Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/1062

 

С.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Г.Ичинхорол,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1039 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч С.М-д холбогдох 2108 00854 0742 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн С-ийн М, 1994 оны ... дүгээр сарын ... -ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч ажилтай, “Б” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

С.М нь 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр Ц.О-тай хардалтын улмаас маргалдан зүүн нүд рүү нэг удаа цохиж, зүүн хөл рүү нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи болон гуянд хаван цус хуралт бүхий гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: С.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З овогт С-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Г.Ичинхорол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар С.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд С.М-г мөрдөн шалгах, прокурор, шүүхийн шатанд өөрийн хийсэн гэмт үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар С.М-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж шийтгэх тогтоол танилцуулахдаа уншиж танилцуулсан боловч бичгээр гаргахдаа энэ талаар огт дурдаагүй байна. Иймд би Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шүүх хуралдааны явцын бичлэгийг хуулбарлан авах хүсэлтийг гаргасан ба хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг үзүүлэх боломжоор хангасан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг дахин нягталж сонсоход Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосныг шүүгч уншиж танилцуулсан байна. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолыг бичгээр гаргахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон талаар дурдаагүй байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул С.М-д холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг хэрэглэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Энэхүү хэрэг нь 2021 оны 4 дүгээр сараас хойш явж байгаа. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2 удаа орсон. Манай үйлчлүүлэгчийн хувьд хөдөө орон нутагт ажилладаг учраас шүүх хуралдаанд байнга оролцох боломжгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана. ...” гэж заасны дагуу өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

            Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Энэ гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон гэж шүүхээс дурдсан. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо дурдаагүй, орхигдуулсан байна. Прокуророос тухайн үед ковид-19 цар тахлын улмаас өвчтэй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаагүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

Анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж 2021/ШЦТ/1039 дугаартай шийтгэх тогтоол гаргаж уг шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг буюу шүүх хуралдаан даргалагчаас шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгосон байдлаас үзвэл “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж...” шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл /хх 154-160/ болон тогтоол /хх 161-167/-ыг  бичгээр үйлдэхдээ “С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.М-д сануулж...” шийдвэрлэжээ.

Дээрх байдал нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгт тусгагдсанаас илт зөрүүтэй буюу шүүгдэгч С.М-д оногдуулсан торгох ялыг “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, өршөөн хэлтрүүлсэн” байдлаар шийдвэрийг уншиж сонсгосон атлаа гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх”-ээр бичигдсэн байна.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд, түүнчлэн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол”, мөн хэсгийн 1.9 дэх заалтад “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” тус тус хуулийн ноцтой зөрчилд тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Г.Ичинхоролын гаргасан “...Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1039 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.М-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Шүүгч уншиж сонсгосноор хүчинтэй болсон шийдвэрийг бичгийн хэлбэрт оруулахдаа өөрчлөх хууль зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх шийдвэрээ ийнхүү өөрчилсөн нь зөвлөлдөх тасалгаанд шүүх хуралдаанаар хэлэлцсэн бүхий л баримтыг судалсны эцэст шийдвэр гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн байх агаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л ажиллагааг зөрчиж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон шийдвэрээ өөрчлөн гаргаж, хуульд заагдаагүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн тул цаашид энэ мэт хайнга, хариуцлагагүй алдаа давтан гаргахгүй байхыг энэхүү магадлалаар анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1039 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.М-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ