Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1740

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/01533 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Г-ын хариуцагч Ц.Ц-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байр, 0 тоот, 125 м.кв, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Х.С, хариуцагч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 байр, 0 тоот байрны өмчлөгч ба тус байрандаа 2007 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу цагаан сараар миний бие хөдөө орон нутагт шинэлэхээр болсон бөгөөд энэ нөхцөл байдлыг сонсоод өмнө нь танил, нэг нутгийн, нэг голын найз болох Ц.И, Ц-ийн Байгаль нар нь "хөгшин настай, тэргэнцэртэй ээжтэйгээ хамт танай байранд цагаан сараа хийе, бид нар олуулаа гэсний дагуу зөвшөөрч, тэднийг цагаалуулсан. 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хөдөөнөөс ирж, хотын ах дүү нараа оруулъя, байр сулла гэхэд тийм юм байхгүй ээ, хуулийн дагуу бүх юм манайх болсон гэж хэлсэн бөгөөд тухайн үед би юу ч сайн ойлгоогүй болно. Ийнхүү 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байрныхаа болканоороо дамжин байрлуугаа ороход дээрх 2 этгээдийн хүргэн Ж.Г гэрт маань ганцаараа байсан. Хүргэнийг нь гэрээсээ гаргаад байрандаа одоог хүртэл амьдарч байна. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ц.И-ийн хүргэн Ж.Г-ыг гэрээсээ гаргасны төлөө миний бие Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бусдын буюу Ж.Г-ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогдогчоор татагдан шалгуулах болсон.

Ийнхүү цагдаа дээр шалгагдах явцдаа Н.Г миний бие өөрийн өмчлөлийн 125 м.кв, 215 000 000 төгрөгийн үнэлгээтэй байрны өмчлөл нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ц.И-ийн төрсөн ах Ц.Ц-ийн өмчлөлд шилжсэнийг мэдсэн. Яагаад миний өмчлөлийн байр бусдад шилжив гэж бодоод лавлатал тус байрыг 40 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийн шилжүүлэн авсан болохыг тогтоосон.

Тухайн үед Х ББСБ-аас 60 000 000 төгрөгийн зээл авах асуудлаар хөөцөлдөж байсныг Ц.И мэдсэн. Гэтэл ББСБ-аас зээл бүтэж, зээл гарахаар болсон тухай 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өглөө ББСБ-аас мэдэгдэхэд Ц.И нь манай дүү Б-аас 90 000 000 төгрөгийн зээл бүтнээ, наад зээлээ орхиод хүрээд ир гэсний дагуу ББСБ-аас зээл авах гэж байснаа больсон. Өмнө нь болон дараа ч Ц.И нь нэг нутгийн найз гэх мэтээр намайг дайлж, хамт их архи уудаг байсан. Энэ хугацаанд буюу намайг архинд согтоод тасарсан, өөрийн гэсэн ухаангүй байх үед 40 000 000 төгрөгийн үнийн дүнтэй, тусгайлан нэгхэн хувь бэлдсэн гэрээнд гарын үсэг зуруулж, байрны маань өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна.

Нотлох баримтаар 2007 оноос 2018 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны байрны мөнгө, цахилгааны мөнгө зэргийг тогтмол өөрийн нэрээр төлж байсан болон хороо, дүүргийн бүртгэл дээр зөвхөн миний нэр байдагтай холбоотой баримтыг гаргаж өгөх болно. Мөн миний иргэний үнэмлэхний хаяг хүртэл энэхүү байрныхаа хаягаар байдаг болно.

Энэхүү 40 000 000 төгрөгийн Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг баталсан нотариатч Ж.Д нь миний гомдлоор үүссэн хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө 90 000 000 төгрөгийн гэрээгээ татвараас нуун дарагдуулах гэж дахин 40 000 000 төгрөгөөр халхавчилсан гэрээ хийсэн гэж мэдүүлдэг бөгөөд Ц.И болон Ц.Ц нар нь энэхүү байрыг худалдан авсан төлөлтөө 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Ган миний Худалдаа Хөгжлийн банкны 4310 тоот дансанд 90 000 000 төгрөг зээл гэсэн утгаар шилжигдэн орж ирсэн төлөлтөөр тайлбарлаж, мэдүүлэг өгдөг.

Н.Г миний байрыг зээлийн гэрээ байгуулж байна гэж төсөөлүүлэн еөрийгөө хянах чадваргүй архи уугаад тасарсан үед маань гарын үсгийг байр худалдан авах 40 000 000 төгрөгийн гэрээн дээр зуруулсан байдаг бөгөөд энэхүү гэрээг байгуулсны дараа өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Н.Г миний Худалдаа Хөгжлийн банкны 4310 тоот дансанд 90 000 000 төгрөг зээл" гэсэн утгаар шилжигдэн орж ирсэн байдаг бөгөөд өнөөдрийг болтол зээлсэн мөнгөнийхөө төлөлтийг буцаан Ц.И Хаан банк дах 5029 тоот дансанд төлөлт хийж, өнөөдрийн байдлаар нийт 28 750 000 төгрөгийн төлөлттэй явж байна.

Хамгийн гол нь Ц.И, Ц.Ц нар нь худалдсан үнэ гэх 40 000 000 төгрөг байна уу, эсхүл 90 000 000 төгрөгийг банкаар болон бэлнээр төлсөн тухай ямар ч үйл баримт байхгүй бөгөөд миний байрыг худалдан авлаа гээд нэг ч төлбөрийг шилжүүлээгүй, би тэднээс байрны төлбөр мөнгө гэж нэг ч төгрөг аваагүй. Тус гэрээн дээр 40 000 000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэв гэдэг боловч энэхүү 40 000 000 төгрөг бэлнээр болон дансаар шилжигдсэн нэгээхэн ч үйл баримт байхгүй болно.

Иймд дээрх бүх үндэслэлийг харгалзан үзэж Н.Г, Ц.Ц нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, тус байрны хууль ёсны өмчлөгчөөр Н.Г намайг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Н.Г нь миний дүү Ц.И-ийн дотны найз байсан. Ц.И надад манай найз Н.Г-д бэлэн мөнгөний хэрэг яаралтай гараад байгаа юм, та охиндоо байр хайж байгаа билүү гэж асууж байсан. Н.Г надруу утасдаад таны утсыг Ц.И-оос авсан юм, надад мөнгөний яаралтай хэрэг болоод байна, надад 3 өрөө байр байгаа, зарах гэсэн юм, бэлэн мөнгөөр авах хүн олдохгүй байна, та миний байрыг сонирхохгүй юу гэдэг санал тавьсны дагуу би үзэхээр очсон. Боломжийн байр гэж бодоод ах, дүү мөн ээжээсээ мөнгө зээлж цуглуулаад би өөрөө наймаа хийдэг болохоор өөрийн дансанд байвал үрчихнэ гэж бодоод О.Г-ын Худалдаа хөгжлийн банкны дансанд хийсэн. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө Н.Г худалдах, худалдан авах гэрээгээ хийе хүрээд ирээч, би Да хүрээ захын нотариат дээр байна гэсэн. Намайг очиход Н.Г, эхнэр, дүү Ц.И нар байсан. Н.Г гэрээгээ хийсэн. Гэрээ хийгдээд би гарын үсэг зурах болоход 90 000 000 төгрөгөөр хийх байтал, 40 000 000 төгрөгөөр хийсэн байсан. Чи яагаад 40 000 000 төгрөгөөр гэрээг хийж байгаа юм бэ гэхэд ахаа би нотариатаас гуйгаад үл хөдлөх зарсан татвараа багаар төлөхийн тулд хийлгэчихлээ, танд ямар ч асуудал үүсэхгүй гэсэн тул би гарын үсгээ зурсан. Н.Г-ыг авгайгаараа гарын үсэг зуруул гэхэд энэ гэрчилгээ ганц миний нэр дээр байдаг, бид гэр бүлийн баталгаа байхгүй гэсэн. Тэндээс гараад Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт очоод үл хөдлөх хөрөнгө зарсан татвар болох 800 000 төгрөгийг Н.Г-ын эхнэр төлсөн, гарын үсэг нь тодорхой харагддаг.

Би тэр өдрөө ажил гараад хөдөө явсан. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үдээс хойш Н.Г утасдаад ахаа үл хөдлөхийн гэрчилгээ таны нэр дээр гарсан байна, та мөнгөө шилжүүлээд ирээд гэрчилгээгээ авахад бэлэн боллоо гэсэн. Би хөдөөнөөс дүү Г уруу утсаар яриад Н.Г-ын худалдаа хөгжлийн банкны 4310 тоот дансанд 90 000 000 төгрөгийг ажил тарахаас өмнө яаралтай шилжүүлээдэх гээд ярьж байтал сүлжээ муутай байсан тул утас тасарсан. Эргээд залгах гэтэл сүлжээ болохгүй байсан тул орхисон. Би орой 16.00 цагийн үед хөдөөнөөс ирээд Баянзүрх дүүргийн үл хөдлөх газарт очиход Н.Г, түүний эхнэр, Ц.И нар байсан. Үл хөдлөх гэрчилгээ миний нэр дээр гарчихсан, 90 000 000 төгрөгийг дансаараа авсан, бүх юм болсон гээд бөөн баяртай хүмүүстэй уулзсан.

О.Б 90 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ шилжүүлгийн утгыг юу гэж бичихийг надаас асуух гээд над руу зөндөө залгасан байсан. Холбогдох боломжгүй гээд байхаар нь шилжүүлгийн утга дээр зээл гэж бичээд шилжүүлсэн байсан. Байрны үнэ 90 000 000 төгрөг гэж шилжүүлэх байсан. Охиноо байрандаа оруулах болоход охин маань хань ижилгүй ганцаараа айгаад байна гэсэн. Гэтэл Н.Г охиныг чинь байранд ортол дүү нь түр байж байя, орох үед нь ямар ч асуудалгүй суллаж өгнө гэж гуйхад нь дүү шигээ итгээд байрны хөлс бүх зүйлээ төлөөд сууж бай, харин хэзээ ч суллаж өгч магадгүй гэж хэлээд эр хүний ёсоор тохироод суулгасан.

Гэтэл Н.Г нь 2018 оны 1 сарын дундуур надруу утасдаад байраа хямдхан зарсан байна, таны мөнгийг өгөөд байраа буцааж авъя гэж санал тавьсан. Би зөвшөөрөөгүй. Би байр худалдаж аваад 1 жил 3 сар болсон тул наймаа буцахгүй гэдгийг хэлсэн. Тэр үеэс би энэ хүн найдваргүй, хүний итгэл даахгүй нөхөр байна гэж бодоод байраа суллаж өгөх шаардлага тавьсан. 2018 оны 2 дугаар сард байраа чөлөөлүүлж аваад доторх эд хогшлоо ав гэтэл удахгүй байраа олоод тавилгаа авъя гэсэн. Би нэг өрөөгөө суллаж өгөөд үлдээх зүйлээ энэ өрөөнд хийгээд өөрсдөө цоожоо хийж түгжихийг зөвшөөрсөн. Өрөөнд багтахгүй тавилгаа тэр чигт нь үлдээсэн. Би байрандаа хүргэн дүү Г-ыг байлгасан. Г Дархан хотод байдаг байсан. Хотод курст суралцаж байсан хугацаанд нь байрандаа суулгасан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр орой 20 цагийн үед Г надруу утасдаад бөөн согтуу хүмүүс хаалга нүдээд Н.Г байна хаалгаа онгойлго гээд байна гэж ярьсан. Би цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Удалгүй Г утасдаад 2 давхрын блоконы цонхыг хага цохиод мөн өрөөний цонх хагалаад 2 хүн орж ирээд Гыг 1,6 сартай хүүхэдтэй цуг байхад нь зодоод нэг нь байрны хаалга дотроос нь онгойлгож өгөхөд гаднаас 7-9 согтуу хүмүүс орж ирээд зодож танхайрсан байсан. Яг тэр үед цагдаа нар ирээд Г-ыг зээ хүүтэй цуг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү авч явна гэхээр нь Г надруу утасдаад та бичиг баримтаа аваад хүрээд ир гэсэн. Намайг очиход мартын 8-ны хариуцлагатай жижүүр дэд хурандаа нь байр миний нэр дээр байгаа гэдгийг Н.Г-д хэлсэн. Г бүх мэдүүлгээ өгчихлөө гээд зээ хүү нь уйлчихсан, түүний аав, ээж нь ирсэн байсан. Жижүүр нь та нар одоо байрлуугаа очиж бай араас чинь цагдаа нар очиж учрыг нь олно гэсэн. Би байрандаа очоод хаалга онгойлгох гэтэл цоожийг нь сольсон байсан. Хаалга нүдээд онгойлгож өгөөгүй. 30 минутын дараа эргүүлийн 2 цагдаа ирэхэд хаалга онгойлгож өгсөн. Цагдаатай цуг ортол 8-9 хүн байсан. 3 сарын 9-ний өдөр нь 5 дахь өдөр байсан. Цагдаа нар орон байрны маргаантай асуудал байна 1 дэх өдөр хэлтэс дээр ирээд гомдол саналаа гаргаад шийдүүл гэсэн. Би байрны гэрчилгээ болон бичиг баримтаа бүгдийг нь үзүүлсэн. Ирсэн 2 цагдаа нь бид мэдэхгүй гээд шууд яваад өгсөн. Байран дотор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Гын ах нь байсан. Үүнийг зохион байгуулалттай орон байрны дээрмийн асуудал гэж би хардаж байгаа. Энэ хэрэг дээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс Н.Гд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарч шүүгдэгч Н.Г, Г.А нар нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204021648 дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Жуков 47 дугаар байрны 00 тоот 125 м.кв 3 өрөө байрны хууль ёсны өмчлөгч нь Ц.Ц би мөн юм, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Г-аас хариуцагч Ц.Ц-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байр, 0 тоот, 125 м.кв, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Г давж заалдах гомдолдоо:

... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Өмчлөх эрх шилжигдсэн гэх 40 000 000 төгрөгийн хэлцлийг 90 000 000 төгрөгийн хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж хариуцагч тал тайлбарладаг бөгөөд шүүх ийнхүү дүгнэдэг. Энэхүү өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь юуны өмнө өөрөө хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинж болно.

Хариуцагч талаас 40 000 000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, 90 000 000 төгрөгийн гэрээ байсан гэдгээ нотлоогүй. Учир нь хавтаст хэрэгт зөвхөн 40 000 000 төгрөгийн үнэ бүхий байрыг худалдах худалдан авах гэрээ байгаа бөгөөд 90 000 000 төгрөгөөр байрыг худалдсан гэх бичмэл нотлох баримт байхгүй. Тэгэхээр хариуцагч тал нь 40 000 000 төгрөгөөр байрыг худалдаж авсан гэх үйл баримтаа нотлох үүрэгтэй. Гэтэл Ц.Ц-аас Н.Г-д байрыг худалдан авахаар шилжүүлсэн гэх үүргийн хэлцлийн хариу үүрэг болох төлбөр төлсөнг нотолсон баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй.

Харин хариуцагч нь Н.Г-д зээлүүлсэн гэх 90 000 000 төгрөгийг Худалдах, худалдан авах гэрээний хариу төлбөр гүйцэтгэх үүргийг биелүүлсэн болгож тайлбарладаг. Гэтэл тухайн банкны дансаар шилжиж орж ирсэн мөнгөний зориулалт нь "зээл" гэх утгаар орж ирсэн.

Хэрэгт байрыг худалдаж авсан хариу төлбөрийг төлсөн гэх 40 000 000 төгрөгийн баримт байхгүй, зөвхөн "зээл " гэсэн банкаар дамжиж орж ирсэн 90 000 000 төгрөгийн л баримт байгаа. 90 000 000 төгрөгийг шилжүүлэхдээ өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлах чадвар чадамжтай этгээдээс тусгайлан асууж байж энэхүү зориулалтын утгыг бичсэн бөгөөд байрыг худалдах худалдан авах гэрээг 2016 онд хийж, ийнхүү буруу утгаар мөнгийг шилжүүлснээс хойш өөрийн буруу хийсэн үйлдлээ зөвтгөлгүйгээр 2019 он хүртэл эс үйлдэхүй хийсэн хариуцагчийн үйлдлийг шүүх анхаарч үзээгүй.

2016 онд байрыг худалдаж авсан атлаа байрандаа амьдрахгүйгээр 2018 он хүртэл 2 жилийн хугацаанд бусдыг амьдруулж буй хариуцагчийн үйлдэл нь энэхүү байрыг худалдаж авсан өмчлөгчийн үйлдлээ хийхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа нөхцөл байдал зэрэг нь энэхүү маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг нотлоод буйг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н давж заалдах гомдолдоо:

... Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 14 цаг 30 минутанд хийгдсэн байдаг. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлтэй 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт танилцах гэсэн боловч шүүгчийн туслах Уянга нь “би шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлдөггүй, нарийн бичиг мэднэ, шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байгаа” гэдэг шалтгаанаар танилцаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл 3 хоногийн хугацаанд гарч хэргийн оролцогчдод танилцуулахаар заасан байтал 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл гараагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Н.Г С.Т-д итгэмжлэл олгон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-д нэхэмжлэгч Н.Г Цэен-Ойдов гэгч өмгөөлөгчийг сонгон авч өгсөн боловч н.Цэен-Ойдов өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралд оролцоогүй, шүүх ч итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмгөөлөх эрхээр хангаагүй шүүх хурлыг хийж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Н.Г өмгөөлөгч оролцоогүй гэдгийг шүүхийн шийдвэрээ авсан хойноо мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй гэж заасан боловч Г-ын төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх түүнийг нь хангалгүй орхигдуулсан байна. 2016 оны 11 дүгээр сарын байдлаар Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 47 дугаар байрны 00 тоотын 125 м.кв талбай 3 өрөө орон сууцанд шинжээч томилж үнэлгээ хийлгэж өгнө үү гэсэн хүсэлт нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшийг нь 40 000 000 төгрөг, 90 000 000 төгрөг, 206 250 000 төгрөг гэж яригдан маргадаг. Хэрэв үнэлгээгээр 200 000 000 дээш гарвал юу гэж 40 000 000 төгрөгөөр худалдан борлуулах вэ гэдэг асуудал яригдах ёстой. Мөн хариуцагч талаас Н.Гын мөнгө зээлсэн гэх Б-г Н.Г танихгүй гэдэг тэгвэл Б нь сар шинийн баяраар Г-ынд айлчилсан бичлэг, Н.Г нь Бтай юнителийн утсаар ярьж байсан баримт зэрэг нь өөрт нь байсан боловч шүүхэд гаргаж өгөөгүй байна. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр О.Б-аас Н.Г-ын ХХБанкны 4310 тоот дансанд 90 000 000 төгрөг зээл гэж орж ирсэн. Тэгэхээр О.Б-ын дансанд 90 000 000 төгрөг хэнээс хаанаас орж ирснийг нь шалгуулах шаардлагатай  байгаа. Мөн Н.Г нь гэрээг байгуулснаас хойш 9 удаагийн үйлдлээр 28 750 000 төгрөгийг зээлийн төлбөр гэж Ц.И-ийн Хаан банкны 5029 тоот дансанд шилжүүлсэн баримтыг шүүх үнэлээгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Ц.Цид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байр, 0 тоот, 125 м.кв, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тухайн үед зээл хэрэгтэй байсан, 90 000 000 төгрөгийг зээлж, барьцаанд нь орон сууцаа барьцаалсан гэж ойлгосон ч, согтуу үед 40 000 000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулсныг мэдээгүй, орон сууцыг өмчлөх эрх Ц.Ц-д шилжсэнийг сүүлд цагдаад шалгагдах үед мэдсэн гэж тайлбарласан бол, хариуцагч нь бид орон сууцны үнийг 90 000 000 төгрөгөөр тохиролцож худалдах худалдан авах гэрээг байгуулан, үнийг төлсөн, мөнгөн шилжүүлгийн утгыг зээл гэж буруу бичсэнээр худалдаж авсан нь үгүйсгэгдэхгүй гэж татгалзлаа тайлбарласан байна.

 

            Нэхэмжлэгч нь 90 000 000 төгрөгийг зээлсэн, орон сууцаа барьцаанд нь тавьсан гэх боловч хэнээс, хэзээ, ямар нөхцөлтэйгөөр хэдэн төгрөгийг зээлсэн болон орон сууцыг ямар үүргийн барьцаанд ямар нөхцөлтэйгөөр тавьсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

            Мөн 90 000 000 төгрөгийн зээлээс Ц.И-ийн 5029 тоот дансанд нийт 28 750 000 төгрөгийг төлөөд байгаа гэж тайлбарлан Н.Г, Э.А, Н.Б, Г.А нарын дансны хуулгыг шүүхэд баримтаар гаргасан ч, тэдний данснаас Ц.Иид мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утгыг Н.Г гэж бичсэн, зээл төлсөн тухай агуулгагүй  байна.

 

            Ц.И гэрчийн мэдүүлэгтээ Н.Г-аас миний дансанд шилжүүлсэн мөнгө нь бидний дундах аяллын чиргүүл, автобус зээлээр худалдан авсны төлбөр байсан, ах Ц.Ц-ийн орон сууц худалдан авсны төлбөр болох 90 000 000 төгрөгтэй  хамааралгүй гэжээ.

 

            Түүнээс гадна орон сууцыг 90 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан гэж ойлгож байсан гэх боловч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Н.Г нь Ц.Ц-д Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 47-0 тоот 125 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 40 000 000 төгрөгөөр худалдсан гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан, нотариатаар гэрчлүүлсэн нь хэрэгт авагдсан байна.

 

            Худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, гарын үсэг зурснаа согтуу байсан учир мэдээгүй гэх боловч худалдах, худалдан авах гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатч Ж.Д-ыг эрүүгийн хэргийг шалгах явцад гэрчээр асуухад “Н.Г, Ц нарын хийсэн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл, гэрээний үнийн саналыг өөрсдөө бичиж, гарын үсгээ зурсан, хэрэв мансуурсан, согтуурсан бол хуулиар хойшлуулах заалттай. Энэ хүмүүс эрүүл саруул байсан” гэж мэдүүлсэн нь, мөн гэрч Н.У “тухайн өдөр нотариат дээр нөхөртэйгээ хамт очсон, байр худалдахаар биш зээлийн гэрээ байгуулахаар очсон, манай нөхөр согтуу байсан учраас би хамт явсан, Ц.И-ийн данс руу шилжүүлж байгаа мөнгө зээлээ төлж байгаа асуудал, чиргүүлийн төлбөр бол дууссан, Ц.И нь манай дүү Б мөнгө зээлнэ гэж хэлж байсан, ямар хугацаатай, хүүтэй, хүүгүй талаар сайн мэдэхгүй” гэж мэдүүлсэн нь хэрэгт баримтаар авагджээ.

 

            Хариуцагч Ц.Ц нь орон сууцны үнэ 90 000 000 төгрөгийг дүү Г-ын данснаас Н.Г-ын данс руу шилжүүлэхэд утгыг буруу бичсэн, бичгээр байгуулсан гэрээний хувьд 2 хувийн татварыг бага төлөх зорилгоор Н.Г өөрөө хүсч 40 000 000 төгрөг гэж бичсэн гэж тайлбарлажээ.

 

            Зохигчдын тайлбар, дээрх баримтуудын агуулгыг харьцуулан үнэлбэл, 90 000 000 төгрөгийг зээлсэн, гэрчийн мэдүүлгүүд эргэлзээтэй орон сууцыг үүргийн гүйцэтгэлийн барьцаанд барьцаалсан гэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан 90 000 000 төгрөгөөр үнийг тохиролцож, мөнгийг худалдагч Н.Г-ын дансанд шилжүүлсэн, улмаар орон сууц Ц.Ц-ийн өмчлөх эрхэд шилжин бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд шүүх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан, хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн болон гэрээний төлбөр буюу орон сууцны үнийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон, нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах агуулгаар буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хангах  үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч нь дээрх байдлаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилган өмчлөгч гэдгээ зөвшөөрүүлэх  агуулгаар шаардлага гаргасан байхад шүүх өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг заасан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг баримталсан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/1533 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “106 дугаар зүйлийн 106.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.5” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ