хороог өөрчилсөн бөгөөд үүнээс хойш уг үйл ажиллагаанд оролцоогүй. ...Биднийг ямар учраас үнэлгээний хорооноос өөрчилснийг мэдээгүй. Захирлын өөрчилсөн тушаал үзүүлээд л биднээс тендертэй холбоотой бүрдсэн материалыг авсан. Одоо бодоход өмнө ажиллаж байсан туршлагатай хүмүүс болох биднээр тендерийн баримт, бичиг, бүх юмаа хийлгэж, бэлдүүлчихээд өөрчилчихлөө гэж ойлгосон.  Биднээс ажил авсан үнэлгээний хорооны хүмүүс нь дандаа шинэ томилогдсон хүмүүс байсан. Өөрсдийнхөө хүмүүсийг тавилаа гэж ойлгож байсан. ...” гэх мэдүүлэг /22хх 97-99/,

гэрч С.Г-ын: “...Цагаан хаданд гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэгтэй үнэлгээний хороонд даргаар нь томилогдон ажилласан. ...Үнэлгээний хороо 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр анхны хурлаа хийж, миний санаж байгаагаар техникийн тодорхойлолт, юмнуудаа тогтсон байгаа. Нийт 9 компанид урилга хүргүүлж, 6 компани тендерийн материал худалдан авч, 5 компани тендерт оролцох материалаа ирүүлсэн. 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тендерийн материалаа хүлээж аваад үнэлгээний хороо хуралдсан байна. Энэ хурлаар тендерийг нээж, үнийн саналыг нь зарласан. Ингээд 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж ирүүлсэн тендерүүдэд үнэлгээ хийсэн байна. Үнэлгээ хийсэн процедур бол үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна. Тэгээд “Г” ХХК-ийг шалгаруулсан. Тус компани нь тендерийн нөхцөлүүдийг хангасан байна гэж үзэж шалгаруулсан. Ер нь бол манай компани нь үнэлгээний хороо байгуулахдаа нягтлан бодох мэргэжлийн хүн, хууль, эрх зүйн мэргэжлийн хүн, худалдан авалтын мэргэшсэн хүмүүсээс заавал оруулдаг тогтсон зарчимтай байсан. Энэ дагуу манай үнэлгээний хорооны гишүүд бүрдсэн байсан. Тэгээд тендерт ирүүлсэн материалуудыг үзэж судлахдаа ерөнхийд нь чиглэл, чиглэлээрээ хараад явчихдаг байсан. Тэгээд манай үнэлгээний хорооны гишүүд үзэж танилцсан материалуудаа чиглэл, чиглэлээрээ үзэж хурал дээр дүгнэлтээ компани, компаниар нь яриад явчихдаг. Тэгээд манай үнэлгээний хорооны гишүүдийн үзсэнээр “Г” ХХК шаардлагыг хангасан гэж үзсэн тул тус компанийг шалгаруулсан юм. ...Миний хувьд үнэлгээний хорооны даргын хувьд хурлыг зохион байгуулж, ирцийн бүрэн байдлыг шалгах зэрэг зохион байгуулалтын ажлыг нь хийх үүрэгтэй байдаг. ...Зарим нь тусгай зөвшөөрөлгүй, зарим нь Г.Д-ийн эгчийн компани, заримд нь урилга хүргүүлээгүй гэдгийг одоо мэдэж байна. Тусгай зөвшөөрөлгүй зарим компаниудыг үнэлгээ хийхдээ мэдсэн. Биднийг ямар учраас өмнөх үнэлгээний хороог өөрчлөн томилсныг бид мэдэхгүй. Энэ талаар танилцуулаагүй. Сонсоход өмнөх үнэлгээний хороо тендерээ буруу зарласан шалтгаанаар өөрчлөгдсөн гэдэг. ...” /43хх 88-95/,

гэрч Д.Ч-ын: “...Нарийн бичгийн дарга Г.Т “Г” ХХК-ийн материалыг оруулж өгсөн. Уг материалыг нь Санхүүгийн талаас өгөгдөлд заасан гэх 5 зүйлийг үзсэн. 3 жилийн санхүүгийн тайлан ирүүлсэн байх, санхүүгийн тайланд аудит хийлгэсэн байх, нийгмийн даатгалд өргүй байх, татварт өргүй байх, банкны зээл авах чадвартай байх гэсэн тодорхойлолт зэрэг байх ёстой гэсэн шаардлагыг үзээд хангаж байна гэж хэлсэн. Өөр бусад юмнуудыг нь үзээгүй, амжаагүй. Бусад компаниудын материалуудыг огт үзээгүй, өөрөөр хэлбэл бусад компаниудыг материалд үнэлгээ хийгээгүй. Г.Т надад зөвхөн “Г” ХХК-ийн материалыг л үзүүлсэн. ...” /43хх 101-106/,

гэрч Х.О-ийн:  “...Би “Э” ХК-д томилогдоод 1 сарын хугацаа өнгөрсөн байсан бөгөөд тендер шалгаруулалтын талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байсан. Энэ бол миний анх удаа орсон тендер юм. ...Тэгээд л үнэлгээний хороо хуралдаад тендерээ зарласан. Яагаад гэвэл бүх юм нь бэлэн байсан. Биднийг нэг суулгаж, албан  ёсоор баримт бичиг үйлдэж, тэмдэглэл хөтлөх маягтай юм болсон. Юуг нь ч мэдэхгүй, ийм л юм болдог юм байлгүй л гэж бодож байсан. Үнэлгээг хийхдээ үнэлгээний хорооны гишүүд өөр өөрсдийн хариуцсан чиглэлийн хүрээнд үзсэн. Өөрөөр хэлбэл санхүү хариуцсан хүн санхүүгээ, хуулийн чиглэлийн хүн хуулийнхаа асуудлыг, би бол худалдан авах ажиллагаатай холбоотой юмнуудаа хариуцаж харсан. Түүнээс биш хүн бүр компани бүрийг нэг бүрчлэн үзэж, саналаа өгөөгүй. Санхүүгийн тайлан, балансыг хараад ч ойлгохгүй шүү дээ. Өөрсдийн чиглэлээр хардаг учраас хууль, санхүүгээс хүмүүсийг оролцуулдаг. Ингээд энэ хурлаар буюу 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Г” ХХК-ийг шалгаруулсан байна. Тухайн үедээ бол миний хувьд энэ компани нь хэний компани, ямар учиртай зүйл болоод байгааг бол сайн мэдээгүй байсан. Сүүлд нь хэвлэлээр Г.Д-ийн компани гэдэг мэдээлэл гараад л энэ асуудал сөхөгдөөд байсан. ...Тендерийн бичиг баримттай үзэж танилцлаа. Анхнаасаа 1.8 тэрбум гэдэг шаардлагыг хэн нь ч гаргаж ирж, өгөгдлийн хүснэгтдээ оруулж шаардлага тавьсан юм. Тэрэндээ “Г” ХХК нь нийцэж байсан эсэхийг тухайн үед нь би анзаарч хараагүй. Санхүүгийн асуудлыг санхүү хариуцсан хүмүүс л харсан байх ёстой. Энэ үнэлгээний хороонд Санхүү нягтлан бодох бүртгэлийн газрын захирал хүн орсон байна. Энэ хүн санхүү талаас нь хараад хангасан байна гэж хурлын тэмдэглэл дээр хэлсэн байна. Тэгэхээр санхүү мэдэхгүй би тэднийг дагаад л явсан байна. Г.Т зохиомлоор намайг хэлсэн мэтээр оруулсан байна гэж бодож байна. Үүнийг нь би сайн уншилгүй гарын үсэг зурсан. Мөн тэр одоо гаалийн үйлчилгээ үзүүлэх ажлын төсөв нь хэд ч байсан юм, энэ талаар ажилд ороод сар болж байсан надад ямар ч мэдээлэл байгаагүй, мэдэх ч боломж байхгүй. Тийм байж аж ахуйн нэгжийн хөрөнгийн хэмжээ нь 450.000.000 төгрөг байхыг шаардсан, зээл авах боломжтой хэмжээг 1 тэрбум төгрөг гэж хэлсэн нь үнэндээ бодит логик холбоогүй байна. миний хэлж яриагүй зүйлийг тэмдэглэлд оруулж, гарын үсэг зуруулсан байна. Гарын үсэг зурсан нь миний буруу. ...Г.Т нь Г.Д-ийн төрсөн эгчийн нөхөр гэдгийг тухайн үед мэдээгүй. ...”Г” ХХК-ийг шалгаруулсан тендер сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэлд миний бие 450.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байх ёстой, банкнаас 1.0 тэрбум төгрөгийн зээлжих чадвартай байх гэсэн шаардлагуудын талаар ярьсан мэтээр тусгагдсан байсан. ...Тэмдэглэлийн төгсгөл хэсэгт надаар гарын үсэг зуруулчихаад урд талын нүүрийг сольсон байх магадлалтай гэж бодож байна. Яагаад гэвэл урд талын нүүрэн дээр гарын үсэг зурагддаггүй. ...” /43хх 112-119/,

“Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нарын “Г” ХХК-тай үүссэн иргэний маргааны талаар мэдүүлсэн:

гэрч Ч.С-ийн: “... “Э” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 44 тоот тогтоолоор намайг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилсон. Би ажил аваад Тавантолгойн баруун цанхын уурхайг нээж, уурхайн аман дээр гүний гааль байгуулж, нүүрсийг шууд тээвэрлэх үйл ажиллагааг эхлүүлсэн. “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХК хариуцагчтай иргэний хэрэгт “Э” ХК-ийг төлөөлж явсан нөхдүүд нь шүүх дээр очиж “Г” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулчихаад, төлбөр мөнгөө шилжүүлснийхээ дараа Төлөөлөн удирдах зөвлөлөөр нөхөн шийдвэр гаргуулах гэж Я.Б асуудал оруулсныг Төлөөлөн удирдах зөвлөлөөс дэмжээгүй. Ийм учраас “Г” ХХК-тай эвлэрэх, төлбөр, мөнгө шилжүүлэх талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Харин ч Я.Б-ийг энэ асуудлаар загнаад явуулж байсан. Ер нь бол шүүхийн бүх шатаар процесс яваад дуусах ёстой байтал түрүүлж эвлэрсэн нь буруу гэж үзэж байгаа. ...” /22хх 46-48/,

гэрч Ж.Б-ын: “...Би “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2012 оны 11 сараас эхлэн ажиллаж байна....“Э” ХК-ийн зүгээс “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж эвлэрсэн гэдгийг ТУЗ-ийн хуралд анх оруулж ирэхэд нь мэдсэн. Өмнө нь эвлэрэх эсэх асуудлаар биднээс зөвшөөрөл чиглэл авч байгаагүй. Харин эвлэрснийхээ дараа мөнгөө шийдвэрлүүлэх гэж Төлөөлөн удирдах зөвлөлд оруулж ирэхэд нь бид зөвшөөрөөгүй бөгөөд энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй. Энэ талаар биднийг урьд нь ямар нэгэн мэдээллээр хангаж байгаагүй. ...” /22хх 52-54/,

гэрч Б.Ш-ын: “...”Г” ХХК шүүхэд хандаж “Э” ХК-аас төлбөр нэхэмжилж байгаа талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг ямар нэгэн мэдээллээр хангаагүй. Энэ талаар биднээс ямар нэгэн чиглэл аваагүй. Харин 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Э” ХК-ийн талаас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх асуудлыг оруулж ирсэн. Энэ нь “Э” ХК нь шүүхийн шийдвэрийн дагуу “Г” ХХК-д мөнгө төлөх болсноо танилцуулж, шийдвэр гаргуулах гэсэн. Үүнийг нь бид сонсоод зөвшөөрөөгүй. Учир нь уг асуудал үүсэж, шийдвэрлэсэн буюу эвлэрснийхээ дараа биш эхнээс нь оруулж ирж шийдвэр, чиглэл авах  ёстой байсан учир бид энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй.  Шүүхэд бидний зөвшөөрөлгүйгээр эвлэрч, төлбөр төлөх болсон нь буруу гэж үзэж байна...” /22хх 55-57/,

гэрч Д.Б-ын: “...2013 оны хавраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас намайг “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон бөгөөд эрхэлж байсан албан тушаалтай уялдуулан томилсон гэж ойлгодог. ...Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэл хийх тохиолдолд биднээс буюу Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авах ёстой” гэх мэдүүлэг /22хх 58-60/,

гэрч Б.Б-ийн: “...2012 оны сүүлээр намайг “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон. ...Тус компани нь Тавантолгой дахь зүүн, баруун цанхын уурхайг эзэмшиж, олборлолт, борлуулалт явуулж буй Төрийн өмчит хувьцаат компани юм. ...Миний санаж байгаагаар “Г” ХХК нь “Э” ХК-ийг шүүхэд өгч, төлбөр нэхэмжилж байгаа гэсэн мэдээллийг гүйцэтгэх захирал Я.Б өгч байсан санагдаж байна. Харин шүүхэд эвлэрсэн, төлбөр төлөх болсон талаараа надад танилцуулаагүй. Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Г” ХХК-тай эвлэрэх, төлбөр төлөх талаар шийдвэр чиглэл өгсөн асуудал байхгүй. Ийм асуудал хэлэлцсэн хуралд оролцож байгаагүй. ...Их хэмжээний төлбөр, тооцооны асуудал тул Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, зөвшөөрөл авч явах ёстой гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /22хх 61-63/,

гэрч Н.Э-ийн: “...Би “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2013 оны 9 сараас “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. ...“Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд 2014 онд тус компанийн хуульч Ш.Б нь “Г” ХХК-д 4.8 тэрбум шилжүүлэх зөвшөөрөл, шийдвэр гаргуулахаар материал танилцуулсан бөгөөд түүний танилцуулснаар шүүхийн шийдвэр гарсан гэдэг бөгөөд шийдвэрийг нь танилцах гэтэл хурал дээр авч ирээгүй байсан. Ийм учраас “Г” ХХК-д мөнгө гаргаж өгөх талаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөхөөс татгалзсан. Энэ талаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гараагүй. Миний хувьд дээр хэлсэнчлэн Ш.Б-ийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд уг асуудлыг танилцуулахад нь л анх энэ асуудлын талаар мэдсэн. Тэр хэлэхдээ шүүхэд “Г” ХХК-тай эвлэрсэн талаар танилцуулсан бөгөөд миний хувьд “Чи яахаараа эвлэрдэг юм, шүүхээр шийдүүлэхгүй яасан юм” гэж Ш.Б-ийг загнасан. Ингээд л шийдвэр гаргахаас татгалзсан. Тийм учраас нэр бүхий хүмүүст шүүхэд эвлэрэх талаар ямар нэгэн чиглэл өгөөгүй. Харин дараа нь материалтай нь танилцахад Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарсан байсан бөгөөд уг дүгнэлтээр тогтоосон дүнгээс бага дүнгээр эвлэрсэн байсан. ...” /22хх 64-66/,

гэрч Д.Т-ын: “...2012 оны сүүлээр билүү 2013 оны эхээр “Э” ХХК-ийн шийдвэрээр “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдсон. ...”Г” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу шүүхэд хэлэлцэгдсэн асуудлын талаар огт мэдээгүй, биднийг энэ талаарх мэдээллээр хангаж байгаагүй. Харин 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний шүүхэд “Э” ХК-ийг төлөөлж орсон нөхдүүд “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн асуудлаа танилцуулсан. Энэ асуудлыг нь бид танилцаад нэгэнт шүүхийн шийдвэр гарсан юм бол хэлэлцэж шийдвэр гаргах эрх ч байхгүй, шаардлага ч байхгүй. Харин дур мэдэн шүүхэд эвлэрсэн асуудлыг нь буруу гэж үзэж байсан. Ийм учраас энэ асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс тодорхой шийдвэр гаргаагүй хэлэлцээд л өнгөрсөн. ...” /22хх 67-69/,

гэрч Б.Б-ийн: “...2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн  “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байна. ..Миний мэдэж байгаагаар Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Г” ХХК нь “Э” ХК-ийг шүүхэд өглөө гэж сонсож байсан. Гэхдээ энэ талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оруулж ирэн ямар нэгэн шийдвэр гаргуулаагүй. Харин 2013 оны сүүлээр санагдаж байна, шүүхээр шийдвэр гарсан, төлбөр гаргах зөвшөөрөл олгохыг хүссэн асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлд оруулж ирснийг бид хэлэлцээгүй бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Учир нь нэгэнт хууль, шүүхийн байгууллагаас шийдсэн асуудлын араас бид нөхөж хэлэлцэж шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн. Энэ асуудлыг хуралд оруулж ирэх үеэр манай Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Э нь “Та нар шүүхэд яах гэж эвлэрсэн юм бэ. Өөр боломж байгаагүй юм уу” гэдэг асуудлыг хүртэл тавьж байсан. ...” /22хх 70-72/,

гэрч Д.Ч-ийн: “...Би 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс одоог хүртэл “Э” ХК-ийн Төлөөлөх удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. ...Миний хувьд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын зарыг гишүүдэд мэдэгдэж, хурлаар хэлэлцэх асуудлын материалыг гишүүдэд тараах, хурлыг зохион байгуулах, хурлын явцын тэмдэглэл үйлдэх, хурлаас гарсан шийдвэрийг боловсруулах үндсэн чиг үүрэгтэй. ...2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 06 тоот хуралдаанаар шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах тухай асуудлыг “Э” ХК-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Б оруулж танилцуулсан бөгөөд тэрээр танилцуулахдаа “Э” ХК-аас зарласан тендерт шалгарсан “Г” ХХК нь гэрээ цуцалсны улмаас хохирол учирсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу “Э” ХК-ийг төлөөлж шүүхэд оролцоод төлбөрийг төлөхөөр эвлэрсэн бөгөөд “Г” ХХК-д төлөх төлбөрийг шийдвэрлүүлэхээр Төлөөлөн удирдах зөвлөлд санал оруулсан. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон дарга нар “Яагаад уг асуудлыг анхнаас нь оруулж ирээгүй юм. Нэгэнт шийдвэр гарсан хойно нь оруулж ирж байгаа нь буруу. Яах гэж “Г” ХХК-тай шүүхэд эвлэрсэн юм” гэх зэргээр хэлэлцэж байгаад “Г” ХХК-д төлбөр төлөх асуудлаар ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй гэдгээ илэрхийлж, ямар нэгэн шийдвэр гаргаагүй. ...” /22хх 49-51/,

гэрч Д.Ч-ын: “...Миний хувьд байгууллагын аливаа гүйлгээнд гарын үсэг зурах ямар нэгэн эрх байхгүй. Гэхдээ нягтлан бодох бүртгэлийн газрын захирлын хувьд зохих хяналт тавьдаг. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Г” ХХК-ийн нэхэмжилж буй төлбөрийн дүнг шилжүүлэх талаар шаардлага ирүүлж байсан бөгөөд манай талаас “Төлбөрийг шууд төлөхгүйгээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ” гэдэг хүсэлтийг гаргасан. Учир нь анх нэхэмжилсэн дүн 7 гаруй тэрбум төгрөг байсан юм. Ингээд үнэлгээ хийлгэхэд 5 гаруй тэрбум төгрөг болсон бөгөөд энэ дүнг хэд хэдэн удаагийн байдлаар шилжүүлсэн. Бидний хувьд эхлээд төлбөрийг шилжүүлэхгүй хэсэг хугацаанд саатуулсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай харилцах дансыг битүүмжилсэн бөгөөд ямар ч гүйлгээ хийх боломжгүй болсон юм. ...Иймд нийт 4.688.482.022 төгрөгийг шилжүүлсэн байна. ...Манай компанийн дүрмээр нийт активын 25 хувиас доош мөнгөн хөрөнгийг гүйцэтгэх захирал захиран зарцуулах эрхтэй байдаг. Энэ нь 150.000.000.000 төгрөгөөс доош хэмжээний мөнгөн хөрөнгийг гүйцэтгэх захирал захиран зарцуулах эрхтэй юм. Манай компанийн нийт актив нь 600.000.000.000 гаруй төгрөг болдог. Гэхдээ 30.000.000.000 төгрөгөөс дээш гүйлгээг хийхдээ Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж байж шийдвэрлэж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх гүйлгээнүүдийг шууд гүйцэтгэх захирлаас нэгдүгээр гарын үсэг зурж шилжүүлж байсан. Энэ гүйлгээг хийхэд Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй, гүйлгээ хийх талаар гүйцэтгэх захирлын тушаал гарч байгаагүй. Харин хуулийн хэлтсийн төлбөр төлөх өргөдөл, хүсэлтийг үндэслэн шилжүүлж байсан. ...Манай компаниас 2013 онд зарласан Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх тендерт “Г” ХХК шалгарсан байдаг. Үүний дагуу 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх ЭТТ/2013/01/25/ тоот гэрээг байгуулсан. Энэ гэрээний 7.6 дахь хэсэгт “...Захиалагч 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор гэрээний 7.4 дэх хэсэгт заасны дагуу мөн сард хадгалуулахаар төлөвлөсөн нүүрсний хэмжээгээр тооцон үйлчилгээний хөлсний 70 хувийг тухайн сарын 05-ны өдрийн дотор урьдчилан, үлдэх 30 хувийг мөн сарын 25-ны өдрийн дотор гүйцэтгэгчээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу гэрээний 8 дахь хэсэгт заасан хугацаанд төлнө.” гэж заасныг үндэслэн 700.000.000 төгрөгийн урьдчилгааг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл “Г” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Гаалийн баталгаат агуулахын Нүүрс хадгалах хэсэгт манай компани нь олборлосон нүүрсээ зөөж хадгалах гэрээ байгуулсан. Үүний дагуу урьдчилгааг өгч байж нүүрсээ буулгах учиртай байсан юм. Төлбөрийн нөхцөл нь тус компанийн агуулахад хадгалах 1 тонн нүүрс тутамд 2.950 төгрөгийг төлөх гэрээтэй байсан. ...”Г” ХХК-аас шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгө хүлээж авах ажлын хэсгийг гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А293 тоот тушаалаар томилсон. Хүлээж авсан хөрөнгийг компанийн үндсэн хөрөнгөд орлогод авсан байгаа. Эдгээр хөрөнгүүд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гаалийн хяналтын талбайн бүсэд байрлаж байгаа. ...” /22хх 127-132/,

“Э” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Б-ийн гаргасан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/301 дугаар “Г” ХХК-аас үндсэн хөрөнгө хүлээж авах тухай тушаалын дагуу ажлын хэсэгт орж, “Г” ХХК-аас эд хөрөнгө хүлээж авсан:

гэрч Ш.Б-ийн: “...“Э” ХК-ний гүйцэтгэх захирлын тушаалаар “Г” ХХК-аас үндсэн хөрөнгө хүлээн авах ажлын хэсгийг байгуулж, хэсгийн даргаар намайг томилсон. ...Уг тушаалын дагуу 2013 оны 12 дугаар сарын 03-аас 06-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэдэг газар байрлах нийт 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий газар, объект, тоног төхөөрөмж, байр, сууц, нүүрсний үлдэгдэл зэргийг хүлээн авсан. Уг ажиллагааг явуулахдаа манай талаас томилогдсон ажлын хэсэг, “Г” ХХК-аас томилогдсон ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, эд хөрөнгүүдийг хүлээн авч энэ талаар акт үйлдсэн. “Г” ХХК-аас эд хөрөнгө хүлээж авахдаа Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан дүгнэлт, жагсаалтыг үндэслэн хүлээж авсан. ...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт байрлах 13.5 га газар, 1.077.591.840 төгрөгийн үнэлгээтэй, “Г” ХХК-ийн Гаалийн хяналтын талбайн хашаанд байрлах эд хөрөнгийг хүлээн авсан. ...Энэ өдрөөс эхлэн тус талбайд манай компанийн Цагаан хад дахь хэсэг байгуулагдаж 80 орчим ажилчин 4 ээлжээр нүүрс буулгах ачих үйл ажиллагааг 2014 оны 8 сарыг хүртэл явуулж ирсэн. Ингэхдээ Тавантолгойн Баруун, зүүн цанхаас олборлож буй нүүрсийг ачиж тээвэрлэн Цагаан хад дахь талбайд авчирч буулгадаг бөгөөд эндээс худалдан авагчид авч явдаг байсан. Одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд харуул хамгаалалтын албанд хүлээлгэж өгсөн. Учир нь нүүрс худалдан авагч компаниуд нь уурхайн аман дээрээс худалдан авч байгаа учир уг талбайг тэр болгон ашиглахгүй байгаа. ...” /22хх 147-250/,

гэрч Д.Э-ын: “...2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг “Г” ХХК-аас тоног, төхөөрөмж, эд хөрөнгө хүлээж авсан байдаг. Ингэж хүлээж авсан хөрөнгийг хүлээн авах комиссын акт, баримтыг үндэслэн компанийн үндсэн хөрөнгө болон бага үнэтэй түргэн элэгдэх зүйл дансанд зохих журмын дагуу бүртгэсэн бөгөөд тоног төхөөрөмж, эд зүйлс нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны хэсэгт байрлаж байсан тул тус хэсгийн ахлах нягтлан бодогч Э.А-т хариуцуулсан. Үндсэн хөрөнгө болон бага үнэтэй түргэн элэгдэх зүйл дансанд дараах байдлаар бүртгэсэн. “Г” ХХК-аас хүлээлгэн өгсөн эд зүйлс тоног төхөөрөмж барилга байгууламж нь нийт 5.328.916.262 төгрөгийн үнэлгээтэй байсан бөгөөд манай компани нь Монгол Улсын Хөгжлийн банк, Голомт, Хас банкаас авсан зээлийн зохих хүүг дээрх үндсэн хөрөнгүүдийн үнэлгээнд нэмж капиталжуулан 7 гаруй тэрбум төгрөгөөр үнэлж үндсэн хөрөнгөд бүртгэсэн. Өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий газруудаас авсан зээлийн хөрөнгөөс зарим хэсгийг нь “Г” ХХК-д өгөх төлбөрт зарцуулсан тул төлөх хүүг уг хөрөнгийн өртөгт шингээсэн юм.  ...Өнөөдрийн байдлаар Цагаан хадны хэсэг үйл ажиллагаа явуулахгүй, түр зогсолт хийсэн байгаа бөгөөд бүх хөрөнгийг тус хэсгийн ахлах нягтлан бодогч Э.А лацдаж хадгалж байгаа. ...” /22хх 139-140/,

гэрч М.М-ийн: “...Би 2013 оны 12 сараас “Э” ХК-д үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна. ...Намайг ажил авахад “Г” ХХК-аас манай компани Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад дахь Гаалийн хяналтын талбай, талбай дээрх эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүд хүлээн авсан байсан бөгөөд уг эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг 2014 оны 3 дугаар сар хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулалгүй харуул хамгаалалтын албаар хамгаалуулж байсан. Ингээд 2014 оны 4-өөс 7 сарын хооронд Цагаан хад дахь талбай, тоног төхөөрөмжийг ашиглан 1 сая орчим тонн нүүрс экспортод гаргасан байдаг. Ингээд үүнээс хойш нүүрсийг Цагаан хаднаас дамжин тээвэрлэх ажиллагааг борлуулалт багассантай холбоотойгоор зогсоосон бөгөөд одоог хүртэл бүрэн хүчин чадлаар нь дахин ашиглаагүй. Тоног төхөөрөмжүүдээс боломжтой заримыг нь Уурхай руу татаж ашиглаж байгаа. Зарим нь Цагаан хад дахь талбай дээрээ л байгаа. ...Ер нь бол Уул уурхайд өндөр хүчин чадал бүхий барууны техник ашигладаг. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь маш үнэтэй байдаг. Цагаан хад дахь гаалийн талбайн тоног төхөөрөмжүүд нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн дугуйт ачигч зэрэг тоног төхөөрөмж нь барууны техникүүдтэй харьцуулахад хямд, чанар муутай байдаг. Гэхдээ өөрийн техникийн хүчин чадлын хэмжээнд үүргээ биелүүлж л байгаа. ...Уурхайгаас Цагаан хад хүртэл 250 орчим км, Цагаан хаднаас хил хүртэл 20 орчим км байдаг. Өнөөгийн нөхцөл байдлыг үндэслэн хэлэхэд Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайгаар дамжуулалгүй шууд тээвэрлэх нь манай компанид болон улс эх оронд ашигтай байгаа. Учир нь ачиж, буулгах, хадгалах зардал багасна, богино тээврийн зардал багасна, хорогдол багасна, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багасна, тээврийн бүх эрсдэл худалдан авагч руу шилжиж байгаа гэх мэт маш олон давуу талтай. ...” /22хх 123-216/

гэрч М.Э-ы: “...“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Г” ХХК-аас эд хөрөнгө хүлээн авах ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон. ...Миний хувьд мэдээллийн технологийн хэсгээ төлөөлж “Г” ХХК-аас хүлээлгэн өгч буй мэдээллийн технологийн техник, тоног төхөөрөмжийг хүлээн авсан. ...Одоогийн байдлаар манай Цагаан хад дахь хэсгийн үйл ажиллагаа зогссон байгаа бөгөөд тоног төхөөрөмжүүдийг лацдаж хадгалалтын горимд шилжүүлсэн байгаа. ...Хүлээн авсан тоног төхөөрөмжүүдээс хяналтын камеруудын үнэлгээ нь тухайн үеийн зах зээлийн үнээс илүү үнэтэй санагдаж байсан. Компьютер, принтерүүд ойролцоо үнэтэй байсан. ...” /22хх 153-155/,

гэрч Ц.Л-ын: “...“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/301 тоот тушаалаар “Г” ХХК-аас үндсэн хөрөнгө хүлээн авах ажлын хэсэгт томилогдон ажилласан. ...Миний хувьд өөрийн ажлын чиг үүргийн дагуу тус компанийн хүлээлгэн өгч буй тоног төхөөрөмжүүдийг нэг бүрчлэн үзэж шалгаж хүлээж авсан. Үүнд: 2ш цистерн нь шинэвтэр буюу урьд ашиглаж байсан машинууд байсан. 8ш ковшийн хувьд урьд ашиглагдаж байсан боловч 50-300 орчим мото цаг ажилласан шинэвтэр техникүүд байсан. Пронтер машины хувьд тааруу машин байсан. 6ш цахилгаан үүсгүүрээс 2ш нь шинэ, 1ш нь шинэвтэр, 3ш нь асахын төдий байсан бөгөөд миний хувьд үйлчилгээ хийсний дараа хүлээж авна гэж байгаад тодорхойлолтод үйлчилгээ хийх гэж тодотголтойгоор хүлээж авсан. Ингээд 3ш цахилгаан үүсгүүрүүдийг нь үйлчилгээ хийлгүүлж авсан боловч одоо ч бид үйлчилгээ хийгээд ажиллуулж байна. Ер нь цахилгаан үүсгүүрүүд нь муу хятадын эд зүйл байсан. Ер нь хүлээж авсан тоног төхөөрөмжүүд нь дандаа хятадын юмнууд байсан. Ийм том уурхайд ашиглахааргүй л юмнууд байсан. Аргагүй шүүхийн шийдвэртэй байсан учир л хүлээж авсан. ...Ер нь бол тухайн үед хэсэг ашиглаж байсан. Одоо бол гаалийн хяналтын бүс зогссон учир 8ш ковшоо уурхайд татаж авчраад туслах ажил, замын засвар, шаардлагатай тохиолдолд ачилтад ашиглаж байна. Шаардлага тааруухан л хангаж байна. Хятад ковшууд эвдрэл ихтэй бөгөөд сэлбэг нь таардаггүй сул талтай. ...Ер нь дээрх тоног төхөөрөмжүүдийг шинэ байсан ч гэсэн авахгүй байсан. Манай шаардлагыг хангахгүй тоног төхөөрөмжүүд байсан. ...” /22хх 164-166/,

гэрч Ж.Н-ийн: “...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. ...Дээр дурдагдсан газрыг анх 2008 онд сумын Засаг даргын захирамжаар “Г” ХХК-д нүүрс боловсруулах, зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байсан. Тэгтэл 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүгч М.Болормаагийн 1473 тоот захирамжийг манайд ирүүлснийг үндэслээд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ханбогд сумын Засаг даргын А/09 тоот захирамж гарч тухайн газрын эзэмшлийг “Э” ХК-д шилжүүлсэн. Түүнээс энэ газрын эзэмшил өөрчлөгдөөгүй байгаа. ...” /4хх 204/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Г.Д-ийн төрсөн эгч Г.У-ийн хамтран амьдрагч, “Э” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн газрын ахлах мэргэжилтэн, тус компаниас зарласан Өмнөговь аймгийн Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан Г.Т-ийн яллагдагчаар мэдүүлсэн: “...2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай үнэлгээний хороо хуралдаж сонгон шалгаруулах тендерийн шаардлага шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулсан. ...“А-Т”, “Г-Н”, “Ё-А”, “З-М”, “Д-Х”, “Г”, “Т-Х”, “Х-А”, “Ц” зэрэг компаниудад урилга хүргүүлэхээр тогтсон. ...Тендерийн нээлт хийхэд “Г” ХХК 17 тэрбум 700 сая, “Х-А” ХХК 18.470.000.000 төгрөг, “З-М” ХХК 20.700.000.000 төгрөг, “А-Т” ХХК 13.140.000.000 төгрөг, “Д-Х” ХХК 12.960.000.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байсан. Энэ талаар хурлын тэмдэглэл үйлдсэн. Тэгээд 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж ирүүлсэн компаниудын материалуудтай танилцаж, сонгон шалгаруулалт явуулаад тендерийн шаардлагыг хамгийн сайн хангасан “Г” ХХК-ийг шалгаруулсан. Ингээд үнэлгээний хороо тайлангаа гаргаж, захиалагчид тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах зөвлөмж өгсөн. ...Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар тус компани нь тендерийн бүх шаардлагыг хангасан гэж үзэж шалгаруулсан. ...” /42хх 223-227/,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХК-д холбогдох иргэний хэрэгт “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон тус компанийн хуульч Т.Т-ын яллагдагчаар мэдүүлсэн: “...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээг цуцалснаас учирсан хохирол 7,2 тэрбум орчим төгрөгийг “Э” ХК-аас нэхэмжилсэн. Энэхүү иргэний хэрэгт “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар хуульч Ш.Б, Т.Т миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Тухайн үед намайг энэхүү иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсныг би мэдээгүй байсан бөгөөд сүүлд Ш.Б 2013 оны 8 дугаар сарын сүүлээр ээлжийн амралтаа авахдаа намайг энэхүү хэрэгт мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон болохыг хэлсэн. ...Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагад байгаа алдангиас татгалзаж, мөн олох ёстой байсан орлогынхоо 50 хувиас татгалзаж, 50 хувийг төлөхийг манай компаниас шаардсан. Үүнийг Ш.Б хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа шүүгч Баярмаа нь хэргийн нөхцөл байдал нь эвлэрэх нөхцөл байдалд хүрсэн учир эвлэрлийн гэрээ байгуул гэж хэлсэн. Үүний дагуу бид “Г” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан. ...” /43хх 18-26/,

“Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б яллагдагчаар мэдүүлсэн: “...Би “Э” ХК-тай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу ажилласан. ...2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажлын тайлан дээр тодорхой тусгасан байгаа. Энэ их хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхэд манай компаниас 4.5 тэрбум орчим төгрөгийн зардал гарсан. Үүнийг болон гаалийн хяналтын талбай газрынхаа үнийн хамт нэхэмжилсэн юм. Тэгээд л тэрний дагуу шүүхийн шийдвэр гарч мөнгөө авсан. ...Би гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллая гэж бодоод энэ компанийг зарна гэснийг сонсоод худалдаж авсан. Энэ компанийг урьдын танил Ц.Д-оос 2013 оны 01 дүгээр сард худалдан авч байсан. ...” /42хх 190-194/,

“Э” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн “...Манай хуульч Ш.Б нь тухайн үед “А-Г-Т” ХХК-аас “Нэмж гэрээ байгуулбал нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрье” гэсэн санал тавьсныг надад танилцуулсны дагуу зөвшөөрөл өгсөн. ...” /42хх 36-39/ гэсэн мэдүүлгүүд,

“Э ХК-ийн Өмнөговь аймгийн Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 244-250, 13хх 1-8/, “Э ХК-ийн Цогт цэций сум дахь Цанхи хотхонд байрлах ажилчдын байранд “Г” ХХК-аас шилжиж ирсэн эд хөрөнгөд үзлэг хийсэн тэмдэглэл /13хх 9-10/

“Г” ХХК-аас хүлээн авсан эд хөрөнгөд холбогдох баримтын жагсаалт, “Э” ХК-ийн нягтлан бодох бүртгэлийн газарт хадгалагдаж буй “Г” ХХК-аас хүлээн авсан эд хөрөнгөтэй холбоотой баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 47-125/, “Э” ХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 219-250/, “Э” ХК-ийн 2013 оны 2, 3 дугаар саруудын Голомт банк дахь харилцахын баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 1-20/,

“Э ХК-аас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох худалдан авах ажиллагааны тендерийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 240-243/, “Г” ХХК-ийн “Э” ХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2012/12/29/ХТ дугаартай тендерт оролцсон материалд үзлэг хийсэн тэмдэглэл /40хх 72-88/,

“Г” ХХК-ийн талбай нь гаалийн хяналтын бүсээр тогтоогдсон талаар Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 02/1626 дугаартай албан бичиг /2хх 78-86/,

“Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл /5хх 183-197/, Захирлын зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл /13хх 190-204/,

Э ХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ажлын хэсгийн тайлан /13хх 206-222/,

Сангийн яамнаас ирүүлсэн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 61/4272 дугаартай “...Захиалагчийн “хамгийн сайн” гэж шалгаруулсан оролцогч “Г” ХХК-ийн ирүүлсэн тендер нь захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичигт заасан дараах шалгуур үзүүлэлтийг хангаагүй байна. Үүнд: “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.2-ын (а)-д заасан “Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байх”, “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 4.4-ийн (а)-д заасан тендерт оролцогчийн сүүлийн 5 жилийн аль нэгэн жилийн турш гүйцэтгэсэн үйлчилгээний тоо хэмжээ нь хамгийн багадаа 1.8 тэрбум байна” гэж заасныг тус тус хангахгүй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтад тус компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заасныг зөрчсөн байна. ...” гэсэн албан бичиг /57хх 205-206/,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХК-д холбогдох Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар захирамжтай иргэний хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /13хх 242-250, 14хх 1-35/

            Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадад байрлах “Г” ХХК-аас “Э” ХК-д хүлээлгэн өгсөн газар, барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл болон бусад эд зүйлсийн нийт үнэлгээг 2.658.418.600 төгрөгөөр үнэлсэн тухай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /25хх 228-250/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадад байрлах “Г” ХХК-аас “Э” ХК-д хүлээлгэн өгсөн газар, барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл болон бусад эд зүйлсийн нийт үнэлгээг 2.761.229.660,5 төгрөгөөр үнэлсэн тухай Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2/2018 дугаар дүгнэлт /57хх 61-201/,

Г.Д-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дугаар байрны ... тоот орон сууцанд нэгжлэг хийсэн тэмдэглэл /11хх 108-111/,

Нийслэлийн архивын газарт хадгалагдаж буй Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Э-ийн 2013 оны 01 дүгээр сард гэрчилсэн гэрээ, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 245-246/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Г.Д-г Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дугаар тогтоол /20хх 72/-оор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 74 дугаар тогтоол /20хх 73/-оор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд томилжээ. “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаар тогтоол /5хх 120/-оор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Г-ийн Д сонгогдсон байна.

“Э” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Б 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 355 дугаар тушаал /13хх 176-177/-аар Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог тус компанийн нэр бүхий 5 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байхад Г.Д-ийн нөлөөлснөөр 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 425 дугаартай “Үнэлгээний хороо өөрчлөн байгуулах тухай тушаал” /2хх 5/ гаргаж Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог тус компанийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал С.Г-ыг үнэлгээний хорооны даргаар, үнэлгээний хорооны гишүүдээр Хуулийн хэлтсийн хуульч Т.Т, Ханган нийлүүлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Х.О, Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Ч нарыг, үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Д-ийн төрсөн эгч Г.У-ийн хамтран амьдрагч, тус компанийн Ханган нийлүүлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Т нарын бүрэлдэхүүнтэйгээр өөрчлөн байгуулжээ.

2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад нэртэй газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн урилга /13хх 224/-ыг нэр бүхий 9 компанид хүргүүлсэн тухай баримт үйлдсэн байх бөгөөд тендерт “Д-Х” ХХК, “А-Т” ХХК, “Х-А” ХХК, “З-М” ХХК болон шүүгдэгч Г.Д-ийн хамаарал бүхий этгээд, эхнэр Г.У-ын нэрээр иргэн Д.Б-тай хамтран 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ц.Д-оос худалдан авсан “Г” ХХК зэрэг компаниуд оролцсон талаар баримт бүрдүүлсэн байна.

“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурал /2хх 132-147/-аар  “Д-Х” ХХК, “З-М” ХХК, “Х-А” ХХК-ийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.а-д заасан шийдвэр, тусгай зөвшөөрөлгүй, 4.3.а, 4.4.б-д заасан шаардлага хангахгүй, 12.1-д заасан талбай хангалтгүй үндэслэлээр, “А-Т” ХХК-ийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.а-д заасан шийдвэр, тусгай зөвшөөрөлгүй үндэслэлээр тендерийн шалгаруулалтад тэнцэхгүй, “Г” ХХК-аас хүргүүлсэн тендерийн баримт бичиг нь шалгуур үзүүлэлтэд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, тус компанийн гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэхээр 17,7 тэрбум төгрөгийн санал хүргүүлснийг хүлээн авч, “Хамгийн сайн” шаардлага хангасан тендер хүргүүлсэн гэх тендерийн шаардлагад заасан санхүүгийн чадавхгүй, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “Г” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж /2хх 144/-ийг захиалагчид хүргүүлсний дагуу “Э” ХК-аас “Г” ХХК-д “Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулах эрх олгосон байх бөгөөд шүүгдэгч Г.Д-ийн энэхүү үйл ажиллагаанд нөлөөлснөөр 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Б болон “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нар нь “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” ЭТТ/2013/01/25 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн нутагт Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын бүс, түүнтэй холбоотой ажил, үйлчилгээг 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үзүүлэх гэрээ /2хх 123-131/ байгуулсан байна.

“Г” ХХК нь гэрээнд заагдсан гаалийн хяналтын бүсийн ажил үйлчилгээ үзүүлж эхлээгүй байхад Монгол Улсын Засгийн газраас нүүрсний гадаад зах зээлийн үнийн бууралтаас шалтгаалан түүний өртгийг бууруулахын тулд Тавантолгойн уурхайн дэргэд гүний гааль байгуулахаар шийдвэрлэж, 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн хяналтын бүс байгуулах ажлыг зохион байгуулах тухай” 225 дугаар тогтоол гарч, үүнийг үндэслэн Компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дугаар “Тендерийг хүчингүй болгох тухай” тушаал /6хх 247/-аар  ЭТТ/2012/12/29/ХТ дугаар бүхий “Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийг хүчингүй болсонд тооцжээ.

Гэрээ цуцалсантай холбогдуулан шүүгдэгч Г.Д-ийн нөлөөлснөөр “Г” ХХК-ийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн агуулга бүхий гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 5.377.358.746,77 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэл /13хх 244-250, 14хх 1-13/-ийг 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан бөгөөд  2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 7.413.055.365 төгрөг болгон нэмэгдүүлсэн ба Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3611 дугаартай захирамж /14хх 14/-аар иргэний хэрэг үүсгэсэн байна. Тус иргэний хэрэгт хариуцагч, “Э” ХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр компанийн хуульч Т.Т, Ш.Б нарыг томилсон /14хх 15/ байх бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4074 дугаар захирамж /14хх 20-21/-аар томилогдсон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Л.Алтанцэцэг “Г” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 25-аас 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн ажил, худалдан авсан хөрөнгө, гаалийн хяналтын талбай, гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нэмж тохижилт хийхээс өмнө гаалийн хяналтын талбайд байсан эд хөрөнгө, хийсэн ажил нийт 5.328.916.262 төгрөгөөр тогтоогдсон талаар 176 дугаартай дүгнэлт /4хх 31-36/ гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хууль бусаар Эвлэрлийн гэрээ /14хх 30-31/ байгуулснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №1473 дугаар захирамж /14хх 34-35/-аар “Э” ХК нь 4.835.164.509 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5770 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /4хх 147/, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 567 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /4хх 145/-ын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 223 дугаартай тогтоол /4хх 149/-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд “Э” ХК-аас нийт 4.688.482.022 төгрөгийг “Г” ХХК-д олгуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/301 дугаар тушаал /4хх 50/-аар “Г” ХХК-аас үндсэн хөрөнгө хүлээн авах ажлын хэсэг байгуулж, “Г” ХХК-ийн эд хөрөнгө хүлээлцэхээр томилогдсон комисс /4хх 71-72/-той 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хөрөнгийг хүлээлцжээ /4хх 58-70/.

Энэхүү үйл ажиллагааг “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, шүүгдэгч Г.Д өөрөө зохион байгуулан төрийн албан хаагчийн шударга бус байдалтай эвлэрэхгүй байх нийтлэг зарчмыг зөрчиж, төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд өөрийн хамаарал бүхий төрсөн эгч Г.У-ийн хамтран амьдрагч Г.Т-г бусдад нөлөөлж томилуулан, өөрийн хамаарал бүхий эхнэр Г.У-ын хувь эзэмшдэг компанийг оролцуулан, тендерийг хууль бусаар зохион байгуулах ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн буюу хууль бусаар тус компанийг сонгон шалгаруулан гэрээ байгуулахад нөлөөлсөн, Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан гэрээнд заасан ажил үйлчилгээ авах шаардлагагүй болсон байхад “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-д нөлөөлж, гэрээ цуцалсны улмаас учирсан гэм хорын хохиролд 7,4 тэрбум төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргуулуулж, талууд шүүхийн шатанд эвлэрснээр “Э” ХК-аас 5.388.482.022 төгрөгийг “Г” ХХК-д олгуулан төрийн өмчид хувьцаат компанид дээрх хэмжээний хохирол учирсан байна.

Шүүгдэгч Г.Д нь давж заалдах гомдолдоо “...”Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Г.У, Д.Б биш, Ч.У, Д.Б нар болох нь тогтоогдсон...” талаар дурджээ.

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн гэрч Ц.Г-ийн: “...2009-2011 онуудад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт Эд хөрөнгийн бусад эрхтэй холбогдсон бүртгэлийн хэлтсийн дарга, 2011-2014 онуудад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн хяналтын газрын даргаар ажилласан. ...2013 оны 01 дүгээр сард манай газарт “А-Т” ХХК-аас “Г” ХХК-тай холбогдуулан “Тус компани нь хууль бусаар улсын бүртгэлд бүртгэгдсэн мөртлөө “Э” ХК-аас зарласан тендерт шалгарсан. Иймд “Г” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн нотлох баримтын мэдээллийг гаргаж өгнө үү” гэсэн утгатай хүсэлт өгсөн. Үүний дагуу миний бие тухайн бүртгэлийг бүртгэлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Б.Б-өөр шалгуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу Б.Б нь архиваас “Г” ХХК-ийн хувийн хэргийг татаж үзэх гэхэд тухайн бүртгэлийн хувийн хэрэг нь Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архивт байхгүй байсан санагдаж байна. Ингээд тус газрын ахлах бүртгэгч Я.Б, улсын бүртгэгч М.Б нарын аль нэгээс нь гарсан байсан. Ингээд гаргуулж авсан хувийн хэргийг үзэж шалгахад ямар нэгэн зөрчилгүй байсан тул гомдол гаргагчид хариу өгсөн. Б.Б-ийн надад танилцуулснаар тус компанийн үүсгэн байгуулагч нь Г-ийн У, Д-ийн Б нар бүртгэлтэй байсан гэдэг. Гэтэл сүүлд мэдээллийн хэрэгслээр Ч-ын У болж өөрчлөгдсөн гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Нэмж хэлэхэд Бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үйл ажиллагаанд ашиглагддаг мэдээллийн сангууд дахь мэдээлэл нь хоорондоо зөрүүтэй байгаа гэсэн асуудал яригддаг. Хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаанд LES, LER гэсэн бүртгэлийн программууд ашиглагддагаас гадна, тухайн бүртгэлийг цахимжуулсан Цахим мэдээллийн сан мөн байдаг. Миний ойлгосноор “Г” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл нь LES, LER программ дээр Ч.У-аар харагддаг. Харин цахим мэдээллийн санд Г.У-аар ялгаатай байдлаар харагддаг гэсэн. ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас аливаа материал авахад хэзээ, хэн, ямар зорилгоор авч байгааг заавал бүртгэдэг. Гэхдээ устгаж болох эсэх талаар мэдэхгүй байна. ...”  /23хх 62-64/,

гэрч Я.Б-ийн: “...2009 оноос хойш одоог хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадын хөрөнгө оруулалт, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байна. ...2013 оны 01 дүгээр сарын эхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Д нь өөрийн 9911-тэй дугаараас ярьж, “Цоож ахаа хуулийн этгээдийн бүртгэл хийлгэмээр байна, туслаад өгөөч, ажлын цаг дуусах дөхчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед бараг 18 цаг болчихсон байсан бөгөөд миний бие бүртгэгч М.Б-д хандаж “Нэг бүртгэл хийнэ шүү, түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Ингээд би Г.Д-г өөрөө ирэх юм байх гээд хүлээж байтал миний утас руу өөр хүн ярьж “Г.Д явууллаа” гэж хэлсэн. Тэр хүнийг нь би М.Б-ын цонхон дээр ирүүлж, уулзахад 20 гаран насны 2 залуу бичиг баримтаа аваад ирсэн байсан. Тэгээд бичиг баримтыг нь М.Б-ын хамт харахад “Г” ХХК гэж байсан. Ингээд би “Бүртгэлийг нь зохих журмынх нь дагуу хийгээд өгчихөөрэй” гэж М.Б-д хэлээд явсан. ...2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий газар анх байгуулагдаж Татварын ерөнхий газрын улсын бүртгэлийн алба нэгдсэн юм. Энэ үед манай агентлагийг тухайн үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг хариуцаж байсан. Энэ үед Г.Д нь түүний зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд ажил хэргийн шугамаар Г.Д-тэй харилцах болсноор биесээ мэдэх болсон. ...2013 онд “Г” ХХК-ийн хувийн хэрэг дэхь материал солигдсоныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхлэх үед анх мэдэж, дэд дарга Б-ын хамт тус компанийн хувийн хэргийг татаж үзсэн бөгөөд уг материалыг цахим архивын материалтай тулгаж үзэхэд зөрүүтэй байсан. Тэгээд ямар ч байсан солигдсоныг мэдсэн. Хэрхэн яаж солигдсон талаар мэдэх зүйл алга. ...Г.Д өөрөө ярьсан. Би түүнийг хоолойгоор нь танина. Г.Д яах аргагүй над руу ярьсан. Би өөртөө итгэлтэй байна. ...” /23хх 84-88/,

гэрч Г.Г-ийн: “...Би 2012 оны 8 дугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий газарт гэрээт ажилтнаар томилогдоод 2014 оныг дуустал хуулийн этгээдийн цахимжуулалтын ажлыг бусад гэрээт ажилтнуудын хамт хийж дуусгасан. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн архивт байгаа бүхий л хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх материалыг цахим архивт сканнердаж оруулсан. ...”Г” ХХК-ийн хувийн хэрэгт хавсаргаатай байгаа Work Sheet буюу ажлын хуудсанд бичигдсэн мэдээллээс харахад 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би тус компаний хувийн хэрэг дэх материалыг сканнердаж оруулсан байна. ...Миний хувьд 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн хувийн хэрэг дэхь материалуудыг сканнердаж оруулсан бөгөөд Цахим архивын программд хадгалагдаж байсан “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2013 оны  01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот Г.У, Д.Б нарт “Компанийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэх тухай” шийдвэр, Ц.Д, Д.Б /ААхххххххх/, Г.У /ААхххххххх/ нарын байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх” 01 тоот гэрээ зэрэг материалыг би сканнердаж оруулсан. Харин “Г” ХХК-ийн хувийн хэрэгт буюу архивт биетээр хадгалаатай байгаа “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот Ч.У, Д.Б нарт “Компанийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэх тухай” шийдвэр, Ц.Д, Д.Б /ААхххххххх/, Ч.У /ААхххххххх/ нарын байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх” 01 тоот гэрээ зэргийг би сканнердаж оруулаагүй байна. Иймд цахим архивт хадгалаатай байгаа материал нь үнэн зөв гэж үзэж байна. Яагаад гэхээр цахим архивт  оруулсан материалыг засаж, өөрчлөх ямар ч боломж байхгүй. Зөвхөн дуудаж харах л боломжтой байдаг. Харин хувийн хэрэг дэх материалыг өөрчилсөн байж магадгүй. ...”  /23хх 99-102/,

гэрч М.Б-ын: “...Би 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр, 2013 оны 02 дугаар сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл Эд хөрөнгө бүртгэл цахимжуулалтын хэлтэст улсын бүртгэгчээр ажилласан. ...Миний санаж байгаагаар 2012 оны 12 дугаар сарын сүүлээр билүү 2013 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна, ажил тарахын орчим нэлээн ачаалалтай ажиллаж байх үед Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Я.Б нь над дээр ирээд “Чи явахгүй байж байгаарай. Нэг хуулийн этгээдийн өөрчлөлт яаралтай хийх хэрэгтэй байна. П дарга яриад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Заавал өнөөдөр хийх ёстой юм уу, маргааш хийж болдоггүй юм уу” гэхэд “П дарга одоо хий гээд байна, цаад компани нь тендерт орох гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэр компани нь  “Г” гэж нэртэй компани байсан бөгөөд хувийн хэргийг нь Б татаж авчирсан билүү эсхүл би захиалж авсан билүү ямар ч байсан архиваас материалыг нь авч, бэлдчихсэн хүлээж байсан. Ингээд ажлын цаг дуусаж, би тухайн өдөр бүрдүүлсэн материалаа цэгцлээд байж байтал Я.Б нь 4 хүний хамт орж ирээд “Нөгөө хүмүүс чинь энэ шүү” гэж зааж өгөөд явсан. Ингээд би тэр хүмүүсээс бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээж авч үзэхэд “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн сангийн өөрчлөлт, гүйцэтгэх захирлын өөрчлөлт, шинэчилж гэрчилгээ авах зэрэг өөрчлөлтүүд байсан. Авчирсан бичиг баримтуудаас харахад тус компанийн хувьцаа эзэмшигчдээс нэг хүн гарч, оронд нь Г-ийн У гэж хүн нэмэгдэж орж байгаа талаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, дүрэм, хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ зэрэг байсан. Энэ материалыг үндэслэн тухайн компанид шинээр Г-ийн У гэж хувьцаа эзэмшигчийг нэмж өөрчлөлтийг хийж, гэрчилгээг нь шинээр хэвлэж гаргаж өгсөн. Шинэ гэрчилгээнд зөвхөн захирлын өөрчлөлт харагддаг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн нэрс харагдахгүй. Ингээд холбогдох материалууд буюу өөрчлөлт хийгдсэн компанийн дүрэмд болон УБ05 маягтад хувийн тэмдгээ дарж баталгаажуулаад хувийн хэргийг хэсэг хугацааны дараа архивт өгсөн. Ингээд би 2013 оны 3 дугаар сард Эд хөрөнгийн бүртгэл цахимжуулалтын хэлтэст улсын бүртгэгчээр томилогдон ажилласан. Гэтэл хэсэг хугацааны дараа мэдээллийн хэрэгслээр “Г” ХХК-ийн хувийн хэрэгт хууль бусаар өөрчлөлт орлоо” гэсэн мэдээлэл гарсан байсан. Ингээд би Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архиваас “Г” ХХК-ийн материалыг татаж авч үзэх гэтэл архивт байхгүй байсан бөгөөд архивын хэлтсийн дарга Г.Х дээр орж уулзахад материал нь түүн дээр байсан. Тэгэхээр нь би түүний хажууд материалыг нь эргүүлж харахад миний бүртгэсэн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэр, УБ05 маягт зэрэг нь солигдож үүсгэн байгуулагчаар Г-ийн У биш, Ч-ын У болсон байсан. Үүнийг би яаж мэдсэн гэхээр дээр хэлсэнчлэн УБ05 маягт болон дүрэмд миний хувийн тэмдэг дарагдсан байх ёстой боловч өөр тэмдэг буюу Д.Ч бүртгэгчийн тэмдэг дарагдсан байсан. Тэгэхээр миний бүрдүүлсэн материалыг сольсон байна гэж ойлгосон. Тэгээд би мэдээллийн сангаас орж үзэхэд үүсгэн байгуулагч “Г.У”-ыг “Ч.У”-аар сольж миний нэрээр баазад хадгалсан байсан. ...Г-ийн У гэж хүнийг “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэснээ баталгаатай хэлж байна. ...Үзүүлж буй Цахим архиваас хэвлэж авсан “Г” ХХК-ийн хувийн хэрэгтэй үзэж танилцлаа. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тус компанийн хувьцаа эзэмшигчээс Ц.Д хасагдаж, шинээр Д.Б, Г.У нар нэмэгдэх тухай УБ05 маягтыг үндэслэн холбогдох өөрчлөлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Д-ийг хасаж, шинээр хувьцаа эзэмшигчээр Г-ийн У, Д-ийн Б нарыг бүртгэсэн байна. Энэ өөрчлөлтийг хийхдээ Ц.Д-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдах шийдвэр, Г.У, Д.Б нарын шинэчилсэн дүрэм, Ц.Д-оос Г.У, Д.Б нарт хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ зэргийг үндэслэсэн байна. Энэхүү баримтуудад дарагдсан улсын бүртгэгчийн тэмдэг нь миний өөрийн тэмдэг мөн байна. Хэвлэлтээс шалтгаалан дугаар нь харагдахгүй байгаа хэдий ч тэмдгийн хэв, дарагдсан байдал нь мөн байна. Учир нь миний тэмдэг хуучраад зарим хэсгээрээ бүдэг, зарим хэсэгт нь тос нь илүү гарч байсан юм. Өмнө нь дан ганц Г.У-ыг нэмсэн гэж андуурч мэдүүлэг өгсөн байна. Г.У, Д.Б нарыг бүртгэсэн байна. Өмнө мэдүүлэхдээ хувийн хэргээ хараагүй учир андуурал гарсан байна. ...”Г” ХХК-ийн хувийн хэрэг 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл миний сейфэнд хадгалагдаж байсан. Энэ хугацаанд би хэн нэгэнд уг хувийн хэргийг огт өгөөгүй. ...Хувийн хэргийн материал над дээр байх хугацаанд бол огт солигдох үндэс байхгүй. Тэгээд ч цахим архивт орсон материалаас харахад миний бүртгэснээр орсон байна. Тэгэхээр цахим архивт орсон өдрөөс хойш хугацаанд солигдсон байх магадлалтай гэж үзэж байна. ...”  /23хх 75-79,  41хх 175-177/,

гэрч Н.П-ын: “...2013 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Г” ХХК-ний хувийн хэргийг сольдог, хувь нийлүүлэгч У солигдсон байна гэх мэдээлэл гарсны дагуу 2013 оны 8 сард УБЕГ-ын архиваас “Г” ХХК-ний хувийн хэргийг татаж, Цахим сан дахь мөн компанийн мэдээлэлтэй тулгаж үзэхэд компанийн хувь нийлүүлэгч У-тай холбоотой мэдээллүүд хувийн хэрэг болон цахим санд зөрүүтэй байсан. Ингээд би тухайн бүртгэлийг явуулсан улсын бүртгэгч Б-тай уулзан холбогдох тайлбар гаргуулж авахад өөрийн явуулсан бүртгэлийг буюу цахим сан дахь мэдээллийг үнэн зөв гэж ярьж байсан санагдаж байна. Ингээд миний хувьд хувийн хэрэг дэх материал солигдсон байх магадлалтай гэдэг дүгнэлт хийгээд үлдсэн. ...Цахим сан дахь хуулийн этгээдийн мэдээллийг огт устгаж, өөрчилж болохгүй гэдэг мэдээллийг цахим сангийнхнаас авч байсан. Тийм учраас цахим сан дахь мэдээлэл өөрчлөгдөх боломжгүй гэж ойлгож байгаа. Тэгэхээр хувийн хэрэг дэх материал солигдсон байх магадлалтай. ...” /23хх 69-71/,

гэрч Б.Б-ийн: “...Миний бие 2010 оны 4 дүгээр сараас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн хяналтын газрын ахлах байцаагч, Эд хөрөнгийн бүртгэл цахимжуулалтын хэлтэст хяналтын улсын байцаагч, Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын байцаагч, ахлах байцаагчаар ажиллаж байсан. ...2013 оны 01, 02 дугаар сард манай бүртгэлийн хяналтын газарт “А-Т” ХХК-аас “Г” ХХК-ийн бүртгэлийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт гомдол гаргасан байсан. Гомдолд “Г” ХХК нь улсын бүртгэлд буруу бүртгэгдсэнээс болж бид тендерт ялагдсан тийм учраас үүнийг шалгаж холбогдох материалыг хуулбарлаж өгнө үү” гэж дурдсан байсан. ...Ингээд энэ гомдлыг надад хуваарилсан бөгөөд би “Г” ХХК-ийн хувийн хэргийг архиваас татаж авч үзэхэд хуулийн дагуу бүхий л бүрдэл нь хангагдсан, ямар нэгэн хууль бус зүйл байгаагүй тул энэ талаар газрын дарга Ц.Г-т танилцуулж, гомдол гаргагч “А-Т” ХХК-д хариу өгсөн. Хариуг өгөхдөө өөр аж ахуйн нэгжийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй гэх байдлаар өгсөн. Ийм л асуудал болсон. ...Ингэж танилцахад тус компанийн үүсгэн байгуулагч Г-ийн У гэж эмэгтэй бүртгэлтэй байсан. Ямар ч байсан хоёр үүсгэн байгуулагчтай байсан. Нөгөө үүсгэн байгуулагчийг нь тодорхой санахгүй байна. ...” /23хх 81-83/,

гэрч Б.Ч-ийн: “...Би 2008-2012 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын даргын орлогч, 2012-2013 онд Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байгаад 2013 оны 8 дугаар сараас хүүхэд асрах чөлөө авч, гэртээ байна. ...БНСУ-ын Олон улсын харилцааны агентлаг /KOICA/ -ийн 4.000.000 ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн архив, Хуулийн этгээдийн бүртгэлийн архив, “Онлайн Лес” нэртэй программ хангамжийг шинээр зохиож, суурилуулж хүлээлгэж өгсөн. Энэ ажлын хүрээнд Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2 төрлийн программ хангамж нэвтэрсэн. 1. Лес буюу Онлайн 21 аймагтай холбогддог Хуулийн бүртгэлийн шинэ программ хангамж, 2. Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын цаасан суурьт бичиг баримтыг сканнердаж хадгалах цахим архивын программ хангамж нэвтэрсэн болно. Ингээд төслийн хүрээнд хуулийн этгээдийн архивт хадгалагдаж байсан бүхий л цаасан суурьт материалыг сканнердах ажил өнөөг хүртэл үргэлжилж байгаа юм. 2013 оны эхээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хадгалаатай байгаа “Г” ХХК-ийн хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт орсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэлд дурдсанаар тус компанийн хувьцаа эзэмшигч нь солигдсон гэж байсан. Ингээд миний бие уг мэдээллийг мэдээллийн санд шалгахад “Лес” программ дахь мэдээлэл болон Цахим архивын мэдээлэл зөрүүтэй байсан. Өөрөөр хэлбэл 2 өөр үүсгэн байгуулагч буюу 2 өөр овогтой У-ын нэр харагдсан. Тэгэхээр “Лес” программын мэдээллийг тухайн бүртгэгч өөрчлөх боломжтой юм. Харин цахим архивыг өөрчлөхөд бүртгэгчийн эрх хүрэхгүй. Уг цахим архивын программыг БНСУ-ын “SK and C&C” компанийн программистууд зохиож өгсөн бөгөөд миний ажиллаж байсан газраас хандаж өөрчлөлт хийх боломжгүй юм. Тийм учраас одоо ч уг санд мэдээллийг өөрчилж чадаагүй гэж бодож байна. ...” /23хх 66-67/,

гэрч Г.Х-ын: “...Хуулийн архивын баримтыг цахимжуулах төсөл 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хийж эхэлсэн. Хийж эхлэхдээ анх шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хуулийн этгээдийн хувийн хэргээс эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 2014 оны 5 дугаар сард хийж дуусгасан. Энэ хугацаанд “Г” ХХК-ийн хувийн хэргийн баримт нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр сканнердаж цахим санд орсон байна. Сканнердаж оруулсан ажилтан нь манай архивын хэлтсийн Г.Г гэдэг хүн байсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай байгууллагад ажиллаж байсан Чанлуулодой, Энхцэцэг дарга нарыг тус компанийн бүртгэлийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн захиалгаар хийсэн тухай мэдээлж байсан. Тэгэхэд Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Я.Б нь надаас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Баттулга бид 2-ыг “Г” ХХК-ийн хувийн хэргийг авч ирж үзүүл гэж байна” гэсний дагуу тус компанийн хувийн хэргийг аваачиж үзүүлсэн. Түүний өрөөнд Ч, Э дарга нар байсан. Сонинд ийм мэдээлэл гарсан байна. Хуулийн этгээдийн бүртгэлд “Г” ХХК-ийн хувийн хэрэгт Г-ийн У гэхийг Ч-ын У болгосон тухай хэвлэл мэдээллээр гарч байсан тул бүгд хувийн хэргийг үзээд “Ч-ын У л гэж байна шүү дээ” гэсэн. ...Гэтэл дарга нар “Энэ хуулийн этгээдийн цахим бүртгэлийг харж болох уу” гэхээр нь би тухайн үед цахим төслийг удирдаж байсан Коикагийн төслийн менежер С.Н-ийг дуудаж түүгээр цахим мэдээлэлд байсан “Г” ХХК-ийн бүртгэлийг харуулахад Г-ийн У, Д.Б гэсэн бүртгэл байсан. ...” /23хх 72-73/,

гэрч Ш.Д-ын: “...Би 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2013 оны 3 сарыг хүртэл Мэдээллийн технологийн газарт “Бүртгэл.мн” сайтыг хариуцаж байсан. Харин 2013 оны 3 дугаар сараас Хуулийн этгээдийн бүртгэлийн системийг хариуцан одоог хүртэл ажиллаж байна. Миний хувьд Хуулийн этгээдийн бүртгэлийн системийг бүхэлд нь буюу программ, хангамж, мэдээллийн сан зэргийг хариуцдаг. ...“LES” программ дахь үүсгэн байгуулагчид болон бусад мэдээллийг улсын бүртгэгч өөрийн эрхээр нэвтэрч өөрчлөх боломжтой. Энэ үед өөрчилсөн түүх нь үлдэж, дэлгэрэнгүй лавлагаагаар гарах бөгөөд өөрчилсөн хэсгийн ард “тийм”, “үгүй” гэсэн тэмдэглэгээ хийгддэг. Харин уг программ дахь мэдээллийг ямар нэгэн байдлаар улсын бүртгэгч устгах боломжгүй. Программ дахь мэдээллийг мэдээллийн сангаас устгах эрх зөвхөн надад байдаг. Өөр хүн устгах боломжгүй. ...“LES” программ дахь аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагчийн мэдээллийг улсын бүртгэгч өөрчилж болно. Ингэсэн тохиолдолд дээр хэлсэнчлэн өөрчилсөн тухай тэмдэглэгээ хийгддэг. Тэгэхээр өмнөх үүсгэн байгуулагчийн мэдээлэл ор тас алга болдоггүй гэсэн үг. Харин миний эрхээр орсон тохиолдолд өмнөх үүсгэн байгуулагчийн мэдээллийг огт байгаагүй мэтээр устгаж, өөрчилж болно. ...Тухайн үед буюу 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн өглөө манай газрын дарга Б намайг дуудаад “Г” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг хэвлээд ир гэсэн. Үүний дагуу дэлгэрэнгүй лавлагааг нь хэвлээд аваачиж өгсөн. Ямар учиртай лавлагааг авч байгаагаа надад хэлээгүй. Ингээд байж байтал өдөр Тагнуулын ерөнхий газарт ажилладаг гэх ажил хэргийн шугамаар уулзаж байсан Төрөө гэж залуу манай газрын программист Б-ийн хамт орж ирсэн. Ингээд “Г” ХХК-ийн мэдээллийг шалгаадахъя” гээд миний эрх, нууц кодыг авсан. Тэгээд “Программд өөрчлөлт хийсэн хүний “LOG” /мэдээллийн сан дахь түүх/ -ийг ингэж шалгадаг юм” гээд надад зааж өгч байсан. Ингээд би гараад явсан бөгөөд Б, Т хоёр программ ухаад үлдсэн. Ингээд дараа нь юу болсон талаараа хэлээгүй. Ийм л юм болсон. Үүнээс хойш би мэдээллийн сангийн түүхийг үзээгүй бөгөөд хэн нэгнээс хүсэлт тавиагүй. Үүсгэн байгуулагчийн мэдээллийг хэн устгасан талаар би мэдэхгүй. ...Ямар ч байсан би тус компанийн мэдээллийг устгаагүй. Миний өмнө хуулийн этгээдийн бүртгэлийг Б.Т гэж залуу хариуцдаг байсан бөгөөд түүнд мөн энэ эрх байсан. Би түүнээс 2013 оны 3 дугаар сарын үед ажилд авсан. ...“LES” программ дахь аливаа өөрчлөлт, хандалтыг системийн мэдээллийн санд хадгалагдаж буй “LOG” буюу хандалтаар нь ямар эрхтэй, хэн өөрчилснийг олж болдог. Ийм зорилгоор та бүгдийн явуулсан үзлэгээр манай мэдээллийн сан дахь хандалтыг бүртгэж авдаг хэсэгт 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнөх мэдээлэл огт байхгүй байна. Уг нь манайд уг программ 2012 оны 8  дугаар сараас ашиглагдаж байгаа. Тэгэхээр 2012 оны 8 дугаар сараас хойш хандалтын мэдээлэл байх ёстой. Гэтэл байхгүй байгаа нь хачирхалтай байна. Тэгэхээр миний бодож байгаагаар энэ мэдээллийг буюу хандалтын мэдээллийг хэн нэгэн санаатайгаар устгасан эсхүл хандалтыг хадгалдаггүй байхаар тохируулсан байсныг 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс нээсэн байх талтай. ...2013 оны 3 билүү 4 сард би Б.Т-ын хуулийн этгээдийн программ, дата базад нэвтрэх эрхийг хүлээн авч, ажлыг нь хүлээн авсан байсан. Бид хоёрын гэр нэг зүгт учраас ажилдаа ирэхдээ болон тарахдаа хамт явдаг байсан юм. Б.Т ажлаа өгсний дараахан бид 2 уулзахад Б.Т надад “Я.С ахлах над руу яриад дата баазад нэвтрэх эрх чинь байгаа юу өөрчлөлт хийлгэх гэсэн юм гэж гуйсан, тэгэхээр нь би ажлаа өгчихсөн гэж хэлсэн” талаараа хэлсэн. Тэгээд Б.Т нь надад “Хуулийн этгээдийн программ дахь мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлт их тавьдаг түүнийг нь баримтжуулж, бичгэн байдлаар, хяналтын хэлтсийн бичгийг үндэслэж өөрчлөлт хийж байгаарай. Дараа нь асуудал үүсэхэд буух эзэнтэй” гэж зөвлөгөө өгч байсан. ...” /23хх 108-111/,

гэрч Б.Т-ын: “...Миний хувьд 2013 оны 2 дугаар сарын сүүлээр тушаал гарч, ажлаа Ш.Д-дхүлээлгэн өгч байсан. Ш.Доржбат нь угаасаа манай газарт ажиллаж байсан бөгөөд намайг ажлаасаа гарч байгаа тул дарга нар “Ш.Д ажлыг чинь хүлээж авна. Тийм учраас түүнд программаа зааж өгөөрэй” гэж байсны дагуу би 2013 оны 02 дугаар сарын эхээр түүнд дата баазад нэвтрэх эрхийнхээ мэдээллийг өгч давхар ашиглаж байсан. Ажил хүлээлцэх явцад “LOG” хүлээлцээгүй. Би тухайн байгууллагад ажиллаж байхдаа системийн “LOG” ашиглаж, үзэж байгаагүй. Энэ төрлийн мэдлэг дутмаг байсан. Одоо бол сайн мэднэ. Би “LOG” болон компанийн мэдээлэл устгаагүй. Нэмж ярихад намайг ажлаасаа гараад удаагүй байхад 2013 оны 4 билүү 5 дугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Я.С ах над руу өөрийнхөө утаснаас ярьж “Чамаар хийлгэх нэг ажил байна. Чамд байсан Дата баазад нэвтрэх эрх чинь байгаа юу? Нэг ажил хийлгэх хэрэгтэй байна. Хүрээд ирээч, 2 сая орчим төгрөг өгье” гэдэг санал тавьсан. Тэр үед нь “Би бүх юмаа хүлээлгээд өгчихсөн” гэж хэлээд очоогүй. Тэгээд энэ талаар Ш.Д-д “Я.С тийм санал тавьж байна шүү. Битгий орооцолдоорой” гэж хэлсэн. Өөрөөр энэ талаар хэнд ч хэлээгүй. Миний бодлоор Я.С таны яриад байгаа компанийн өөрчлөлтийг хийлгэх гэж байсан байж магадгүй. ...” /23хх 127-130/,

гэрч С.Н-ийн: “...Би 2011 онд БНСУ-д суралцаж байхдаа “Кoica”-ийн шугамаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт архивын цаасан материал цахимжуулах төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх талаарх мэдээллийг БНСУ-ын “SKC n C” компаниас авсан. ...Хуулийн этгээдийн аливаа хувийн хэрэг, мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн архивын материалыг цахимжуулах, мэдээлэл оруулах системийг ашиглан цахим хэлбэрт оруулдаг. Оруулсан цахим мэдээллээ харах, хайлт хийх, мэдээлэл удирдах системийг ашиглан харж, үйл ажиллагаандаа ашигладаг. Энэ системд хуулийн этгээдийн бүхий л хувийн хэрэг цахим хэлбэрээр хадгалагддаг. ...Цахим архивын программд буюу Мэдээлэл удирдах программд хадгалагдаж буй цахим мэдээллийг ямар нэгэн байдлаар устгах, өөрчлөх боломж байхгүй. Харин мэдээлэл оруулах буюу цахимжуулах явцад алдаатай оруулах, солих шаардлага гарсан тохиолдолд сольж, өөрчлөх боломжтой. Ингээд эцсийн байдлаар цахимд орсон файлуудыг шалгаад “Upload” буюу Дамжуулах модулийг ажиллуулж, цахимд эцсийн хэлбэрээр хадгалсны дараа бол өөрчлөх ямар ч боломж байхгүй. ...“LES” программ дахь мэдээллийг хэрэглэгчийн эрхийн түвшнээс хамааран эрх авсан хэрэглэгч өөрчлөх бүрэн боломжтой. ...“Log table”-ийг ашиглан өөрчлөлт хийсэн хэрэглэгчийг шүүн харах боломжтой. ...Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс “Backup”  сервер буюу нөөц серверийг мөн суурилуулж өгсөн. Энэ серверээс уг нь төв сервер дээр хийгдсэн үйлдлийг сэргээх боломжтой. Гэхдээ нөөц сервер нь зөвхөн сүүлийн дөрвөн 7 хоногийн байдлаар мэдээллийг хадгалж, дараагийн мэдээллийг хадгалахдаа өмнөх мэдээллийг дарж бичих тохиргоотой хийгдсэн юм. Тэгэхээр 2013 оны 4 дүгээр сараас өмнө асуудлыг сэргээх боломжгүй. Уг программыг манай төсөл хэрэгжүүлэгч компани нь 2012 оны 9 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн. Тэгэхээр 2012 оны 9 дүгээр сараас эхлэн “LOG” бичигдсэн байх ёстой. “LOG” бичихгүй байх тохиргоо хийгдээгүй. Тэгэхээр дээрх хугацааны “LOG” байхгүй байгаа нь хэн нэгэн буюу баазын түвшинд эрхтэй этгээд санаатайгаар устгасан байх боломжтой. ...” /23хх 131-133/,

сэжигтэн Д.Ч-ийн: “...Би 2009 оны 6 сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. ...Миний хувьд 2013 онд “Г” ХХК-тай холбоотой ямар нэг өөрчлөлт бүртгээгүй. ...”Г” ХХК-ийн хувийн хэрэгтэй үзэж танилцлаа. Хувийн хэргээс харахад 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус компанийн хувьцаа эзэмшигчээс Ц.Д хасагдаж, Ч.У, Д.Б нар бүртгэгдсэн байна. Мөн түүнчлэн Хувьцаа эзэмшигчдийн дүрэм баталсан тухай хувьцаа эзэмшигч Ч.У, Д.Б нарын шийдвэр, хувьцааг Ц.Д-оос Ч.У, Д.Б нар худалдан авсан тухай гэрээ зэрэг авагдсан байх бөгөөд эдгээр бичиг баримтууд 7/13 гэсэн дугаартай улсын бүртгэгчийн тамга дарагдсан байна. Дугаар нь бол миний тамганы дугаар байна. Гэхдээ энэ бүртгэлийг би хийж, өөрчлөлт оруулаагүй. 2013 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг сольж бүртгэсэн байна гэх мэдээлэл гарсан. Тэгээд маргааш нь ажил дээр ирэхэд манай ажлын Ө эгч, Ц эгч бид нар “Өчигдрийн гарсан мэдээллийн дагуу “Г” ХХК-ийн бүртгэлийг шүүж үзье” гээд бөөнөөрөө шүүж үзэхэд тус компанийн сүүлийн бүртгэлийг М.Б бүртгэгч хийсэн талаар мэдээлэл байсан. Ингээд бид М.Б ах бүртгэсэн юм байна гэж бодоод өнгөрсөн. Гэтэл хэд хоногийн дараа нь лавлагааны ажилтан А намайг дуудахаар нь явж очтол “Г” ХХК-ний хувийн хэргээс лавлагаа гаргаж, материал хуулбарласан байсан бөгөөд уг материалаас нь харахад сая таны үзүүлдэг материалууд байсан ба миний 7/13 тоот тамга дарагдсан байсныг анх олж харсан. Тэгээд би энэ бүртгэлийг хийгээгүй гэдгээ мэдэж байсан учир архиваас авсан баримтаа эргүүлж өгсөн жагсаалтаа гаргаж ирээд үзэхэд тухайн үед уг компанийн материалыг огт авч үзээгүй байсан. Ингээд л өнгөрсөн. Миний тамгыг намайг эзгүйд ашигласан эсхүл хуурамчаар хийсэн гэж би бодож байсан. ...Би өөрийн 7/13 хувийн дугаар бүхий тэмдгээ огт сольж өөрчилж байгаагүй. Би анх 2010 онд Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажилд ороход ажлаас өгсөн тэмдгийг ашиглан ажлаас гарах хүртлээ үйл ажиллагаа явуулсан. ...” /43хх 59-65/,

гэрч Ц.Д-ийн: “...2013 онд Д.С.Ж нь над руу залгаж Баянгол дүүрэг Төмөр замын хойд талын Богд-Ар хороололд дуудсан бөгөөд “Г” ХХК-аа бусдад зарах гэж байна” гэж хэлсэн. Би яваад очтол түүхий эдийн ченж хийдэг байсан урьдын танил Д.Б-ийн компанийн оффис байсан бөгөөд тус компанийг Д.Б худалдаж авах гэж байгаа талаар мэдсэн. Ингээд компанийн хувьцааг бусдад шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн хувьцааг бусдад худалдах тухай гэрээ зэрэг бичиг баримтыг миний нэрээр бэлдчихсэн байсан бөгөөд миний хувьд гарын үсгээ зурж өгөөд явсан. Тухайн үед гэрээнүүдийг гэрчлэх гээд нэг нотариат залуу ирсэн байсан бөгөөд гэрээг тэр дор нь гэрчилж, тамга тэмдгээ дарж байсан. Ингээд би уг асуудлыг дуусгаад явсан. Нэгэнт миний компани биш учир, нэрээ салгахад ямар нэгэн асуудал байгаагүй. Д.Б “Г” ХХК-ийг дүү Д.Б-ийн нэр дээр авч байгаа гэж байсан бөгөөд өөр нэг У гэж хүний нэр харагдаж байсан. Дараа нь хэвлэл мэдээллээр тус компанийг худалдаж авсан У гэгчийн овог нь солигдсон гэж мэдээлэл гарч байсныг үзэж байсан. ...Тухайн нотариат залуу нь 35-36 гаран насны  өндөр, шар залуу байсан. Нэр ус, утасны дугаарыг нь мэдэхгүй. Д.Б-ийн оффист ороод тэдэнтэй юм яриад цай уугаад сууж байх хооронд бүх гэрээ, хэлцлийг бэлдээд гарын үсэг зуруулсан. Хөрөнгийн эзэн Д.С.Ж гарын үсэг зур гэсэн учир гарын үсгээ зураад л гарсан. ...Д.Б-ийн ажилчид гэж өчнөөн олон хүн байсан. ...Яг үнэндээ бол У гэдэг нь огт байгаагүй. Яагаад гэхээр гэрээний талууд зурах үед Д.Б бид хоёр л зурсан бөгөөд У-ын гарын үсэг зурагдаагүй хоосон үлдсэн байсан. ...Нэмж хэлэхэд уг худалдах худалдан авах тухай гэрээг байгуулсны дараа 100 айлд байрлах Хуулийн этгээдийн бүртгэлийн газар руу цуг явахаар болсон бөгөөд Д.Б нь “У гэртээ жирэмсэн байгаа бид нар замаараа гарын үсэг зуруулчхаад очно та түрүүлээд явж бай” гэсэн юм. Ингээд 100 айл дээр ирээд байж байтал араас Д.Б ирсэн бөгөөд гэрээн дээр хоосон үлдсэн У-ын гарын үсэг зурах хэсэгт гарын үсэг зуруулчихсан байсан. Тэгээд дотор ороход 18 цаг буюу ажил тарсан байсан бөгөөд 2 давхарт нь гарч нэг буурал толгойтой хүнтэй уулзаж “Д.Б явууллаа” гэж Д.Б хэлэхэд “Доошоо буугаад нэг хүнтэй уулз” гэсэн бөгөөд тэр хүн дээр нь очиж улсын бүртгэлийн өөрчлөлтөө хийлгэсэн. Тэр үед бий их гайхаж байсан. Урьд нь өөрөө юм хөөцөлдөж очиход бөөн очер дараалал, тэгээд бүр ажлын цаг дуусчихсан байвал бүр хүлээж авахгүй байдаг байсан газар нь тэр өдөр биднийг хүлээчихсэн бэлэн байсан нь их гайхалтай санагдаж байсан. ...Миний хувьд тус компанийг анх худалдаж авах үед нь гарын үсэг зурж авсан, бусдад худалдах үед нь гарын үсэг зурсан. Өөр ямар нэгэн хэлбэрээр тус компанийн үйл ажиллагаанд огт оролцоогүй, төлөөлж гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. Тамга, тэмдэг нь ч над дээр байдаггүй байсан. Д.С.Ж бид хоёрын хооронд хувьцааны талаар ямар нэгэн гэрээ байгаагүй, цэвэр итгэлцлийн журмаар миний нэр дээр худалдаж авсан. “Г” ХХК-ийг Д.Б нар нь 1.000.000.000 төгрөгөөр худалдан авсан гэж ойлгодог. Сүүлд Д.Б-ийн дүү Д.Б нь төлбөрийн тооцоо дуусан гэдэг баримт дээр гарын үсэг зуруулж авсан. Тэр баримтаас нь харахад 1.000.000.000 төгрөг гэж байсан.  Надад үзүүлж буй хувьцаа эзэмшигчийн шийдвэр, худалдах, худалдан авах тухай гэрээ зэрэгтэй 1 бүрчлэн танилцлаа. “Г” ХХК-ийн хувьцааг Д.Б, Г.У нарт шилжүүлэх тухай шийдвэр, тэдэнд хувьцаа худалдаж буй гэрээ зэрэгт миний гарын үсэг зурагдсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. ...Харин “Г” ХХК-ийн хувьцааг Д.Б, Ч.У нарт шилжүүлэх тухай шийдвэр, тэдэнд хувьцаа худалдаж буй гэрээ зэрэгт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг дуурайлган зурсан байна. Тийм учраас би гарын үсгээ шинжлүүлэх хүсэлтэй байна. Гэрээний эх хувь надад байхгүй. Надад уг компанитай холбоотой ямар ч бичиг баримт байхгүй. Тухайн үед компани шилжүүлэх үед гарын үсэг зурчхаад л явсан. Эх гэрээ нь компанийн эзэн Д.С.Ж-д л үлдсэн байх ёстой. Уг компани нь угаасаа Д.С.Ж-ий компани учир энэ компанитай холбоотой ямар нэгэн бичиг баримт авч үлдэх шаардлага надад огт байгаагүй. ...” /22хх 242-248/,

гэрч Д.С.Ж-ий: “...2013 оны 01 дүгээр сард Д.Б нь манай компанийг “Худалдан авах гэрээгээ хийе” гэж дуудсан бөгөөд Д бид хоёрыг Богд-Ар хорооллын 6 билүү 7 дугаар байрны 1 давхарт байрлах оффистоо урьсан. Оффист нь явж очоод худалдах, худалдан авах тухай гэрээн дээр Ц.Д болон Д.Б-ийн дүү Д.Б нар гарын үсэг зурж баталгаажуулаад, нотариатаар батлуулсан. Дуудлагын нотариат ирж баталж өгсөн. ...” /22хх 233-238/ гэсэн мэдүүлгүүд,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэгч, ахлах бүртгэгч, хяналтын улсын байцаагч, программ зохиогч, системийн админ зэрэг албан тушаалтнууд “LES” программыг үйл ажиллагаандаа ашиглахдаа хяналтын улсын байцаагч нар мэдээллийг харах, бүртгэгч, ахлах бүртгэгч нар мэдээллийг харах, нэмэх, өөрчлөх, программ зохиогч, системийн админ нар мэдээллийг харах, нэмэх, өөрчлөх, устгах эрхийн хүрээнд ашигладаг, “LES” программын агуулагдаж буй аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчийн мэдээллийг программын мэдээллийн сангаас устгаж өөрчлөх боломжтой, аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчийн мэдээллийг программын мэдээллийн сангаас бүртгэгч, ахлах бүртгэгч нар өөрчлөх, программ зохиогч, системийн админ нар өөрчлөх, устгах үйлдлийг хийж гүйцэтгэх боломжтой болохыг тогтоосон Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт /41хх 143-145/,

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Д-ын: “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл боловсруулалт технологийн газарт ажиллаж, холбогдох баримт, бичиг, программ, хангамж, серверийн бүртгэлүүдэд үзлэг хийж, гарсан үр дүнд тулгуурлан дүгнэлт гаргасан. ...ахлах бүртгэгч, бүртгэгч нар нь хуулийн этгээдийн “LES” программд өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэвтэрч аливаа хуулийн этгээдийн мэдээллийн санд хадгалагдсан мэдээллүүдийг харах эрхтэй. Мөн тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, холбогдох этгээдийн хүсэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн холбогдох мэдээлэлд өөрчлөлт, шинэчлэлт оруулж болдог. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийн мэдээллийг ч мөн өөрчилж болно гэсэн үг. Гэхдээ энэ оруулсан өөрчлөлт нь өмнө оруулсан мэдээллийг устгахгүйгээр нэмэгдэж явдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, тухайн хуулийн этгээдийн түүхэнд өмнөх бүхий  л мэдээлэл, өөрчлөлтүүд нь хадгалагдаж үлддэг. Хуулийн этгээдийн “LES” программд агуулагдаж буй аливаа хувьцаа эзэмшигчийн мэдээлэл нь хүснэгт хэлбэрээр харагддаг ба энэ хүснэгтэд тухайн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувь, регистрийн дугаар, гэрийн хаяг, энэхүү бүртгэлийг хийсэн огноо, бүртгэлийн ажилтны нэр зэрэг мэдээлэл харагддаг. Энэхүү мэдээлэлд улсын бүртгэгч болон ахлах бүртгэгч өөрчлөлт хийх тохиолдолд тухайн хүснэгтэд шинээр мөр нэмэгдэж дараагийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэл нэмэгдэж ордог. Өмнөх хувьцаа эзэмшигч хасагдсан тохиолдолд түүний мэдээлэл бүхий хүснэгт хэвээр үлдэх бөгөөд урд хэсэгт “үгүй” гэсэн тодотгол ордог. Улсын бүртгэгч, ахлах бүртгэгч нар хуулийн этгээдийн лавлагаанд хувьцаа эзэмшигчийн мэдээллийг огт байхгүй болгож устгах боломжгүй. Харин программ зохиогч, системийн админ нар тухайн хуулийн этгээдийн мэдээлэлд түүх үлдээлгүйгээр устгах, өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл өмнө байсан хувьцаа эзэмшигчийн мэдээллийг огт байхгүй болгож устгах боломжтой гэсэн үг. Улсын бүртгэгч, ахлах бүртгэгч нарт энэ эрх олгогдоогүй. Харин бүртгэгч нар нь хувьцаа эзэмшигч Гэрэлхүүгийн У-ын Чулуунбаатарын У гэж өөрчилж болно. Гэхдээ Г-ийн У гэсэн хүснэгтэн мэдээлэл хэвээр үлдэх бөгөөд урд хэсэгт нь “Үгүй” гэж тодотгоод, Ч-ын У гэж хувьцаа эзэмшигчийг нэмж оруулан түүний мэдээлэл хүснэгтэд нэмэгдэж урд хэсэгт нь “тийм” гэсэн тодотгол орно. Түүнээс биш Г.У-ын мэдээллийг огт байхгүй болгох эрх бүртгэгч нарт байхгүй. Энэ эрх зөвхөн системийн админ, программ зохиогч нарт байгаа. ...“LES” программ нь Улсын бүртгэлийн байгууллагын системийн хэмжээнд хэрэглэгч нарынхаа хооронд VPN сүлжээ үүсгэн холболтыг хийсэн байдаг. Иймээс дурын интернэттэй газраас уг сүлжээнд хандах эрхийг хязгаарласан. ...” гэсэн мэдүүлэг /41хх 146-148/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төв архивын газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтэс, тус хэлтсийн цахимжуулалтын хэсэгт байрлах Цахим архивын программ бүхий албаны компьютерт нэгжлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэлүүд /5хх 240-250, 6хх 1-204/, үзлэг хийсэн тэмдэглэлүүд /13хх 51-58/,

“Г” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр”,  №01 "Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүд нь Ц.Д-ийн гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн ерөнхий болон элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн  “Г” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримт дахь “Улсын бүртгэгчийн 7/13” гэсэн тэмдгийн дардсууд нь Д.Ч-ийн гэх тэмдгийн дардастай тохирохгүй, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” гэх 4 хуудас баримт дахь шинжлэгдэж буй Нотариатчийн “80” дугаартай тамганы дардсууд нь нотариатч Б.Э-ийн гэх нотариатчийн тамганы дардастай тохирохгүй, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот "Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ”–ний сүүлийн хуудас, гэрээний хавсралт зэрэг баримт дахь шинжилж буй тэмдэгний дардсууд нь шинжилгээнд хүргүүлсэн нотариатч Б.Э-ийн тэмдгийн дардастай тохирохгүй, дээрх шинжилж буй нотариатчийн тэмдгийн дардсуудын нөхөх хэсэгт бичсэн тоон бичвэр, гарын үсгүүд нь нотариатч Б.Э-ийн болон түүний туслах Б.Алтанцэцэг нарын бичгийн хэв, гарын үсгийн загваруудтай тохирохгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1119 тоот дүгнэлт  /26хх 34-75/,

тус дүгнэлтийг гаргасан шинжээч Х.Б-ийн: “...Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжилгээг эх хувь буюу биет байдлыг үндэслэн явуулдаг. Тэгэхээр дүгнэлтийн 1 дэх хэсэгт ирүүлсэн баримтыг шинжилгээнд тэнцэнэ гэж дурдсан нь тухайн баримтууд эх хувь байсан гэдгийг илэрхийлж байгаа юм. Тухайн баримт нь хуулбар буюу сканнердсан баримт биш байсан. ...Шинжилгээнд ирүүлсэн “Г” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр №1” “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримтууд дахь гарын үсгүүд нь шинжилгээнд ирүүлсэн Ц.Д-ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байсан. ...Уг дардсууд нь Д.Ч-ийн гэх тэмдгийн дардастай ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээрээ тохирохгүй, өөрөөр хэлбэл тэмдгийн ерөнхий хэмжээ, дардас дахь хувийн онцлог шинж тэмдгүүд нь тохирохгүй, харьцуулах загвартайгаа зөрүүтэй байсан. Шинжилгээний дүгнэлтийн 4 дэх хэсэгт шинжлэгдэж буй Нотариатын 80 дугаартай тамганы дардсуудыг нотариатч Б.Э-ийн гэх нотариатчийн тамганы дардастай ажиглалт, давхцуулалт, зүсэлтийн аргаар харьцуулан шинжлэхэд ерөнхий хэлбэр хэмжээ, хүрээ, зэрэг ерөнхий шинжүүдээрээ тохирохгүй байсан. Шинжлэгдсэн дардсууд нь энгийн нүдээр болон тусгай зориулалтын техник ашиглан үзэхэд хоёр өөр хэлбэр, хэмжээ, хоёр өөр дардасны хүрээтэй байсан бөгөөд энэ нь уг хоёр дардсыг хоорондоо тохирохгүй гэдэг дүгнэлт өгөх үндэслэл болсон байна. ... Б.Э-ийн гэх нотариатчийн тэмдгийн дардастай ерөнхий хэлбэр, хэмжээ, үсгийн хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байсан. Энэ нь уг хоёр дардсууд нь тохирохгүй гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болсон. ...” /26хх 76-78/ гэсэн мэдүүлэг,

Шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Г” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах “Улсын бүртгэгч 7/13” гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардас нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн улсын бүртгэгч Д.Ч-ийн 2015 оны 3 дугаар  сарын 02-ны өдрийн тэмдгийн дардсуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй, шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Г” ХХК-ийн дүрэм” гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардас нь УБСЕГ-ын Улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж буй 2013 оны мөн үеэр дарагдсан улсын бүртгэгч Д.Ч-ийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардсуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байгаа, УБСЕГ-ын Улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж буй 2013 оны мөн үеэр дарагдсан улсын бүртгэгч Д.Ч-ийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардсууд нь харьцуулах загвараар ирүүлсэн улсын бүртгэгч Д.Ч-ийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тэмдгийн дардсуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 2852 дугаартай дүгнэлт /41хх 112-119/,

тус дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Т-ын: “...Нэгдүгээрт шинжилж буй объектуудын ерөнхий шинж тэмдэг болох хэмжээ зөрүүтэй, хоёрдугаарт шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Г” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардасны Улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэлийн доор дээшээ чиглэлтэй 2 ширхэг зураас байсан. Гэтэл харьцуулах загвараар ирүүлсэн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардасны улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэлийн доор уг зураасууд байхгүй байсан. Үүнийг дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтэд зураг 2, 3 дугаарт цэнхэр өнгийн балаар тэмдэглэн харуулсан байгаа. Өөрөөр хэлбэл харьцуулж буй дардаснуудын хувийн шинж тэмдэг нь зөрүүтэй байна гэсэн үг. Ийм учраас тохирохгүй гэж дүгнэлт өгсөн. ...Харьцуулах загвараар ирүүлсэн цаасанд дарагдсан тэмдэг болон 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Г” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтад дарагдсан тэмдэг нь өөр өөр тэмдгүүд байна. Учир нь тэмдгүүдийн хэмжээ зөрүүтэй байна. Эдгээр тэмдгүүд нь нэг тэмдэг байгаад цаг хугацааны явцад элэгдэж өөрчлөгдсөн байсан бол ерөнхий хэмжээ өөрчлөгдөхгүй ёсгүй. Аливаа тамга, тэмдэг нь ашиглалтын явцад элэгдэл үүсвэл баран /тамга, тэмдгийн хэв/ дээрх үсэг тэмдэг элэгдэж, дарахад бүдэг гарах эсхүл огт гарахгүй байх зэргээр өөрчлөлт орох магадлалтай. Эсхүл гадны биеттэй харилцсаны улмаас нэмэлт шинж тэмдгүүд үүсэж болно. Харин хэмжээнд өөрчлөлт орох ёсгүй. ...УБСЕГ-ын улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж байсан 2013 оны 01 дүгээр 07-ны өдөр Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн зүүн дээд албан ажлын хэрэгцээнд гэсэн хэсэгт дарагдсан тэмдгийн дардастай, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Татварын төлөгчийн бүртгэлээс хасалтын картын дунд хэсэгт улсын бүртгэлийн байцаагч Д.Ч гэсний баруун талд дарагдсан тэмдгийн дардас зэргийг 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Г” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардастай харьцуулан шинжилж үзсэн. ...” гэсэн мэдүүлэг /41хх 120-122/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад баримтаар 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Д-оос Г-ийн У, Д-ийн Б нарт шилжүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь хангалттай тогтоогдож байна.

Хэдийгээр дээрх гэрчүүд Улсын бүртгэлийн ерөнхий газрын ашигладаг “LES” программд “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Ч-ын У болон Д.Б нараар бүртгэгдсэн байсан талаар мэдүүлсэн байх боловч уг программ дахь мэдээллийг өөрчлөх боломжтой болох нь тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байсан алба хаагчдын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд уг мэдээллийг өөрчлөх, устгах боломжтой, харин цахим архив буюу цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь устгагдах, өөрчлөгдөх боломжгүй талаар гэрч Г.Г /23хх 99-102/, гэрч  М.Б /23хх 75-79,  41хх 175-177/, гэрч Н.П /23хх 69-71/, гэрч Б.Ч /23хх 66-67/, гэрч Г.Х /23хх 72-73/, гэрч С.Н /23хх 131-133/ нар тус тус мэдүүлсэн байх бөгөөд цахим мэдээллийн сан дахь мэдээлэл буюу “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Г-ийн У, Д-ийн Б нар бүртгэлтэй байсан болох нь үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн, дээр дурдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1119 тоот дүгнэлт, нотариатч, түүний туслахуудын мэдүүлгээр Ц.Д-оос Ч.У, Д.Б нарт “Г” ХХК-ийн хувьцааг худалдсан тухай гэрээ, тус компанийн дүрэм, эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтууд дээрх Ц.Д-ийн гарын үсэг, гэрээг гэрчилсэн нотариатчийн гарын үсэг, тамга, тэмдэг нь хуурамч болох нь тогтоогдсон байх тул “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Ч.У, Д.Б нар” гэж тайлбарласан шүүгдэгч Г.Д-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Д-г төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад хүнд хор уршиг, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэдийгээр шүүгдэгч Г.Д нь үйлдсэн гэмт хэргийнхээ талаар гэм буруугүй, гэмт хэргийн шинжгүй, хангалттай нотлогдон тогтоогдоогүй гэж мэдүүлсэн, уг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байх боловч хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, баримт бичиг, эд зүйлд үзлэг хийсэн, нэгжлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Г.Д нь албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, давтан үйлдлээр улсад нийт 5.588.274.322 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн анхан шатны шүүх Г.Д-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Учир нь, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн” гэж заасан бөгөөд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар засгийн газрын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Д Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаалтан мөн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн субъект мөн гэж үзнэ.

Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлж, тогтоодог боловч энэхүү зарчимд хамаарахгүй тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хууль нь урьд мөрдөгдөж байсан хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үр дагаврыг бий болгосон үед хуучин хуулийн оронд шинээр дагаж мөрдөж буй хуулийг буцаан хэрэглэх нь Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг юм.

Энэхүү зарчмыг Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1-д заасан бол үндэсний хууль тогтоомж болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгалаа олсон байдаг.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан ба шүүгдэгч Г.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан нь тухайн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулахаар заасан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас хүндэрсэн байх тул Г.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн шаардлага үүсээгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх хууль зүйн үндэслэл болно.

Г.Д-ийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх таван жилийн хугацаа өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж хуульчилсан байна.

2002 оны Эрүүгийн хуулиар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт үйлчилж байсан бол шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор заасан.

Шүүгдэгч Г.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн тухайд иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу “Э” ХК нь “Г” ХХК-д 4.688.482.022 төгрөгийг бодит байдлаар төлж, “Э” ХК-д хохирол учирснаар төгссөн байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх 5 жилийн хугацааны дотор буюу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын дагуу 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, уг хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э” ХК-аас гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, иргэний нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь буруу гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар “Э” ХК-аас “Г” ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулж, гэрээний урьдчилгаанд 700.000.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар захирамжийн дагуу хийгдсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 4.688.482.022 төгрөг, “Г” ХХК-д нийт 5.388.482.022 төгрөгийг шилжүүлсэн, “Г” ХХК нь “Э” ХК-аас шилжүүлэн авсан дээрх мөнгийг уг хуулийн этгээд захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Иймд, “Г” ХХК-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар оролцуулсан.

Эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар тооцогдож, татагдаагүй, шүүгдэгч биш боловч хуульд заасан тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий, иргэний нэхэмжлэлийн дагуу иргэний хариуцагчаар татагдсан этгээдийг эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээр тооцож, хохирлыг нөхөн төлүүлдэг.

“Г” ХХК-ийн хувьд Г.Д-ийн үйлдсэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн үр дүнд “Э” ХК-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр 5.388.482.022 төгрөгийг шилжүүлэн авсан нь хууль бусаар буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байх ба “Э” ХК-д учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд мөн байх тул 5.388.482.022 төгрөгийг “Г” ХХК-аас гаргуулж, “Э” ХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г” ХХК-аас “Э” ХК-д шилжүүлсэн газар, бусад эд хөрөнгө, түүний үнэлгээний асуудлаар хэргийн оролцогчид удаа дараа хүсэлт, гомдол гаргаж, шинжээч томилуулж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд (1) Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2/2018 дугаар дүгнэлт /57хх 61-201/-ээр 2.761.229.660,5 төгрөгөөр, (2) “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр 2.658.418.600 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Дээрх  үнэлгээ нь шүүгдэгч Г.Д-ийн зохион байгуулж үйлдсэн гэмт хэргийн улмаас “Эрдэнэ Тавантолгой” ХК-д учирсан 5.388.482.022 төгрөгийн хохирлын үнийн дүнд нөлөөлөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. “Э” ХК болон Замын -Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн зүгээс “Г” ХХК, “Э” ХХК-ийн шилжүүлсэн эд хөрөнгийг харилцан буцаан өгөх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт тооцох эсэх асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлэх болохыг дурдав.

Харин, “Э” ХК-ийн нэхэмжилсэн “Голомт Банктай байгуулсан зээлийн төлбөр төлөлт хийгээгүй улмаас зарцуулсан зээлийн хүү, “Г” ХХК-аас шилжүүлэн авсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад дахь газар, барилга байгууламж, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хамгаалуулахаар “Ч-Х-Ө” ХХК-ийн харуул хамгаалалтын албатай байгуулсан гэрээний дагуу төлсөн төлбөр” зэргийг нэхэмжилсэн байх бөгөөд эдгээр нь шүүгдэгч Г.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг, түүний үйлдэлтэй шалтгаант холбоогүй, энэхүү эрүүгийн хэрэгт хамааралгүй гэж үзэж, иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хариуцагч “Г” ХХК нь шүүгдэгч Г.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол учирсан асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү магадлалд дурдав.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хуралдаанаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/454 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолд хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулахад хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас дахин хэлэлцүүлэхээр буцааж хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “прокурор Б.Ганбулган, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.У нар хэргийн материалтай танилцана” гэж,

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийг сэргээн шалгахтай холбоотой лавлагаа авах” гэж,

2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Ковид-19 улмаас бэлэн байдлын зэрэгт шилжсэн”,

2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийг сэргээн шалгахтай холбоотой лавлагаа авах”,

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М тусгаарлалтад орсон”

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “прокурор Т.Оргил-Очир хэргийн материалтай танилцана” гэсэн үндэслэлүүдийг тус тус зааж шүүх хуралдааныг удаан хугацаанд удаа дараа хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан болохыг анхааруулан магадлалд дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/454 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн...” гэснийг “...2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн...” гэж,

3 дахь хэсгийн “...137.116.300...” гэснийг “...199.792.300 /нэг зуун ерэн есөн сая долоон зуун ерэн хоёр мянга гурван зуу/...” гэж,

4 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зааснаар иргэний хариуцагч “Г” ХХК-аас 5.388.482.022 /таван тэрбум гурван зуун наян найман сая дөрвөн зуун наян хоёр мянга хорин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ