| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2026/0468/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/676 |
| Огноо | 2026-03-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2026/ШЦТ/676
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Б.Цэцэгмаа /томилолтоор/,
шүүгдэгч Д.А***, түүний өмгөөлөгч С.У*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А***д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*** Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, "***” ХХК-д бичиг хэргийн ажилтан ажилтай гэх, ам бүл 2, найзын хамт *** дүүргийн 2 дугаар хороо, худалдааны гудамжны *** тоотод суух хаягтай боловч Баянгол дүүргийн ***-р хороо, *** тоотод оршин суух хаягтай гэх, урьд 2 удаагийн эрүүгийн хүлээж байсан,
*** овогт Д***ын А*** (РД: ***).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А*** нь 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэн А.Э***д "Оросын холбооны улсаас 3 ширхэг гутал авч ирж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, *** тоотод байхдаа шилжүүлсэн 426,600 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.А***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.У*** шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Д.А***гийн эрх, хууль ёсны ашгийг хамгаалж, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс хэргийн 39-41, 56, 45-47 дахь талыг шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 1 хуудас бүхий баримтыг гарган өгч,
шүүгдэгч Д.А*** шүүхийн хэлэлцүүлэгт “...Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй тус тус шүүх хуралдаанд оролцоцгоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 18 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг болно.
Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.А*** нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн фейсбүүк цахим сүлжээний хуудсанд зар байршуулж, тус зарын дагуу 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр холбогдсон хохирогч А.Э***г "Оросын холбооны улсаас 3 ширхэг гутал авч ирж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2000 цагийн орчимд хохирогч А.Э***гийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, *** тоотод байхдаа шилжүүлсэн 426,600 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкин дахь эзэмшлийн *** тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
1. Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогч А.Э***гаас бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 01 дэх тал),
2. Хохирогч А.Э***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр орос гутлын захиалга фейсбүүк группээс хайн зар тавьсан. Гэтэл *** бичгээр бичсэн нэртэй фейсбүүк хаягаас над руу бичин 3 гутал захиалахаар болсон. Би тухайн мөнгийг орой 08 цагийн үед гэртээ харин шилжүүлсэн. Шилжүүлэг хийсэн данс нь *** дугаартай Д*** А*** гэх данс байсан. Би 3 гутлыг нийт 426,600 төгрөгөөр бодож авахаар тохирсон. Тухайн явдлаас хойш 7 хоногийн дараа гутал ирсэн гэж надтай ярьж хүүгээрээ хүргүүлэн авч ирнэ гэсэн. Түүнээс хойш надад худлаа үнэн зөндөө ярьж миний барааг өгөөгүй бөгөөд одоо болтол авч чадахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дахь тал),
3. Шүүгдэгч Д.А***гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би хувиараа фейсбүүк групп болон телеграмм хаяг дээр "Оросын холбооны улсын үйлдвэрлэгчтэй холбож өгнө, бараа материал хямдхан олж өгнө, хэлмэрч хийнэ, нүдний эмнэлэг, архины эмнэлэгт зуучилж өгнө гэсэн зар тавьсан байсан. 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр надтай миний байршуулсан зарын дагуу холбогдсон. Оросоос хүүхдийн 3 гутлыг Озон дээрээс авъя гэсэн. Тэр захиалгын дагуу 3 гутлын төлбөр болох 426,600 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** гэх дансандаа 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр авсан. Оросын хадгаламжийн банкаар Озоноос захиалга хийсэн. Озоноос ирсэн бараа нь размер болон өнгө зөрсөн. Би өөрөө тухайн үедээ захиалсан 3 гутлынхаа өнгө размерыг буруу өгсөн байсан. Тэгээд буцаалт хийлгээд дахин захиалаад *** руу оруулж ирэх гэж байгаад ***ын гааль дээр хураалгасан. Тэгээд одоо хүртэл бараагаа захиалсан хүндээ өгч чадаагүй байгаа... Хүний машин дотор бараагаа хийгээд оруулж байсан. Тэр машинд нь хүнсний бараа байсан. Тэгээд миний барааг хамт хураагаад авсан... Надад хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Миний ажлын цалин сүүлийн 2 сар буугаагүй байгаа учраас барагдуулсан зүйлгүй байгаа... Мөн одоо тухайн үед фейсбүүк дээр тавьж байсан заруудаа бүгдийг нь устгасан байгаа. Би хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2025 оны 09 дүгээр сарын эхний долоо хоногт "Заяа Заяа” гэх хаягаас надтай холбогдож Озоноос 3 төрлийн гутал захиалах талаар ярьсан. 2025 оны 09 сарын 10-ний өдөр миний хаан банкны *** тоот дансанд *** гэх данснаас 426,000 төгрөг *** гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн байсан. Уг мөнгийг би хувийн хэрэглээндээ зарцуулсан нь үнэн. Би Озоны захиалгын мөнгө орсон өдрөөс 4-5 хоногийн дараа захиалгыг өөрийн Оросын холбооны улсын хадгаламжийн данснаас хийсэн. Эхний захиалга бол би өөрөө өнгө размерыг буруу өгөөд буцаасан. Харин 2 дахь захиалгыг Алтанбулаг хилийн боомт дээр хураалгасан. Хураалгасан шалтгаан *** хил дээр хүнсний бараа оруулахгүй гээд хураалгасан. Тэгээд одоо хүртэл хохирогчийн мөнгийг төлж чадаагүй байгаа... Тухайн үед Озон дээр захиалсан бараа байгаа эсэхийг харсан ба 1 бараа нь хүлээлттэй, 2 бараа нь бэлэн байсан. Хэд хоног хүлээхээр шийдээд миний Оросын банканд мөнгө байсан учраас уг хохирогчийн 426,000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн... Машин дээр ачсан бүх барааг битүүмжилж хурааж авсан... Би барааг хураалгасан талаар хэлэхээр хохирогч ойлгохгүй байх гэж бодсон. Дахин Озоноос дахин захиалж хохирогчийг хохиролгүй болгохыг хичээсэн. Хохирогчийн гэрийнхэн гар утсаар ойр ойрхон залгаад дарамтлаад байсан учраас гар утсаа аваагүй... Цалин буугаагүй, ажлаасаа буугаад өөр хийх ажил болон цагийн ажил олдоогүй... Би удахгүй буюу 2026 оны 01 дүгээр сарын 01-ээс өмнө төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал),
4. Иргэн Ш.А***ийн Хаан банкин дахь эзэмшлийн *** тоот дансны хуулга (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
5. Фейсбүүк цахим сүлжээгээр шүүгдэгч болон хохирогч нарын харилцсан зурвасууд (хавтаст хэргийн 14 дэх тал),
6. Шүүгдэгч Д.А***гийн Хаан банкин дахь эзэмшлийн *** тоот дансанд үзлэг хийсэн “...2025.09.10 19:54... орлого 426,600 төгрөг.. харьцсан данс ***...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 16-19 дэх тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримт зэргээр хэргийн үйл баримт сэргээн тогтоогдож байна.
2.2. Хууль зүйн дүгнэлт.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь объектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.
Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
3. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
4. Шүүгдэгч Д.А*** нь хохирогч А.Э***г "Оросын холбооны улсаас 3 ширхэг гутал авч ирж өгнө” гэж хуурч, хохирогчоос гутлын захиалгад шилжүүлэн авсан мөнгөө өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч А.Э***г залилсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч нь анхнаасаа хохирогчийг залилан мэхлэх гэсэн идэвхтэй үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Д.А***г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
3.2. Тодруулбал, энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Э***д 426,600 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдох ба шүүгдэгч Д.А*** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хохирогч А.Э***д учруулсан 426,600 төгрөгийг хохирлыг 2 удаагийн шилжүүлгээр хохирогчид бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Д.А***гийн Хаан банкин дахь эзэмшлийн *** тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.А***г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.А*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч Д.А***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Д.А***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.А***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.А*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.У***аас “...Улсын яллагчийн зүгээс шүүхэд гаргасан ялын саналыг дэмжиж байна, эсрэг саналгүй...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Д.А***гаас “...Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна...” тайлбарыг гаргасан болохыг тус тус дурдав.
4.4. Шүүгдэгч Д.А***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх (хохирлоо бүрэн төлж барагдуулсан эсэх), хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.А***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А***д оногдуулсан 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А*** нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шүүх шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.А*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
шүүгдэгч Д.А***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт Д***ын А***г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.А***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А***д оногдуулсан 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А*** нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А*** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР