| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/04265/И |
| Дугаар | 183/ШШ2024/01300 |
| Огноо | 2024-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/01300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, *** тоот хаяг оршин суух ***** овогт Б.Б (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, “Ю*******” ХХК (РД:******)-д холбогдох,
Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 96,512,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч “Ю*******” ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 96,512,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд “Ю-*******” хотхоны * блок, * дугаар давхар, *** тоот, **** м.кв талбайтай * өрөө орон сууцыг 106,163,200 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *** дугаар “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан.
1.2.Орон сууцны төлбөрт 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны ******* дугаар данснаас 20,000,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны ******* дугаар данснаас 50,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкны ******* дугаар данснаас 26,512,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь хариуцагч компанийн ******* дугаар дансанд тус тус шилжүүлсэн.
1.3.Хариуцагч компани нь орон сууцыг 2023 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 5 давхрын ажлын гүйцэтгэлтэй буюу гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Хариуцагч компани нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар албан бичгээр гэрээг цуцлахыг зөвшөөрсөн гэв.
2.Хариуцагч “Ю*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нэхэмжлэлийн хувийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарласан (хавтаст хэргийн 35-38 дахь тал) боловч хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй буюу шүүгчийн туслах шүүх хуралдаанд ирж байгаа талаар түүний *********** дугаар утас руу залгаж тодруулахад “түгжрэлтэй байна, бөмбөгөр дээр явж байна” гэх хариу өгсөн болно.
3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 762 дугаар тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банк дахь “Ю*******” ХХК-ийн эзэмшлийн ******* дугаар данс руу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 26,512,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай баримт, Б.Б*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, “Ю*******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б.Б*******т хаягласан “Хүсэлт хүргүүлэх нь” ******* дугаар баримт бичгийн эх хувь болон нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,
Хариуцагч талаас “Ю*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ю*******” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 257 дугаар “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, Хан-Уул дүүрэг, талбайтай 3 өрөө орон сууцыг 106,163,200 төгрөгөөр худалдан авах, хариуцагч нь орон сууцыг 2023 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 5 давхрын ажлын гүйцэтгэлтэй буюу гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Иймд гэрээг цуцлах талаар хүсэлт гаргаснаар хариуцагч компани нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар албан бичгээр гэрээг цуцлахыг зөвшөөрсөн тул орон сууцны төлбөрт төлсөн 96,512,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардаж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч “Ю*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Б.Б******* болон “Ю*******” ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 257 дугаар “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 10-14 дэх тал)
4.2.Дээр дурдсан 257 дугаар гэрээний дагуу захиалагч буюу нэхэмжлэгч Б.Б******* 96,512,000 төгрөгийг гүйцэтгэгч буюу “Ю*******” ХХК-д шилжүүлсэн. (хавтаст хэргийн 5-7 дахь тал)
4.3.Дээр дурдсан 257 дугаар гэрээний 2.1-д заасан “...2023 оны 03 дугаар улирал дуустал байна” гэх нөхцөлийг гүйцэтгэгч тал биелүүлээгүй, мөн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар албан бичгээр гэрээг цуцалсан. (хавтаст хэргийн 9 дэх тал)
5.Зохигч талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 257 дугаар гэрээгээр захиалагч буюу Б.Б******* нь Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд “Ю-*******” хотхоны Б блок, 3 дугаар давхар, 305 тоот, 74.24 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 106,163,200 төгрөгөөр захиалан бариулж, төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 70,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-нй өдөр 26,512,000 төгрөг, үлдэгдэл 9,651,200 төгрөгийг орон сууц ашиглалтад орж, гэрчилгээ авахаас өмнө төлөх, гүйцэтгэгч буюу “Ю*******” ХХК нь орон сууцыг 2023 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
6.Гэрээний хугацаанд гүйцэтгэгч буюу “Ю*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 03 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулах боломжгүй нь тус компанийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар албан бичгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж зааснаар “Ю*******” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
7.Иймд захиалагч буюу нэхэмжлэгч Б.Б******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.5 дахь хэсэгт “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасны дагуу гэрээг цуцлахыг, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу гэрээний дагуу шилжүүлсэн 96,512,000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч буюу “Ю*******” ХХК-аас буцаан шаардах эрхтэй.
8.Дээр дурдсан үндэслэлээр зохигч талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 257 дугаар “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр цуцлагдсанд тооцож, хариуцагч “Ю*******” ХХК-аас 96,512,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ю*******” ХХК-аас 640,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ю*******” ХХК-аас 96,512,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б*******ийн урьдчилан төлсөн 640,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ю*******” ХХК-аас 640,510 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД