Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/01054

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, **** хороолол, ** дугаар байр, *** тоотод оршин суух, ****** овогт Т.Ү (РД:************)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, , *** тоот хаягт байрлах “Ц*******” ХХК (РД:******)-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндсэн төлбөр 17,500,000 төгрөг, алданги 8,750,000 төгрөг, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлс 2,300,000 төгрөг, нийт 28,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А*******,

Хариуцагчийн төлөөлөгч Б.У*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Ү******* нь хариуцагч “Ц*******” ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндсэн төлбөр 17,500,000 төгрөг, алданги 8,750,000 төгрөг, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлс 2,300,000 төгрөг, нийт 28,550,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.“Ц*******” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ****** хороололд ** м.кв бүхий 1 давхар дүнзэн байшингийн угсралтын ажлыг захиалагчийн зургийн дагуу түүний материалаар 30 хоногийн хугацаанд гүйцэтгэх, захиалагч тал ажлын хөлс 1 м.кв нь 300,000 төгрөг буюу нийт 28,500,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, мөн оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7 өрлөг хийгдээд байсан боловч захиалагч талаас гуалин нийлүүлэлт тасалдаж, модгүй болсон тул байшин угсрах ажил зогссон.

1.2.Захиалагч талаас 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг төлсөн. Өөр төлбөр төлөөгүй. Бид ярилцаж, гэрээнд заасан 28,500,000 төгрөгөөс дуусаагүй ажлын хөлс 8,000,000 төгрөгийг хасаж гүйцэтгэсэн ажлын хөлсийг 20,500,000 төгрөг гэж тооцож, үүнээс урьд төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж, 17,500,000 төгрөгийг төлөхөөр болсон. Иймд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлс 2,300,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 8,750,000 төгрөг, ажлын хөлс 17,500,000 төгрөг, нийт 28,550,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

2.Хариуцагч “Ц*******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгч 7 үе өрлөг хийсэн ажлынхаа хөлсийг буруу тооцоолж бид нараас нэхэмжилж байна. Үүнийг нь би дүнзэн байшингийн тооцооллоор хэлэхэд 1 үеийг 2,375,000 төгрөг гэж үнэлж, нэхэмжлэгчийн хийсэн 7 үе нийтдээ 16,625,000 төгрөгийн ажил хийсэн боловч энэ нь бүрэн хэмжээний ажил биш. Яагаад гэвэл барилга маань бүрэн гүйцэтгэлтэй дууссаны дараа хийгдэх олон ажлууд байгаа. Жишээ нь хаалга, цонхны гоёл гаргах ажлыг 900,000 төгрөгөөр үнэлж, холтос хуулгыг манай ажилчид хуулж өгсөн. Үүнийг би 2,500,000 төгрөгөөр тооцож нийт 80 ширхэг дүнзний холтсыг хуулуулсан. Уг үнэлгээг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулж тооцуулах. Шилжүүлэн зөөх зардал. Анх бид нар нэхэмжлэгч өөрөө одоо баригдах гэж байсан газарт шилжүүлээд барьж өгнө гэж ярилцсан үүнийгээ биелүүлээгүй. Манайх төлбөр мөнгийг нь төлж чадаагүй удаасан нь үнэн. Гэхдээ 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийж дууссан гэж байна. Энэ цаг хугацаа нь таарч байна. Бид нар 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр танд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг өгөөд торхоо дуусгуулъя гэж хэлсэн боловч нэхэмжлэгч Т.Ү******* зөвшөөрөөгүй, нийт үнийн дүн болох 28,500,000 төгрөгөөр бүгдийг нь авч байж чиний наад байшинг чинь дуусгаж өгье гэж хэлсэн болохоор тухайн үед надад мөнгө байгаагүй учраас би 10,000,000 төгрөгөө өөр хүмүүст өгөөд тэр байшинг дуусгасан. Одоо нэхэмжлэгчийн авах ёстой цалин 16,625,000 төгрөгийг манай компаниас өгөхийг зөвшөөрч байгаа гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн хөлс төлсөн баримт, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс шилжүүлж байсан талаар дансны хуулга, барилгын явцын фото зураг,

Хариуцагчаас хавтаст хэрэгт “Ц*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, “Ц*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Т.Ү******* болон хариуцагч “Ц*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б******* нарын хооронд утсаар харилцсан зурваст үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, мөн гэрч Д.Б*******эс мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Т.Ү******* нь хариуцагч “Ц*******” ХХК-нд холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндсэн төлбөр 17,500,000 төгрөг, алданги 8,750,000 төгрөг, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөлс 2,300,000 төгрөг, нийт 28,550,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Ц*******” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ******* хороололд ** м.кв бүхий * давхар дүнзэн байшингийн угсралтын ажлыг захиалагчийн зургийн дагуу түүний материалаар 30 хоногийн хугацаанд гүйцэтгэх, захиалагч тал ажлын хөлс 1 м.кв нь 300,000 төгрөг буюу нийт 28,500,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн боловч захиалагч талаас гуалин нийлүүлэлт тасалдаж, модгүй болсон тул байшин угсрах ажил зогссон. Бид гүйцэтгэсэн ажлын хөлсийг 20,500,000 төгрөг гэж тооцож, үүнээс урьд төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж, 17,500,000 төгрөгийг төлөхөөр болсон. Иймд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлс 2,300,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 8,750,000 төгрөг, ажлын хөлс 17,500,000 төгрөг, нийт 28,550,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч “Ц*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ манайх төлбөр мөнгийг нь төлж чадаагүй удаасан нь үнэн. Нэхэмжлэгч 7 үе өрлөг хийсэн ажлынхаа хөлсийг буруу тооцоолж бид нараас нэхэмжилж байна. Үүнийг нь би дүнзэн байшингийн тооцооллоор хэлэхэд 1 үеийг 2,375,000 төгрөг гэж үнэлж, нэхэмжлэгчийн хийсэн 7 үе нийтдээ 16,625,000 төгрөгийн ажил хийсэн гэж үзэж байна. Үүнээс барилга маань бүрэн гүйцэтгэлтэй дууссаны дараа хийгдэх олон ажлуудын зардал, жишээ нь хаалга, цонхны гоёл гаргах ажлыг 900,000 төгрөгөөр үнэлж, холтос хуулгыг манай ажилчид хуулсныг 2,500,000 төгрөгөөр тооцож уг үнэлгээг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулж тооцуулах үндэслэлтэй. Одоо нэхэмжлэгчийн авах ёстой цалин 16,625,000 төгрөгийг манай компаниас өгөхийг зөвшөөрч байгаа гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Зохигч талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ****** хороололд ** м.кв бүхий * давхар дүнзэн байшингийн угсралтын ажлыг захиалагчийн зургийн дагуу түүний материалаар 30 хоногийн хугацаанд гүйцэтгэх, захиалагч тал ажлын хөлсөнд * м.кв нь 300,000 төгрөг буюу нийт 28,500,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. (хавтаст хэргийн 5-8 дахь тал)

4.2.Дээрх гэрээний дагуу захиалагч тал буюу хариуцагч “Ц*******” ХХК-ийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг төлсөн. Өөр төлбөр төлөөгүй. (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

4.3.Захиалагч буюу хариуцагч “Ц*******” ХХК нь гэрээний дагуу төлөх төлбөрийг болон барилга барихад шаардагдах материалыг нийлүүлэх үүргээ зөрчсөн.

4.4.Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдэх барилга угсралтын ажил 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зогссон талаар зохигч талуудын хооронд маргаангүй. (хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “…2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийж дууссан гэж байна. Энэ цаг хугацаа нь таарч байна...” гэх тайлбар)

 

5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргийн агуулгаас харахад тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.Захиалагч буюу “Ц*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 4.9-д “Ажил гүйцэтгэхэд шаардагдах материалаар таслахгүй байх” үүргээ зөрчсөн буюу гуалин нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Т.Ү******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй.

 

7.Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “…Бид нар 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр танд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг өгөөд торхоо дуусгуулъя гэж хэлсэн боловч нэхэмжлэгч Т.Ү******* зөвшөөрөөгүй, нийт үнийн дүн болох 28,500,000 төгрөгөөр бүгдийг нь авч байж чиний наад байшинг чинь дуусгаж өгье гэж хэлсэн болохоор тухайн үед надад мөнгө байгаагүй учраас би 10,000,000 төгрөгөө өөр хүмүүст өгөөд тэр байшинг дуусгасан...” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж байгаагаа “Ц*******” ХХК-д мэдэгдсэн, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа дуусгавар болжээ.

 

8.Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажилд тохирох ажлын хөлс болон гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

9.Нэхэмжлэгч нь 7 үе өрлөг хийсэн ажлын хөлсийг 20,500,000 төгрөг гэж хариуцагчтай харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч М.Б*******тай харилцсан зурвас болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд энэ талаар тохиролцсон байдал, талууд ажлыг хүлээлцсэн байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “…1 үеийг 2,375,000 төгрөг гэж үнэлж, нэхэмжлэгчийн хийсэн 7 үе нийтдээ 16,625,000 төгрөгийн ажил хийсэн гэж үзэж байна…” гэх тайлбарын хүрээнд ажлын хөлсийг шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

 

10.Нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд төлсөн 2,300,000 төгрөгийг гэрээнээс татгалзсаны хохирол гэж үзэж нэхэмжлэгчээс шаардаж байх боловч энэхүү зардал гэрээнээс татгалзсантай холбоотойгоор зайлшгүй гарах зардал буюу хохирол гэж үзэх боломжгүй тул уг зардлыг хариуцагчаас шаардах эрхгүй гэж шүүх үзлээ.

 

11.Зохигч талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т “Гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 40%...-ийг тус тус Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлнэ. Тохирсон хугацаанд төлбөрийн шилжүүлээгүй бол хоног тутамд 0.3%-ийн алданги тооцно” гэж заасныг “Ц*******” ХХК нь зөрчсөн буюу 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлбөл зохих 11,400,000 төгрөг төлөөгүй хугацаа хэтрүүлж 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр  2,000,000 төгрөгийг тус тус төлж, дахин төлбөр төлөөгүй байна.

 

12.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1,000,000 төгрөг төлсөн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 187 хоногийн алданги 6,395,400 (11,400,000₮*0.3%*187хоног=6,395,400₮) төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2,000,000 төгрөг төлсөн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 16 хоногийн алданги 499,200 (10,400,000₮*0.3%*16хоног=499,200₮) төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 196 хоногийн алданги 4,939,200 (8,400,000₮*0.3%*196 хоног=4,939,200₮) төгрөг, нийт 11,833,800 төгрөгийн алданги шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “…Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 8,400,000 төгрөгийн 50 хувь болох 4,200,000 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна.

 

13.Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д “Талууд энэхүү гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 16,550,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг төлж, үлдэх 13,550,000 төгрөгийг төлөөгүй тул 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 384 хоногийн алданги 5,203,200 (13,550,000₮*0.1%*384=5,203,200₮) төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

14.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Ц*******” ХХК-аас 22,953,200 (13,550,000+4,200,000+5,203,200=22,953,200) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,596,800 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 272,716 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ц*******” ХХК-аас 22,953,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ү*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 5,596,800 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц*******” ХХК-аас 272,716 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ү*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД