Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/74

 

 

 

 

         2022           01           13                                          2022/ДШМ/74

 

М.М, Н.Э, Д.Д,

О.О нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогч Тайгын булаг трейд ХХК-ын хууль ёсны төлөөлөгч У.Б,

хохирогч Тайгын булаг кредит ХХК-ын хууль ёсны төлөөлөгч Ч.Б, тэдгээрийн өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү,

хохирогч Х.Д, Ж.Б, Т.Отгондулам, Б.Б, Х.Д нарын өмгөөлөгч А.Зоригтбаатар,

яллагдагч М.Мын өмгөөлөгч Ж.Гантулга,

яллагдагч О.Оийн өмгөөлөгч С.Батнасан,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2021/ШЗ/1742 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 38 дугаартай прокурорын эсэргүүцлээр Н.М.М, Н.Э, Д.Д, О.О нарт холбогдох 2009010660511 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М.М нь 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 05 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бан Бан” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тус газрын ажилтан Ж.Сын амь биед аюултай нөхцлөөр хүч хэрэглэн довтолсон, энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн дээрэмдэж бусдад 2.921.000 төгрөгийг хохирол учруулсан,

Д.Д, Н.Э нартай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “Сайн ломбард” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хутга хэрэглэж 670.747.500 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж дээрэмдсэн,

О.Отэй бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайгын булаг” ХХК-ийн Л-4 салбарын байранд тус компанийн ажилтан Х.Д, Х.Д, Ж.Б нарын амь биед аюултай нөхцлөөр хүч хэрэглэсэн довтолсон хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.191.296.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Н.Э нь М.М, Д.Д нартай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “Сайн ломбард” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, 670.747.500 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэрэгт,

3. Д.Д нь М.М, Н.Э нартай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “Сайн ломбард” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, 670.747.500 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж дээрэмдсэн,

мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Т.Отгондуламын эрүүл мэндэд “тархи доргилт" гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.Бын эрүүл мэндэд “умайн доргилт, зулбахыг завдсан байдал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт,

4. О.О нь М.Мтой бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайгын булаг” ХХК-ийн Л-4 салбарын байранд тус компанийн ажилтан Х.Д, Х.Д, Ж.Б нарын амь биед аюултай нөхцлөөр хүч хэрэглэсэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.191.296.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Ж.Бын биед халдан “баруун сарвууны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Д.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

О.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан прокурор, хохирогч, түүний өмгөөлөгч, яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан санал, хүсэлт тайлбар зэрэгтэй холбогдуулан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн буюу хохирогчоор тогтоогдвол зохих этгээдүүдийн эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараахь үндэслэлтэй гэж үзэв. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. ...”, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана. ...” гэж зааснаар эд хөрөнгийн өмчлөгч иргэдийг тус эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоон, учирсан хохирол, хор уршгийг тогтоох шаардлагатай. Тухайн барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байсан иргэд нь хохирогчоор тогтоогдоогүй учир гэмт хэргийн хохирлыг тогтоосон эд зүйлийн үнэлгээтэй хүсэлт гаргах, хохирлоо нөхөн төлүүлэх эрх нь зөрчигдөж байгаа нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод үл нийцэх бөгөөд хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч нарт эд зүйлийн үнэлгээг танилцуулсан талаар прокурорууд ямар нэг баримт, нотолгоо гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Мөн хохирогч нарыг бүрэн гүйцэд тогтоогоогүй буюу иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгаж хохирол, хор уршгийг тогтоосон асуудлыг нэг мөр шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан эсэхийг нягтлан шалгах шаардлагатай.

Хохирол хор уршигтай холбоотой гаргасан хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах нь зүйтэй. Учир нь, хөрөнгийн үнэлгээ нь алт, монет, мөнгөний сорьцыг ялган салгалгүйгээр үнэлгээ гаргасан нь хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй нөхцөл үүсгэж байна. Яллах дүгнэлтэд дурдагдсан хохирлын үнэлгээний хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зөрүүтэй, эргэлзээтэй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

“Бан Бан” барьцаалан зээлдүүлэх газар болон “Тайгын булаг” ХХК-г хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “...хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг...” хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор заасан боловч мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...” гэж зааснаар зөвхөн мөрдөгч, прокурор энэ эрхийг эдлэхээр хуульчилжээ. Энэ нь хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байх тул хууль ёсны төлөөлөгчийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...мөрдөгч дараахь хүн, хуулийн этгээд, эд зүйл, хөрөнгийг олох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг өөрийн санаачилгаар, эсхүл шүүхийн шийдвэр, прокурорын даалгавраар явуулна...” гэж зааснаар алдагдсан эд зүйлийг эрэн хайх ажиллагааг хийж гүйцэтгүүлэх талаар өмгөөлөгч нар хүсэлт гаргасан бөгөөд энэ мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийж шалгах шаардлагатай.

Мөн өмгөөлөгч Ж.Гантулга шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...эд мөрийн баримтаар хураагдсан жагсаалт дотор гутлын мөр 1 ширхэг, кабель багцлагч 7 ширхэг, СД 7 ширхэг, плаш 2 ширхэг, уяа 1 ширхэг хамт хүргүүлэв гэсэн байгаа юм. Эдгээр эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу хураан авах тэмдэглэл үйлдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл байна. Өөрөөр хэлбэл, эдгээр баримтуудыг хураан авалгүй эд мөрийн баримтаар тооцсон. Хураан авах тэмдэглэлийг хураан авч байгаа этгээдээс 2 хувь үйлдээд, 1 хувийг нь хураан авсан этгээдэд үлдэх гэсэн хуулийн зохицуулалт байна. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Цахлай тойргийн “Сайн” ломбарднаас дээрэмдсэн хэргийн газрын үзлэгээр 7 ширхэг гарын мөр, 11 ширхэг бээлийн мөр, 4 ширхэг гутлын мөр, кабель багцлагч 8 ширхэг гэж байгаа юм. Тэгэхээр яллах дүгнэлт нь дээр 11 ширхэг бээлийн мөр, 7 ширхэг гарын мөр огт байхгүй байгаа. Тэдгээр эдгээр нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яасан талаар тодорхой дурдаагүй. Эдгээр нотлох баримтууд хавсралтад дурдагдаад байж байх ёстой. Гэтэл  эдгээрийг хаясан байна. Кабель багцлагч эд мөрийн баримтаар 8 ширхэг хураан авсан гэтэл яллах дүгнэлтэд 7 гэсэн байгаа. 1 кабель багцлагч байхгүй байна. Хаана, ямар байдалтай алга болсон талаар тодорхойгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг тоо ёсоор нь шүүхэд шилжүүлсэн үү гэдэг дээр эргэлзээ төрж байна...”гэжээ. Иймд эд мөрийн баримтыг нягтлан шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн эсэхийг тогтоох нь зүйтэй.

Дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийлгүйгээр яллагдагч М.М, Н.Э, Д.Д, О.О нарт холбогдох 2009010660511 дугаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгчийн захирамжид дурдаагүй боловч хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт болон хэргийн бодит байдлыг нотлох хуульд заасан бүх арга хэмжээг авах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч М.М, Н.Э, Д.Д, О.О нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй.

Хэрэг прокурорт очтол яллагдагч М.М, О.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Н.Э, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс хэргийг буцаасан үндэслэлдээ дараахь байдлуудыг дурдсан бөгөөд эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх талаар гаргасан хүсэлтийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан атлаа дээрх өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтэд заасан яллагдагч нарт ял нэмж сонсгох агуулга бүхий гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар, мөн хуулийн 6.12-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэхээр хуульчилсан байхад дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх, хүлээн авсан, хүлээн авахаас татгалзсан эсхүл хэлэлцэхгүй орхисон талаар тодорхой заагаагүй орхигдуулсан, энэ асуудлыг шийдвэрлэсэн талаар шийдвэр гаргаагүй.

Түүнчлэн энэ хэргийн тухайд гэмт халдлагад өртсөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бан Бан” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цахлайн” автобусны буудлын орчим үйл ажиллагаа явуулдаг “Сайн ломбард” барьцаалан зээлдүүлэх газар, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайгын булаг” барьцаалан зээлдүүлэх газруудад гэмт этгээдүүд халдаж, эд зүйл дээрэмдсэн ингэхдээ бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан зэрэг байдлаар уг асуудлыг авч үзэх нь зүйтэй.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлд зааснаар дээрх аж ахуй нэгжийн төлөөлөх эрхтэй иргэнийг бусдын эд хөрөнгийг хадгалж хамгаалах үүрэг бүхий байгууллагын өмчлөлд шууд шилжүүлсэн иргэдийн өмчлөлд байгаагүй, гэрээний нөхцөлтэй хадгалагдаж байсанд байдалд дүгнэлт өгсөн бөгөөд өөрөөр хэлбэл хохирогч бол гагцхүү Эрүүгийн хуульд заагдсан нийгэмд аюултай гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийг ойлгохоор тодорхойлсны дагуу уг аж ахуй нэгжийн төлөөлсөн иргэний хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болно.

Тухайн иргэдийн барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн гэрээний үндсэн дээр хадгалагдан хамгаалагдаж байсан эд хөрөнгийг “Тайгын Булаг”, “Бан Бан” зэрэг аж ахуй нэгж хариуцах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэмт хэргийн улмаас шууд уг аж ахуйн нэгжүүд хохирол учирсан гэж үзэж байгаа тул дээрх ажиллагааг хийх боломжгүй гэж үзэж байна.

Хэрэгт Сайн ломбардын Цахлай салбарт 781 орчим иргэний 1651 эд зүйлс, Сайн ломбардын Л-4 салбарт 2102 иргэний эд зүйлс, “Бан Бан” барьцаалан зээлдүүлэх газарт 3 иргэний эд зүйлс гэрээний үндсэн дээр түр хадгалагдаж байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйл баримтаар тогтоогдсон бөгөөд уг аж ахуйн нэгжүүдэд зээлийн гэрээний үндсэн дээр эд зүйлээ барьцаалж, түр хугацаагаар бүрэн бүтэн байлгах, алдагдах буюу устгаж гэмтээсэн тохиолдолд хариуцах үүргийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хүлээсэн байсан тул эд зүйлээ алдсан гэх иргэдийг нэг бүрчлэн хохирогчоор тогтоож асуух нөхцөл үүсээгүй юм.

Учир нь тухайн иргэдийн барьцаалуулсан эд зүйлс шууд өөрийн өмчлөл, хяналтад байгаагүйгээс тухайн эд зүйл нь бусдын халдлагад өртөж, алдагдсан байдал нь тэдгээрийг Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэмт хэргийн улмаас шууд хохирсон гэж үзэх боломжгүй байгаа тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзээгүй болно.

2. Шүүх хуралдаанаар нөхөн хийж болохгүй бүрэн биш ажиллагаа гэдэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа явуулж байж нотлох баримт шинээр цуглуулах, гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, эсхүл мөрдөн шалгах ажиллагааг өөр газарт буюу нэмэлт олон ажиллагаа явуулах шаардлага үүссэн байхыг ойлгохоор тодорхойлсон бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтооход ашиглаж буй хэлбэр юм.

Шүүхээс шинжээчид асуулт тавьж тавигдсан асуултын заримыг нь хариулж, заримыг нь орхигдуулсан тэр тухай үндэслэл шалтгаанаа дүгнэлтэд тусгаагүй, шинжилгээний хариу бүхэлдээ тодорхой биш, хэргийн бодит байдал, бусад нотлох баримтуудтай нийцэхгүй, зөрчилдөх, аль эсхүл хуульд заасан журам, шинжилгээ хийх дүрмийг зөрчсөн, түүнчлэн шинжээчийн мэдлэг чадварт эргэлзээ төрвөл дахин шинжилгээ хийлгэх үндэслэл үүсэх боломжтой юм.

Гэтэл энэ талаар тодруулаагүй мөртлөө хэт ерөнхий байдлаар үнэлгээний дүгнэлт зөрүүтэй, эргэлзээтэй гэсэн тодорхойгүй шалтгаанаар дахин шинжилгээ хийж гүйцэтгэх асуудлаар тодорхойлсон нь учир дутагдалтай болжээ.

Энэ талаар хавтаст хэргийн хүрээнд тухайн аж ахуйн нэгжүүд нь иргэнтэй хийсэн гэрээний дагуу албажуулсан баримт бичиг, эд зүйлд нь зах зээлийн үнэлгээгээр хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа бөгөөд шүүхээс дээрх ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр шинжээчийн дүгнэлтийг зөрүүтэй, эргэлзээтэй гэсэн байдлаар тодорхойлсон нь үндэслэлгүй болжээ.

3. Шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан хэрхэн үгүйсгэж эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл: Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нотолсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд бодит байдлыг тогтоох, улмаар яллагдагчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, дүгнэлт өгч, тэдгээрийн агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулах шаардлагатай гэрч, хохирогч, шинжээч нарыг оролцуулах хэлбэрээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.

4. Эд мөрийн баримтыг нягталж, шалгах талаарх шүүхээс хийсэн заалт нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хууль зүйн эргэлзээ үүсэх байдал гараагүй байхад тодорхой бусаар энэ талаар тодорхойлсон нь хэт нийтлэг, ойлгомжгүй, хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй байдлаар үнэлэлт, дүгнэлт өгч байгаа нь учир дутагдалтай байх тул Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн агуулгад нийцэхгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”... гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн шүүгчийн захирамжийн удирдлага болгож буй заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т заасныг давхар баримталсан нь ойлгомжгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 1742 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч “Тайгын булаг трейд” ХХК-ын хууль ёсны төлөөлөгч У.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн Н.Э, Д.Д нар нь хувийн баталгаатай гадуур явж байгаа тул эдгээр хүмүүсийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хориулах саналтай байна. ...” гэв.

Хохирогч “Тайгын булаг кредит” ХХК-ын хууль ёсны төлөөлөгч Ч.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эдгээр яллагдагч нарын удаа дараагийн дээрмийн хэргийн улмаас манай байгууллагад болон олон иргэдэд их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн эдгээр хүмүүсийг хаацайлж байгаа юм шиг хохирогч болох манай байгууллагыг хохирлоо төл гэдэг байдлаар хандаж байгаад гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийхгүй байна гэж үзэж байна. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн эд мөрийн баримт болох хөрөнгүүдээс өнөөдрийн байдлаар илрүүлж, гаргуулсан зүйл байхгүй байгаа зэргээс харахад мөрдөгч, прокурор хуульд заасан гүйцэтгэх ажиллагааг хангалтгүй хэрэгжүүлж байна. Үүнээс шалтгаалж харилцагч иргэдийн итгэл алдрах хүндрэл тулгарч байна. Харилцагч иргэд компани дээр ирээд “эд зүйлсээ биет байдлаар авмаар байна. Бидэнд хэргийн талаар ямар ч мэдээлэл алга. Прокурорын байгууллагаас биднийг хохирогчоор тогтоогоогүй, нэг ч зүйл тодруулаагүй. Ийм нөхцөлд яаж бидний хохирлыг барагдуулах вэ” гэдэг байдлаар компани руу дайрч, хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, Төрийн бус байгууллага байгуулан зохион байгуулалттай арга хэмжээнд орсон байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

Хохирогч “Тайгын булаг трейд” ХХК-ын хууль ёсны төлөөлөгч У.Б, хохирогч “Тайгын булаг кредит” ХХК-ын хууль ёсны төлөөлөгч Ч.Б нарын өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжид алдагдсан эд зүйлийг эрэн хайх ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэх үндэслэлийг дурдсан.  Энэ нь үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх шаардлагатай гэх үндэслэлийг шүүгчийн захирамжид дурдсан байна. Прокурорын зүгээс эд зүйлсээ алдсан хүмүүсийг хохирогчоор тогтоох шаардлагагүй гэж эсэргүүцэл бичсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эд зүйлийн өмчлөгчийг хохирогчоор тогтоохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, бөгжний эзэн эд зүйлсээ алдсан учраас хохирогчоор тогтоогдох хуулийн зохицуулалттай. М.М нар нь хохирогчийн эд зүйлсийг дээрэмдэж аваад тухайн эд зүйлс нь устаж, үгүй болоогүй, ямар нэгэн газар нууж, хадгалсан байгаа нь тодорхой байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлс олдсон тохиолдолд эд зүйлсээ алдсан иргэд өөрсдийн эд зүйлсээ авах бүрэн боломжтой болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хохирогч нарыг зөв тогтоох шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Мөн хавтас хэргийн материалд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон иргэд “эд зүйлсээ авмаар байна. Мөнгөөр хохирлоо барагдуулахгүй. ...” гэсэн байдаг. Эдгээр эд зүйлс нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжлах ажиллагаагаар олдох бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн хохирлын үнэлгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай, уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Учир нь, эд зүйлийн хийц, бүрдэл, шинж чанар нь үнэлгээгээр тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, алтан эдлэлтэй холбоотой үнэлгээг 179.000 төгрөг гэж нэг байдлаар гаргасан байна. Гэтэл алт нь дотроо 3-4 төрлийн өөр сорьцтой байдаг бөгөөд ялгаатай үнэлгээтэй байтал сорьцийг нь ялгаж салгаж үнэлээгүй. Мөн эд зүйлсийн жинг тухайн эд зүйлийн бүрдэл хэсгээр жинлэж үзээд нийт дүнгээр нь үнэлгээ гаргасан. Өөрөөр хэлбэл, алтан эдлэл дээр чулуун шигтгээтэй байвал өөр үнэлгээ гаргах ёстой байтал нийтээр нь алтан эдлэл байна гэж үнэлгээг гаргасан. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, шинжээчийн шүүх хуралдаанд оролцуулсан ч зах зээлийн ханштай холбоотой нарийн дүгнэлтийг гаргах боломжгүй. Үнэлгээтэй холбоотой асуудлыг шүүх хуралдаанаар гүйцэтгэх болвол олон иргэд хохирч, цаг хугацаа алдах нөхцөл байдал бий болно. Мөн өнөөдрийг хүртэл хэргийн зүйлчлэл тодорхойгүй байна. Өмгөөлөгч нарын зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад “хэргийн зүйлчлэлийг анхаарч үзнэ үү, энэ асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгөөч” гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч прокуророос шийдвэрлэнэ гээд ажиллагаа хийлгүй удаа дараа орхигдуулсан. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн, 13 дугаар бүлэгт заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжүүд байсаар байтал мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжид өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан. Мөн энэ хэргийг заавал нэгтгэн шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Мын үйлдэл нь үргэлжилсэн гэмт хэргийн шинжийг хангахгүй, тус тусдаа бие даасан гэмт хэргүүд байна. Иймд тус гэмт хэргийг прокурорт буцсаны дараа тусгаарлан шалгах шаардлагатай. Ингэснээрээ олон хохирогч нарын эрх ашгийг хангасан, хамгаалсан үйлдэл болно. Мөн эд зүйлсийг эрэн сурвалжлах ажиллагаа огт хийгдээгүй байх тул зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч “Тайгын булаг трейд” ХХК-ын хууль ёсны төлөөлөгч У.Б, хохирогч “Тайгын булаг кредит” ХХК-ын хууль ёсны төлөөлөгч Ч.Б нарын өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Прокурорын эсэргүүцэлд “өмчлөгчдийн хяналтад байгаагүй учраас хохирогчоор тогтоохгүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн прокуророос өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд “хэргийг хянаж байна, одоогоор шийдэх боломжгүй байна” гэсэн хариу өгдөг, тодорхой хариултыг өгдөггүй. Улсын Ерөнхий Прокурорын орлогч Чинбатын “2100 хүнийг хохирогчоор тогтоож шалгах шаардлагатай, уг ажиллагаа хийгдэж байгаа” гэсэн албан бичиг хавтас хэрэгт бий. Гэтэл дүүргийн прокуроруудаас ажиллагаа хийхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтийн тухайд хохирогч иргэдэд танилцуулалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь дутагдалтай байна. Барьцаалан зээлдүүлэх газрыг хохирогч, иргэний хариуцагчаар татсан. Нэг хэрэгт хохирогч, иргэний хариуцагчаар зэрэг татагдаж байгааг урьд нь харж байгаагүй. Үүнийг анхан шатны шүүхээс үндэслэлгүй гэж үзсэн тул хуулийн дагуу дахин тогтоо гэж буцаасан. Яллах дүгнэлтэд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дээрмийн хэрэг дээр Д.Д, Н.Э нар хутгатай орсон байхад зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж зүйлчлээгүй. Гэтэл шүүхээс яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх хэрэгтэй болно. Иймд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Х.Д, Ж.Б, Т.Отгондулам, Б.Б, Х.Д нарын өмгөөлөгч А.Зоригтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Яллагдагч М.Мын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогоогүй. 13 дугаар хавтас хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилсон тогтоол бий. Энэ тогтоол дээр “1562 жагсаалтыг файлаар хүргүүлэв” гэсэн байна. Гэтэл “Дамно” компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан дээр 1662 иргэний хохирлын үнэлгээг тогтоож 1.191.296.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн байна. Үүнээс харахад шинжээч томилсон тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй, хохирогчийн тоо зөрүүтэй байна. Мөн шинжээч тусгай мэдлэгийнхээ хүрээнд шинжилгээнд ирүүлсэн эд зүйлсийн онцлог шинжээс нь хамаарч дүгнэлт гаргаж чадаагүй байна. Түүнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлээгүй байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Яллагдагч О.Оийн өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогдоогүй, хэт ерөнхий байдлаар үнэлгээ хийснээс болж энэ асуудал үүсэж байна. Эдгээрийг мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй нөхөн гүйцэтгэх шаардлагатай.  Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад яллагдагч М.М, Н.Э, Д.Д, О.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, М.М, Н.Э, Д.Д, О.О нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна.

Өөрөөр хэлбэл, прокурор Н.Анхбаярын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 38 дугаартай “...Тухайн иргэдийн барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн үндсэн дээр хадгалагдан хамгаалагдаж байсан эд хөрөнгийг “Тайгын булаг”, “Бан Бан” зэрэг аж ахуйн нэгж хариуцах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэмт хэргийн улмаас шууд уг аж ахуйн нэгжүүд хохирол учирсан гэж үзэж байгаа тул эд зүйлээ алдсан гэх иргэдийг нэг бүрчлэн хохирогчоор тогтоож асуух ажиллагааг хийх боломжгүй. ....Аж ахуйн нэгжүүд нь иргэнтэй хийсэн гэрээний дагуу албажуулсан баримт бичиг, эд зүйлд нь зах зээлийн үнэлгээгээр хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа бөгөөд шүүхээс дээрх ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр шинжээчийн дүгнэлтийг зөрүүтэй, эргэлзээтэй гэсэн байдлаар тодорхойлсон нь үндэслэлгүй. ...Анхан шатны шүүх яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нотолсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй. ...Эд мөрийн баримтыг нягталж, шалгах талаар шүүхээс хийсэн заалт нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хууль зүйн эргэлзээ үүсэх байдал гараагүй байхад тодорхой бусаар энэ талаар тодорхойлсон нь хэт нийтлэг, ойлгомжгүй, хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай байна. ...” гэх агуулга бүхий прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Түүнчлэн, шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг хэргийн оролцогч нарыг оролцуулж хэргийг цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох ажиллагаа хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, М.М, Н.Э, Д.Д, О.О нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2021/ШЗ/1742 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.М, Н.Э, Д.Д, О.О нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл яллагдагч М.М, О.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Н.Э, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ