Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/01399

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/01399 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, ******** гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******ын ******* /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ***************** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /РД:**************/-д холбогдох

 

5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  

Нэхэмжлэгч Н.*******,

Хариуцагч О.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь О.*******д холбогдуулан 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бид хоёр тус бүр 5 000 000 төгрөг гаргаад зоогийн газар ажиллуулъя гэж тохиролцоод би О.*******д итгж, мөнгөө гаргаад сар ажилласан. Эхний сард нь манай охин ажилласан. Би 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа энэ хүнд итгээд орлого зарлагаа бүгдийг нь О.*******д даатгасан. 8 сард тооцоо хийгээд ашиг орлого юу байдаг юм тэрийгээ үзье гэтэл ямар ч ашиггүй, ямар ч орлогогүй байсан. Би цуг ажиллаж байсан болохоор 2 сар гаруй ажиллаж байхад өдөр болгон хүнтэй, хэдэн хоол гарсан талаар орой болгон тооцоогоо хийгээд, мобайл болон пос машин, бэлэн мөнгө бүгдийг нь тоолж, тэр орлогоо шалгаж үздэг байсан. Гэтэл ашиг олоогүй гэхээр нь миний хөл гар өвддөг учраас би тэгвэл ажиллаж чадахгүй юм байна гээд явсан. Би бас хувьдаа дэвтэр хөтөлдөг байсан боловч явахдаа энэ дэвтрээ мартчихсан байсан. Би 9 дүгээр сарын 6-ны өдөр үлдээсэн дэвтрээ авахаар ирэхэд тийм дэвтэр ёстой мэдэхгүй гэж хэлсэн. 60 хуудастай хоёр дэвтэрний нэг нь дуусаад, нэг дэвтэр нь талдаа орсон дансны дэвтэр байсан юм. Ийм үндэслэлээр би одоо үндсэн гаргасан 5 000 000 төгрөгөө авъя. Ашиг орлого нь ч яахав. 1 700 000 төгрөгийг цалин гэж бодож шаардсан. Ажиллаж байх хугацаандаа 500 000 төгрөгөөр 2 удаа, 300 000 төгрөгөөр удаа, нийт 1 300 000 төгрөг авч байсан. Нийт 2 сар ажиллааад 3 000 000 төгрөг гэж бодсон. 3 000 000 төгрөгөөс 1 300 000 төгрөгийг нь авсан учраас 1 700 000 төгрөг үлдсэн. Үндсэн 5 000 000 төгрөг дээрээ 1 700 000 төгрөгөө нэмээд 6 700 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч надад өгсөн 1 300 000 төгрөгийг ажилласан хугацааны цалин гэ байгаа бол 1 700 000 төгрөгөөсөө татгалзаж байна. Анх оруулсан 5 000 000 төгрөгөө л гаргуулъя гэв.

 

2. Хариуцагч О.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Би Н.*******ийн өргөдлийг анх уншаад үнэхээр гайхлаа. Үнэнээр нь л бичих хэрэгтэй. Намайг нэг их зальчихсан юм шигээр бичсэн байна. Анх би Налайх дүүрэгт ажиллаж байсан. Сарын 2 500 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй гуанз түрээслэх гэж байна гэхэд Н.*******, манай найз хоёр над дээр ирсэн юм. Тэгээд би хэлсэн Н.******* ажиллаж байсан ажлаасаа гарах гэж байгаа гэхээр нь би Н.******* чамд мөнгө байгаа бол надад 10 000 000 төгрөг зээлчих. Би гуанз ажиллуулах гэсэн юм гэж хэлсэн юм. Тэгсэн чинь надад мөнгө төгрөг байхгүй. 10 000 000 төгрөг гэж байгаа бол хоёулаа 5 000 000, 5 000 000 төгрөгийг гаргаад ажлуулъя гэж Н.******* хэлсэн. Надад 5 000 000 төгрөг байхгүй гэж хэлсэн чинь манай нөгөө найз маань чи тэтгэврийн зээлээ авчих гэж хэлсэн. Тэгэхэд Н.******* би тэтгэврийн зээлээ авчихсан. Ээмэг, бөгжөө тавиад 5 000 000 төгрөг авчихвал болох юм байна гэж хэлсэн. Нэхэмжлэгч Н.******* тэтгэврийн зээлээ аваад өгсөн. Одоо ямар ч орлогогүй гэж бичсэн байна. Би тэтгэврийн зээлээ 2 сар дутуу байсан болох юм уу гэсэн чинь болно гээд тэгээд тэтгэврийн зээлээр 5 000 000 төгрөгөө аваад хоёулаа ажиллуулна гэж тохиролцсон. Н.******* хот руу явсан. Түрээслүүлэгч нь та түрээслэх гэж байгаа бол хурдан шийдвэр өг, ядаж урьдчилгаа түрээс өг гэж хэлээд байхаар нь би тэтгэврийн зээлээ аваад 2 500 000 төгрөгөө шууд түрээсэнд өгсөн. Тэгээд Н.*********эй очиж ярилцаад маргааш нь Н.******* мөнгөө шилжүүлнэ гэж хэлсэн. Би баримтаар дансны хуулгаа гаргаж өгсөн. Надад 5 000 000 төгрөг бэлнээр өгсөн юм шиг бичсэн байна. 1 350 000 төгрөг миний дансаар өгсөн. Барьцаа 5 000 000 төгрөг нэхэгдээд 2 500 000 төгрөгийг өгчихсөн байсан. Тэгээд дараа нь 5 000 000 төгрөг нэхэгдээд түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг, нийлээд 7 500 000 төгрөгийг тэр хүнд өгөх болсон. байхгүй юу. Тэгээд би Н.Уранцэцэг рүү мөнгө хэрэгтэй байна гэхэд 1 350 000 төгрөг над руу шилжүүлсэн. 5 000 000 төгрөгийн үлдэгдэл 3 650 000 төгрөгөөр Н.*******ийн охин гуанзанд хэрэгтэй ойр зуурын юмнууд авсан гэж надад хэлээд би 600 000 төгрөг илүү гаргачихсан байна гэж хэлэхээр нь би 600 000 төгрөгийг нь охинд нь өгсөн. Юу юу яаж авсан талаар би мэдэхгүй байна. Хэдэн төгрөгөөр юу авсан талаарх баримтаа надад үзүүлээгүй. Анх эхлээд ажиллахдаа 1 500 000 төгрөг, 1 500 000 төгрөгийн цалинтай ажиллана. Их ашиг орлоготой гэж би тийм юм ерөөсөө яриагүй. Жил шахам ажиллаагүй гуанзыг одоо шинээр ажиллуулж эхлэх гэж байгаа ашиг орлого нь ямар байхыг би мэдэхгүй байна. Цалин мөнгөн дээр ярилцаж тохирсон зүйл байхгүй. 1 500 000 төгрөгөөр тогооч хүн ажилладаг. Гуанзанд эхний сар Н.*******ийн охин 20 хоног ажилласан. Үүнд 800 000 төгрөг өгсөн. Би голцуу ганцаараа хоноод гуанз дээрээ байж байдаг байсан. Охин нь болохоор өдөр үдээс хойш ирээд оройдоо явчихдаг. Сүүлийн 7 хоног л надтай цуг тэнд байсан. Охинд нь 800 000 төгрөг өгөөд өөрөө би 1 000 000 төгрөг авсан Ажилласан хөлсөө авсан. Дэвтрийн хувьд манайд ажиллаж байсан охин надаас цалингийнхаа үлдэгдлийг авъя гээд ирсэн. Би одоо мэдэхгүй байна. Н.******* чамайг хэд хоног ажилласан талаар мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би дэвтрийг хайгаад олоогүй. Н.******* эгч тэрийг чинь тооцоод байдаг байсан Н.******* эгчээс асуу гэж хэлсэн. Залгахаар утсаа авахгүй надтай ерөөсөө харьцахгүй байсан. Бид нарын муудалцах болсон шалтгаан бол жоохон юм ууцгаасан. Тэгэхэд Н.******* чи тэтгэврийнхээ зээлийг тэглэчихсэн биз дээ гээд л над руу орилж хашгираад доромжлоод байхаар нь би чи яв гээд хэлчихсэн чинь одоо тэрэнд л их гомдсон юм гэсэн. Тэгэхээр нь би чат бичсэн. Уучлаарай найзыгаа хэн хэн нь архи уугаад хэн хэнийгээ гомдоосон бол намайг уучлаарай. Чи хүрээд ир ээ. Чи бид хоёрт ярьж тохиролцсон юм байгаа гэж хэлсэн. Яг ажилласан хоногоо тооцоход 2 сар гээд байгаа болохоос биш 37 өдөр ажилласан байгаа. 37 өдөр ажиллачихаад одоо юуны ашиг олох гээд байгаа юм жил ажиллана гэж тэр хүнтэй гэрээ хийчхээд жил ажилласан үр дүнгээ хараагүй байж одоо надаас мөнгө нэхэмжилж байна. Миний дансны хуулга дээр би 1 400 000 төгрөгийн цалин авсан л гээд байгаа болохоос биш тэрийг би ерөөсөө гар дээр аваагүй. Н.******* бол 1 300 000 төгрөг авсан байна. Би бол аваагүй. Гуанзны түрээс, тогны мөнгөн явсан. Намайг 8 дугаар сарын 20-ны өдөр орхиод явахад би ганцаараа үлдсэн. Ганцаараа үлдчихээд нэгэнт 5 000 000 төгрөгийн барьцаа өгчихсөн. Тэрийг хавар болтол ажиллахгүй, өмнө нь гэрээгээ цуцлах юм бол 5 000 000 төгрөгийг авахгүй болчих гээд байсан. Тэгэхээр би ямар ч байсан 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажиллах юм байна. Тэгж байж 5 000 000 төгрөгөө аваад ядаж 2 500 000 төгрөгөөр нь авчих юм сан гэж бодсоны үндсэн дээр ганцаараа 9, 10 сард би ажиллуулсан. Ганцаараа ажлуулж байгаа учраас үдээс хойш нээж ажлуулдаг байсан. Н.******* намайг ашигтай болоод ажлуулаад байна гэж бичсэн байсан. Жил ажлуулна гэж хэлсэн мөртлөө 37 хоног л хамт ажиллуулчихаад надаас мөнгө нэхэмжилж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2023.11.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-4, /

 

4. Хариуцагчаас: О.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.06.01-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 15-48 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Н.******* нь О.*******д холбогдуулан 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, О.*******тай хамтран зоогийн газар ажиллуулахаар тохиролцож, 5 000 000 төгрөгийг хөрөнгө оруулж 50 хувийг ашиг хүртэхээр тохиролцсон боловч хамтран ажиллаагүй. Иймд 5 000 000 төгрөгийг, 2023.06.20-ны өдрөөс 2023.08.20-ны өдөр хүртэлх хугацааны цалин 1 700 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч 37 хоногийн цалинг олгосон гэж хариуцагч тайлбарлаж байна. Иймд 1 700 000 төгрөгөөс татгалзаж байна гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулсан атлаа гэрээний хугацаа дуусахаас өмнө хамтран ажиллахаас татгалзсанаас болж ганцаараа ажиллахад хүрч, ашиг орлогогүй ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Хариуцагч О.******* нь өөрийн Хаан банк дахь ******* тоот данснаас:

- 2023.05.26-ны өдөр ******* тоот данс руу 2 500 000 төгрөгийг гэх гүйлгээний утгатай,

- 2023.05.26-ны өдөр тоот данс руу 2 000 000 төгрөгийг turees гэх гүйлгээний утгатай,

- 2023.05.26-ны өдөр тоот данс руу 1 500 000 төгрөгийг turees гэх гүйлгээний утгатай,

- 2023.05.31-ний өдөр тоот данс руу 160 000 төгрөгийг turees гэх гүйлгээний утгатай,

- 2023.06.02-ны өдөр тоот данс руу 160 000 төгрөгийг turees гэх гүйлгээний утгатай,

- 2023.06.02-ны өдөр тоот данс руу 80 000 төгрөгийг turees гэх гүйлгээний утгатай,

- 2023.06.05-ны өдөр тоот данс руу 2 000 000 төгрөгийг turees гэх гүйлгээний утгатай,

- 2023.06.07-ны өдөр ******* тоот данс руу 1 500 000 төгрөгийг turees гэх гүйлгээний утгатай,

- 2023.06.09-ний өдөр тоот данс руу 1 500 000 төгрөгийг tureeс гэх гүйлгээний утгатай,

- 2023.06.10-ны өдөр тоот данс руу 300 000 төгрөгийг zulaa гэх гүйлгээний утгатай,

- 2023.06.10-ны өдөр тоот данс руу 55 300 төгрөгийг zulaa гэх гүйлгээний утгатай,

- 2023.07.01-ний өдөр ******* тоот данс руу 2 500 000 төгрөгийг turees гэх гүйлгээний утгатай,

- 2023.07.09-ний өдөр тоот данс руу 800 000 төгрөгийг tsalin гэх гүйлгээний утгатай,

- 2023.07.25-ны өдөр тоот данс руу 500 000 төгрөгийг uugaa гэх гүйлгээний утгатай,

- 2023.08.07-ны өдөр тоот данс руу 500 000 төгрөгийг uugaa гэх гүйлгээний утгатай,

- 2023.08.18-ны өдөр тоот данс руу 300 000 төгрөгийг гэх гүйлгээний утгатай тус тус шилжүүлж гүйлгээ хийсэн, /хх 43 тал/

 

4.2 2023.06.01-ний өдөр З., О.******* нар ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, 2023.06.01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай, түрээсийн төлбөр сарын 2 500 000 төгрөгөөр зоогийн газрын зориулалттай объектыг түрээлэхээр харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 44-46 тал/

 

5. Зохигч хамтарч цайны газар ажиллуулахаар тохиролцож тус бүр 5 000 000 төгрөгийн хураамж төлсөн, 5 000 000 төгрөгийн зарцуулалт, 2023.05.29-ний өдрөөс 2023.08.20-ны өдрийг хүртэл хамт ажилласан зэрэгт маргаангүй, харин нэхэмжлэгч Н.*******ийн 5 000 000 төгрөгийг буцаан олгох үндэслэлтэй эсэхэд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар заасан.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараар 2023.05.29-ний өдрөөс эхлэн цайны газрын үйл ажиллагааг эрхлэн явуулж, 2023.06.20-ны өдрөөс 2023.08.20-ны өдрийг хүртэл хугацааны 37 өдөрт нь нэхэмжлэгч Н.******* бэлтгэх тогоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан байна.

 

Зохигч тус бүр 5 000 000 төгрөгийн хөрөнгийг нийлүүлж, хамтарч цайны газар ажиллуулж, олсон ашгийг адил тэнцүү хуваахаар амаар тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарах аман хэлцэл байгуулагдсан гэж үзэхээр байх боловч хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй гэж дүгнэв.

 

Тодруулбал хэрэгт авагдсан О.*******гийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* дугаарын дансны хуулга, 37 хоногийн хугацаанд 1 300 000 төгрөгийн цалин олгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгч 2023.08.20-ны өдрөөс хойш ажиллаагүй, хариуцагч 2023 оны 10 дугаар сар хүртэл цайны газрыг ажиллуулсан гэх үйл баримт зэргийг харьцуулан дүгнэвэл хариуцагч О.******* нь хамтын үйл ажиллагаа болон мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг эрхлэн удирдаж байсан гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгчид ашиг хуваарилсан болох нь нотлогдохгүй байна.

 

Иймд зохигч хэдийгээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан боловч бодит байдалд уг гэрээ хэрэгжсэн гэж үзэхээргүй байх тул хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнээд хариуцагч О.*******гаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.*******т олгохоор шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн багасгасан үнийн дүнд ногдох хэмжээгээр хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* овогт *******ын ******* /РД:************/-гаас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* овогт *******ын ******* /РД:***********/-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******гаас 94 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ   Д.ЭНХЦЭЦЭГ