Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1739

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Н.Гнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01507 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Б, Н.Г нарын хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б, Н.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би анх “Б” ХХК-тай Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны жанжны 19 дүгээр гудамжны 000 тоотгазраа чөлөөлж, 2013 оны 2 сард гэрээ байгуулсан. Үүнээс хойш энэ гэрээ 2 удаа өөрчлөгдсөн. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтөөр орон сууц барихаар 60 м.кв байр өгөхөөр тохирсон байсан. Дахин төлөвлөлтийн гэрээ удааширч байгаа учир Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Хангай хотхоны байрнаас авах саналыг захирал М.М тавьсны дагуу яаралтай орон сууцандаа ормоор байна, гэрээнийхээ дагуу шийдэж өгөөч гэснээр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Б” ХХК-тай захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны 516 дугаар байрны 50 тоот хаягт байрлах 37.9 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн газрын төлбөрт тооцуулан худалдан авсан. 37.9 м.кв талбайтай байрыг хүлээлцэх актад гарын үсэг зурж байрны түлхүүрийг хүлээж аваад 2018 оны 2 дугаар сард байрандаа орсон. Үүнээс хойш бид гэрчилгээгээ гаргуулахаар шаардаж байна.

Миний зүгээс мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан тул 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н.Г-т худалдахаар болсон, үл хөдлөх хөрөнгийн захиалгын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Н.Г нь орон сууцны мөнгийг надад бүрэн төлж барагдуулсан. Гэтэл “Б” ХХК нь байрны гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхгүй жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэрчилгээгээ гаргуулж авах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч шалтгаан тоочиж гэрээний 3.1.10-д заасан үүргээ зөрчиж байна. Үүний улмаас өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа. Иймд “Б” ХХК-д улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Г-ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны 516 дугаар байрны 50 тоот 37.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагч “Б” ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б, Н.Г нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эдавж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтын бүрдүүлбэрийг ч хангаагүй. Хариуцагч талын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хэрэгт үнэлж дүгнээгүй шийдвэрлэсэн.

Хэргийн материалыг хариуцагч талд танилцуулаагүй зэрэг зөрчлүүдийг гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг зөрчиж тус тус зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б, Н.Г нар нь “Б” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч “Б” ХХК нь Б.М-т 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр итгэмжлэл олгож, нэхэмжлэлийн хувийг мөн өдөр гардан авсан боловч хариу тайлбар татгалзлыг гаргаагүй байна. /хх 20-21 дүгээр тал/

 

            Зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээгээр нэхэмжлэгч Б.Б нь Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 516 дугаар байрны 50 тоот 37.9 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг бариулахаар “Б” ХХК-иар захиалж, үнийг өөрийн өмчлөлийн газраар тооцжээ. /хх8-10 дугаар тал/

 

            Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б-тэй 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээг дүгнэж, тооцоо нийлэн, түлхүүр хүлээлцэх тухай акт үйлдсэн байх бөгөөд талуудад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

            Худалдагч “Б” ХХК нь орон сууцыг бодитоор хүлээлгэн өгсөн боловч өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг худалдан авагчид өгөөгүй, түүний улмаас худалдан авагч тал өмчлөх эрхээ Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар баталгаажуулж чадаагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг худалдагч талаас шаардах эрхтэй.

 

            2017 оны 12 дугаар сард актаар хүлээн авсан орон сууцыг Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгын эрх шилжүүлэх гэрээгээр Н.Гт шилжүүлж, эрх хүлээн авагчид хариу 62 000 000 төгрөгийн төлбөртэйгээр шилжүүлэхээр тохиролцжээ. /хх 11-12 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв бөгөөд хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хэргийн материалтай танилцуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг тус тус зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Шүүх 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-т эрх үүргийг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулсан баримт авагдсан, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч тал татгалзал, тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна. /хх22-24 дугаар тал/

 

Мөн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.Э-д итгэмжлэл олгосноор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр товлосон, мөн өдөр энэ тухай баримтад гарын үсгээ зурсан байна.          

/хх 34, 35 дугаар тал/

 

            Шүүх дээрх байдлаар хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, эрхээ эдлэх боломжит хугацаа олгосон байх тул 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

   А.ОТГОНЦЭЦЭГ