Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/381

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,   

улсын яллагч А.М*****,

шүүгдэгч Ч.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Г*******д холбогдох, эрүүгийн 2503009870162 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжилтэй, ************** мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, *********** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ******* ******* овогт Ч*******ийн Г******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.Г******* нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Нарны замын Вокзалын хойд талын уулзварын замд ******* ******* улсын дугаартай, “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Найм дугаар зүйлийн 8.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө” гэж заасныг, мөн зүйлийн 8.9 дэх хэсгийн г/-д “улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж мөн замаар хөдөлгөөнд оролцож явсан 70-52 УЕК улсын дугаартай, “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл нь явган хүний гарцаар гарч явсан иргэн 19 настай, Н*******гийн С******* /РД:/-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Г******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Г*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2503009870162 дугаартай хэргээс:

2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын хэмжилтийн бүдүүвч зураг /хэргийн 11-12 дугаар хуудас/,

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 13-17 дугаар хуудас/,

4. Хохирогч Н.Сын мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,

5. Хохирогч Н.Сын “эмчилгээний зардалд 4 сая төгрөг авсан, сэтгэл санааны хохирлоо барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх гар бичмэл /хэргийн 24-25 дугаар хуудас/,

6. Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хэргийн 28-36 дугаар хуудас/,

7. Гэрч Г.гийн мэдүүлэг /хэргийн 38 дугаар хуудас/,

8. Хохирогч Н.Сын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан мэдээлэл /хэргийн 56 дугаар хуудас/,

9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0725/10308 дугаартай дүгнэлт /хэргийн 60-61 дүгээр хуудас/,

10. “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 427 дугаартай дүгнэлт /хэргийн 67-72 дугаар хуудас/,

11. “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2054 дугаартай “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хэргийн 91-97 дугаар хуудас/,

12. “Нимонс” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үзлэг оношилгооны хуудас /хэргийн 98-100 дугаар хуудас/,

13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЕГ0226/140 дугаартай дүгнэлт /хэргийн 107-108 дугаар хуудас/,

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн /хэргийн 109-111 дүгээр хуудас/,

15. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 116-118 дугаар хуудас/,

16. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 00129 дугаартай магадлагаа /хэргийн 119-120 дугаар хуудас/,

17. Шүүгдэгч Ч.Г*******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 113 дугаар хуудас/,

18. Шүүгдэгчийн урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй талаарх лавлагаа /хэргийн 134 дүгээр хуудас/,

19. Иргэний нэхэмжлэгч Г.д учирсан хохирлыг нөхөн төлсөн баримт /хэргийн 143 дугаар хуудас/,

20. Иргэний нэхэмжлэгч Г.гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч нар гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэж, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Г*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хоёр. Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн шинж нь “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэл байдаг бөгөөд уг үйлдэл нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаардаг.

Шүүгдэгч Ч.Г******* нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Нарны замын Вокзалын хойд талын уулзварын замд ******* ******* улсын дугаартай, “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Найм дугаар зүйлийн 8.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө” гэж заасныг, мөн зүйлийн 8.9 дэх хэсгийн г/-д “улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж мөн замаар хөдөлгөөнд оролцож явсан 70-52 УЕК улсын дугаартай, “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар “Тоёота акуа” маркийн тээврийн хэрэгсэл нь явган хүний гарцаар гарч явсан иргэн 19 настай, Н*******гийн С******* /РД:/-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, тус зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Г******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гурав. Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.

Хохирогч Н.Сын биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Ч.Г******* гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ, сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Г******* нь хохирогч Н.С*******д 4,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан хохирогчийн тайлбараар, мөн тэрээр иргэн Г.д учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэгээр тус тус тогтоогддог тул шүүгдэгчийг энэ тогтоолоор тэдэнд төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гээд 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж заасан тул шүүгдэгч Ч.Г******* нь баримтаар тогтоогдсон хор уршгийг арилгах үүргийг хүлээх ёстой.

Иймд, хохирогч Н.С******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн гэмт хэргийн улмаас шалтгаалан тусламж, үйлчилгээ авсан 1,485,875 төгрөгийг шүүгдэгч Ч.Г*******гоос гаргуулж тус санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Ч.Г******* нь анх удаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд тус тус нийцүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч Ч.Г******* нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас гаргасан торгох ялын санал нь хуульд нийцсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 1 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Зургаа. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт Ч.Г******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн “Камерын дүрс бичлэг” бүхий 1 ширхэг “Си Ди”-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ******* овогт Ч*******ийн Г*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч*******ийн Г*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, түүнд 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Г******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэх бөгөөд уг тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Г*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд бүхэлд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт Ч.Г*******гоос 1,485,875 /нэг сая дөрвөн зуун наян таван мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн “Камерын дүрс бичлэг” бүхий 1 /нэг/ ширхэг “Си Ди”-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт Ч.Г******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч  Н.С*******, иргэний нэхэмжлэгч Г. нарт төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  зөвхөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд, дээрх үндэслэлээр  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.   

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Г*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ДАВААДОРЖ