Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2017/0452

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0452

Улаанбаатар хот

Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2017/0024 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2017/0024 дүгээр шийдвэрээр: ”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилохыг Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01/159 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “1. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь батлагдсан дэгийн дагуу явагдаж багийн даргын сонгуульд Ц.Мөнх-Эрдэнэ миний бие Б.Банзрагчтай өрсөлдөж иргэд, сонгогчдын 90.8 хувийн санал авч ялалт байгуулсан.

Тухайн хурлыг хууль бус, хүчин төгөлдөр бус гэсэн гомдол санал гаргасан, түүнийг шийдвэрлэсэн нэг ч нотлох баримт хэрэгт байдаггүй. Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир нь Ц.Мөнх-Эрдэнэ миний биеийг 5 дугаар багийн Засаг даргаар томилохгүй байгаа шалтгаанаа шүүхэд тайлбарлахдаа хурлыг хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар хийдэг хэдий ч томилохгүй байгаа цаад шалтгаан нь миний биеийг нам, үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж байгаа үйлдэл гэж үзэж байна.

Учир нь Засаг дарга Ж.Гурвантамир нь өөрийн биеэр очиж дэмжсэн Б.Банзрагчийг ялалт байгуулж чадаагүй учраас ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр миний биеийг томилохоос татгалзсан.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1, 26.6.2, 26.6.3 дахь хэсэгт заасан баг хорооны Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг миний бие бүрэн хангасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 5 дахь заалтад “Нэхэмжлэгч тал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж байгаа ч дээрх хуулийн 26.6.1, 26.6.2, 26.6.3-д заасан шаардлагуудыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсан багийн Иргэдийн нийтийн хуралдааны тогтоолтой хамт хүргүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Мөнх-Эрдэнэ нь гаргаж өгсөн” тухай дурджээ.

 Миний бие нь анхан шатны шүүх хурал дээр 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж маргаагүй харин тухайн хуулийн 26.6.1, 26.6.2, 26.6.3-д заасан шаардлагуудыг хангасан талаараа дурдсан.

Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар тухайн шатны хурлын дарга уламжилдаг ба батламжлах гэж буй засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.6.1, 26.6.2, 26.6.3-д заасан шаардлагыг хангасан эсэх асуудлыг судлах ёстой.

Гэтэл Ц.Мөнх-Эрдэнэ миний биеийг шаардлага хангасан эсэх нотлох баримтаа тухайн шатны засаг даргад хүргүүлээгүй мэтээр анхан шатны шүүх нь үндэслэх хэсэгтээ дурьдаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна.

3. Анхан шатны шүүх нь тогтоох хэсэгтээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилохыг Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/159 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хэт нэг талыг барьсан.

Мөн Ц.Мөнх-Эрдэнэ миний болоод 5 дугаар багийн иргэд сонгогчдын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Учир нь. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-д заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал” гэсэн хуулийн зохицуулалт нь ямар ч үндэслэлгүйгээр татгалзаж болно гэсэн хуулийн зохицуулалт биш гэж үзэж байна.

Учир нь тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д нэр дэвшигчийн тавигдах шаардлагыг тодорхой зааж өгсөн байдаг. Тухайн тавигдах шаардлагыг хангаагүй болон тухайн хурал нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон зэрэг хууль зүйн үндэслэлтэй тохиолдолд татгалзах эрх нь үүснэ гэж үзэж байна.

Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн иргэд, сонгогчдын болон багийн Засаг даргад нэр дэвшиж ялалт байгуулсан Ц.Мөнх-Эрдэнэ миний Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчсөн хэт нэг талыг барьсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Ц.Мөнх-Эрдэнэ миний “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилохыг Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/159 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн” нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолоор багийн иргэдийн 90,8 хувийн санал авсан Ц.Мөнх-Эрдэнийг тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр Эрдэнэбулган сумын Засаг даргад уламжилсныг Эрдэнэбулган сумын Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/159 дүгээр албан бичгээр 5 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 /Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй/-д зааснаар сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хуралдаанаас багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн этгээдийг томилохоос нэг удаа татгалзах эрхтэй.

Нэгэнт Эрдэнэбулган сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж багийн Засаг даргыг томилохоос татгалзсан тохиолдолд тус багийн иргэдийн Нийтийн Хурал хуулийн дээрх заалтын дагуу багийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах учиртай.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд эрх бүхий албан тушаалтан Засаг даргыг томилохоос татгалзахдаа тодорхой шалтгаан, үндэслэлийг заахаар тухайлан хуульчлаагүй бөгөөд энэ тохиолдолд сумын Засаг даргыг тодорхой үндэслэл заалгүй Ц.Мөнх-Эрдэнийг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан гэж буруутгах, нэхэмжлэгчийг нам, үзэл бодлоор ялгаварлан гадуурхсан гэх боломжгүй.

Тиймээс хуульд заасны дагуу Багийн иргэдийн Нийтийн Хурал дээрх асуудлаар дахин хуралдаж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй байхад хариуцагч албан тушаалтны татгалзсан эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.

Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 109/ШШ2017/0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                  Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР