Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0026

 

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0026

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Батбаатар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З,

Гуравдагч этгээд: Г.М /РД:*********/,

Дүгнэлтийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч прокурор М.Э, хариуцагч гаалийн улсын байцаагч Ө.З нар /биечлэн/ гуравдагч этгээд Г.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дүгнэлт гаргагч Нийслэлийн Прокурорын газрын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э нь Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-д холбогдуулан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

2. Гаалийн ерөнхий газрын зөрчлийн хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г.Мнь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас орж ирсэн LZ******************* арлын дугаартай, 150СС мотортой Саню үйлдвэрийн мопедийг хувь хүнээс худалдан авсан. Уг мопед нь гаалийн байгууллагаар мэдүүлээгүй байсан ба Автотээврийн газраас мопеддоо бичиг баримт авах боломжгүй байгаа тул гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 00***** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу Г.М-д нөхөн татварын 50 хувиар буюу 124,859 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх М.Э нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн маргаан бүхий актыг эс зөвшөөрч Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг бичиж 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

4. Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх М.Э прокурорын дүгнэлтдээ: ... Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Г.М-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 242,717 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 124,859 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ГЕГ-** дугаартай материалыг шалгалтаар хянасан.

Г.М нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Гаалийн ерөнхий газарт ... 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас орж ирсэн LZ*************** арлын дугаартай, 150СС мотортой Саню үйлдвэрийн мопедийг хувь хүнээс худалдан авсан. Уг мопед нь гаалийн байгууллагад мэдүүлээгүй байсан ба Автотээврийн газраас мопеддоо бичиг баримт авах боломжгүй байгаа тул гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж өгнө үү гэх хүсэлт гаргасныг гаалийн улсын байцаагч Ө.З хүлээн авч нөхөн бүрдүүлэлт хийсэн боловч Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичиж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан гэх зөрчлөөр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7. гаалийн мэдүүлэг гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг, 3.1.8. мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг, 3.1.19. гаалийн харилцаанд оролцогч гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг хэлнэ гэж тодорхойлсон ба мөн хуулийн 57.2 Мэдүүлэгч дараах үүрэг хүлээнэ, 57.2.1. гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах гэж тус тус заажээ. Мөн хуулийн 293 дугаар зүйлийн 2931.1. Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, зугтсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан ба Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гаалийн болон татварын бусад татвар төлөхөөс зайлсхийсэн дээрх үйлдлүүдэд татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулахаар заасан.

Гэтэл гаалийн хилээр огт бүрдүүлэлт хийгдээгүй бараанд нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан гаалийн харилцаанд оролцогч биш /мэдүүлэгч биш/ иргэн Г.М-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхиж, татвараас зайлсхийсэн гэх зөрчлийн холбогдогч гэж шийтгэл оногдуулсан нь Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ гэх заалттай нийцээгүй, холбогдогчийг буруу тогтоож шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршдог бол Гаалийн тухай хууль нь Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.

Г.М-ын хилээр нэвтрүүлсэн бараанд нөхөн бүрдүүлэлт хийхээр гаргасан хүсэлт нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжгүй, харин Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3. бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дугаар тушаалын хавсралтаар баталсан Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам-ын 6.2.1-т заасан хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн үнэлэлт, дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд нөхөн бичиж болно гэж заасны дагуу Гаалийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар зохицуулагдах харилцаа байна.

Иймд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Г.М-д 00***** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлтийг бичив гэжээ.

5. Дүгнэлт гаргагч Нийслэлийн Прокурорын газрын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн улсын байцаагчийн иргэн Г.М-д холбогдох 0089010 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шийтгэл оногдуулсан нь хүчингүй гэж үзэн хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн. Өөрөөр хэлбэл иргэн Г.М-ыг гаалийн харилцааны оролцогч мөн эсэхийг тогтоогоогүй, тус шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлгүй. Хоёрдугаарт, тухайн шийтгэл оногдуулсан зүйл анги буюу Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан зөрчил нь татвараас зайлсхийх зорилготой мөн гаалийн мэдүүлэгт бараа бичихгүй орхисон байх зөрчлийн шинжтэй. Гэтэл энэ зөрчлийн шинж нь иргэн Г.М-ын хувьд тохирохгүй гэж үзсэн. Гаалийн тухай хуулиар зохицуулагдах нөхөн бүрдүүлэлтийн асуудал байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах нь үндэслэлгүй гэж үзээд хүчингүй болгуулах дүгнэлт бичсэн гэв.

6. Хариуцагч Ө.З шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Прокурорын газрын прокурор М.Э-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Г.М нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас орж ирсэн өөрийн мопедод гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж, улсын дугаар, бичиг баримт авах зорилгоор хүсэлт гаргасан. хүсэлтийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр холбогдогч Г.М-д Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль, журам, эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан. Тухайн өдөр гаалийн бүрдүүлэлт хийж, үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нөхөн татварт 242,717 төгрөг, торгуульд 124,859 төгрөг, нийт 367,576 төгрөгийг ногдуулж, улсын төсөвт төвлөрүүлсэн.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8. "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг, 3.1.19."гаалийн харилцаанд оролцогч" гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2. Бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ, 55 дугаар зүйлийн 55.1. Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ. Дээрх хуульд зааснаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй мопедыг аж ахуйн нэгж, иргэн хүлээн авахаас үл хамааран гаалийн бүрдүүлэлт хийж, хилээр нэвтрүүлэх байсан ч мэдүүлэгч Г.М нь Гаалийн тухай хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно гэж заасан байдаг. Улсын дээд шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 439 дүгээр тогтоол Гаалийн болон гаалийн тарифын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тайлбарын 1 дүгээр зүйлийн 1.12 дахь хэсэгт Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх, нэвтрүүлэхийг завдах гэдэгт Монгол улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон журмыг зөрчин гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийг мэдүүлэгт бичилгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналт, шалгалтаас нуун далдлах, барааны нэр, төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн хяналт, шалгалтаас гадуур, хилийн боомтгүй газраар улсын хил нэвтрүүлсэн зэрэг үйлдэл, эс үйлдэл хамаарна гэж тайлбарласан.

Иймд Г.М гаалийн байгууллагад мэдүүлээгүй мопедыг сайн дураар мэдүүлэх хүсэлт гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх хууль ёсны зарчим, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол зэрэг үндэслэл тогтоогдсон тул зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэжээ.

7. Хариуцагч Ө.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Иргэн Г.М нь Гаалийн ерөнхий газарт 2021 оны 12 дугаар сард нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус хүсэлтийг шийдвэрлэсэн. Нөхөн бүрдүүлэлт хийх явцад Зөрчлийн тухай хуулиар тодорхой үйлдэл, эс үйлдэхүй, албадлагаас чөлөөлөх зохицуулалт байхгүй. Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн үйлдлийг хийсэн хувь хүн, хуулийн этгээдийг албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн зарчим байдаг учир таны гаалиар мэдүүлээгүй оруулж ирсэн тээврийн хэрэгсэл нь таныг мэдээгүй гэдгээс үл шалтгаалан хариуцлагаас чөлөөлөхгүй гэж тодорхой хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг иргэнээс авсан гэж мэдүүлэг гаргасан. Гэхдээ нөхөн бүрдүүлэлт хийх явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аль нэг иргэнээс авсан гэдэг нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Тиймээс тухайн иргэнд хууль тогтоомжийг танилцуулаад, нотлох баримтын хүрээнд таны нөхөн бүрдүүлэлтэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Үүний дагуу иргэн Г.М нь тухайн мопедыг гаалиар мэдүүлээгүй нэвтрүүлснээ хүлээн зөвшөөрч тэмдэглэл дээр буюу хэргийн 7 дугаар хуудаст гарын үсэг зурсан. Хавсаргасан бичиг баримтууд бүгд хэрэгт байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй болох нь тогтоогдсон. Иргэн Г.М нь 242,000 төгрөгийн татвар төлөөд 120,000 төгрөгийн татвар төлсөн байгаа. Мөн 367,000 төгрөгийн төлбөр төлсөн байдаг. Тухайн хэргийг хүлээн зөвшөөрөөд гаалийн бүрдүүлэлтийг хийж дуусаад хэрэг хянан шийдвэрлэгдсэн байгаа гэв.

8.Гуравдагч этгээд Г.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2021 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас оруулж ирсэн мопедыг Д.А гэх залуугаас худалдан авсан бөгөөд 150СС мотортой тухай мопед нь бичиг баримтгүй байсан тул гаалийн дахин бүрдүүлэлт хийлгэж бичиг баримт авсан. Энэ ажлыг тухайн мопед худалдан авсан н.А хөөцөлдүүлсэн бөгөөд өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг өгч явуулж, өөрийнхөө нэр дээр гаалийн бүрдүүлэлтийг хийлгэсэн болно. Энэ ажилд миний бие оролцоогүй болно гэжээ.

9.Гуравдагч этгээд Г.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2021 онд Д.А гэх залуугаас тухайн мопедыг худалдан авсан. Гаалийн бичиг нь байгаа тэгж байгаад надаас аваарай гэж хэлж байсан. Бичиг баримтаа авахаар очиход гаалийн бичиг нь олдохгүй байна гэсэн тул 2022 онд нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр болсон. Тиймээс би бичиг баримтаа өгөөд явуулсан. Энэ үйл явдалд би оролцоогүй. Д.А чиний нэр дээр бичиг баримт нь гарах учир чиний нэр дээр гаалийн нөхөн бүрдүүлэлт хийгээд өгье гэсэн тул бичиг баримтынхаа хуулбарыг өгөөд явуулсан. Би хөдөө том тэрэгтэй явдаг учир зав багатай. Гаалийн нөхөн бүрдүүлэлт болсон нэг хүнээс очоод аваарай гээд, би очиж авсан. Бусад зүйлд оролцоогүй. Гарын үсгийг Д.А зурсан байх гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Прокурорын дүгнэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Дүгнэлт гаргагч прокурорын зүгээс дүгнэлтийн шаардлагын үндэслэлээ Тодорхойлох хэсгийн 4-5-д заасны дагуу болон ...гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй бараанд нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан гаалийн харилцаанд оролцоогүй мэдүүлэгч биш Г.М-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхиж, татвараас зайлсхийсэн зөрчлийн холбогдогч гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн агуулга, үзэл санаанд нийцээгүй, холбогдогчийг буруу тогтоож шийтгэл оногдуулсан нь хууль бус, ...гаалийн хилээр нэвтрүүлсэн бараанд нөхөн бүрдүүлэлт хийхээр гаргасан хүсэлт нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжгүй зэргээр тодорхойлон маргасан бол,

3. Хариуцагч буюу Эрх бүхий албан тушаалтан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ...Г.М нь мопедыг гаалийн хилээр нэвтрэхдээ гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчлийг үйлдсэн талаар өөрийгөө илчилж ирсэн-ээр Үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдсэн, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд: Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 2021 онд Замын-Үүдээр орж ирсэн ... гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байсан тул Автотээврийн газраас дугаар авах боломжгүйгээс гаалийн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан, энэ үйлдлээ зөрчил гэж үзэж байна. Тийм учраас гаалийн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан, зөрчлийг давтан гаргахгүй байх боломжтой гэх агуулгатай тайлбар өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, зөрчил нь тогтоогдсон хэмээн үзэж дүгнэлтийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Түүнчлэн хариуцагч нь шүүх хуралдаан дээр зөрчлийн хэргийн холбогдогч нь Г.М байсан, түүнд хариуцлага тооцсон гэж тайлбарлаж байна.

4. Шүүх, прокурорын дүгнэлтийн шаардлагын үндэслэл, хариуцагч гаалийн улсын байцаагчийн тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон иргэн Г.М тайлбар, зөрчлийн хэргийн материалыг харьцуулан дүгнээд, эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч гаалийн улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар торгуулийн хариуцлага хүлээлгэхдээ зөрчлийн хэргийн холбогдогчийг зөв тогтоогоогүй гэж үзэв.

5. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00****** дугаар шийтгэлийн хуудсыг үйлдэж, Саню үйлдвэрийн мопедыг гаалийн мэдүүлэгт бичээгүй, нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан Г.М-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 242,717 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, нөхөн татварын 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 124,859 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

6. Энэ тохиолдолд хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1. Гаалийн тухай хууль зөрчиж, 1.1.гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн ...нөхөн төлүүлсэн татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зүйлчлэлээр шийтгэл оногдуулахын тулд холбогдогч нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1. хууль, ... зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасны дагуу Гаалийн тухай хууль зөрчсөн байх, тэр дотроо Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2. Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заасны дагуу гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхих үйлдлийг гаргасан зөрчил үйлдсэн этгээдийг тогтоож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасны дагуу нотлох үүрэгтэй байна.

7. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.гаалийн мэдүүлэг гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг, 3.1.8.мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг, 55 дугаар зүйлийн 55.1. мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ, 55.2. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараах хэлбэрээр мэдүүлж болно, 55.2.1. бичгээр, 57 дугаар зүйлийн 57.2. мэдүүлэгч дараах үүрэг хүлээнэ, 57.2.1. гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж... гэж зааснаас үзвэл, маргаан бүхий энэ тохиолдолд биет бараа болох мопедыг гаалийн мэдүүлэгт бичээгүй зөрчилд холбогдогчийг зөв тогтоогоогүй байна, энэ нь гуравдагч этгээд Г.М-ын тайлбараар нотлогдож байна.

8. Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход байдаг ба Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангахгүйгээр эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь үндэслэлгүй, хуулийн үзэл санаанд нийцээгүй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, энэ талаар дүгнэлт бичсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 55 дугаар зүйлийн 55.1, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2, 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Э-аас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-д холбогдуулан гаргасан дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З-ын үйлдсэн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т заасныг баримтлан дүгнэлт гаргагч прокурор М.Э улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ Л.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ