Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2026/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан, 

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дийн Дт холбогдох эрүүгийн 2638000280134 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О овогт Дийн Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хохирогч Ц.Ноос “надад 6,000,000 төгрөгийн хэрэг болоод байна, би маргааш өгнө, би машинаа банк бусад барьцаанд тавиад мөнгийг тань өгье” гэх зэргээр хуурч, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 5 удаагийн гүйлгээгээр 5,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансанд шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7-р хуудас),

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-12-р хуудас),

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 15, 19-40-р хуудас),

Хохирогч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Би 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би гэртээ байхад миний зүс таних Д нь надтай утсаар яриад уулзах хэрэг байна ахаа гээд байсан...Та надад эхлээд 2,300,000 төгрөг зээлээч ахаа би маргааш өгье гэхээр нь би надад одоо бол мөнгө байхгүй байна боломж муу байна гэсэн чинь манай дүү машинаа зарах гэж байгаа юм надад засвар, сэлбэгийн мөнгө хэрэг болоод байна. Та надад зээлээч гээд байсан. Тэгээд би өөрийнхөө данснаас Дын данс руу эхлээд 2,300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надад маргааш нь өгөхөөр болоод манай гэрээс явсан. Тэгэхдээ надад өөрийнхөө унаж явсан машинаа үлдээгээд явсан. Тэр орой нь над руу дахиад залгаад ахаа зээл татсан нөгөө мөнгийг чинь та надад дахиад мөнгө зээлээч гээд байхаар нь би дахиад 700,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд дахиад намайг унтаж байхад шөнө 4 цагийн үед байхаа над руу дахиад залгаад дахиад мөнгө хэрэгтэй байна ах танд миний машин байгаа юм чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь шөнө байсан учраас дахиад 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь залгаад таны мөнгийг өгөх гэж байна. Машинаа банк бусад тавих санаатай байна гэж хэлсэн. Тэгээд намайг цуг очоод мөнгөө авчих гэж хэлэхээр нь би цуг дагаад явсан. Банк бусын үүдэн дээр ирээд Д нь өөрөө орсон. Би харин хүүхэдтэй нь цуг машинд үлдсэн. Удалгүй Д нь өөрөө гарч ирээд даатгал хийгдэх юм байна өндөр даатгал хийгдэх юм бол их дүнтэй мөнгө гарах юм байна гэж надад хэлээд танд дахиад мөнгө байна уу гэхээр нхь би өөрт байсан бэлэн 500,000 төгрөг өгөөд би чи ямартай ч мөнгөө өгөөрэй. Мөн хүүхдээ хүргэж өгөөд хүрээд ирээрэй гэж хэлээд явсан. Тэгээд би өдөр гэртээ 18 цагийн үед байхад Д нь дахиад над руу залгууд машин бараг болсон. Маргааш таны мөнгийг өгье гэж хэлээд та надад дахиад өнөөдөр амралтын өдөр болоод гаргаж чадсангүй маргааш таны мөнгийг бүгдийг нь өгье гэж хэлээд надаас дахиад 1,500,000 төгрөг авсан. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр над руу залгаад машины мөнгө бараг болж байна. Одоо жолоочийн хариуцлагын даатгал хийгдэх хэрэгтэй юм байна гэж хэлээд дахиад 500,000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45, 48-р хуудас),

Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би машин засварт оруулсан, янзлуулах гээд байна, би удаахгүй өгнө гэж хэлээд өөрийн дансаараа мөнгийг нь авсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Д.Д нь хохирогч Ц.Н-ийн эд хөрөнгөд 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хохирогч Ц.Н “...5,500,000 төгрөгөөс 3,500,000 төгрөг авсан ба 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөгийг төлөхөөр болсон тул ямар нэгэн гомдолгүй болно” гэх хүсэлт (хх-ийн 115-р хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Д-аас 2,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н-д олгох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Д нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2638000280134 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Д-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Д-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Д-аас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н-д олгосугай.

5. Эрүүгийн 2638000280134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УУГАНБАЯР