| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2106000001709 |
| Дугаар | 2021/ДШМ/1061 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | - |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ДШМ/1061
Т.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Ц.Мандал,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/1088 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.С-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2106 00000 1709 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Т-ийн С, 1991 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух, /РД: ... /,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 767 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаартай магадлалаар өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;
Шүүгдэгч Т.С нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 12.34 цагийн үед Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн ажлын өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч “Делл” брэндийн “Core i5” загварын зөөврийн компьютер буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Т.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Т-ийн С-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Т.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор, шүүгдэгч Т.С-ийн цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган хадгалахаар, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэр өдөр зөөврийн компьютерийг хохирогч Б.Э-д эргүүлэн өгч, уучлалт гуйсан. Би гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан байсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа илчилсэн. Би бага насны гурван хүүхэдтэй. Надад гэр бүл, үр хүүхдүүдээ асран хамгаалах боломж олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.С-ийн өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Т.С нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 12.34 цагийн үед Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн ажлын өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч “Делл” брэндийн “Core i5” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Э-ы: “...2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн ажилтан Б.О над руу залгаад “Зөөврийн компьютер алга болсон байна” гэж хэлэхээр нь би Б.О-д “Хяналтын камераа шалгаад үз” гэж хэлсэн чинь “Оффисын дунд өрөө рүү үл таних хүн орж ирээд аваад гарч байна” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би өөрөө ажилдаа ашиглахаар 2019 оны 6 дугаар сард хувь хүнээс 1,2 сая төгрөгөөр худалдаж авч байсан. ...” /хх 16/,
гэрч Б.О-ийн: “...хяналтын камер шүүж үзэхэд гаднаас үл таних хар саравчтай малгай, цагаан хувцастай эрэгтэй орж ирээд аваад гарсан байхаар нь захирал цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 22/,
иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн: “...2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Сансар, Баянцээлийн орчим явж байхад цагаан өнгийн яактай, хар өмдтэй залуу ирээд “Манай нэг найз сэтгэцийн өвчтэй юм. Буудалд хонуулах гэсэн надад мөнгө байхгүй байна. Би гэрээсээ нөүтбүүкээ аваад гараад ирсэн. Ломбардад тавих гэтэл дэлгэцийн голоор зураастай гээд авахгүй байна. 100.000 төгрөгөөр авчихаач” гэхээр нь би “Надад 60.000 төгрөг байгаа” гэхэд “Тэгвэл 60.000 төгрөгөөр авчих” гэхээр нь авсан. ...” /хх 25/
шүүгдэгч Т.С-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч: “...“Американ дэнж” хотхоны хажууд зочид буудал байсан газар руу орсон. ...“Хөөе” гэж дуудсан боловч хүн хариу өгөөгүй. Тэгээд тухайн өрөө рүү ороод харсан чинь ширээн дээр 2-3 зөөврийн компьютер байхаар нь хар өнгийн “Делл” загварын зөөврийн компьютерийг аваад гарсан. Тухайн газрын ойролцоо байдаг “Авто сургууль” гэх хаягтай байгууллага байхаар нь ороод, үл таних эрэгтэй хүнд 60.000 төгрөгөөр зарсан. ...” /хх 89/ гэсэн мэдүүлгүүд,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 67-71/, хохирогч Б.Э-ы эзэмшлийн “Делл Ай-5” загварын зөөврийн компьютерийн үнэлгээг 960.000 төгрөгөөр үнэлсэн тухайн “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 40-41/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Т.С-ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.С-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Т.С нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн ажлын өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч “Делл” брэндийн “Core i5” загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Э-д 960.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Т.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.
Учир нь, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч орох эрхгүй этгээд нэвтрэн орж, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд тухайн орон байр, агуулахын нэвтрэх хэсэг буюу хаалга, цонх нь онгорхой, саадгүй байсан нь энэ гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул түүний гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.С-ийн гаргасан хорих ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/1088 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ