Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/00977

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***** аймаг, ******** сум, Ц******** байрлах “А*******” ХХК (РД:*********)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ч******** байранд байрлах “М*******” ХХК /РД:*****/-нд холбогдох

 

Барааны үнэ 250,698,200 төгрөг, бодит зардлын хүү тооцох дүн 93,150,424 төгрөг, нийт 343,848,624 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн үнэ болох 202,582,500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “А*******” ХХК нь хариуцагч “М*******” ХХК-д холбогдуулан барааны үнэ 250,698,200 төгрөг, бодит зардлын хүү тооцох дүн 93,150,424 төгрөг, нийт 343,848,624 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“А*******” ХХК болон “М*******” ХХК-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Хүнсний ногоо тариулах, худалдан авах, хамтран ажиллах” гэрээний дагуу хүнсний нарийн ногоо тарьж, борлуулсны үлдэгдэл төлбөр 250,698,200 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөний улмаас бодит зардлын хүү 93,150,424 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч “М*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1.Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай хүнсний ногоо тариулах худалдах, худалдан авах, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ямар нэгэн хүнсний ногоо нэхэмжлэгчээс хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар огт биелүүлээгүй учраас бид нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тус гэрээний 2.6-д “А тал Төв аймгийн Бор нуур сум “А” ХХК-ийн ногооны талбайгаас захиалж тариалсан ногоог өөрийн агуулгад татан авах бөгөөд ургац нь Монгол Улсын мэргэжлийн хяналтын газрын шаардлага хангасан байна”, 2.9-т “эцсийн чанарын үзүүлэлтийг мэргэжлийн чанарын төв лаборатрын шинжилгээ үзүүлэлэтээр гаргасан актын дагуу авна”, 2.1-т “М******* ХХК байрлах Б талын буюу “А” ХХК-ийн эзэмшлийн газарт тариалсан хүнсний ногоог захиалж түүнийг хүлээж авах”-аар тохиролцсон. Гэвч хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримтуудаас үзэхэд эдгээр баримтууд нь тухайн ногоо нийлүүлсэн үйл баримтыг нэг бүр хөдөлбөргүй нотлосон, нотолгооны ач холбогдолтой баримт биш. Яагаад гэвэл хавтас хэргийн 11-39 хүртэл дугаарлагдсан баримтуудад юу авсан нь тодорхойгүй, тоо үзүүлэлт, кг, хэмжих нэгжийн мэдээлэл зэрэг байхгүй. Зөвхөн барааны нэр болон тоон илэрхийлэл байдаг. Тоон илэрхийлэл нь 642,5 гэсэн байгаа боловч энэ нь юу гэдэг нь тодорхойгүй эсхүл мөнгөн дүн юм уу гэхээр төгрөг, дүн юу ч тодорхойгүй байгаа юм. Тийм учраас эдгээр баримтуудыг үндэслэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар хавсралтаар Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллага анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааврын хүрээнд санхүүгийн албан ёсны баримт маягтад шаардсан мэдээллийг тухайн багана, мөр дэс дараалалд үнэн зөвөөр бүртгэх үүрэгтэй. Үүнийхээ үнэн зөв маягт үйлдсэн тэгээд өөрөө хариуцдаг.

2.2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй ба энэ үүрэг биелэгдээгүй. Зарлагын баримтыг үндэслэн хүлээлгэж өгсөн гэх хүнсний ногоотой холбоотой бүх баримтыг гүйцэт гаргаж өгөөгүй гэж үзэхээр байна.

2.3.Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад хариуцагч компанийн нягтлан бодогч н.Г*******, н.Н******* нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч тухайн баримтад гарын үсэг зурсан н.Г*******, н.Н******* нар нь хөдөлмрийн гэрээгээр тухайн хэлцлийг хийх эрх олгогдоогүй, ажил үүргийн хувьд чиг үүрэгт нь байхгүй гэдгийг хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт гэх баримтуудаар холбогдож тогтоогдоно гэж үзэж байна. 2022 оны санхүүгийн тайланд 191,000,000 төгрөгийн компанийн үндсэн хөрөнгө бүртгэлтэй байсан. Компанийн тухай хуулийн ** дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцлийг тодорхойлох аргачлалын дагуу үзэх юм бол их хэмжээний хэлцлийг н.Г*******, н.Н******* нар нь хийх эрхгүй буюу Иргэний хуулийн ** дугаар зүйлд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

 

3.Хариуцагч “М*******” ХХК нь нэхэмжлэгч “А*******” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн үнэ болох 202,582,500 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1.Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Хүнсний ногоо тариулах, худалдан авах, хамтран ажиллах гэрээ”-ний 1-д заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нэг талаас нийт 490 тонн 5 төрлийн хүнсний ногоог нийлүүлэх, нөгөө талаас ногооны үнэ болох 948,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээний 2.6-д “А тал нь Т********* “А” ХХК-ийн ногооны талбайгаас захиалж тариалсан ногоог өөрийн агуулахад татан авах бөгөөд ургац нь Монгол Улсын МХЕГ-н стандартын шаардлага хангасан байна”, 2.9-т “эцсийн чанарын үзүүлэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лабораторийн шинжилгээний үзүүлэлэтээр гаргасан актын дагуу авна” гэж тус тус заасан. Гэвч нэхэмжлэгч нь нэг ч килограмм ногоог нийлүүлээгүй буюу бидэнд чанарын шаардлага хангасан хүнсний ногоог нийлүүлээгүй учраас бид үнэ төлөх үүрэг хүлээхгүй мөн төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

 

4.Нэхэмжлэгч “А*******” ХХК, түүний игэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

4.1.Манай компанийн хувьд гэрээний үүргээ биелүүлж ажилласан. Манай компани нь Хөдөө аж ахуйн зохистой дадал гэж эрүүл, ахуй хүнсний аюулгүй байдал хангасан Монгол Улсад MNS баталгаагаар хангагдсан бараа бүтээгдэхүүнийг тарьж ургуулах стандартын шаардлага хангасан гэрчилгээ нь тэр чигээрээ хүнсний аюулгүй байдал хангагдсан, стандартын ногоо тарьж ургуулж, нийлүүлж байгааг гэрчилнэ.

4.2.Тухайн бараа бүтээгдэхүүнийг талбай дээрээс нь ачилт хийлгэхээр хариуцагч компанийн хоёр төлөөлөгч санхүүгийн тамгатайгаа ирж ачилтаа хийж аваад явсан. Компанид тодорхой бараа олгож байгаа тооцоо нийлсэн актыг бүрдүүлээд гараад явсан. Гарал үүслийн гэрчилгээг тухайн талбай дээрээс хариуцагч компани нь 330 тонн ногоог Хөдөө ах ахуйн яамны мэдээллийн санд бүртгүүлснээр гарал үүслийн гэрчилгээ гарч ирж байгаа. Энэ нь тухайн талбайгаас авсан ногооны хэмжээг сангийн мэдээлэлд баталгаажуулаад гаргадаг. Мөн Татварын ерөнхий газрын албан бичиг байгаа. Үүнд “А” ХХК-аас “М*******” ХХК-д 453,280,700 төгрөгийн борлуулалт хийгээд авсан бүх мэдээллийг оруулаад өгсөн. Тийм учраас энд ямар нэгэн маргаан үүсэхгүй бид нар ногоогоо нийлүүлсэн гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “А*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “А*******” ХХК болон “М*******” ХХК-ийн байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Хүнсний ногоо тариулах, худалдан авах, хамтран ажиллах гэрээ”, “А*******” ХХК-ийн нийлүүлсэн ногооны тооцоо гэх баримт, хариуцагч комданид ногоог нийлүүлж байсан талаар орлогын болон зарлагын баримт, нэхэмжлэгч, хариуцагч компаниудын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан Тооцооны үлдэгдлийн баталгаа, Авлага, өглөгийн тооцоо, хариуцагч компанийн захирал Ш.Гүррагчаагийн гарын үсэг бүхий “М*******” ХХК ногоо нийлүүлсэн харилцагчдын тооцоо гэх баримт, “М*******” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “А*******” ХХК-д хаягласан ******* дугаар албан бичиг, уг албан бичгийн дагуу гэрээний хэрэгжилтийн биелэлтийн талаарх тайлбар гэх “А*******” ХХК-ийн менежер Д.С*******ын гарын үсэг, компанийн тамгаар баталгаажуулсан баримт, “А*******” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” “М*******” ХХК-д хаягласан дугаар албан бичиг, Хүнсний ногоо тариулах, худалдан авах, хамтран ажиллах гэрээний захиалгат нарийн ногоо үрслүүлж, тарьж, ургуулж, хураахад гарсан зардлууд гэх баримт, Тариалалтын талаарх танилцуулга, Хаан банкны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Зээл төлөх мэдэгдэл” гэх баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, гэрээт ажлын гүйцэтгэлийн тайлбар гэх баримт,

 

Хариуцагч талаас “М*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “М*******” ХХК-ийн ажилтны гарын үсэг, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан Авлага өглөгийн тооцоо гэх баримт, нярав Д.Э, нягтлан бодогч Б.Г, Л.Н******* нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тэдгээрийн ажлын байрны тодорхойлолт, Л.Н*******, Б.Г нарт компанийг төлөөлөн хэлцэл хийх эрх олгоогүй тухай “М*******” ХХК-ийн албан бичиг, “А*******” ХХК руу урьдчилгаа төлбөр шилжүүлж байсан талаарх жагсаалт, “М*******” ХХК-ийн 2022 оны санхүүгийн тайлан, ногооны урьдчилгаа төлбөр төлж байсан талаарх “Шилжүүлгийн мэдээлэл” гэх баримт, Хаан банк дахь “М*******” ХХК-ийн эзэмшлийн дугаар дансны 2022 оны 12 дугаар сарын 19, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулга зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг, хариуцагч “М*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан барааны үнэ 250,698,200 төгрөг, бодит зардлын хүү тооцох дүн 93,150,424 төгрөг, нийт 343,848,624 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа манай компани нь Хөдөө аж ахуйн зохистой дадал гэж эрүүл, ахуй хүнсний аюулгүй байдал хангасан Монгол Улсад MNS баталгаагаар хангагдсан бараа бүтээгдэхүүнийг тарьж ургуулах стандартын шаардлага хангасан гэрчилгээтэй, хариуцагч компанид гэрээний дагуу 453,280,700 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, үлдэгдэл 250,698,200 төгрөгийг төлөөгүй тул гаргуулах мөн гэрээний үүргээ зөрчсөн учир бодит зардлын хүү 93,150,424 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгч нь гэрээнд заасан хүнсний ногоог нийлүүлээгүй, тооцоо нийлсэн баримтад их хэмжээний хэлцэл хийх эрхгүй этгээд гарын үсэг зурсан уг баримт нь хүчин төгөлдөр бус учир төлөхгүй, харин урьдчилгаанд төлсөн 202,582,500 төгрөг буцаан гаргуулна гэж тайлбарлажээ.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Зохигч талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр намар гарах брокколиг 1 кг нь 2,500 төгрөгөөр тооцож нийт 200 тонн, цэцэгт байцаа 1 кг нь 2,000 төгрөгөөр тооцож 50 тонн, бууцай 1 кг нь 2,000 төгрөгөөр тооцож 120 тонн, шар хулуу 1 кг нь 1,000 төгрөгөөр тооцож 60 тонн, ногоо хулуу 1 кг нь 800 төгрөгөөр тооцож 60 тонныг тус тус худалдах, худалдах авах нөхцөл бүхий “Хүнсний ногоо тариулах, худалдан авах, хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан, тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй.

4.2.Дээрх гэрээний дагуу “А*******” ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд броккли 73,807 кг, цэцэгт байцаа 24,243 кг, бууцай 108,046.6 кг, ногоон хулуу 6,850 кг, нийт 212,946.6 кг хүнсний ногоог хариуцагч “М*******” ХХК-д нийлүүлжээ. (хавтаст хэргийн 10-39, 46, 63, 64 дэх тал)

4.3.Дээрх нийлүүлсэн хүнсний ногооны төлбөрт хариуцагч компаниас 202,852,500 төгрөг төлсөн талаар зохигч талуудын хооронд маргаангүй.

4.4.“М*******” ХХК-ийн нэр дээр 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээ” олгогдсон. 

 

5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Хүнсний ногоо тариулах, худалдан авах, хамтран ажиллах гэрээ”-ээр нэхэмжлэгч компанийн зүгээс намар гарах брокколиг 1 кг нь 2,500 төгрөгөөр тооцож нийт 200 тонн, цэцэгт байцаа 1 кг нь 2,000 төгрөгөөр тооцож 50 тонн, бууцай 1 кг нь 2,000 төгрөгөөр тооцож 120 тонн, шар хулуу 1 кг нь 1,000 төгрөгөөр тооцож 60 тонн, ногоо хулуу 1 кг нь 800 төгрөгөөр тооцож 60 тонныг тус тус худалдах, хариуцагч компанийн зүгээс уг хүнсний ногооны үнийг төлөх үүрэг хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагч компанид брокколи 73,807 кг буюу 184,517,500 төгрөг (73,807кг*2,500₮/кг=184,517,500₮), цэцэгт байцаа 24,243 кг буюу 48,486,000 төгрөг (24,243кг*2,000₮/кг=48,486,000₮), бууцай 108,046.6 кг буюу 216,093,200 төгрөг (108,046.6кг*2,000₮/кг=216,093,200₮), ногоон хулуу 6,850 кг буюу 5,480,000 төгрөг (6,850кг*800₮/кг=5,480,000₮) нийт 454,576,700 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоог нийлүүлсэн болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ брокколи 73,807 кг, цэцэгт байцаа 24,241 кг, бууцай 107,901 кг, ногоон хулуу 6,850 кг, нийт 453,280,700 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоог нийлүүлсэн гэж тодорхойлсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад “М*******” ХХК-ийг их хэмжээний хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээд болох нягтлан бодогч Л.Н******* гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч хавтаст хэргийн 11-39 дэх талд авагдсан зарлагын баримт, 46 дахь талд авагдсан “М*******” ХХК ногоо нийлүүлсэн харилцагчдын тооцоо, хариуцагч байгууллагаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж гаргаж өгсөн “Авлага өглөгийн тооцоо” гэх хариуцагч байгууллагын санхүүгийн тэмдэг бүхий баримт зэргээс үзэхэд хариуцагч байгууллагад 454,576,700 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоог нийлүүлсэн, түүний төлбөрт 202,582,500 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

7.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А*******” ХХК нь хариуцагч “М*******” ХХК-аас 250,698,200 төгрөг (453,280,700-202,582,500=250,698,200)-ийг шаардах эрхтэй, хариуцагчийн хувьд урьдчилгаа төлбөр 202,582,500 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна.

 

8.Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Хүнсний ногоо тариулах, худалдан авах, хамтран ажиллах гэрээ”-ний 6.4-т “Гэрээний аль нэг тал гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, үүргээ ноцтойгоор зөрчсөнөөс нөгөө талдаа учирсан бодит хохирлыг хариуцан барагдуулна” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан бодит хохиролд 93,150,424 төгрөг гаргуулахаар шаардаж байх боловч уг хохирлыг тайлбарлаж, баримтаар нотолж чадаагүй буюу хавтаст хэрэгт авагдсан баримтаар 93,150,424 төгрөгийн бодит хохирол нэхэмжлэгч компанид учирсан болох нь тогтоогдсонгүй.

 

9.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргээ зөрчсөн үүрэг гүйцэтгэгчээс учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд дараах урьдчилсан нөхцөл хангагдсанаар буюу талуудын хооронд үүрэг үүссэн байх, үүрэг гүйцэтгэгч үүргийг зөрчсөн байх, тухайн үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа заах шаардлагагүй буюу нэмэлт хугацаа заасан ч биелүүлээгүй байх, үүргийн зөрчилд гэм буруутай байх, хохирол тогтоогдсон зэрэг тохиолдолд шаардах эрх үүснэ.

 

10.Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо баримтаар нотолж, тайлбарлаж чадаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

11.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “М*******” ХХК-аас 250,698,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 93,150,424 төгрөгийн хэсгийг, хариуцагч “М*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,877,193 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 1,170,870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,411,441 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “М*******” ХХК-аас 250,698,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 93,150,424 төгрөгийн хэсгийг, хариуцагч “М*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн урьдчилан төлсөн 1,877,193 төгрөг, хариуцагч “М*******” ХХК-ийн урьдчилан төлсөн 1,170,870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,411,441 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А*******” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД