Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/00808

 

                                                    “Мон Сант Алдар” хадгаламж зээлийн хоршооны                                                       нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01109 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 731 дүгээр магадлалтай,

“Мон Сант Алдар” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Ж.Солонгод холбогдох        

            Зээлийн гэрээний үүрэгт 11.357.290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Цогтоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мандхай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн тайлбарт: “Ж.Солонго “Мон Сант Алдар” хадгаламж зээлийн хоршоотой 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авто машины лизингийн гэрээ байгуулан 3 700 000 төгрөгийг нэг сарын 3.65 хувийн урамшуулалт үндсэн хүүтэй 24 сарын хугацаатайгаар 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл зээл авсан. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ж.Солонго нь 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээл болон хүүгээ төлөх хугацааг нэг хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн болон төлөгдөх зээлээ хуваарийн дагуу төлж чадаагүй тул тухайн сарын хүүг үндсэн хүү 4 хувиар тооцож 6 455 630 төгрөг, үндсэн зээлийн 3 610 530 төгрөг, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү 1 291 130, нийт 11 357 290 төгрөгийг хариуцагч Ж.Солонгоос гаргуулж өгнө үү.” гэжээ.

           Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, Б.Баттөмөр нарын гаргасан хариу тайлбарт: “Миний бие “Мон Сант Алдар” хадгаламж зээлийн хоршооны зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бодит байдлыг илт мушгин гуйвуулж их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Анхнаасаа ингэж тохироогүй. Мөнгө авахад машиныг чинь авна гэсэн. Машинаа шилжүүлээд өгчихсөн. Намайг төлөх боломжгүй гэдгийг мэдэж байсан тул машиныг аваад тооцоо дуусахаар болсон. Машины өмчлөл одоо тухайн хадгаламж зээлийн хоршооны нэр дээр байгаа. Саяхан биднийг уг машиныг олоод өгчих тэгээд л болоо гээд байснаа одоо болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Би төлбөртөө машинаа авчихсан гэж ойлгож байсан. Өөрийн хадгаламж зээлийн хоршооны нэр дээр байгаа машиныг хууль бус эзэмшигчээс нь гаргуулахын оронд одоо их хэмжээний мөнгө нэхэмжилж намайг хохироож байгааг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд зээлийн хүүгийн талаар ингэж тохиролцоогүй тул зөвшөөрөхгүй байна. Ийм байхаар харилцан тохиролцоогүй. Би өөрийн нөхрөөс машиныг лизингээр авах боломжгүй. Бид тухайн хадгаламж зээлийн хоршооны хүмүүст хууртагдсан байна.” гэжээ.

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01109 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Солонгоос 9 982 130 төгрөгийг гаргуулан “Монсант Алдар” хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлээс 1 375 160 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196 667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Солонгоос 174 664 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мон Сант-Алдар” хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 731 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01109 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Хадгаламж зээлийн хоршоо нь автомашины лизингийн гэрээ /санхүүгийн түрээс/ гэж байгуулсан хэмээн нэхэмжлэлд бичдэг боловч ийнхүү санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй байсан гэдэг нь хэргийн материалд байгаа Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13.4-т “Хадгаламж зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ. 13.5-д “Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос зөвшөөрсөн хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил үйлчилгээг эрхэлж болно” гэж заасан байх бөгөөд 13.6-д “Хадгаламж зээлийн хоршоо нь энэ хуулийн 13.4, 13.5-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл хадгаламж зээлийн хоршоо нь хуулиар хориглосон, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн. Санхүүгийн түрээсийн гэрээ байсан ч Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй байсан. Зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй учраас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх боломжгүй юм. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “ ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байхад, мөн уг хэлцлийг хийгдээгүй байна гэж дүгнэсэн” мөртлөө зээлийн гэрээ гэж үзээд, хийгдээгүй бас хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тусгагдсан нөхцлийг “Зээлийн гэрээ” -нд тусгагдсан хүчин төгөлдөр нөхцөл мэт дүгнэн төлбөр гаргуулж байгаа нь хууль буруу хэрэглэж энгийн иргэнийг эдийн засгийн болоод хууль зүйн хувьд хэтэрхий хохироосон шийдвэрийг гаргасан. Ж.Солонго нь одоогийн байдлаар нөхөр, хүү (гэрчилгээ нь хэргийн материалд байгаа)-гийн хамт айлын хашаа хөлслөн амьдардаг хүний хувьд илтэд хохироосон. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь анхнаасаа л санхүүгийн түрээсийн гэрээг байгуулах эрхгүй этгээдүүд байсан бөгөөд тухайн хэлцлийг хийх үедээ талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж байна хэмээн ойлгосон байдаг бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдалд тохирсон эрх зүйн зохицуулалтыг хэрэглээгүй. /хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй/ Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “шүүх зөвхөн “Мон сант алдар” ХЗХ-ны дарга н.Бямбажавын нэр дээр байгаа тээврийн хэрэгслийн лавлагааг авсан, гэрчүүдийг асуулгах, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ” хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт өгөөгүй байна. Нэгэнт нэхэмжлэгчийн төлөөлөгч 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/-н төгрөгийг өгөөд хариуд нь “Ниссан кондор” маркийн 45-12 УБК улсын дугаартай машиныг ХЗХ-ны дарга н.Бямбажавын нэр дээр шилжүүлэн авсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байхад уг зүйлийг дахин дахин нотлуулах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Магадлалд “Хариуцагчийн төлөөлөгч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг нэхэмжлэгч автомашин лизингийн гэрээ, хариуцагч худалдах-худалдан авах гэрээ, шүүх зээлийн гэрээ гэж зөрүүтэй үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд хэргийн үйл баримт бодитоор тогтоогдоогүй байхад үүнтэй холбоотойгоор талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар дүгнэлт хийх, хууль хэрэглээний талаар дүгнэлт өгөх боломжгүй байна” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/-н төгрөгийг өгч машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан боловч одоо ч байхгүй байгаа тул аргаа бараад энэ гэрээний дагуу мөнгөө нэхэж байна гэх мэт тайлбарыг өгсөн байдаг нь хариуцагч өөрийн нөхрийн нэр дээрх машиныг шилжүүлсэн үйлдлүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байсныг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, уг хэлцлээр шилжүүлсэн зүйлс /3.700.000 төгрөг ба автомашин/-ийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, тус хэлцлээр солилцсон зүйлсийг харилцан буцааж өгөхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

         Нэхэмжлэгч “Мон сант алдар” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Ж.Солонгод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 357 290 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Зохигчдын хооронд 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан “Автомашины лизингийн гэрээ” хэргийн 8-9 дүгээр талд авагдсан байх бөгөөд уг гэрээг үндэслэн нэхэмжлэгч “Мон сант алдар” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Ж.Солонгод 3 700 000 төгрөгийг автомашины лизингийн зориулалтаар 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 24 сарын хугацаатай, нэг сарын 3.65 хувийн урамшуулалт хүү, 4 хувийн үндсэн хүүтэй зээлүүлсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “…Мөнгөний оронд машиныг авна гэсэн. Машинаа шилжүүлээд өгчихсөн. Машины өмчлөл одоо тухайн хадгаламж зээлийн хоршооны нэр дээр байгаа. Хүүгийн талаар ингэж тохиролцоогүй тул зөвшөөрөхгүй байна…” гэсэн тайлбарыг гаргажээ.

   Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Зохигчдын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарын хэмжээнд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлох, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 

  Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөрөөс гаргасан “...“Ниссан кондор” маркийн 45-12 УБК улсын дугаартай автомашины эзэмшлийг “Мон Сант Алдар” хадгаламж зээлийн хоршооны нэр дээр шилжүүлсэн байдлыг тодруулах, Д.Бямбасэлэнгэ, С.Мөнх-Эрдэнэ нарыг гэрчээр асуулгах” хүсэлтийг шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 34950 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан талуудын нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдсан гэж үзэх боломжгүй.

         Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан талуудын нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 731 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

          2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 175.000 /нэг зуун далан таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                             ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН