Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

 

 

 

 

 

 

 

 

 

         Г.Б, Ц.Б нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч Ц.Б, түүний  өмгөөлөгч Р.Пүрэвлхам, С.Чинзориг,

хохирогч Т.А, түүний өмгөөлөгч В.Батжаргал,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/652 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч Р.Пүрэвлхам, С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн 201525020503 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. З овгийн Ц-ын Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .......... аймгийн ........... суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч, инженер, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............ дүүргийн .. дүгээр хороо, .............. гудамжны .. дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хорооллын .............. дугаар байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:...................../,

 

2. О овгийн Г-гийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .......... аймгийн ............. суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт .............. дүүргийн .... дугаар хороо, .. дугаар хорооллын .. байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр байрны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..................../.

 

Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны 24 тоотод “Мах импекс” ХК, ШШГЕГ-ын хооронд байгуулсан хуурамч гэрээг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон “хамтран ажиллаж ашиг өгнө” гэж бодит байдлыг нуух замаар Т.А-ийг төөрөгдөлд оруулж Т.А-ийн хүргэн А.ээр дамжуулан 500.000.000 төгрөгийг залилан авсан,

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ийн орон сууцны гадна “уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон М.Ц-аас 15.000.000 төгрөгийг залилан авсан,

3, 4 дүгээр цахилгаан станцын ажилчдын 196 айлын орон сууцны барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар хорооллын 26 дугаар байрны гадна Квом ХХК-ний захирал М.Ж-наас 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг залилан авсан,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Т.Б-наас 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 160.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 29.000.000 төгрөг, нийт 209.000.000 төгрөгийг залилан авсан,

Мах импекс ХК-тай мах нийлүүлэх гэрээтэй гэж хуурч “хамтарч ажиллана, ашиг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон М.Б-гээс 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын хугацаанд нийт 200.000.000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 11 дүгээр сарын 24, 26-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мах импекс” болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээг үзүүлэн найз нь энэ дунд нь өөрийнхөө махыг оруулж хорих ангиудад тараалгаад “Мах импекс” ХК-иар дамжуулан мөнгөө гаргуулаад авчихна” гэж хуурч, зохиомол байдлыг эориуд бий болгон, хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар Ч.Э-ыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 200.000.000 төгрөгийг шилжүүлэн залилан авсан,

2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “зам барилгын ажил хийнэ, мөнгө зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ж.Э-ыг төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 58.000.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 1.232.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

 

Ц.Б, Г.Б нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах импекс” ХК-ний байранд Ц.Б-д холбогдох хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нь нотлох баримт болох “Мах импекс” ХК-ийн дэд захирал Ч.У, Онцгой байдлын хурандаа Ц.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн  1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Б-гийн үйлдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “бусадтай бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн”, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “бусадтай бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хөнгөн ял болох 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож буюу 200 хоногийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 3 жил 200 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ы цагдан хоригдсон 111 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гэмтэлтэй СD-г хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 ширхэг 9999УБР дугаартай тээврийн хэрэгслийн №00360154 дугаартай гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, прокурорын тогтоолоор битүүмжпэгдсэн гэх 9999УБР дугаартай “Лексус 570” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжпэлийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Б-аас нийт 63.700.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч М.Болорцэцэгт 51.700.000 төгрөг, хохирогч М.Ц-т 12.000.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Т.А, М.Ж, Т.Б, Ж.Энхболд, Ч.Э нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох нь: хэсэгт "Шүүгдэгч Ц.Б нь “...иргэн Т.А-ээс түүний хүргэн А.Б-ээр дамжуулан 500 сая төгрөгийг... залилан авсан... гэж" дүгнэсэн боловч чухамдаа шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогчоор тогтоогдвол зохих этгээд нь А.Б болох нь нотлогддог. Энэ нь тухайлбал, гэрч А.Б-ийн мэдүүлэг, түүнтэй шүүгдэгч Ц.Б-ы байгуулсан нотариатаар гэрчлүүлсэн хамтран ажиллах гэрээ, мөн гэрч А.Б-д хохирол төлбөр барагдуулсан баримтууд, түүн дотор 9999УБР улсын дугаартай Тоёота ландкруйзер-200 маркын авто тээврийн хэрэгслийг прокурорын шийдвэргүйгээр хууль бусаар битүүмжлэлээс чөлөөлөн А.Бшилжүүлэн өгсөн, мөн удаа дараа "..." дугаартай хэд хэдэн орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар битүүмжлэл, барьцаанаас чөлөөлж, мөн өөр гэрээг хапхавчлах зорилгоор А.Болор-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн асуултанд хариулсан хохирогч Т.А, шүүгдэгч Ц.Б нарын мэдүүлэг зэргээр жинхэнэ хохирогчоор тогтоогдвол зохих этгээд нь А Б болох нь тодорхой байдаг. Хохирогч М.Б-гийн хувьд банкны хуулга бусад бичгийн нотлох баримтууд, гэрч С.Ж-ны мэдүүлэг зэргээр 140 сая төгрөгийг хүүтэй зээлүүлэн буцааж 185 сая төгрөг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

Мөн хохирогч М.Ц-тай шүүгдэгч Ц.Б нь огт уулзаж байгаагүй, түүнээс өөрөөс нь 15 сая төгрөг огт аваагүй, Хятад улсын иргэн С /Ц/ гэх хүнээс мөнгө авсан тапаарх бичгийн хөдлөшгүй нотлох баримтууд байхгүй, мөнгөний эх үүсвэрийг байсан гэж үзвэл энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд явуулаагүй байдаг.

2. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан тухайд:

Дараах нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч Ц.Б-ы зүгээс хохирол төлбөр төлсөн байдал, чухам хэдий хэмжээний хохиролд хэдэн төгрөгний эд зүйл, үл хөдлөх зэрэг эргэлзээтэй, хохирогч Т.А хэдийгээр А.Б-ийн Ц.Б-д Алтан-Эг ББСБ дотор бэлнээр хүлээлгэн өгсөн 500 сая төгрөгийг өөрийн мөнгө гэх боловч энэ талаарх хангалттай нотлох баримт огт байдаггүй, өөрөөр хэлбэл чухамдаа Т.А-ийн хувийн ашиг орлогоос бүрдсэн мөнгө болохыг өөрөө нотлож чадаагүй, цагдаагийн байгууллага ч үүнийг нотлоогүй, Санхүүгийн зохицуулах хороо, татварын апба зэрэг төрийн байгууллагаас тодруулах ёстой зүйлсийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Хохирогч М.Б-гийн мэдүүлэг гэрч С.Ж-ны мэдүүлгээс эрс зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгалгүй зөвхөн М.Б-гийн мэдүүлэг үнэн зөв гэж дүгнэсэн нь шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх хууль хэрэглээний асуудлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. М.Ц-ын өөрийн нь орлогын эх үүсвэр мөн эсэх, тухайн үед өөрийн эгчээс авсан гэх боловч эгчээс нь мэдүүлэг аваагүй, дансны хуулгыг нь ч авалгүй мэдүүлгийн эх сурвапжийг бодитой тогтоож чадаагүй байдаг.

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтанд битүүмжилсэн 9999УБР улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркын автотээврийн хэрэгслийг хэн хэзээ хэрхэн ямар хууль тогтоомж зөрчиж А.Б-ийн нэр дээр шилжүүлснийг олж тогтоох, мөн шүүгчийн хүчин төгөлдөр захирамжаар битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хэний ямар шийдвэрээр хэзээ бусдад шилжүүлсэн зэргийг анхаарч үзээгүй.

Прокуроын яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019.10.17-ны өдрийн 248 дугаартай тогтоолд яллагдагч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсэгт зааснаар яллаж байгаа нь ойлгомжгүй, нэг үйлдэлд  2 өөр зүйл хэсгээр ял сонсгох зүйтэй хэмээн ял сонсгосон нь яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрх нь ноцтой зөрчигдсөн болохыг удаа дараагийн шүүх хуралдаанд хэлж уг тогтоолыг засуулахаар шаардлага, хүсэлт, гомдол гаргасан талаараа хэлж байсныг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Мөн хэрэгт Б.С-ыг хохирогчоор тогтоосон байх боловч энэхүү хохирогчийн эрх зүн байдлыг хэрхэн яаж тодорхойлсон нь ойлгомжгүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, түүнд учирсан хохирлыг хэрхсэн талаар яллах дүгнэлтэд байхгүй байгаа зэргийг шүүх онцгойлон ач холбогдол өгч анхаарч үзэлгүй орхигдуулсан Дээрхи үндэслэлүүдээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7,1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.1, 8.5 дугаар зүйлүүд, 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.5, 1.6 дахь заалтууд, 39.5, 39.6, 39.7 дугаар зүйлүүдэд үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж хэргийн бодит байдлыг тогтоох боломжоор хангаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б-ы  өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоолд “…Ц.Б нь А.Б-ээс дамжуулан авч буй 500.000.000 төгрөгийг Т.А-ийн мөнгө гэж мэдэж байсан, “Чандмань тал” ХХК- тай ажил хэргийн ямарч холбоогүй, энэ талаар тендерт оролцох ажил хөөцөлдсөн зүйлгүй, мөн хохирогч Т.Баярсайхан нь “Цаст констракшн” ХХК-аас авах мөнгө шууд шүүгдэгч Ц.Б-ы дансанд шилжүүлсэн, М.Жаргалсайхан, Ц.Б нарыг анх холбож танилцуулсан гэх н.Соёлмаа болон н.Отгонбаатар нар М.Ж-тай ямар ч өр төлбөрийн асуудал байхгүй, энэ хэргийн хамаарлыг тодорхойлоход ач холбогдолгүй, “Квом” ХХК зохих журмын дагуу барилгын ажил гүйцэтгэлийн төлбөрөө авсан, уул уурхайн хашуулын лиценз гаргуулахаар Сичинтү нь бусдаар дамжуулан Ц.Б-тай холбогдож, мөнгийг баримтгүйгээр цувуулж Ц.Б-д өгсөн, Ц.Б-тай “хамтарч ажиллах” талаар тохиролцсоноос бус түүнд мөнгө зээлүүлээгүй талаар энэ хэргийн гэрч, хохирогч нар мэдүүлэг өгснөөр, мөн Ц.Б хуурамж гэрээгээр халхавчлан хамтарч ажиллавал ашигтай, бусдаас авч чадахгүй байгаа мөнгийг болон ту сгай зөвшөөрөл хөөцөлдөж бүтээж өгнө гэх мэтээр энэ хэргийн хохирогч нарт ойлгуулж хууран мэхлэн төөрөгдүүлэн мөнгийг нь өөрт шилжүүлэн авсан хэргийн нотлогдсон байдал бүрдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна” ... хэмээн дүгнэснээс харахад хохирогч М.Б нь 200 сая төгрөгөөр хохирсон талаар дүгнэсэн дүгнэлтгүй, уул уурхайн хайгуулын лиценз гаргуулахаар Сичинтү нь бусдаар дамжуулан Ц.Б-тай холбогдож, мөнгийг баримтгүйгээр цувуулж Ц.Б-д өгсөн гэх ч мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хайгуулын лицензтэй холбоотой захиргааны маргаан үүсгэгдэж улмаар шүүхээр шийдвэрлэгдсэн талаархи баримтыг гаргуулах хүсэлтийг огт хүлээж аваагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, ямар ч мөнгө төгрөг аваагүй гэдгээ тогтвортой мэдүүлсээр байхад таамгаар шийдвэрлэсэн нь нгүүхээс хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж шүүх нь шударга үнэнийг тогтоох үүрэгтэй төдийгүй шүүх хуралдаан нь иргэн хүний хувь тавиланг шийдвэрлэх онцгой хариуцлагатай чухал ажиллагаа байдаг зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Шийтгэх тогтоол нь хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэл:

Шүүгдэгч Ц.Б-ы “Алтан-Эг” банк бус санхүүгийн байгууллагаас шилжүүлэн авсан зээлийн төлбөрт мөнгө төлсөн асуудал нь энэ хэрэгтэй хамааралгүй нь тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээгээр, тооцоо нийлсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд иргэний хэлцлийн үндсэн дээр зээлийн төлбөрт төлсөн мөнгийг хохирлын тооцооноос хасах үндэслэлгүй. Түүнчлэн Ц.Б нь үйлдсэн гэмт хэргийн хохирлоос хасагдаж тооцогдох нөхцөлөөр өөрийн хүсэл, санаачилгаар хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг Т.А-т шилжүүлэн өгсөн атлаа “эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, залилж авсан гэдэг нь үндэслэлгүй байна гэжээ.

Ц.Б нь 2013 онд “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллагаас 200 сая төгрөгийн зээл авч Т.А-ийн хүргэн А.Б-тэй танилцсан байх бөгөөд хоорондоо зээл төлөхтэй холбоотой асуудлаар байнга уулзалддаг байжээ.

Учир нь “Алтан эг” банк бус санхүүгийн байгууллага нь 200 сая төгрөгийн зээлийг олгож төлбөрөө авсан төлүүлсэн хэдий ч санхүүгий зохицуулах хороонд тайлагнах зээлийн гэрээг өөр дүнгээр хийх хэрэгтэй байна гээд миний үйлчлүүлэгчийн хэлсэнээр 50-аад сая төгрөгийн үлдэгдлээ бэлэн бусаар шилжүүлсэн хэдий ч огт олгоогүй мөнгөн дүн болох 175 сая төгрөгийн дүнгээр бүх зээлийг төлүүлсэн байна.

Тийм ч учраас шүүгдэгч маш бага хэмжээний мөнгө үлдсэн, банк бус санхүүгийн байгууллагын мөнгийг төлсөн гэсэн гэсэн мэдүүлэг эргэлзээтэй, худлаа байх боломжтой байхад шүүх банк бус санхүүгийн байгууллагын төлбөр хамаагүй, зөвхөн авсан 500 сая төгрөгөөс хохиролын тооцоог гаргасан гэж байгаа нь учир дутагдалтай үнэнээс хол зөрсөн яг хэдэн төгрөгөөр хохирсон нь ойлгомжгүй, тодорхойгүй болно.

Шүүгдэгч банк бус санхүүгийн байгууллага дээр очиж тооцоо бараг хийдэггүй, зээлээ төлөөрэй гэхээр нь л мөнгөө өгчихдөг байсан, ихэнх тохиолдолд бэлнээр аваачаад санхүүд нь тушаадаг байсан байх бөгөөд тооцоо юу болж байна гээд асуухаар алдагдалтай байгаа учраас нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн гэдэг байсан тул би итгээд мөнгө төлөөд л явдаг байсан гэж шүүгдэгч байнга мэдүүлдэг.

Гэрч А.Б нь шүүгдэгчтэй уулзаад ахаа аятайхан мөнгө өсгөх ямар бизнес байна, та ер нь мөнгө олдог хүн байна шүү гээд нэлээдгүй хөөргөж байсан байна. Тйимээс ч эдгээр хүмүүс өөрсдөө эхлэн шүүгдэгчийн “Аврагч спорт хороо” буюу ажил дээр нь хадам ээж болох хохирогч Т.А-ийн хамт очиход нь “Мах импекс” ХХК-д мах нийлүүлдэг талаараа ярьж тэгээд Т.А махны наймаанд чинь мөнгө оруулъя гээд 500 сая төгрөгийг гаргахаар болж 2014.10.22-ны өдөр А.Б 500 сая төгрөгийг бэлнээр авчирч өгөөд нотариатаар гэрээ байгуулаад явсан. Тухайн үед буюу хохирогч мөнгөө өсгүүлэхээр өгөхөөс 14 хоногийн өмнө 2014.10.08-ны өдөр “Алтан Эг банк бус санхүүгийн байгууллагад 51.241.241 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна.

Ингээд тэрээр 2015 оны 2 дугаар сард 30 сая төгрөг, 3 дугаар сард 50 сая төгрөг, 4 дүгээр сард 15 сая төгрөг, 5 дугаар сард 225 сая төгрөг, 9 дүгээр сард 18 сая төгрөг, 10 дугаар сард 80 сая төгрөг буюу нийт 418 сая төгрөгийг төлсөн байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр анхны шүүх хуралдаан болоход нийт 418 сая төгрөгийг төлчихсөн байжээ.

Гэтэл хохирогч гэх Т.А нь 225 сая төгрөгний 115 сая төгрөгийг “Алтан-эг” банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийг төлсөн 110 сая төгрөгийг өөрөө хүлээн авсан гэж мэдүүлдэг, 115 сая төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын мөнгө гэж тооцоод хассан байсан ч анхны шүүх хуралдаан болох үед шүүгдэгч 303 сая төгрөгийг бэлнээр Т.Ат төлсөн байсан нь хохирогч болон гэрчийн мэдүүлгээр нотлогдсоор байхад 110 сая төгрөг л төлсөн 390 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж удаа дараа буруутгаж байгааг зөвтгөх зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл 115 сая төгрөгийг хэрэв гэсэн зээлийн төлбөр гэж үзвэл боловч банк бус санхүүгийн байгууллагын төлбөрт огт ороогүй, зөвхөн Т.А-ийн төлбөрт миний үйлчлүүлэгч тооцон төлж байжээ.

Шүүгдэгч “Алтан-Эгбанк бус санхүүгийн байгууллагад 50-60 сая төгрөгийн үддэгдэлтэй байсан байтал уг банк бус санхүүгийн байгууллага нь огт олгоогүй 175 сая төгрөгийг төлүүлээд зогсохгүй дээр нь хүүнд 40.580.587 төгрөгийг буюу нийт 295.580.587 сая төгрөгийг төлүүлжээ.

Шүүгдэгчийн зүгээс банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 295 сая төгрөг болон Т.Ат төлсөн 418 сая төгрөгийг тооцвол хохирогч гэх Т.А болон түүний хувийн банк бус санхүүгийн байгууллагад 713 сая төгрөгийг бэлнээр төлсөн байна.

Гэтэл Т.А ийм их хэмжээний мөнгийг авсанаа мэдсээр байж дахин нэмж зах зээлийн ханшаар 636 сая төгрөгийн өртөг бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг маань 390 сая төгрөгт тооцон авсанаас харахад шүүгдэгч Ц.Б Т.А-ийг залилаагүй, харин ч тэрээр миний үйлчлүүлэгчийг маш их хэмжээгээр хохироосон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хохирогч тал төлбөрөө банк бус санхүүгийн байгууллагад тооцсон гэхиийг шүүх тооцож үзэхгүй атал банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой баримтууд хэрэгт хамааралгүй мэтээр дүгнэж байгаа нь учир дутагдалтай юм.

Ц.Б нь Б гэдэг хүнд ямар нэгэн өр төлбөр тооцооны асуудал бол байхгүй байтал шүүх 51 сая 700 мянган төгрөгийг төлүүлэхээр гаргасан нь ойлгомжгүй бөгөөд ямар тооцоо үндэслэсэн нь тодорхойгүй байна. Т.Болорцэцэг нь 2015.01.29-ны өдөр Ц.Б-ы ХААН банкны 5022485879 тоот дансанд 50.000.000 төгрөг, 2015.02.11-ны өдөр 90.000.000 төгрөг нийт 140.000.000 төгрөгийг зээлүүлсэн байдаг бөгөөд шүүгдэгч 160.000.000 төгрөг болгон эргүүлэн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.

Хохирогч гэх Т.Б нь зөвхөн Ц.Б-ы дансаар мөнгө шилжүүлж байснаас бус бэлнээр ямар нэгэн мөнгө өгч байгаагүй болох нь гэрч С.Ж-ны мэдүүлгээр \хх-223 тал\ нотлогддогоос гадна 201525020503 тоот эрүүгийн хэрэгт 200 сая төгрөг өгсөн талаарх баримт авагдаагүй байдаг. Т.Б нь гэрээний дагуу мөнгө өгөөгүй атал миний үйлчлүүлэгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн болох нь хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Ж-ны мэдүүлгээр нотлогддог. Мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хохирогч Т.Б-гээс тухайн үед 200 сая төгрөг байсан эсэх талаар нотлох баримт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход нэн ач холбогдолтой гэсэн хүсэлтийг шүүгдэгч өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж байсан боловч хохирогчийн зүгээс ийм баримтыг гаргаж өгөөгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч гэх Т.Б-гийг огт залилан мэхлээгүйгээр барахгүй түүний мөнгийг хүүтэйгээр буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл хохирогчийн өмгөөлөгч нь шүүгчийн хохирогч хэдэн төгрөгийг ямар байдлаар өгсөн гэх асуултад дансаар 50 сая, 90 сая төгрөгийг өгсөн гэж хариулсан хариулт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогч байх үндэслэлгүй болохыг хангалтгай нотолсон гэж үзэж байна. Учир нь дээрх мөнгөн төлбөрүүд эрүүгийн хэрэг үүсгэгдэхээс өмнө төлөгдсөн болно.

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүтээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож торгуулийн ял оногдуулсан атал хүнд гэмт хэрэгт нэмж нэгтгэхдээ хорих ял болгон нэмсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан, хуулийг гуйвуулсан хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч Т.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн” гэв. Хохирогч Т.А-ийн өмгөөлөгч В.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч нар нь хохирогчийг зөв тогтоогоогүй, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн ялгааг гаргаагүй, зээлийг хохирлын мөнгөнд тооцож авсан, Ц.Б-ы эд хөрөнгийг үнэгүйдүүлж авсан, анх өгсөн 500.000.000 төгрөгийн орлогын эх үүсвэрийг нотлоогүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байна.

Ц.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь анхан шатны шүүхээр 7 удаа, давж заалдах шатны шүүхээр 5 удаа, Улсын Дээд шүүхээр 3 удаа хэлэлцэгдсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаар гомдол гаргасан. Анхны шүүх хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр болж 37 дугаар шийтгэх тогтоол гарсан. Уг тогтоолд “Ц.Б-г гэм буруутайд тооцож, Т.А-т 390.000.000 төгрөг өгөх үндэслэлтэй” гэсэн байдаг. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 84 дүгээр магадлалаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэн хэргийг буцаасан. 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 337/А гэх тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 2017 оны 242 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэмжээ нотлогдоогүй байна гэж дүгнэн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Үүнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2017 оны 557 дугаар магадлалаар “Т.А нь “Алтан Эг” ББСБ-ын хувьцаа эзэмшигч, зээл гаргах эрх бүхий этгээд биш, хэргийг шийдвэрлэхэд уг тооцолол хамаагүй” гэж дүгнэсэн. Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 662 дугаар шийтгэх тогтоолд “Алтан Эг” ББСБ-аас авсан зээлийн төлбөрийг илүү төлсөөр байтал Т.А-ийн залилсан гэдэг нь үндэслэлгүй гэж маргасныг Ц.Б-ы “Алтан Эг” ББСБ-аас авсан зээл нь энэ хэрэгт хамааралгүй нь зээлийн тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Энэ шийтгэх тогтоолд шүүгдэгчдийн өмгөөлөгч нар гомдол гаргаагүй. Уг шийдвэрт хохирогч Болорцэцэгийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 2021 оны 652 дугаар шийтгэх тогтоолд хохирлын талаар “Болор-Эрдэнээр дамжуулсан Т.А-ийн мөнгө гэдэг нь Б болон Т.А нарын мэдүүлэг, Б-ийн эхнэр Ж-гийн мэдүүлэг, Ц.Б-ы эхнэрийн дүү Таванбаяр нарын мэдүүлгээр тогтоогдсон.  

Т.А нь 500.000.000 төгрөгийн эх үүсвэрийн талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. “Сэдэр талст” ХХК-ийн алт олборлолтын үйл ажиллагаанаас олсон ашгаас Ц.Б-д өгсөн гэдэг. Т.А-ийн мөнгө гэдгийг Б хүлээн зөвшөөрдөг. “Алтан Эг” ББСБ-аас авсан зээл талуудын тооцоогоор тогтоогдсон.

Үл хөдлөх хөрөнгийг өөрийн хүсэл санаачилгаар өгсөн болохоор үнэгүйдүүлсэн гэж үзэхгүй гэж шүүхээс дүгнэсэн.

Хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 29-ний гэрээ авагдсан. Уг гэрээ нь байр болон автомашиныг хэдэн төгрөгөөр хэрхэн тооцох талаараа Ц.Б, Т.А нар нь гэрээ байгуулж, Ц.Б-ы итгэмжлэлийн дагуу түүний эхнэр О гарын үсэг зурсан. Өөрийнх нь хүсэл зоригийнх нь дагуу хийсэн учраас эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэхгүй байна.

Прокурор, мөрдөн байцаагчийн хийсэн ажиллагаа, шүүхийн өмнө хянасан ажиллагааг шүүгдэгч нарын өмгөөлөгчид үгүйсгэж байгаа нь энэ хэрэгт нөлөөлөхгүй” гэв.

 

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын гэм буруу хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэмжээ, учирсан хохирол, гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох ялыг оногдуулсан.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны 24 тоотод “Мах импекс” ХК, ШШГЕГ-ын хооронд байгуулсан хуурамч гэрээг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон “хамтран ажиллаж ашиг өгнө” гэж бодит байдлыг нуух замаар Т.А-ийг төөрөгдөлд оруулж Т.А-ийн хүргэн А.Б-ээр дамжуулан 500.000.000 төгрөгийг,

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ийн орон сууцны гадна “уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон М.Ц-аас 15.000.000 төгрөгийг,

3, 4 дүгээр цахилгаан станцын ажилчдын 196 айлын орон сууцны барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар хорооллын 26 дугаар байрны гадна Квом ХХК-ний захирал М.Жаас 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Т.Б-наас 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 160.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 29.000.000 төгрөг, нийт 209.000.000 төгрөгийг,

Мах импекс ХК-тай мах нийлүүлэх гэрээтэй гэж хуурч “хамтарч ажиллана, ашиг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон М.Б-гээс 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын хугацаанд нийт 200.000.000 төгрөгийг,

2015 оны 11 дүгээр сарын 24, 26-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мах импекс” болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээг үзүүлэн найз нь энэ дунд нь өөрийнхөө махыг оруулж хорих ангиудад тараалгаад “Мах импекс” ХК-иар дамжуулан мөнгөө гаргуулаад авчихна” гэж хуурч, зохиомол байдлыг эориуд бий болгон, хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар Ч.Энхбаярыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 200.000.000 төгрөгийг,

2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “зам барилгын ажил хийнэ, мөнгө зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ж.Э-ыг төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 58.000.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 1.232.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

 

шүүгдэгч Ц.Б, Г.Б нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах импекс” ХК-ний байранд Ц.Б-д холбогдох хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нь нотлох баримт болох “Мах импекс” ХК-ийн дэд захирал Ч.Уламбаяр, Онцгой байдлын хурандаа Ц.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Үүнд:

 

хохирогч Т.А-ийн “...2014 оны 10 дугаар сарын эхээр Ц.Б гэгч хүнтэй танилцсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын өмнөөс Мах импекс ХК-тай мах нийлүүлэх гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан юм. Ингээд гэрээний дагуу мах нийлүүлэх гэхэд хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байгаа тул хөрөнгө оруулахад туслаач, уг ажлыг хийж гүйцэтгэсний дараа ашгийн 65 хувийг өөрөө, 35 хувийг надад өгнө гэж 500.0 сая төгрөг эхний ээлжинд авахаар болсон. Тэгээд яг мөнгө өгөх үеэр би хөдөө ажилтай явсан учир хүргэн А.Б-д Ц.Б-тай гэрээгээ байгуулж 500.0 сая төгрөгийг өгөөрэй гэж мөнгийг нь үлдээсэн. А.Б 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, 500.0 сая төгрөгөө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 31 дүгээр байрны 24 тоотод хүлээлгэн өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 10-13, 123, 181, 183/,

хохирогч Т.А-ийн мэдүүлэгтэй утга агуулга ижил буюу хохирогчийн мэдүүлгийг давхар нотолсон мэдүүлгийг гэрч А.Б мэдүүлсэн мэдүүлэг /1 хх 22, 124, 185/,

 

хохирогч М.Ц-ын “...Ц.Б гэдэг хүнтэй уулзахад лиценз сэргээж өгөх боломжтой гэдэг хариу өгөөд эхний ээлжинд 10.0 сая төгрөг өгчих гэсэн. Сичинтү захирал бид хоёр Эрэлийн байрны гадна түүний машин дотор бэлнээр өгсөн. Тэрний дараа “мөнгө чинь хүрэхгүй байна, нэмж өгөх боломж байвал 5.0 сая төгрөг өгчихвөл асуудлыг шийдвэрлэж өгнө” гэж хэлсэн. Манай компанийн зүгээс хайгуулын лиценз сэргээж өгч чадахгүй боллоо гэдгийг нь мэдээд 10.0 сая төгрөгийг нь буцаагаад өгчих гэхэд тэгье Эрдэнэтээс мөнгө орор ирэхээр өгье гэж хэлсэн боловч одоог хүртэл өгөөгүй” гэсэн мэдүүлэг /2 хх 184-188/,

 

хохирогч М.Ц-ын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч С-гийн гэрчийн мэдүүлэг /2 хх 191/,

 

хохирогч М.Ж-ны “Би Квом ХХК-ийг 2007 онд үүсгэн байгуулсан. 2013 оны 3, 4 дүгээр цахилгаан станцын 196 айлын орон сууц барих ажлыг хийж эхэлсэн. 2013 оны 11 дүгээр сард орон сууц барих ажлын хөлс болох 1 тэрбум төгрөгийг авч чадахгүй байж байтал Ц.Б-тай таарсан. Заан Ц.Б “би 4 дүгээр цахилгаан станцын дарга Цэвээн гуайг танина, чи надад 50.0 сая төгрөг өгчих юм бол асуудлыг шийдээд өгчихнө гэсэн. ...2013 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн байрны гадаа 20.0 сая төгрөгийг бэлнээр Ц.Б-д өгч, мөнгө өгч авсан талаар гарын үсэг зуруулсан. Маргааш нь өөрийн данснаас 30.0 сая төгрөг аваад ажил дээрээ байхад орой 17 цагийн үед ирээд ажлын гадаа нэмж өгөөд нийт 50.0 сая төгрөг өгсөн. ...” /3 хх 156-163/,

 

гэрч Б.Б, Д.Т, Б.Ц-н нарын мэдүүлэг /3 хх 164-170/,

 

хохирогч Т.Б-ны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих ангиудад мах нийлүүлдэг. Тухайн газруудтай мах нийлүүлдэг нь үнэн болно гэсэн тооцооны акт зэргийг үзүүлж Мах импекстэй мах нийлүүлэх талаар хийсэн гэрээ байсан. Мах импекс ХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хийсэн гэрээ бас байсан. Надад 14 хоногийн хугацаанд сүүлийн нийлүүлэлтээ хийхгүй бол мөнгө авч чадахгүй байна, одоо энэ мөнгөө оруулаад гүйцэтгэл гаргаад өгчих юм бол мөнгөө авах гээд байна, мөнгөө авахаараа танд өгсөн мөнгөний чинь 40 хувиар өсгөж өгөхөөр болж тохирсон” гэсэн мэдүүлэг /4 хх 45-47/,

хохирогч М.Б-гийн “...надад Мах импекс компанитай махны гэрээ байгуулсан, хувьцаа эзэмшдэг, ах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байсан болохоор танил талаараа мах нийлүүлнэ гээд гэрээ болон жилийнхээ ашгаа бичсэн гэрээг надад харуулсан. Тэгээд би энэ бизнесийг өөрийнхөө ойр дотны хүмүүстэй нийлж хийдэг, ах дүү нар байраа барьцаанд тавьж байгаа юм” гэж намайг итгүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /4 хх 219-222/,

 

хохирогч Ч.Э-ын “...Ц.Б бид хоёрын дунд мах борлуулах ажил яригдаж байхад хажууд байхад хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Би Ц.Б-д хамгийн анх 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 100.0 сая төгрөгийг охиныхоо компанийн данснаас шилжүүлсэн. Харин сүүлд 100.0 сая төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Таац мөрөн ХКК-ийн ажлын байранд бэлнээр өгсөн. Ц.Б тухайн үед надад Мак импекс болон ШШГЕГ-ын хооронд байгуулсан гэрээг надад үзүүлэн энэ дунд нь өөрийнхөө махыг оруулж хорих ангиудад тараалгаад Мах импексээр дамжуулан мөнгөө гаргаад авчихна гэж ярьж байсан. Надаас авсан 200.0 сая төгрөгөөр адууны мах хямд үнээр авна гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /6 хх 68-70/,

 

гэрч Э.Ч-жийн мэдүүлэг /7 хх 79/,

 

хохирогч Ж.Э-ын “Би Ц.Б гэх хүнтэй 2018 оны 2 дугаар сард танилцаж байсан. Намайг 60.0 сая төгрөг зээлдүүлчих гээд байхаар нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Засгийн газрын ордны зүүн хойд талд байдаг нотариатын газарт очиж өөрт байсан 58.0 сая төгрөгөө зээлийн гэрээ хийж өгсөн. Гэтэл Ц.Б миний мөнгийг 2 сарын дараа буцааж өгнө гэж хэлчихээд хэлсэн амандаа хүрэхгүй, удахгүй мөнгийг чинь буцааж өгнө гэсэн боловч алга болсон. ...олны танил хүн учраас намайг залилчихгүй байх гэж итгээд мөнгө өгчихсөн. ...” гэсэн мэдүүлэг /6 хх 106-110/,

 

гэрч Ц.Уламбаяр, Н.Алтан-Эрдэнэ нарын мэдүүлэг /1 хх 17, 6 хх 217, 223/, яллагдагч Ц.Б, Г.Б нарын мэдүүлэг болон Мах импекс ХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 69, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 198 дугаар албан бичгүүд /хх 67, 5 хх 28/, Мах импекс ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-гийн баталсан 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дүгээр худалдах, худалдан авах гэрээг харьцуулан үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх 241-245/, тус компанийн 2014 оны гэрээ гэсэн хавтаст 144 дүгээр гэрээ байгаа эсэхэд үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх 216/ зэргээр Ц.Б, Г.Б нарын гэм буруу нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, шүүгдэгч Ц.Б, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирчээ.

 

Харин шүүгдэгч Ц.Б, Г.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул энэ талаар өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулж, тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тоолохоор, уг хугацааг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэсэн зохицуулалтаар тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч С.Чинзориг, Р.Пүрэвлхам нараас гаргасан давж заалдах гомдлуудын дагуу хэргийг хянахад, тэдний гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Тодруулбал, өмгөөлөгч С.Чинзориг “зарим хохирогчийг зөв тогтоогоогүй, зээлийн хүү байдлаар хохирлоос илүү төлбөрийг авсан, хохирлын мөнгөний эх үүсвэрийг тогтоогоогүй, мөрдөн шалгах явцал битүүмжилсэн зарим хөрөнгийг бусдад хууль бусаар шилжүүлсэн, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоол ойлгомжгүй, ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа мэдэх эрхийг ноцтой зөрчсөн”, өмгөөлөгч Р.Пүрэвлхам “шүүх хэт нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасан, хуулийг буруу хэрэглэсэн, хохиролд тооцон өгсөн эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн, хохирлыг үндэслэлтэй тогтоогоогүйгээс төлөгдсөн хохирлыг буруу тооцсон” зэрэг үндэслэлүүдийг дэлгэрэнгүй дурьдаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдлуудаа дэмжиж оролцсон болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж цуглуулсан, анхан шатны шүүх яллах, цагаатгах талуудын саналын дагуу шаардлагатай нотлох баримтуудыг шинжлэн судалсан нь шүүгдэгч Ц.Б-ы гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд хангалттай бөгөөд хуульд заасан нотлох баримтаар тооцохгүй байх баримт байхгүй байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, шүүгдэгч Ц.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн талаар, хэрхэн яаж нотлогдон тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Ц.Б 100 хоног цагдан хоригдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/652 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Ц.Б, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус торгох ял шийтгэсэн хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч С.Чинзориг, Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцтэл 100 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

    ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                                          ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ