Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0589

 

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0589

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Батбаатар, шүүгч Н.Дамдинсүрэн нар тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Ж*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Э*******

Хариуцагч: Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******

Хариуцагч: Дотоодын цэргийн штабын дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э*******

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга Дотоодын цэргийн командлагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б*******, Х.Н*******

Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******, хариуцагч Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Дотоодын цэргийн штабын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга Дотоодын цэргийн командлагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, Х.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Ж******* нь Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргад холбогдуулан Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгуулах-аар маргасан.

2.Тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0658 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2022/0741 дүгээр магадлалаар ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино, 25.2-т Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна гэсний аль тохирох ажиллагааг хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

3.Мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2023/2338 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар Дотоодын цэргийн штабын даргыг, шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШТ2023/0064 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийг тус тус хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

4.Нэхэмжлэгч Т.Ж******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/380 дугаар тушаалаар Б******* аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах /гэрээт/ хэсэгт эргүүлийн офицероор, Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Б******* аймаг дахь Ц чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар томилогдсон.

5.Нэхэмжлэгч Т.Ж*******аас Б******* аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 28/1521 дүгээр албан бичгээр Дотоодын цэргийн штабын даргад гаргасан цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг авах хүсэлтийг Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 дугаар албан бичгээр ...Дотоодын цэргийн тухай хуульд мөнгөн урамшил олгох тухай тусгагдаагүй ба алба хаагчдын эрх зүйн байдлыг сайжруулах үүднээс уг урамшууллыг олгуулахаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хууль батлагдсан тохиолдолд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч дээрх хариуг эс зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан гомдол гаргасныг Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5б/3643 дугаар албан бичгээр ...Дотоодын цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна гэж заасан. Та Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны Б/01 дүгээр тушаалаар Б******* аймаг дахь Ц чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар томилогдсон тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Миний бие Т.Ж******* Б******* аймаг дахь Дотоодын цэргийн дүгээр тусгай салбарын харуулын даргаар ажиллаж байгаа ба цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна.

...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Гэрээт хэсэг байгуулах, орон тоо батлах тухай Б/179 дүгээр тушаалаар тус Цагдаагийн газрын бүтцэд Ц чөлөөт бүсийн хамгаалалтыг зохион байгуулах үүрэг бүхий Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсэг анх байгуулагдсан ба 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн Газрын 281 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны МН/08 дугаар тушаал болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/492, Б/493, Дотоодын цэргийн командлагчийн Б/01, Б/03 дугаар тушаал бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан Дотоодын цэрэгт шилжин ажиллах болсон талаар бүх тушаал шийдвэрүүд гарч олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсэг нь Б******* аймаг дахь Ц чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа нэрээр байгуулагдсан.

Тусгай салбарын хамгаалалтад байгаа Чөлөөт бүс нь Монгол Улсын баруун хойд хэсэгт тус аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт, Цагаануур тосгоны төвд Улаанбаатар хотоос 1705 км, аймгийн төвөөс 70 км, улсын хилээс дотогш 28 км зайд оршдог.

Миний бие Дотоодын цэргийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Дотоодын цэргийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ гэж зохицуулсан бол Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгоно... гэж зохицуулсан ба Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ, 11 дүгээр зүйлийн 11.1-т Дотоодын цэргийн үндсэн чиг үүргийг тодорхойлж өгсөн бөгөөд эдгээр чиг үүргүүд Цагдаагийн албан хаагчийн гүйцэтгэх чиг үүрэгт мөн адил хамаарч байгаа тул миний бие дээрх хууль тогтоомжид заасан урамшууллыг авах эрхтэй байна.

Уг асуудлаар Дотоодын цэргийн штабт хандахад Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Д******* нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоотоор Дотоодын цэргийн тухай хуульд мөнгөн урамшуулал олгох тухай тусгагдаагүй... гэх үндэслэлээр татгалзсан хариу өгсөн.

Тус шийдвэрт Дотоодын цэргийн штабын дээд байгууллага болох Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр гомдлыг хангахаас татгалзжээ. Иймд Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Д*******гийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоотоор өгсөн хариу Цагдаагийн албаны тухай хууль болон Дотоодын цэргийн тухай хуулийн дээрх заалтуудад нийцээгүй байх тул хүчингүй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг олгох шийдвэрийг гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Ж******* нь Б******* аймгийн Ц дахь чөлөөт бүс, 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолоор байгуулагдсан уг чөлөөт бүсийн харуул, хамгаалалтын зориулалтаар байгуулагдсан Дотоодын цэргийн дугаар тусгай салбарын харуулын даргын албан тушаалд ахмад цолтойгоор ажилладаг. Б******* аймгийн тус чөлөөт бүс нь аймгийн Ногоон нуур сумын 9 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Ц тосгонд Улаанбаатар хотоос 1705 км, Өлгий буюу аймгийн төвөөс 70 км, улсын хилээс дотогшоо 28 км байршилтай байдаг. Дотоодын цэргийн тухай хуульд заасны дагуу чиг үүргээ гүйцэтгэж, албаны чиг үүрэг гүйцэтгэдэг. Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-д аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно гэж заасан байдаг. Таван жилийн хугацаанд тасралтгүй ажилласан бол уг урамшууллыг олгох эрхийг Цагдаагийн албаны тухай хуульд заасан байдаг бөгөөд Дотоодын цэргийн тухай хуулийн 36.1-д энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн албан хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн албан хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ гэж заасан байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан баталгаа нь нэмэлт баталгаа гэсэн зохицуулалтаар хуульд байдаг. Улмаар энэ нөхцөлүүдийг хангаж, аймгийн төвөөс бусад суманд таван жил тасралтгүй ажиллаж, дээрх хуульд заасан урамшууллыг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа Дотоодын цэргийн штаб, Дотоодын цэргийн штабын захирагч нарт хүргүүлж гаргаж байсан.

Гэтэл тухайн үед бичгээр хариу өгөхгүй байсан. Хамгийн сүүлд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын 02/722 тоот албан бичгээр Дотоодын цэргийн тухай хуульд мөнгөн урамшуулал олгох тухай тусгагдаагүй гэдэг үндэслэл заасан. Энэ татгалзлыг хууль бус гэж үзэж байна. Яагаад гэвэл Дотоодын цэргийн тухай хуульд энэ мөнгөн урамшууллын талаар тусгасан. Шууд хуульд тусгагдаагүй боловч хуулийн 36.1-д дотоодын цэргийн алба хаагчдад Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчдад олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ гэдэг нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан бүх баталгаа үйлчлэхээр шууд зохицуулсан бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан аймгийн төвөөс бусад суманд таван жил тасралтгүй ажилласан цагдаагийн албан хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн олговрыг олгох гэж энэ хуулийг ишилж хуульчилсан байгаа. Үүнийг хуульд заагаагүй байна гэдэг үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь Дотоодын цэргийн тухай хуулийн 36.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасныг зөрчсөн, хууль бус татгалзал байна. Иймд тус хууль бус татгалзлыг хүчингүй болгож, Дотоодын цэргийн албан хаагчийн хуулиар эдлэх баталгааг хангуулж, 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгуулах талаар шийдвэр гаргуулж өгнө үү. гэв.

9.Хариуцагч Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн командлагч байна гэж заасан. Мөн хуульд дотоодын цэргийн төсвийг цагдаагийн газрын төв байгууллага хариуцна гэсэн заалт байдаг. Тус хуульд заасан мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн Газар батлах бөгөөд Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор Цагдаагийн албан хаагчдад мөнгөн урамшуулах олгох журам-ыг баталж өгсөн байдаг. Цагдаагийн төв байгууллага руу Цагдаагийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан цагдаагийн албан хаагчийн эдлэх баталгааг дотоодын цэргийн албан хаагч эдлэх боломжтой эсэх талаар албан бичиг илгээж байсан. Гэтэл Засгийн газрын баталсан энэ журамд дотоодын цэргийн албан хаагч гэж байхгүй зөвхөн цагдаагийн албан хаагчид олгоно гэсэн хариу ирсэн. Дотоодын цэргийн тухай хуульд энэ талаар нэмэлт өөрчлөлт орохоор хуулийн төслөө боловсруулж Улсын Их хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан байгаа. Тэгэхээр одоогоор бол дотоодын цэргийн албан хаагчдад энэ мөнгөн урамшууллыг олгох боломжгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/42 дугаар тушаалаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг-ийг байгуулсан.

Тус ажлын хэсгээс Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг бэлтгэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүд болон прокурорын байгууллагаас холбогдох саналыг авч, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. гэжээ.

10.Хариуцагч Дотоодын цэргийн штабын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт "Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална" гэж заасан. Хуулийн хэрэгжилтийг хангаж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор "Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам"-ыг баталж, цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшууллыг хэрхэн олгох талаар тодорхой тогтоож егсөн байдаг. Тодруулбал уг журмын 5 дугаар зүйлд "Цагдаагийн алба хаагч мөнгөн урамшил авах хүсэлтээ тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албанд, 6 дугаар зүйлд "Энэхүү журмын 5 дугаар зүйлд заасан албан тушаалтан хүсэлтийг хүлээн авч, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажилласан хугацааг тодорхойлно." 7 дугаар зүйлд "Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь аймгийн төвөөс бусад сумдад ажиллаж байгаа энэ журамд заасан мөнгөн урамшил авах нөхцөлийг хангасан цагдаагийн алба хаагчдын нэр, ажилласан хугацаа, олгох мөнгөн урамшилд шаардагдах хөрөнгийн судалгааг жил бүр гарган цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ." 10 дугаар зүйлд "Энэ журмын 7, 8 дугаар зүйлд заасан судалгаа, баримт бичгийг цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хүлээн авч, аймгийн төвөөс бусад сумдад тасралтгүй ажилласан хугацааг тооцон мөнгөн урамшил олгох шийдвэр гаргуулах саналыг цагдаагийн төв байгууллагын даргад уламжлан шийдвэрлүүлнэ." гэж цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох харилцааг тус тус зохицуулж өгсөн байна." Журмын дээрх зохицуулалтаас харвал Дотоодын цэргийн штабын дарга болон Дотоодын цэргийн штабын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нарт дээрх асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ хууль тогтоомжоор олгогдоогүй байна. Энэхүү хэрэг маргааны жинхэнэ хариуцагч нь Дотоодын цэргийн штабын дарга, тус штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга нартай хамааралгүй байх бөгөөд мөнгөн урамшууллыг олгох эрх бүхий байгууллага албан тушаалтан нь Цагдаагийн ерөнхий газар буюу Цагдаагийн ерөнхий газрын дарга байна. гэв.

11.Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба Хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ." гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт "Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална." тус тус зохицуулсан. Цагдаагийн албаны тухай хуулийн зохицуулалтаас үзвэл 5 жил тутам мөнгөн урамшил олгох нарийвчилсан зохицуулалтыг Засгийн газраас тогтоохоор заасан ба Үүний дагуу Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолын хавсралтаар "Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам"-ыг баталсан. Дээрх журмын 2 дугаар зүйлд "Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй." гэж нарийвчлан зохицуулсан бөгөөд Дотоодын цэргийн тухай хуулийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа дотоодын цэргийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох эрх зүйн зохицуулалтгүй байхгүй.

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр "Дотоодын цэргийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт "Дотоодын цэргийн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 87.3, 89.2-т заасан баталгаагаар цагдаагийн алба хаагчийн нэгэн адил хангагдана." гэж шинээр нэмсэн. Өөрөөр хэлбэл Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар "Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох" асуудлыг дээрх заалтын дагуу шийдвэрлэх боломжгүй байсан тул Дотоодын цэргийн байгууллагаас санаачилж, алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний ажилдаа хандах хандлага, итгэл үнэмшил, хариуцлагыг нэмэгдүүлэх, ажлын бүтээмж, үр дүнг сайжруулах, хуульд заасан баталгаагаар тэгш хангах зорилгоор хуульд нэмэлт оруулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааг цагдаагийн албаны тухай хуульд заасан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох зохицуулалтад хамааруулан тэтгэмж олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.Ж*******ын гаргасан Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Т.Ж******* болон түүний өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 дугаар албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

2.1.Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ хэмээн заасны дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгоно гэх зохицуулалт нэхэмжлэгчид хамаарна.

2.2.Хариуцагчаас Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан мөнгөн урамшлыг олгохоос татгалзсан нь Дотоодын цэргийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 36 дугаар зүйлийн 36.1-т заасныг тус тус зөрчсөн.

3.Нэхэмжлэгч Т.Ж******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 539 дүгээр тушаалаар Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны сургалтад суралцан, Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргын 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар тушаалаар цагдаагийн албанд томилогдсон.

4. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/380 дугаар тушаалаар Б******* аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах /гэрээт/ хэсэгт эргүүлийн офицероор, Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Б******* аймаг дахь Ц чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар тус тус томилогдон ажилласан болох нь Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 27-08/1012 дугаар лавлагаа холбогдох бусад баримтаар тогтоогджээ.

5.Нэхэмжлэгч Т.Ж*******аас гаргасан Б******* аймаг дахь Цагдаагийн газраар уламжлуулан 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дотоодын цэргийн штабын даргад цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг авах хүсэлтэд Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 дугаар албан бичиг болон Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5б/3643 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

6. Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална,

Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн командлагч байна, 36 дугаар зүйлийн 36.1 Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ,

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар уг хуулийн 4.1.1."дотоодын цэргийн алба хаагч" гэж цэргийн тангараг өргөж, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг;", гэж өөрчлөн найруулсан, түүнчлэн мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.6.Дотоодын цэргийн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 87.3, 89.2-т заасан баталгаагаар цагдаагийн алба хаагчийн нэгэн адил хангагдана. гэсэн заалт нэмсэн байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журмын 1-т Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан мөнгөн урамшил олгоход энэхүү журмыг баримтална, 2-т Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй гэж заажээ.

7.Энэхүү шүүхийн шийдвэр гарах өдрийн байдлаар Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох... урамшлыг Дотоодын цэргийн албан хаагчид олгох нарийвчилсан зохицуулалт нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмж хуульчлагдсан боловч Засгийн газраас тухай харилцааг зохицуулсан журам нь батлагдаагүй байна.

8.Нэхэмжлэгч Т.Ж******* нь Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасны дагуу Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил хамаарах үндэслэлтэй хэдий ч уг харилцааг зохицуулсан хуулийн нарийвчилсан зохицуулалт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлагдахаас өмнө Дотоодын цэргийн алба хаагчдад Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох Дотоодын цэргийн албан хаагчид олгох хууль, эрх зүйн зохицуулалт бүрдээгүй байсан гэж үзэхээр байна.

9.Дотоодын цэргийн алба хаагчдад Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох-оор заасан зохицуулалт Дотоодын цэргийн албан хаагчид нэгэн адил хамаарах талаар нарийвчилсан зохицуулалтгүй байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т.Ж*******ын Ц суманд тасралтгүй 60 сар ажилласан талаарх үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

10.Иймд нэхэмжлэгч Т.Ж*******аас Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Д*******гийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгох шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Д.Б******* нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогчдоос иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ж*******аас Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгох шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Л.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН