2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2724

 

 2025          12           05                                   2025/ШЦТ/2724

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.од холбогдох эрүүгийн 2403008990183 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-нд хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт Баттулгын (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б. нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны зам, Гурван бүдүүн цайны газрын урд замд 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд “Toyota Camry” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: “...Сэтгэл санааны хохирлыг төлнө. Уг осол миний буруутай үйл ажиллагаанаас болсон тул хохирол төлнө” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны замд Гурван бүдүүн цайны газрын урд замд нөхрийн хамт ачаа ачсан. Эрдэнэт хот руу гарах хоёр дахь гараан дээр миний даралт ихсээд байхаар нь дэлгүүр орж 200 грамм архи аваад гарсан. Зам гарах гэхэд хотоос гарч байгаа тал битүү түгжрэлтэй, хот руу орж байгаа тал нь түгжрэлгүй байсан. Би замын голын цагаан зураас дээр зогсож байсан. Баруун тийшээ харахад машин ирж байхаар нь өнгөрөөгөөд гаръя гэж бодоод зогсож байхад машин мөргөсөн. Би тэр үед ухаан алдсан бөгөөд эмнэлэгт очоод хоёр хоногийн дараа ухаан орж сэрсэн. Намайг сэрэхэд эмч хэлэх зүйл байна гээд таны хөлийг өвдгөөр нь тайраад янзалсан гэж хэлсэн. Би хөдөлмөрийн чадвараа алдсан. 2025 оны 01 дүгээр сараас хойш гарсан эмчилгээний зардал болох 13,469,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 30,353,400 төгрөг, нийт 43,822,400 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Зам тээврийн осол хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Гурван бүдүүн цайны газрын урд замд явган зорчигч автомашинд мөргүүлсэн байдалтай байв. Уг зам нь асфальт, шулуун тэгш, хуурай зогсоол бүхий, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй, 6 эгнээ замтай, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй байв. Автомашины жолоочийг байлцуулан А үсгээр автомашин явган зорчигчийг анх мөргөсөн цэгийг, 1-ийн тоогоор явган зорчигчийн баруун хөл байсан цэгийг, 2-ын тоогоор автомашины зүүн урд под крыло байсан цэгийг, В үсгээр үл хөдлөх цэгийг, замын гэрэлтүүлгийн шонгоор тэмдэглэж хэмжилт хийхэд А цэгээс В цэг хүртэл 13,20 х 5,20 метр, А цэгээс Б цэг хүртэл 5,30 метр, А цэгээс  1 тоо хүртэл 5,90 метр, А цэгээс 2 тоо хүртэл 24,90 метр, А цэгээс автомашин хүртэл 80 метр, А цэгээс тусгаарлах зурвас хүртэл 1,20 метр, А цэгээс замын хашлага хүртэл 12,10 метр, замын нийт өргөн 21,20 метр, автомашины урд хэсгээс хашлага хүртэл 3,50 метр, хойд хэсгээс хашлага хүртэл 3,70 метр, явган хүний замын нийт өргөн 2,0 метр, 1 тооноос замын хашлага хүртэл 9,30 метр, 2 тооноос замын хашлага хүртэл 5,90 метр, Б цэгээс замын хашлага хүртэл 10,70 метр, явган хүний гарц хүртэл 100 метр байв” гэсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.ыг согтуурсан эсэхийг шалгасан “Quen Alcodetect Pro” маркийн драйгер төхөөрөмжийн баримт. Спиртийн агууламж: 0.000%. (1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нөхөр ийн хамтаар Эрдэнэт хот руу ачаа тээвэрлэх гээд ачаагаа ачаад дуусаж байсан. Би замын хойд талын Гурван бүдүүн дэлгүүр орсон. Дэлгүүрээс 200 грамм Хараа архи авсан. Би замд хол явахаар даралт ихсээд байдаг тул архи худалдаж авсан. Би дэлгүүрээс гараад хойноос урагш чиглэлд ганцаараа зам хөндлөн гарч байсан. Миний гарч байсан эгнээнд тээврийн хэрэгслүүд явж байсан. Тухайн тээврийн хэрэгслүүд удаан явж байсан. Би замын голын тусгаарлах зурваст ирээд эсрэг талаа хартал маш хурдтай гэрэл харагдаад би өнгөрөөгөөд гарах тухай бодож байтал намайг мөргөсөн. Тэрнээс хойш би сайн санахгүй байна. Би 2 хоногийн дараа гэмтлийн эрчимт эмчилгээний тасагт сэрсэн. Тухайн үед эмч намайг та сэрсэн үү би танд нэг зүйл хэлье таны баруун хөл тайрсан гэж хэлсэн. Тухайн үед би уйлаад итгээгүй. Мөргөсөн жолооч 2024 оны 12 дугаар сарын 8-10-ны хооронд 1 удаа ирж уулзсан. Би анх удаа царайг нь харсан. Тухайн үед жолооч надад учирсан хохирол бүх зүйлийг барагдуулна гэж байсан боловч сүүлдээ ярих уулзахаа больсон. Асуудлыг шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байх шиг надад санагдсан. Би сэтгэл санааны хохирол, протез болон шаардлагатай зардлыг нэхэмжлэх болно. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний байдлаар 5 сая гаруй төгрөг өгсөн. Би өөрийн зүгээс эмчилгээнд хэрэглэсэн баримтаа гаргаж өгнө. Миний хөл буцаад хэвийн болно гэж байхгүй. Би яаралтай протез хийлгэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн дүү Б. нь 2003 онд Баянхонгор аймагт  төрсөн. Айлын 5 дахь хүүхэд, зан байдлын хувьд төлөв даруу, гэрээсээ гардаггүй, бөхийн дугуйланд явдаг. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр осол болоод дууссаны дараа очсон. Дүүгээсээ сонссон. Эмнэлэг дээр дүүтэйгээ хамт очсон” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэт явах гээд өөрийн ах т туслаад ачаагаа ачаад татлага татаад байж байтал манай бэр эгч ******* машинаасаа буугаад явсан. Гэнэт дуу чимээ гарахаар нь би гайхаад зам руу хартал хар өнгийн тээврийн хэрэгсэл манай эгчийг мөргөөд явсан байдалтай байсан. Тухайн үед би сандраад очоод хартал манай эгч газар унасан байдалтай, хөл нь тасарчихсан байсан. Би шууд ахад хэлж, жолооч гэх залуу бууж ирээд юу ч хэлээгүй. Тэр залуу шоконд орсон байдалтай байсан. Би жолоочийг цохиж зодсон зүйл байхгүй байх, бүгд тухайн үед шоконд орсон байдалтай байсан. Манай ах цохисон байж магадгүй. Манай эгч гадаа хүйтэн байсан болохоор дулаацах гээд 200 грамм архи уусан байж магадгүй ээ би сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэт явах санаатай ачаа ачаад тээврийн хэрэгслийнхээ баруун талд зогсож байсан, манай эхнэр ******* дэлгүүр явсан. Замын эсрэг талд гэнэт чимээ гараад хартал манай эхнэр мөргүүлсэн байсан. Манай дүү анай мөргүүлчихлээ гээд орилсон, би очоод хартал манай эхнэрийн баруун хөл тасарчихсан биеэсээ салаад зам дээр, манай эхнэр ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед би шоконд ороод зогсож байтал жолооч гэх залуу байсан, би тэр хүний хөл хэсэгт өшиглөж байсан эсэхээ санаж байна. Манай дүү цохиж зодоогүй тэр хавиар уйлаад түргэн дуудаад явж байсан. Би ачаа ачуулах гээд 2 хүнээр ачуулж байсан гадаа хүйтэн байсан учраас дулаацах зорилготой Хараа нэртэй 200 грамм архи уусан байх. Би тухайн үед сандарч байсан учраас зарим зүйлийг санахгүй байна. Би эхнэртэйгээ хамт амьдраад 17 жил болсон байна” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

Гэрч Ө.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай үеэл дүү нь 2003 онд Баянхонгор аймагт төрсөн, айлын 5 дахь хүүхэд. Би дүүгээ багаас нь мэддэг, хөдөө гэрт маань зуны амралтаараа ирдэг байсан. Багаасаа цуг үндэсний бөхийн спортоор хичээллэдэг байсан. Зан байдлын хувьд төлөв даруу хүнтэй харилцахдаа их найрсаг тусч. Спортод их сонирхолтой. Би 2021 онд оюутан болж хотод ирээд дүүгийндээ амьдарч, 4 жил цуг байна. Хичээлгүй үедээ цуг сур элддэг ажил хийдэг байсан. Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны өглөө гэрээсээ гар бөмбөгийн тэмцээн шүүх гээд эрт гарч явсан. Орой 7 цагийн үед дүү рүүгээ залгахад утсаа авахгүй байсан. Орой тэмцээнээ дуусгаад очтол осол болсон талаар мэдсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Toyota camry маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрийнхөө нэр дээр гэрээ хийж авсан боловч гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг тээврийн хэрэгсэл юм. 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед миний хүү нь хотын төв ороод ирье гэхээр нь өгөөд явуулсан. Автомашин авто үнэлгээнд орсон байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 14208 дугаартай: “...Б.*******гийн биед баруун хөлийн өвдөг шилбэний арьс, зөөлөн эд, булчин, ясны бүрэн тасрал, баруун дунд чөмгөний дунд хэсгээр тайрах мэс заслын дараах байдал, баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 5.12.95.2-т зааснаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтонги 65% алдагдуулах хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 6126 дугаартай: “...Шинжилгээнд “*******” гэж хаяглан ирүүлсэн “001365221” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.0 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 111 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Kingston” гэсэн бичигтэй зөөврийн флаш дискт хадгалагдаж байх “Гурван бүдүүн цайны газрын бичлэг.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 19:45:43 секундэд дүрслэгдэх автомашин нь “А” “Б” гэсэн цэгийн хоорондох 8.4 метр зайг ойролцоогоор 86.4 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн байна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас),

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 525 дугаартай: “...Уг авто тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд бупер зүүн урд хэсгээр тасарч хагарсан, зүүн тал толь байхгүй, зүүн урд хаалга будаг их хэмжээтэй халцарсан гэмтэлтэй байв. Урд бупер хагарсан, зүүн тал толь байхгүй, зүүн урд хаалга будаг их хэмжээтэй халцарсан гэмтлүүд шинээр үүссэн байна. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай АВС тоормосны системтэй. 1 дүгээр тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.71кН, баруун талдаа 3.32кН, зөрүү нь 18% (стандарт <20%), 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.79кН, баруун талдаа 1.76кН, зөрүү нь 2% (стандарт <30%). 1 дүгээр тэнхлэгийн тоормос стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос 15% зөрүүтэй зогссон. Шингэн дамжуулга бүхий АВС тоормосны системтэй авто тээврийн хувьд тоормос гишгэх үед замын гадаргуу, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ. Гэрлийн багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 46200cd, ойр дээрээ Ocd (стандарт 10000-225000 cd), баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 18700cd, ойр дээрээ Ocd (стандарт 10000-225000 cd) буюу стандартын шаардлага хангахгүй байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 83-88 дугаар хуудас),

Мөрдөгчийн 143 дугаартай “...Жолооч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангах гэх заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдож байна. Явган зорчигч Б.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн магадалгаа (1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас),

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний  тасгийн шинжээчийн ЕГ0825/2430 дугаартай: “...Б.*******гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 216-217 дугаар хуудас),

Хохирогчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 248-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-38 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би гэрээсээ 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед аав Баттулгын эзэмшлийн Тоyota Camry улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Туулын 12 тоотоос гараад Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо гурван бүдүүн цайны газрын урд замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байсан. Тухайн үед өөдөөс гэрэл гялбах шиг болсон тэр үед би тоормос гишгээд 1 дүгээр эгнээ рүү ороод зогсоод машинаасаа буугаад очтол газар нэг хүн хэвтэж байсан. Би цагдаа түргэн дуудсан, надад мөргүүлсэн эмэгтэйн нөхөр болох 50 гаруй насны******* уурлаад, миний биеийн хөл хэсэгт 2 удаа өшиглөсөн. Түргэн 15-20 минутын дараа ирээд тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн хохирогчийг аваад явсан. Цагдаа удалгүй ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Би жолоодох эрхтэй, 2022 онд жолооч болсон, жолоодох эрхийн А, В ангилалтай. Жолоодох эрх хүчинтэй байгаа. Би эрүүл байсан тухайн үед драгер багаж үлээлгэж шалгуулсан 0.00 хувь гарсан. Би тухайн үед 70 км цаг хурдтай явж байсан байх” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 165 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 142 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 143 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 144 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 145 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 146 дугаар хуудас), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 147 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 148 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 149 дүгээр хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б. нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой 20 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны зам, Гурван бүдүүн хүнсний дэлгүүрийн урд замд “Toyota Camry” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.*******г мөргөж, эрүүл мэндэд нь баруун хөлийн өвдөг шилбэний арьс, зөөлөн эд, булчин, ясны бүрэн тасрал, баруун дунд чөмөгний дунд хэсгээр тайрах мэс заслын дараах байдал, баруун шуу ясны хугарал гэмтэл бүхий ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулсан хүнд хохирол учруулсан үйл баримт хохирогч Б.*******, гэрч П., П. нарын мэдүүлэг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 525 дугаартай дүгнэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 14208, 6126, 111 дугаартай дүгнэлтүүд, мөрдөгчийн 143 дугаартай магадалгаа, шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Мөн явган зорчигч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг онцлогтой.

Харин энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан.

Шүүгдэгч Б. нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн болох нь шинжээчийн 111 дугаартай, түүний жолоодон явж байсан тээврийн хэрэгслийн зүүн, баруун талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0cd буюу стандартын шаардлага хангахгүй байгаа нь шинжээчийн 525 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүнд хохирол нь шүүгдэгч Б.ын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслээр мөргөсний улмаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б. нь тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Иймд шүүх улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний эмчилгээ, эм тариа буюу гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч нийт 19,358,000 төгрөг зарцуулж, нөхөн төлсөн, хохирогч энэ талаар “баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн нөхөн төлсөн, одоо сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилнэ, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа тухай бүр нь нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

Хохирогч Б.*******гийн сэтгэцэд уг гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн, энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь шинжээчийн ЕГ0825/2430 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан зэрэглэл, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, сөрөг үр дагавар, хохирогчийн буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 26,400,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч Б.оос гаргуулж, хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал болон энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгаа холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.оос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогчийн эрүүл мэндэд зам тээврийн ослын улмаас хүнд хохирол учирч эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрт 5,622,240 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг шүүгдэгч Б. нөхөн төлсөн байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б. “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.од оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналтай байна” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн, хохирогчийн өмгөөлөгч “бидний зүгээс хорих ял оногдуулах санал гаргахгүй, гэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их тул тэнсэх боломжгүй гэж үзэж байгаа учраас зорчих эрхийг хязгаарлаж хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэсэн дүгнэлт тус тус гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж байдлыг харгалзан үздэг бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн баруун хөл тасарч, хиймэл хөл хийлгэсэн буюу гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж дээрх дүгнэлтийг хийсэн болно.

Иймд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч Б.*******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн зохих буруутай байдал, хохирогч, түүний өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Хэрэв шүүгдэгч Б. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Баттулгын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.ыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Шүүгдэгч Б. зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.оос хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 26,400,000 (хорин зургаан сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Боржигон овогт ын ******* (Регистрийн дугаар: )-д олгосугай.

7.Хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.оос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8.Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НЯМДАВАА