| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Даваадорж |
| Хэргийн индекс | 197/2026/0388/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/382 |
| Огноо | 2026-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Э |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ж.Э*******,
шүүгдэгч Б.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г******* овогт Б*******ы Г*******д холбогдох, эрүүгийн 2505039012529 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,***** тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 даахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж дээрх ялыг эдэлж дууссан, Г******* овогт Б*******ы Г******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г******* нь согтуугаар 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй зочид буудалд хохирогч О.Б*******тай маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь “элэгний баруун дэлбэнгийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний алим, зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч Б.Г*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2505039012529 дугаартай хэргээс:
2. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,
4. Хохирогч О.Б*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-26 дугаар хуудас/,
5. Хохирогч О.Б*******гийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан мэдээлэл /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
6. Гэрч Н.Н*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0725/9540 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/,
8. Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 52-60 дугаар хуудас/,
9. Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 63-67, 77-80 дугаар хуудас/,
10. Шүүгдэгч Б.Г*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,
11. Хохирогч О.Б*******гийн “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн тайлбар /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хоёр: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Түүнчлэн шүүгдэгч Б.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэж, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гурав. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.
Уг гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Г******* нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Хохирогч О.Б*******гийн эрүүл мэндэд учирсан “элэгний баруун дэлбэнгийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний алим, зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Г*******ийн гэмт үйлдлийн улмаас үүссэн ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г******* нь согтуугаар 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй зочид буудалд хохирогч О.Б*******тай маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь “элэгний баруун дэлбэнгийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний алим, зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос шүүгдэгч Б.Г*******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгч Б.Г*******ийн зүгээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч Б.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Дөрөв. Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Б*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдно.
Хохирогч О.Б******* нь “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг гаргасан, мөн энэ талаар мэдүүлдэг тул шүүгдэгч Б.Г*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч О.Б******* нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 345,875 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан нь баримтаар тогтоогддог тул шүүдэгч Б.Г*******эс уг хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч Б.Г******* нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас гаргасан торгох ялын санал нь хуульд нийцсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт Б.Г******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г******* овогт Б*******ы Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б*******ы Г*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г*******д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Энэ хэрэгт Б.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Б*******д төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт Б.Г*******эс 345,875 /гурван зуун дөчин таван мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Г*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ