| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Даваадорж |
| Хэргийн индекс | 197/2026/0384/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/372 |
| Огноо | 2026-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Б |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2026/ШЦТ/372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Г.Б*******,
шүүгдэгч А.О******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т******* овогт А*******ийн О*******д холбогдох, эрүүгийн 2509037200143 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “******* *******” ХХК-нд сангийн туслахаар ажилладаг, ам бүл 6, эмэг эх, эх, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, ******** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, Т******* овогт А*******ийн О******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.О******* нь 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Тээврийн цагдаагийн албаны орчимд авто машины замын унадаг дугуй зорчих хэсэгт иргэн Э.Э*******тэй “зам тавьж өгөөгүй” гэх шалтгааны улмаас болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд урагдаж, няцарсан шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.О******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч А.О*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2509037200143 дугаартай хэргээс:
2. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,
3. Хохирогч Э.Э*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 12 дугаар хуудас/,
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0725/11272 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
5. Хохирогч Э.Э*******өөс гаргаж өгсөн хохирол, хор уршигтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 25-38 дугаар хуудас/,
6. Шүүгдэгч А.О*******аас хохирол, хор уршгийг нөхөн төлсөн талаарх баримтууд /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
7. Хохирогч Э.Э*******ийн “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн тайлбар /хавтаст хэргийн 42, 76 дугаар хуудас/,
8. Шүүгдэгч А.О*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,
9. Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,
10. Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 55-65 дугаар хуудас/,
11. Хохирогч Э.Э*******ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан мэдээлэл /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хоёр: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Түүнчлэн шүүгдэгч А.О******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэж, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.О*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гурав. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.
Уг гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэх бөгөөд шүүгдэгч А.О******* нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Хохирогч Э.Э*******ийн эрүүл мэндэд учирсан “баруун нүдний дээд, доод зовхинд урагдаж, няцарсан шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.О*******ын гэмт үйлдлийн улмаас үүссэн ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.О******* нь 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Тээврийн цагдаагийн албаны орчимд авто машины замын унадаг дугуй зорчих хэсэгт иргэн Э.Э*******тэй “зам тавьж өгөөгүй” гэх шалтгааны улмаас болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд урагдаж, няцарсан шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос шүүгдэгч А.О*******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгч А.О*******ын зүгээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч А.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Дөрөв. Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдно.
Хохирогч Э.Э******* нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан, мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.О*******ын зүгээс өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлөх зорилгоор хохирогчид шилжүүлж өгсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Э.Э******* нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 459,004 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан нь баримтаар тогтоогддог тул шүүдэгч А.О*******аас уг хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.
Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч А.О******* нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас гаргасан торгох ялын санал нь хуульд нийцсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулав.
Энэ хэрэгт А.О******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т******* овогт А*******ийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А*******ийн О*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.О*******д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Энэ хэрэгт А.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Э*******өд төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт А.О*******аас 459,004 /дөрвөн зуун тавин есөн сая дөрвөн төгрөг/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ