Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/75

 

 

 

 

       2022           1           13                                  2022/ДШМ/75

 

 Ц.От холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Мягмардорж,

шүүгдэгч  Ц.О, түүний өмгөөлөгч Н.Жамъян,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/745 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  Ц.Оын давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1908028341464 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.О нь 2021 оны 1 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” дэлгүүрийн орчимд иргэн Ц.Отын “Redmi note pro8” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, төөрөгдөлд оруулах замаар залилж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:  Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, төөрөгдөлд оруулах замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.От 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Оын цагдан хоригдсон 44 хоногийн 1 хоногийг ажлын 8 цагаар тооцон шүүгдэгчийн эдлэх ялаас хасаж тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 368 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,  Ц.О нь бусдад төлбөл зохих хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч  Ц.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Улаанбаатар хотоос гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  Ц.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/745 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэл нь:

 Ц.О надад анхан шатны шүүхээс 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.

Миний бие  Ц.О 2021 оны 11 дүгээр сараас эхлэн “Өгөөдэй Богд Транс” ХХК-д шахмал түлшний тээврийн ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд сар бүр 1.500.000 төгрөгний цалин авдаг болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор надад албадан ажил хийлгэх ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулж дээрх ажлаас халагдах нөхцөл байдал үүсээд байна.

Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж иргэн Отгонбаярт учруулсан хохирлыг өмнө мөрдөн байцаалтын үед төлж барагдуулсан.

Хэдийгээр ял шийтгэл оногдуулах асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн дээд хугацаагаар ял оногдуулж шийтгэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж, ажил амьдралд маань хохирол учруулахаар байна.

Миний бие эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ажилгүй болвол ковид цар тахлын энэ хүнд үед улам хэцүү байдалд орохоор байгаа тул миний энэхүү аргагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, миний өмнө цагдан хоригдсон хугацаанд дүйцүүлэн ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч  Ц.Оын өмгөөлөгч Н.Жамъян тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “... Ц.О нь 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс тус компанид ажилд орж, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа боловч гэмт хэрэгт холбогдсон ял шийтгэлийн асуудлаас болоод ажлаасаа халагдах нөхцөл байдал үүсээд байна. Хэрвээ одоо олон удаа ажлаа тасалбал ажилгүй болж эрх зүйн байдал нь дордохоор байна. Шүүгдэгч  Ц.О мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, уучлал гуйсан байгаа. Шүүгдэгч  Ц.О өөрийгөө илэрхийлэх тал дээр сул байгаа учраас би өмгөөлөгчийн зүгээс тэр тухайгаа хэлээрэй гэсэн юм. Яг хэрэг үйлдэх үедээ гэр бүлээсээ тусдаа байсан. Гэрлэлтийн баталгаагүй, 2 хүүхэдтэй. Тэд одоогоор Архангай аймагт амьдардаг. Одоо ажил хийж авсан цалингаасаа тодорхой хэмжээг нь гэр бүлдээ өгдөг гэсэн нөхцөл байдлаа тайлбарласан учраас би хажуугаас нь баримтаа хэлж, ярь гэсэн. Миний зүгээс давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Р.Мягмардорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч  Ц.О нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд  ажилгүй байсан учраас нэхэмжлэл барагдуулах боломжгүй гэж үзэж саналын дагуу  анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр ажил хийдэг гэж хэлж байсан боловч тэр талаар нотлох баримт байдаггүй. Эхнэр хүүхдийн тал дээр хэрэгт байхгүй баримт байна. Хамтран амьдрагчаас мэдүүлэг авахад салсан, хамт амьдардаггүй гэсэн байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 Ц.О нь 2021 оны 1 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” дэлгүүрийн орчимд иргэн Ц.Отын “Redmi note pro8” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, төөрөгдөлд оруулах замаар залилж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 184-187, 190-192/, “Redmi note pro8” загварын гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 215-218/, хохирол төлсөн баримт /2хх 169-170/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Ц.Отын “...2021 оны 1 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 1 цаг өнгөрч байх үед Номин их дэлгүүрийн баруун талын зам дээр такси барих гээд зогсож байтал хойд хэсгээс нэг залуу гарч над дээр ирээд “та такси барих гэж байгаа юм уу, хаа хүрэх гэж байгаа юм” гэж асуухаар нь “хойшоо гэр хороолол явах гэж байна” гэж хэлтэл тэр залуу “цуг такси бариад дөхөөд бууж болох уу” гэхээр нь “за тэгье” гэж хэлээд такси барих гээд гар өргөөд зогсож байтал тэр залуу хажуунаас “та гар утсаа өгч байгаач нэг хүнтэй ярьж болох уу” гэхээр нь би өөрийнхөө гар утсыг өөрийнхөө гарын хээний мөрөөр дэлгэцийг нь онгойлгож өгөөд нөгөө залууд утсаа өгтөл тэр залуу миний утсаар эмэгтэй хүнтэй 1 минут гаран яриад байсан. ...Тухайн шөнө тэр  Ц.О гэх залууд би утсаа ашиглуулаад яриулаад байсныг жолооч хараад явж байсан. ...” /1хх 198-202/,

 гэрч Б.Эын “...2021 оны 1 дүгээр сарын 27-нд би таксинд явж байхад хоёр залуу гараа өргөхөөр нь машиндаа суулгаад хөдөлсөн. Тэгэхэд таксины мөнгө авна гээд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хорооллын Хаан банкны АТМ-руу уг хоёр залуу хамт орсон. Тэгээд гарч ирээд хөдөлж байхад уг хоёр залуугийн арай залуу нь ахынхаа утсаар яриад яваад байсан. Тэгээд машин зогсоогоод уг арай залуухан залуу нь бие засна гээд ахынхаа гар утсыг нь аваад буусан. Тэгээд алга болсон. Миний машинд үлдсэн залуу нь “гар утас аваад явчихлаа” гэхээр нь би “дүү чинь биш юм уу” гэхэд “танихгүй хүүхэд, манай дүү биш” гэхээр нь хамт ойр орчмоор нь хайгаад олоогүй. Тэгээд уг залуу гэртээ хүргүүлээд буусан. ...Отгонбаярын утас гэж байсан. Отгонбаяр машины урд суугаад таксины тооцоогоо өгөх гээд бэлэн мөнгө байхгүй байсан тул өөрийнхөө утсыг өгөөд мобайл банкаар төлбөрөө авчих гэж өгсөн. Мобайл банкных нь кодыг хийж чадахгүй байсан болохоор би утсыг нь эргүүлээд өгч байсан. ...” /1хх 210-211, 213-214/,

яллагдагч  Ц.Оын “...Би тухайн хүний гар утсаар ярьсан нь үнэн. Харин би гар утсыг нь авч яваагүй. Ямар учраас намайг гар утас авсан гээд байгаа талаар мэдэхгүй байна. ...Өргөөгийн ард зам дээр хүний гар утас авснаа хүлээн зөвшөөрч байна. Би гар утасны хохирлоо шүүхээр орохоосоо өмнө барагдуулна. ...” /1хх 227, 2хх 164/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч  Ц.Оыг хуурч, төөрөгдөлд оруулах замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч  Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч  Ц.Оаас “...Миний бие эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ажилгүй болвол ковид цар тахлын энэ хүнд үед улам хэцүү болохоор байгаа тул энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч  Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Оын цагдан хоригдсон 44 хоногийн 1 хоногийг ажлын 8 цагаар тооцон шүүгдэгчийн эдлэх ялаас хасаж тооцон түүний биечлэн эдлэх ялыг 368 цагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 Ц.О нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэх боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, түүнд оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/745 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/745 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Ц.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ