Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 553

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга И.Буманбаяр, улсын яллагч Э.Гэрэлмаа, шүүгдэгч Д.Х, хохирогч М.Отгондэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адууч овгийн Дн Хд холбогдох эрүүгийн 1706005410013 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Адууч овгийн Да Хий, 19 оны 11 дүгээр сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, халх, эрэгтэй, Баянгол дүүргийн  дугаар хороо 7 тоотод оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдардаг. /РД: 3/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Д.Х нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шар хоолойн задгайд хамтран амьдрагч М.Отгондэмбэрэлийг гэрээ цэвэрлэж ус авалгүй архи уусан байна гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь баруун 10, 11 зүүн 7 дугаар хавирга суганы шугамаар болон хамар яс хугарсан, биеэр олон тооны цус хуралт, шалбаралтууд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажлаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр архи уучихсан байхаар нь уурлаад зодсон. Өөр хэлэх зүйлгүй”  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Отгондэмбэрэл мэдүүлэхдээ:Шүүгдэгчийн хэлсэн зүйл дээр нэмж хэлэхэд миний хавирга хугарсан байсан. Гомдол санал байхгүй. Миний буруу байсан. Манай найзын төрсөн өдөр болоод хамт архи ууж сууж байгаад гэртээ ирсэн. Хохирол барагдуулсан тул гомдолгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Отгондэмбэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-10/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Х өгсөн мэдүүлэг /хх-28/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Энхмаагийн өгсөн мэдүүлэг /хх-15-16/, мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Ядамсүрэнгийн мэдүүлэг /хх17-18/, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн тухай шүүх эмнэлгийн шинжилгээний ¹9415 тоот дүгнэлт /хх-20/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-03/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, шүүгдэгч Д.Хин иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Хийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн задгайд хамтран амьдрагч М.Отгондэмбэрэлийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

 

Шүүгдэгч Д.Хйг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо Шар хоолойн задгайд хамтран амьдрагч М.Отгондэмбэрэлийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Хөгсөн: “…Ингээд бид хоёр 2016 оноос хамтран амьдарч, 2016 онд Отгондэмбэрэл манай гэрт өвөлжиж бид 2 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойд Отгондэмбэрэлийн ээжийнх нь хашаанд очиж гэрээ бариад амьдарсан. Бид гэрлэлтийн баталгаа байхгүй, бидний дундаас гарсан хүүхэд байхгүй. Отгондэмбэрэл 2 хүүхэдтэй ба хүүхдүүд нь хуучин хадмынд нь байдаг юм. 2017 оны 07  дугаар сарын 20-ны өдөр би өглөө ажилдаа явахад Отгондэмбэрэл гэртээ унтаад үлдсэн ба орой 19 цаг 20 минутад ажлаа тараад гэртээ иртэл Отгондэмбэрэл гэртээ байгаагүй ба хажуу талын айлд төрсөн ах Очирбат болон бэр эгчтэйгээ хамт 2 шил архи уучихсан согтуу байж байсан. Тэгээд би Отгондэмбэрэлийг аваад гэртээ ороод “гэрээ цэвэрлээгүй, ус аваагүй байна” гэж уурлаад загинасан. Тэгтэл Отгондэмбэрэл над руу хайч барьж дайрахаар нь би хайчийг нь булааж авч хаясан чинь миний тэлээг зүүчихсэн байсныгаа тайлж аваад над руу дайрахаар нь миний уур хүрээд тэлээг нь булааж аваад түлхэж унагаад, тэлээгээр бие рүү нь ороолгоод, цээж рүү нь жийгээд, хөлөөрөө өшиглөчихсөн чинь пийшин мөргөөд уначихсан юм. Тэгээд бид хоёр унтаад өглөө босоод байж байтал М.Отгондэмбэрэлийн ах Очирбат нь эхнэртэйгээ хамт согтуу орж ирээд над руу дайраад байхаар нь би гараад явчихсан юм. Тэгсэн чинь манайд нэг машин ирэхээр нь “ашгүй хүн ирлээ” гээд гэртээ очтол Отгондэмбэрэд цагдаа дуудчихсан манайд цагдаа ирсэн байсан. Тэгээд намайг аваад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Отгондэмбэрэл ямар нэг ажил төрөл хийдэггүй, гэртээ л байдаг юм. Би гэрийнхээ хажууханд хувийн барилга дээр ажилладаг юм. …Урьд өмнө Отгондэмбэрэл бид 2 ганц хоёр удаа маргалдаж муудалцаж байсан. Гэхдээ цагдаа сэргийлэхэд шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг.” /хх-29/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Отгондэмбэрэлийн өгсөн: “...Би 2015 онд Хй танилцаж найзын холбоотой байсан. Ингээд 2016 оны 10 дугаар сараас хойш хамтран амьдарч эхэлсэн юм. Ингээд бид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойд ээж Ган-Өлзийгийн хашаанд амьдрах болсон. Бидний дундаас гарсан хүүхэд байхгүй, гэр бүлийн баталгаагүй. Хишигдалай 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 19 цагт ажлаа тараад гэртээ ирчихээд, орж гараад явж байгаад орой 21 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна, Хи надтай хэрүүл өдөөд намайг “гэртээ тогтохгүй байна, гадуур яваад байна, гэр орноо цэвэрлэсэнгүй, ус авсангүй” гээд уурлаад гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжиж байгаад намайг өшиглөж унагаагаад цээж, хэвлий, нуруу хэсэг рүү гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан ба өмднийхөө тэлээг сугалаж аваад аралтай хэсгээр нь миний бие рүү ороолгоод зодсон. Би гарч зугтах гэсэн боловч хаалга цоожтой, Х намайг гэрээс гаргахгүй “чи муу ахдаа очиж хэлэх гээд байна уу” гээд байсан. Тэгээд нүүр амнаас цус гарахаар толгой дээрээс ус асгаад байсан. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өглөө миний бие нилэнхүйдээ хөндүүртэй хөдөлж чадахгүй байсан. Тэгэхэд Х намайг “босч хоол хий, гэрээ цэвэрлэ” гээд байсан. Ингээд байж байхад ах эгч манайд ирээд намайг харчихаад намайг гэр лүүгээ аваад явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага өгсөн. Миний толгой өвдөж, хавирга хугарч, хамар яс хугарч бие нилэнхүйдээ хөхөрч няцарсан байсан. Тэр үед Хй бид хоёроос өөр хүн байгаагүй. Харин маргааш нь манай ах эгч 2 ирж намайг ямар байдалтай байсныг харсан. Х урьд нь намайг 2017 оны 3 дугаар сард бас нэг удаа зодож байсан ба тэр үед нь цагдаа хуулийн байгууллагад мэдэгдээгүй юм. Эмчилгээний зардал баримт байхгүй. Гэхдээ ойролцоогоор 500.000 төгрөгийн зардал гарсан байгаа.” /хх11-12/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9415 дугаар:

          “1. М.Отгондэмбэрэлийн биед баруун 10, 11 дүгээр, зүүн 7 дугаар хавирга суганы шугамаар болон хамар яс хугарсан, нүүр биеэр олон тооны цус хуралт, шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.31-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарнилуах тул гэмтлийн хүндэвтэр үэрэгт хамаарна,

          Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс хамаарна.” /хх-20/ гэх дүгнэлт,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Энхмаагийн өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед би нөхөртэйгээ хамт Отгондэмбэрэлийн гэрт нь очтол Отгондэмбэрэл ганцаараа орон дээрээ буруу харчихсан хэвтэж байсан ба Хишигдалай гэртээ байхгүй байсан. Отгондэмбэрэл бид хоёр луу харахгүй байхаар нь гайхаад татаад хартал нүүр ам нь хөх няц болчихсон, уруул ам нь хавдчихсан байсан. Тэгээд юу болсон бэ гээд асуутал өчигдөр орой Хишгээ гэрийнхээ хаалгыг түгжиж байгаад намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Отгондэмбэрэлийг гэр лүүгээ авч очоод хувцасыг нь тайлаад хартал биен дээгүүр нь тэлээний арлын ором гарчихсан, бие нь нилэнхүйдээ хөхөрчихсөн байсан. Тэгтэл удалгүй Отгондэмбэрэлийн хүү Амарбаясгалан манайд ирсэн. Ингээд цагдаа дуудаж Гачууртын цагдаа ирсэн. Тэр үед Хишигдалай манай зүүн талын уулан дээр хүний нохой салхилуулаад явж байхад нь зааж өгч бариулсан. Хишигдалай, Отгондэмбэрэл 2 хоёулаа архи бага зэрэг хэрэглэдэг. …Отгондэмбэрэл манай нөхөр бид гурав 2017 оны 7 дугаар сарын 20-ны өглөө нэг шил архи хувааж уусан байсан. …Хий, Отгондэмбэрэлд хүний хажууд гар хүрдэггүй юм. Хүнгүй үедээ л нүднээс далдуур гар хүрдэг юм.” /хх17-16/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Ядамсүрэнгийн өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт дахь Цагдаагийн дэд хэсгийн Гачуурт 41 дээр ахлах ахлагч Өвгөнбүргэдийн хамт үүрэг гүйцэтгэж байхад Гачуурт 10-аас 13 цаг 10 минутад “Манай ээжийг хүн зодсон байна” гэсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолойн задгайд очиход иргэн М.Отгондэмбэрэл гэх эмэгтэй байсан ба уг эмэгтэй биеийн ил харагдах хэсэг нилэнхүйдээ хөхөрч улайсан байдалтай байсан ба “манай нөхөр намайг зодсон” гэж хэлсэн. Ингээд нөхөр болох Д.Хг гэрийн ойролцоох уулан дээр явж байхад нь дуудаж уулзаад барьж авч, Гачуурт 10-т жижүүрийн хэрэг бүртгэгч дэслэгч Амгаасэдэд хүлээлгэн өгч ажилласан. М.Отгондэмбэрэлийн нүүр, ам, гар зэрэг газраар хөхөрч гэмтсэн байдалтай байсан.” /хх-18/ гэх мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-3/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Хг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Хй нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч М.Отгондэмбэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт “…надад эм тариа авч өгсөн, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүхээс шүүгдэгч Д.Хд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгч Д.Хд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.