| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2026/0053/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/61 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ШЦТ/61
2026 03 25 2026/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Халиунгоо
Шүүгдэгч О.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.*******, Э.******* нарт холбогдуулан холбогдох эрүүгийн 2504002580049 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ******* хэсгийн ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* (РД:*******)
Монгол Улсын иргэн, 2004 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын .... дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Техник технологийн их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сум, ... дугаар баг, ******* ... оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, овогт ын ******* (РД:)
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
О.*******, Э.******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Шүүгдэгч О.*******, Э.******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 2025 оны 8 дугаар сарын 07-26-ны өдрийн хооронд гар утас ашиглан фейсбүүк цахим сүлжээнд “100к, 200к Texas ширээ 24/7 явж байна, Шинэ гишүүн 20к бонус” гэх агуулга бүхий зурагт хуудсыг байршуулж, түүний дагуу холбогдсон иргэдийг “pokerrrr 2” гэх аппликейшнээр код өгч тоглуулах, төлбөрийг банкны 4605128143 тоот дансаар шилжүүлэн авах зэргээр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч Ж., Л., Н. нарын мэдүүлэг (хх-ийн 14-15, 19-20, 24), О.*******ийн эзэмшлийн “” банкны ...... дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 53-62), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 66-68), Ж.гийн эзэмшлийн “” банкны .... дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 78-79, 84-180, 183-186), О.*******ийн эзэмшлийн “” банкны .... дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 189-194) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.*******, Э.******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг ажиллагаанд “өөрийгөө өмгөөлөх” хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6 дахь заалтад заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” үндэслэл тогтоогдоогүй байхаас гадна түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх гэм хорын хохирол төлбөргүй боловч тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.719.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлжээ. (2-р хх-н 1,5)
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байх тул шүүгдэгч нараас энэ гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого болох 5.438.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Прокурорын санал болгосон 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн байх тул тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.*******, Э.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******, О.******* нарт 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Э.*******, О.******* нарт мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.*******, О.******* нарт тус тус мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******, О.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого болох 5.438.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тооцож, шүүгдэгч Э.*******, О.******* нараас тус бүр 2.719.000 (хоёр сая долоон зуун арван есөн мянган) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч Э.*******, О.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй шүүгдэгч нь бусдад төлөх гэм хорын хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА