Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/76

 

 

 

 

        2022           1           13                                                 2022/ДШМ/76

 

Х.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,    

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/760 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Х.Бт холбогдох 2105000000897 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.Бнь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 40в байрны 99 тоотод хамтран амьдрагч Б.Дын нүүрэн тус газарт нь гараараа болон хөлөөрөө өшиглөн биед нь “хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хамар, баруун хацар нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний ухархайн дотор доод хананы эдмойд, гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, зулайн хуйханд сорви, баруун  нүдний дээд доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун хацар хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад өнгөц шарх, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт” гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дайчин овогт Хишигдуламын Х.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Бийг 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Х.Бт оногдуулсан 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 17 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баас 536.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Дт олгож, шүүгдэгч Х.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, хэсгийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн, дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Дээрх хуулийн зүйл, хэсгийг хэрхэн хэрэглэх талаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж журамласан ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлэх ойлголт нь ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх хуулийн зохицуулалт юм.

Иймд шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлэн шийдвэрлэж, тус хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 760 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Х.Бнь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 40в байрны 99 тоотод хамтран амьдрагч Б.Дын нүүрэн тус газарт нь гараараа болон хөлөөрөө өшиглөн биед нь “хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хамар, баруун хацар нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний ухархайн дотор доод хананы эдмойд, гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, зулайн хуйханд сорви, баруун  нүдний дээд доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун хацар хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад өнгөц шарх, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт” гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт  хэрэг үйлдсэн болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /хх 5/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-9/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 35-36/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Б.Дын “...Миний бие 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед ажлаа тараад “Хайникэн” нэртэй 3 лааз пиво уучихаад гэртээ орсон бөгөөд гэрт очиход нөхөр Х.Бнь согтуу байхаар нь би уурлаад хэрүүл хийсэн. ...Нөхөр Х.Бнь намайг алгадаж унагаагаад миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. ...Намайг гараараа цохисон асуудал байхгүй бөгөөд газар унагаагаад нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ биеэ хянах чадвартай байсан. ...” /хх 10-14/,

гэрч Ц.Хгийн “...Х.Бнь манай охин Б.Дтай амьдраад 18 жил болж байна. Энэ хугацаанд нэг ч удаа ажил хийж байгаагүй, ар гэрээ сайн авч явж чаддаггүй, анхаарал халамж маш муу, архи их уудаг байсан. Тэгээд ар гэрийн олон асуудал үүсч, уг шалтгаанаар хоорондоо маргаантай байдаг. Үүнээс үүдээд охин Б.Дыг зодож, цохисон байх. Юу болсон талаар сайн мэдэхгүй байна. ...” /хх 17-18/,

яллагдагч Х.Бийн “...2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр /цагийг сайн санахгүй байна/ Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40б-99 тоот гэртээ эхнэр Б.Д нь архи хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай орж ирээд намайг хэл амаар доромжлоод “гар, зайл” гээд байхаар нь би гарах гэхэд намайг гаргахгүй бид хоёр зууралдаж авсан юм. Тэгээд гэнэт миний уур хүрээд эхнэр Б.Дын зүүн талын хацар руу нь баруун гараараа нэг удаа алгадахад эхнэр Б.Д нь газар унасан бөгөөд унахаар нь би нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа хүчтэй өшиглөсөн. ...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо нөхөн төлнө. ...” /хх 30-31/ гэсэн мэдүүлгүүд,

“...Б.Дын биед хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, баруун нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний ухархайн дотор доод хананы этмойд, гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, зулайн хуйханд сорви, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, алимны салстад өнгөц шарх, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 22-25/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокурор М.Амарзаяагаас “...Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлэн шийдвэрлэж, тус хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. ...” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтанд хэрэглэгдэх зохицуулалт тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Харин Х.Бнь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болсон байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно. ...”, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “...Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно. ...” гэж тус тус заасныг баримтлан Х.Бт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/760 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалт буюу түүнд ял оногдуулсан заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд прокурор М.Амарзаяагийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлийн “...Х.Бийн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар өршөөлд хамруулах нь зүйтэй байна. ...” гэх агуулга бүхий хэсэг нь үндэслэлтэй байх тул түүний эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/760 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Х.Бт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/760 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/760 шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Бт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ