Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/01403

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/01403

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 16 885 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч А.М,

хариуцагчийн төлөөлөгч А.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ********* хариуцагч*******т холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 16 500 000 төгрөг, гарсан зардал 385 000 төгрөг, нийт 16 885 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ********* миний бие 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэн*******тай аман хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээ хийж, Nissan juke маркын автомашиныг 16 500 000 төгрөгөөр худалдаж авсан болно. Тухайн үед автомашиныг авахад үйлдвэрээс авсан, явсан нийт километр 71 000 гаруй байсан болно. Автомашинаа авж нэрээ шилжүүлсний дараа унаж явахад бага хэмжээний доголдол байсан болохоор хэд хоногийн дараа Nissan motors-д цаг аван компьютер оношилгоонд орсон. Тухайн авто засварын газрын хариу нь автомашины хроп эвдэрсэн асуудалтай гэж гарсан. Автомашины хянах самбарт ямар нэгэн алдаа заасан чек асаагүй болохоор хэд хоног харж байгаад, дахин 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах UB2 авто центрт үзүүлж, хропны тосоо солиулж, угаалгаж, шүүлтүүр солиулсан. Тухайн үйлчилгээг хийлгэж байхад тус газрын мэргэжилтэн нь хроп асуудалтай, гэмтэлтэй байгааг мөн сануулсан. Бас ямар нэгэн алдаа заасан гэрэл асахгүй болохоор орхисон. Уг машин нь явахад ямар ч хааз авахгүй, өөд газар явахгүй, хүчгүй байгаад байсан нь тун төвөгтэй байсан. Ингээд унах унахгүйн хооронд явсаар 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тухайн маркын машиныг дагнасан хувь хүн очиж үзүүлэхэд, тухайн машины хроп нь эвдэрсэн солих шаардлагатай мөн дээр нь хянах самбар дээрх чекийн гэрлийг баллаж хараар будсан байсныг илрүүлсэн. Энэ үйлдэл нь залилангийн шинж чанартай, худалдах худалдан авах гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэж үзэн тухайн автомашиныг буцаан нийт төлбөр болон явцын дунд гаргасан нэмэлт зардал 385 000 төгрөг, нийт 16 885 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* миний бие 2023 оны 07 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч А.Мөнхцацралд аман хэлцлээр өөрийн эзэмшилд байсан жуке маркийн******* УБЗ авто машиныг шилжүүлсэн болно. Бичгээр гэрээ байгуулахыг худалдан авагч өөрөө санал болгоогүй би ч анзаарсангүй. Уг машиныг би 2023 оны 01 сарын 02 өдөр оношилгоонд оруулан худалдан аваад, ажил гэрийн хооронд л унадаг байсан ба хөдөө орон нутаг руу зорчиж байгаагүй. Гэр Хан- Уул дүүрэг 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж******* тоот харин ажил Баянгол дүүрэг 4-р хороо буюу иргэдийн хэлж заншинаар 10-р хороололд, энэ хооронд 6 км болно. 2023 оны 01 сарын 02-ны өдөр худалдан авахад нийт явсан гүйлт нь 67,428 км байсан ба ойролцоогоор 2,000 км яваад худалдсан болно. Нэхэмжлэгчийн материалыг харахад 07 сарын 31-ний өдөр компьютер оношилгоог моторсд хийлгэсэн байх агаад миний бие моторсд очиж техникийн үзлэгийн архивыг нь шүүлгэхэд, уг машиныг нэхэмжлэгчийн дурьдсан шиг ямар нэгэн эвдрэл, хроп эвдрэлтэй гэсэн онош тавиагүй, харин 2013 оноос хойш 11 жил ашиглалтанд болж байгаа хуучин машин учраас хэрэв хүсвэл гүнзгийрүүлсэн оношилгоо хийлгэж болно гэсэн байна. Хэрэв эвдрэлтэй гэсэн бол худалдан авагч тэр дор нь надад мэдэгдэх, эсвэл нэмэлт үйлчилгээ авах зэрэг бүх боломж нь нээлттэй байсан. Гэтэл уг машины хропны тосыг******* ХХК-ийн засвар үйлчилгээний газарт 2023.08.08-ны өдөр солиулсан баримтыг хавсаргасан байх бөгөөд миний бие мөн уг компани дээр очиж үзлэг, үйлчилгээний нөхцөл, уг машины тухайн үеийн мотор, хропны ажиллагааны тухай тодруулж албан ёсны тодорхойлолт авч мөн хавсаргав. Уг тодорхойлолтоос харахад, хропны тосыг тухайн компанид солиулах үед уг машин маань хэвийн бүрэн бүтэн ажиллагаатай байсан бөгөөд уг компани хропны тос солихдоо урьдчилан үзлэг хийж, хэвийн тохиолдолд сольдог гэдгээ албан ёсны хариу өгсөн байна. Гэтэл уг машиныг худалдан авсан Мөнхцацрал нь худалдан авсанаас 2 сарын дараа, машины хропны тосыг солиулснаас бүтэн сарын дараа буюу 09 сарын 10-ны өдөр 13 цагийн үед фейсбүүк чатаар гэнэт таны зарсан машин хроп эвдрэлтэй байна гэж мессэж ирүүлсэн. Мөн хяналтын буюу чек гэрлийг түлсэн, будсан гэх мэт хүний санаанд оромгүй зүйлсээр гүтгэн гүжирдэж байгааг эрхэм шүүх анхааралдаа авна уу. Нэхэмжлэгч нь тус машины чек нь асахгүй байсан гэж гүтгэсэн, гэтэл надад хадгалагдсан утасны зургийн санд нэг зураг дээр чек нь асаж байгааг хавсаргасан болно. Энэ үед машинд ухрахын камер суурилуулж байсан бөгөөд хянах дэлгэцэн дээр бүх эд ангийн гэрлүүд ассан байдалтай тэнд мотор хропны ч гэрэл асаатай байгааг харж болно. Тухайн үед эхнэр нөхөр хоёр уг машиныг үзэж шалгаж авах үедээ, нэхэмжлэгчийн нөхөр нь машины худалдаа эрхэлдэг гэж байсан бөгөөд тийм гэр бүл чек нь асахгүй, дэлгэц түлсэн, баллуурдсан бүр хроп нь эвдэрхий машин худалдан авах нь бүү хэл, эсэргээрээ харин ч бусдаас машин унаа худалдан авч, өөрсдөө эвдлэх юмуу эд ангийг нь сольчихоод эргүүлж, хүмүүсийн техникийн мэдлэг дутууг ашиглан гүтгэн гүжирдэж, айлган сүрдүүлж. Залилан хийдэг ч байж болох юм. Миний бие өөрийн хэмжээнд нэхэмжлэгчийн автомашинаа хэрхэн унаж хэрэглээндээ ашиглаж байсан тухай шилэн, олон нийтэд нээлттэй платформ болох smartvar.mn, ezam.mn, autobox.mn зэрэг сайтуудаар машины дугаараар хайхад, дараахь мэдээллүүд гарч ирсэн болно. Үүнд: Торгуулийн мэдээлэл, 2023.07.21 өдөр, 2023.08.08 өдөр, 2023.08.15 өдөр, 2023.08.30 өдөр, 2023.09.13 өдөр, Хот хоорондын зам ашигласны мэдээлэл, 2023.07.23 өдөр, 2023.08.04 өдөр, 2023.08.12 өдөр, 2023.09.09 өдөр, Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хэрэглэж байгаа 2023.09.27 өдөр. Дээрх мэдээллүүдийн зургийг хэргийн материалд хавсаргасан бөгөөд эндээс харахад нэхэмжлэгчийн эвдэрсэн гэх оноштой машин нь өмнө ч, одоо ч хэвийн ажилааж байгааг эрхэм шүүх анхааралдаа авна уу. Уг машиныг худалдан борлуулах үед, борлуулсаны дараа тухайн моторс,******* ХХК зэрэг мэргэжлийн газруудын дүгнэлт үйлчилгээ, тодорхойлолт, мөн авто замын хөдөлгөөнд тогтмол оролцож, хөдөө орон нутагт байнга зорчиж байгаа зэрэг нь уг автомашин нэхэмжлэгчийн гүтгэж байгаа шиг эврэл гэмтэлтэй машин байгаагүйг нотолж байна. Хроп эвдрэлтэй нэхэмжлэгчийн дурьдсан шиг хааз, хий авахгүй байгаа бол үнэхээр эвдрэлтэй байсан бол одоог хүртэл хөдөө орон нутагт зорчих нь бүү хэл, хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг машин унадаг ямар ч хүн мэднэ. Хэрэв эвдрэл гэмтэлтэй болсон бол хэрхэн яаж эвдэлснээ тэр өөрөө л мэдэх байх. Ямар учир зорилготой ийм илт хуурамч гүтгэлэг гаргаж, бусдын ажил амьдралд төвөг саад учруулж байгааг хардах эрхийнхээ дагуу дээр дурьдсанчлан бусдыг залилагчид байх магадлалтай гэж бодож байна. Шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандах болно. Иймд хэрэгт хавсаргасан эвдэрсэн гэх оноштой санал нийлэхгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эрхэм шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож хариуцагч миний хариу тайлбарыг хангаж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс фото зураг, 2023.08.08-ны өдрийн зарлагын баримт, 2023.07.31-ний өдрийн оношлогооны баримт, 2023.07.31-ний өдрийн оношлогооны баримт, фэйсбүүк чатны зураг, Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын 2023.11.28-ны өдрийн******* дугаар албан тоот, тээврийн хэрэгслийн улаанбаатар хот руу нэвтэрсэн мэдээлэл, Зам, тээврийн хөгжлийн төвийн 2023.11.27-ны өдрийн******* дугаар албан бичиг, тээврийн хэрэгслийн Улаанбаатар хот орчмын төлбөр авах цэгүүдээр нэвтэрсэн мэдээлэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 6-18, 60-63/

 

4. Хариуцагчаас,******* УБЗ автомашины замын хөдөлгөөнд оролцсон зураг,******* ХХК-ийн 2023.10.05-ны өдрийн дугаар тодорхойлолт, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, 2023.07.31-ний өдрийн автомашин оношлогооны баримт, Смарт кар тээврийн хэрэгслийн цахим системээс тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцсон мэдээлэл, фэйсбүүк мессенжер чатны зураг, 2024.03.29-ний өдрийн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ хийлгэж байсан эсэх лавлагаа зэргийг ирүүлсэн./хх-ийн 29-42, 64-75/

 

5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр ХХК-ийн 2023.07.31-ний өдрийн зарлагын баримт, оношлогооны баримт, Тээврийн цагдаагийн албаны 2024.03.19-ний өдрийн дугаар албан бичиг, тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцсон мэдээлэл зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 46-47, 55-56/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэн*******тай аман хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээ хийж,******* УБЗ улсын дугаартай Nissan juke маркийн автомашиныг 16 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Автомашинаа авч нэрээ шилжүүлсний дараа унаж явахад бага хэмжээний доголдол байсан болохоор хэд хоногийн дараа Nissan motors-д цаг аван компьютер оношилгоонд орсон. Тухайн авто засварын газрын хариу нь автомашины хроп эвдэрсэн асуудалтай гэж гарсан. Автомашины хянах самбарт ямар нэгэн алдаа заасан чек асаагүй болохоор хэд хоног харж байгаад, дахин 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах UB2 авто центрт үзүүлж, хропны тосоо солиулж, угаалгаж, шүүлтүүр солиулсан. Тухайн үйлчилгээг хийлгэж байхад тус газрын мэргэжилтэн нь хроп асуудалтай, гэмтэлтэй байгааг мөн сануулсан. Ингээд унах унахгүйн хооронд явсаар 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тухайн маркын машиныг дагнасан хувь хүн очиж үзүүлэхэд, тухайн машины хроп нь эвдэрсэн солих шаардлагатай мөн дээр нь хянах самбар дээрх чекийн гэрлийг баллаж хараар будсан байсныг илрүүлсэн. Иймд доголдолтой эд хөрөнгө нууж намайг хуурч худалдсан тул автомашиныг буцаан машины төлбөрт төлсөн 16 500 000 төгрөгийг, машин засуулахад гаргасан зардал 385 000 төгрөг, нийт 16 885 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ******* миний бие 2023 оны 07 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч А.Мөнхцацралд аман хэлцлээр өөрийн эзэмшилд байсан Nissan juke маркийн*******УБЗ автомашиныг худалдсан бөгөөд ямар нэг эвдрэл гэмтэлтэй, хяналтын буюу чек гэрлийг түлсэн, хроп эвдрэлтэй машин өгөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч ********* нь******* УБЗ улсын дугаартай Nissan Juke маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч*******аас 16 500 000 төгрөгөөр худалдан авч, үнийг төлсөн, хариуцагч******* нь уг тээврийн хэрэгслийг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон, талууд энэ асуудлаар маргаангүй байна.

 

4.2 Харин нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн хроп эвдэрсэн асуудалтай, мөн дээр нь хянах самбар дээрх чекийн гэрлийг баллаж хараар будсан байсан зэрэг нь доголдолтой гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрийг, гарсан зардлын хамт шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч биет байдлын доголдолгүй, хроп хэвийн ажиллаж байсан автомашин шилжүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж байна.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба 243 дугаар зүйлийн 243.1зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

5.1 Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдолтой холбоотой худалдан авагчаас гаргах шаардах эрхийг тодорхойлсон байдаг ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ********* нь худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулж гэрээг цуцлахаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

6. Нэхэмжлэгч нь Nissan Juke маркийн,******* УБЗ дугаартай, хар өнгийн автомашиныг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшилдээ авч, 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Моннис моторс ХХК-ийн компьютер оношилгоонд оруулсан, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах UB2 авто центрт үзүүлж, хропны тосоо солиулж, угаалгаж, шүүлтүүр солиулсан. Тухайн үйлчилгээг хийлгэж байхад тус газрын мэргэжилтэн нь хроп асуудалтай, гэмтэлтэй байгааг мөн сануулсан. Ингээд унах унахгүйн хооронд явсаар 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тухайн маркийн машиныг дагнасан хувь хүн очиж үзүүлэхэд, тухайн машины хроп нь эвдэрсэн солих шаардлагатай нь тогтоогдсон. гэж тайлбарлажээ.

 

6.1 Хариуцагч нь хроп эвдэрсэн тохиолдолд машин явах боломжгүй болох бөгөөд ********* нь өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийг унаж, замын хөдөлгөөнд оролцож байгаа нь баримтаар тогтоогдсон, мөн хроп эвдэрсэн талаар хэрэгт ямар ч баримт байхгүй бөгөөд бид энэ талаар үйлчилгээ авсан гэх газруудаас тодруулж, баримтыг хэрэгт гаргаж өгсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

7.Талууд хэрэгт хоорондоо харилцсан мессэнжер чатууд, автомашины хянах самбарын зурагнууд, үнийн тариф, зарлагын баримт зэргийг ирүүлсэн байх хэдий ч тухайн тээврийн хэрэгслийн хроп доголдолтой гэдгийг нотолсон, хэрэгт ач холбогдолтой баримтууд биш байна.

 

7.1 Харин холбогдох газруудаас авсан баримтуудаас үзэхэд ХХК-нд 2023.07.31-ний өдөр Nissan Juke маркийн,******* УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь компьютер оношилгоо хийлгэсэн, 2023.08.08-ны өдөр******* ХХК-ийн UB авто центрт уг автомашин нь оношилгоо хийлгэж, автомат хурдны хайрцгийн шингэн, шүүрийн хамт солиулсан, мөн Тээврийн цагдаагийн газрын 2024.03.19-ний өдрийн мэдээллээр тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцож байгаа зэрэг нь тогтоогдсон байна.

 

7.2 Эдгээрээс дүгнэхэд хариуцагч нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, доголдолтой эд хөрөнгийг худалдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

7.3 Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээг цуцлах үндэслэлээ хянах самбар дээрх чекийн гэрлийг баллаж хараар будсан байсан. гэж тайлбарлаж байх боловч худалдан авагч нь тухайн эд хөрөнгийг хүлээн авахдаа шалгаж авах үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь, түүнчлэн тээврийн хэрэгслийн хянах самбарт хариуцагчийг гэмтэл учруулсныг тогтоох боломжгүй байх ба нэхэмжлэгч нь энэ талаараа баримтаар нотлоогүй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас 16 885 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *********ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ