Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0351/З |
Дугаар | 128/ШШ2023/0601 |
Огноо | 2023-07-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2023/0601
2023 07 31 128/ШШ2023/0601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: З***** а******* Х****** ж****** т***,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ү*******,
Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Э*******,
Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э*******,
Гуравдагч этгээд: Н.Т*******,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д******* нарын хоорондын шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Э*******, хариуцагч Ч.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч З***** а******* Х****** ж****** т*** нь Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э*******т холбогдуулан Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э*******ын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0079803 дугаар шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах-аар маргасан.
2.Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э******* нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Н.Т*******аас Оюуны өмчийн газарт гаргасан Өндөр гэгээн Занабазар дуулалт жүжгийн туслах дүр Наймаачин дүрийн дуу болох Дуртмал сайхан уртын дууг миний тэр үед дуулж бичүүлсэн дуун дээр З***** а******* Х****** ж****** т***ын дуучин Соёлын тэргүүний ажилтан Б.О******* ам барин дуулж, тус дуулалт жүжигт тоглосон. Дуучин Б.О******* нь надад ямар нэг байдлаар мэдэгдээгүй бөгөөд гэрээ, хэлэлцээр хийгээгүй миний эрхийг зөрчсөн гэх гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээсэн.
Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э******* нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0079803 дугаар шийтгэлийн хуудсаар З***** а******* Х****** ж****** т***т Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.
3.Гомдол гаргагч З***** а******* Х****** ж****** т*** нь тус шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2023/2806 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/3437 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
4.Гомдлын үндэслэл:
Нийслэлийн Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э******* нь иргэн Н.Т*******ын гомдлоор Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2022 оны 12 сарын 22-ны өдрөөс 2023 оны 02 сарын 17-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн. Ингэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талыг баримтлан явуулсан. Холбогдогчоос мэдүүлэг авахдаа хэт тулгасан, хэргийн үйл баримтыг тогтоохоор бус, өөрийн гаргасан шийдвэрт тохируулан хөтөлсөн мэдүүлэг авсан, холбогдогч талд нотлох баримт бүрдүүлэх боломжит хугацаа олгоогүй, холбогдогчийн уг бүтээлд зохиогчийн эрх эзэмшиж байгаа эсэхийг тодруулаагүй, энэ талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөх боломж олгоогүй, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу бүх талаас нь хөдөлбөргүй явуулаагүй. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн баримтаар өгсөн флаш дискт үзлэг хийхдээ холбогдогчийн төлөөлөгчийг байлцуулаагүй, үзлэгийн тэмдэглэлийг тус ажиллагаа хийгдсэнээс хойш 7 хоногийн дараа танилцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 4.3.7 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаагүй. Үзлэгийн ажиллагааг хуульд заасан хэлбэрээр явуулаагүй атлаа үзлэгийн тэмдэглэлд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон холбогдогчийн төлөөлөгч Ц.Ү******* нарыг байлцуулан үзлэгийн ажиллагааг явуулсан" гэж тэмдэглэл хөтөлсөн нь хуульд нийцээгүй үйлдэл байна.
Мөн Зөрчлийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зорчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн" Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчлийн хэрэг нээхгүй гэх хэсгийг зөрчиж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Эрх бүхий албан тушаалтан нь өөрийн эрх хэмжээний хүрээнд иргэнээс ирсэн гомдол мэдээлэл нь хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа эсэх, зөрчлийн хэрэг нээх үндэслэлтэй эсэхийг тодруулах, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үүрэгтэй атал энэ үүргээ огт хэрэгжүүлээгүй, хэрэгт ач холбогдолтой гэх үйл баримтыг нотлоогүй, нотлох баримтыг хэрэгт цуглуулаагүй байна. Маргаан бүхий шийтгэлийн хуудсанд огноог 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэж бичсэн байх боловч үзгээр засвар хийж 2023 оны 02 сарын 17-ны өдөр болгон гардуулсан зэрэг нь уг зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэж дуусахаас өмнө хэргийн шийдвэрийг гаргаж, шийтгэлийн хуудсыг бичсэн байх магадлалтай байна. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ процесс болон хуульд заасан журмыг зөрчсөн холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан байх тул 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 0079803 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Н.Т******* нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 11, 12, 17.4, 28 дугаар зүйлд заасан зохиогчийн амины эрхийг зөрчсөн гэх гомдол гаргаж, уг хэргийг Нийслэлийн Оюуны өмчийн газрын ахлах байцаагч Ч.Э******* шалган шийдвэрлэсэн. Ингэхдээ 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр З***** а******* Х****** ж****** т*** нь Занабазар хөгжимт жүжиг, дуучин Н.Т*******ын дуулсан дуртмал сайхан уртын дууны бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглан М******* корпорацын voo үйлчилгээнд тавьсан. З***** а******* Х****** ж****** т***ын тоглосон Занабазар дуулалт бүжгийн жүжгийг н.О******* дуулсан дуртмал сайхан уртын дууны хэсгийг хасаж засварлан байршуулахыг даалгаж байна гэсэн. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасны дагуу З***** а****** Х****** б****** т**** нь уг бүтээлийн зохиогчийн эрхийг эзэмшигч биш тул бид бүтээлээ нийтэд түгээх, түрээслэх, олон нийтэд тоглох, нийтийн хүртээл болгох эрхтэй учир а* п* т*-д байршуулсан иргэн Н.Т******* нь манай хүсэлтийн дагуу 2017 онд дуртмал сайхан дууг дуулж хоолойн бичлэгийг хийлгэхдээ зөвхөн Өндөр гэгээн Занабазар жүжигт зориулан дуулж, хоолойгоо бичүүлсэн. Тус жүжгийг хятад наймаачны дүрд иргэн Н.Т*******ынх гадаад дүр төрх нь тохирохгүй байсан тул зөвхөн түүний хоолойн бичлэгийг ашиглан Б.О******* гэх жүжигчнийг тоглуулсан. Талууд анх тохиролцохдоо жүжигт зориулан уг дууг дуулж өгөх саналыг тавихад Н.Т******* хүлээн зөвшөөрч, хоёр удаа дуулж театр дээр ирж бичлэгээ хийлгэсэн. Ингэхдээ өөрийн сайн дураар хуульд заасны дагуу тоглогч, уран бүтээлчийн онцгой эрхээр манай байгууллагад шилжүүлэн бичлэг хийх эрхийг зөвшөөрсөн. Ийнхүү харилцан тохиролцож бичлэг хийсэн.
Өнөөдрийн шүүх хуралдаанд хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан шийтгэх хуудас буюу 0079803 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүрээнд шүүх хуралдаан хэлэлцэгдэнэ гэж ойлгож байгаа. 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-ийг үндэслээд Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн гээд ерөнхий байдлаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн хэддүгээр зүйлийн хэдийн хэдийг ямар үндэслэлээр яаж зөрчсөн талаар ерөөсөө авагдаагүй. Маш ерөнхий байдлаар дүгнэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт гуравдагч этгээдийн үүсмэл бүтээл гэж тайлбарлаад байгаа ойлголт нь ямар утга, нөхцөл байдалтай вэ гэдэг нь ойлгомжгүй. Иргэн Н.Т*******ыг З***** а******* Х****** ж****** т*** дарга Г.С****** дуудаад Өндөр гэгээн Занабазар гэдэг жүжиг тоглогдох гэж байна, энэ жүжигт нэгэн наймаачин дуртмал сайхан гэдэг Монгол ардын уртын дууг дуулж байгаа хэсэгхэн стецен явна, үүнд хоолойгоо бичүүлэх үү гэсэн юм байна. Хоолойгоо бичүүлэхийг хүлээн зөвшөөрөөд өөрөө очоод бичүүлсэн. Царай, дүр төрхийн хувьд тохиромжгүй учраас гомдоод байгаа жүжигчнийг тоглуулаад ингээд дуртмал сайхан гэдэг Өндөр гэгээн Занабазар түүхэн дуулалт жүжиг бий болсон. Тэгэхээр гуравдагч этгээдийн зүгээс хэлээд байгаа үүсмэл бүтээл гээд байгаа зүйл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4.1.4-т заасны дагуу өмнө нь туурвисан бүтээл буюу Монгол ардын уртын дуу, зохиогч нь тодорхойгүй. Тэгэхээр үүнийг өөрчлөн найруулсан, орчуулсан, хөрвүүлсэн, хураангуйлсан, нэгтгэсэн тохиолдолд үүсмэл бүтээл гэж үзнэ. Үүнийг иргэн Н.Т******* яг аль үндэслэлээр нь, аль үгээр нь өөрчилж яаж дуулсан бэ, үүсмэл бүтээл гэдэг зүйлд хамаарч байгаа юм уу, үгүй юм уу гэдэг нь ойлгомжгүй. Хариуцагчаас юуг тодруулах гээд байгаа юм бэ гэвэл Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-т Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн гээд ийм байдлаар шийтгэх хуудас оногдуулаад байж болох юм уу. Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар үндэслэл, зүйл заалт, ямар агуулга нь зөрчигдөөд үүн дээр шийтгэлийн хуудас бичих үндэслэл болсон гэдэг нь ойлгомжгүй учраас 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0079803 дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэр, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
6.Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Н.Т*******аас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Оюуны өмчийн газарт гаргасан Өндөр гэгээн Занабазар дуулалт жүжгийн туслах дур "Наймаачин" дүрийн дуу болох Дуртмал сайхан уртын дууг миний тэр үед дуулж бичүүлсэн дуун дээр Завхан аймгийн театрын дуучин СТА Б.О******* ам барин дуулж тус дуулалт жүжигт тоглосон байна. Дуучин Б.О******* нь надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд гэрээ, хэлэлцээр хийгээгүй миний эрхийг зөрчсөнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх гомдолд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн 2302000004 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийсэн болно.Нэхэмжлэгч шарлагадаа холбогдогч талд нотлох баримт бүрдүүлэх боломжит хугацаа олгоогүй гэжээ. Уг зөрчлийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нээсэн бөгөөд тухайн өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал нийт 58 хоногийн хугацаанд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан болно. Флаш дискт үзлэг хийхдээ холбогдогчийн төлөөлөгчийг байлцуулаагүй буюу
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн гэжээ. Флаш дискт үзлэг хийх талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү*******д утсаар мэдэгдсэн боловч ирээгүй тул хохирогчийн төлөөллийг байлцуулан үзлэгийн тэмдэглэлийг хийж гарын үсэг зуруулсан бөгөөд долоо хоногийн дараа итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү******* ирж үзлэг хийсэн бичлэгтэй танилцаж уг тэмдэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно.
Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлд Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн бол гэж байгаа. Шийтгэлийн хуудсан дээр зүгээр хуулийн үндэслэл тавигдах ёстой. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 8.3.1 гэж тавигдаж байгаа. Тэрнээс дотор нь задлаад тавьдаггүй. Юу зөрчсөн юм бэ гэж байна. Зохиогчийн эрхийн тухай хуульд байгаа, хүний бүтээл ашиглаж байгаа бол заавал зөвшөөрөл авна. Зөвшөөрөл нь бичгээр байна, бичгээр гэрээ хийнэ. Тэгэхээр би эднийхээс юу нэхдэг вэ гэвэл бичгээр хийсэн зөвшөөрөл гээд байгаа юмаа аваад ирнэ үү гэж 58 хоногийн турш нэхсэн, ирээгүй. Тэгэхээр зөвшөөрөлгүй хүний бүтээл хэрэглэсэн гэж үзэхээс өөр арга байхгүй. Яаж хэрэглэсэн юм бэ гэдэг асуудал гарна. Уртын дууг хэн ч дуулж болно гэдэг, хэн ч дуулж болох юм бол ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй гэдэг юм ярьдаг. Хэн ч дуулж болно, сайн, муу дуулах ч хамаа байхгүй. Тэр хүн уртыг дууг аваад өөрөө дуулаад гадагш гаргаж байгаа бол тэр бүтээл өөрийнх нь эрх болчхож байгаа, дуулаачийн эрх үүсчхэж байна. Тэр эрх үүссэн юмыг та нар зөвшөөрөлгүй аваад бичлэг хийж байгаа. Өөрөө очиж бичлэг хийлгэсэн байж болно. Яг жүжигт оруулаад өөр хүн гаргаж ирж жүжигт ашиглах гэж байгаа бол дахиж уулзах ёстой. Нэг дор ажиллаж, амьдарч байсан. Зөвшөөрөл авах боломж байсан, аваагүй. Бичгээр авна, гэрээ хийнэ гэж хуульд заасан тэр үндэслэлийг дурдсан. Хоёрдугаарт нэр дурдаагүй. Нэр дурдаагүй нь Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөнд тооцно. Дуулуулах болгонд тэр хүний нэрийг дурдах ёстой. Хоёр үндэслэл ердөө энэ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр хариуцагч тайлбар хэлэх байх. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн тайлбар, нотлох баримттай танилцсан. Үүн дээр мэргэжлийн хүний хувьд зарим нэг тайлбар хэлье. Энэ тоглолттой холбоотой бичлэг өөр байдаг. Зохиогчийн үүсмэл бүтээл, зохиогчийн эрх эзэмшигч, тоглогч, уран бүтээлчийн эрх, шинэчлэн найруулсан Зохиогчийн эрхийн тухай хуульд орсон байгаа. Энэ нь хоорондоо нэлээн ялгаатай. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу ойлголтыг аваад байгаа юм болов уу гэсэн ойлголттой байна. Өндөр гэгээн Занабазар түүхэн дуулалт жүжиг нь тайзны бүтээл. Тайзны бүтээл дээр ам барих асуудал гэж байх ёсгүй. Дэлгэцийн уран бүтээл буюу кино урлагийн бүтээлүүдээс бусад төрлийн уран бүтээл дээр ам барина гэсэн ойлголт байдаггүй. Гэвч үүн дээр мэргэжлийн уртын дуучин хүний хувьд өөрийнх нь хоолойг бусад хүн ам барин дуулна гэдэг нь ёс зүйн хувьд болон зохиогчийн эрхийн салбарт гарч байгаа хамгийн том алдаа, зохиогчийн эрхийн зөрчил болжээ гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Яагаад гэвэл хэрвээ энэ тал дээр ямар ч гэрээ, хэлцэл, зөвшөөрөлгүйгээр бичлэг хийгээд тавиад байх юм бол Норовбанзад гуайн сиди тавиад дурын уран бүтээлч ам бариад дуулаад байх прецидент буюу ийм юм үүсэх магадлал өндөр байна гэсэн дүгнэлт хувийн зүгээс хийж байна. Дуулсан Б.О******* гэдэг дуучин нь Завхан аймгийн хөгжимт театрын дарга Г.С******ын нөхөр юм байна. Б.О******* нь уртын дууны ая дуу мэдэхгүй дуучин юм байна. Уртын дууны дэг жаяг гэдэг нь дотроо нарийн байдаг, Соёл урлагийн их сургуулиар бэлтгэгддэг бие даасан мэргэжил учраас үүнийг мэргэжлийн хувьд зөв ойлгоорой, дурын дуучин дуртмал сайхан гэдэг уртын дууг дуулаад байхгүй юм. Тэгэхээр ам барина гэдгийг Зохиогчийн эрхийн тухай хуулийн 17.4-д Ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээлийн зохиогчийн эрхийг үүсмэл бүтээл туурвисан зохиогч эдэлнэ. Энэ нь үүсмэл бүтээл. Яагаад гэвэл ардын урлагийн бүтээл дээр суурилсан уран бүтээлч өөрийн хоолойгоо олон нийтийн хүртээл болгож түгээж байгаа, нэг ёсондоо Норовбанзад гуайтай нэгэн адил бүтээл туурвиж байгаа үүсмэл бүтээлийн зохиогч юм. Үүсмэл бүтээлийн зохиогч ямар эрхтэй байдаг вэ гэдгийг Зохиогчийн эрхийн тухай хуульд заасан байгаа. Тайлбартаа Зохиогчийн эрхийн тухай хуулийн 11, 12, 17, 28 дугаар зүйл гээд дэлгэрэнгүй тайлбартаа оруулсан. Тоглолтын бичлэг гэдэг дээр тайлбар хэлье. Тоглогч, уран бүтээлч дараах амины эрх эдэлнэ. Амины эрх гэдэг нь тухайн хоолойг ашигласан тохиолдолд тэр дуучны нэрийг заавал дурдах хэрэгтэй.
Зохиогчийн эрхийн зохиогчийнх нь хувьд амины эрх буюу бүтээл ашиглах онцгой эрх гэсэн хоёр үндсэн эрхтэй байдаг. Энэ хоёр үндсэн эрх хоёулаа Н.Т*******ын хувьд зөрчигджээ гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Оюуны өмчийн газарт өргөдөл, гомдол гаргасан. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28.2-т тоглолт гэдэг тухайн уран бүтээлчийн тоглож байх үеийн бичлэгийг хийж байгаа хамаарах эрх буюу related right гэж ярьдаг. Телевиз, радио бичлэг хийх эрхийг яриад байгаа юм. Тэрнээс биш тоглолтын эрх гэдэг нь тухайн уран бүтээлчийн дуулж байх үеийнх нь бичлэгийг хийх эрх биш. Тэр эрх нь 29 дүгээр зүйл буюу понаграмм бүтээгчийн эрх гэж зүйл заалтад хамаардаг юм. Тэгэхээр тоглолтын эрхийн хувьд зөвшөөрсөн гэсэн тайлбар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарууд дээр яваад байна. Үүнийг хуулийн хүрээнд зөв ойлгохгүй бол тоглолтын эрхийг бичлэг хийсэн эрх, понаграммын эрхтэй ойлгоод байна. Н.Т*******ын амины эрх болон бүтээл ашиглах онцгой эрхийг ямар ч хуулийн хүрээнд зөвшөөрөлгүй, гэрээний үндсэн дээр авч ашиглаагүй зөрчлийн асуудал юм. Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар тухайн бүтээлийг ашиглах үедээ үүсмэл бүтээлийг ашиглах бүртээ зохиогчтой гэрээ хийсэн байна. Ийм асуудал гараад байгаа учраас энэ тал дээр нэр томьёоны хувьд тайлбар хэллээ. Би оюуны өмчийн салбарт 23 жил ажиллаж байна. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулахад ажлын хэсэгт орж ажиллаж их, бага хэмжээгээр оролцсоны хувьд салбарын хувьд тайлбар хийхгүй бол сүүлийн үеийн шүүх хуралдаанд хуульчдын дунд нэр томьёо дээр буруу хэрэглээ хийдэг, буруу зүйлчилдэг, хуульч, өмгөөлөгчид буруу ойлгодог зүйл гараад байгаа учраас гуравдагч этгээдийн хувьд ийм тайлбар хэлсэн юм.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4.1.10-т тоглогч уран бүтээлч гэж утга зохиолын, урлагийн, ардын урлагийн бүтээлийг дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог дуучин, хөгжимчин, жүжигчин, бүжигчин, уран уншигч зэрэг бусад хувь хүнийг хэлнэ гэж заасан. Өнөөдөр бүтээлийн хувьд энэ бол үүсмэл бүтээл юм, цаана нь хэний эрх зөрчигдөөд байгаа вэ гэвэл тоглогч, уран бүтээлчийн эрх зөрчигдөөд байгаа юм гэж хууль зүйн хувьд ойлгоорой. Ардын уран бүтээлийг дуулах гэдэг тоглогч, уран бүтээлчийн эрхийг үүн дээр зөрчсөн байна. Амины болон бүтээл ашиглах онцгой эрхийг хоёуланг нь зөрчжээ гэж ойлгох нь зүйтэй байх гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.З***** а******* Х****** ж****** т***аас Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 0079803 дугаар шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр гаргасан:
2.1.Нийслэлийн Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талыг баримтлан явуулсан,
2.2.Холбогдогч талд нотлох баримт бүрдүүлэх боломжит хугацаа олгоогүй, холбогдогчийн уг бүтээлд зохиогчийн эрх эзэмшиж байгаа эсэхийг тодруулаагүй, энэ талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөх боломж олгоогүй,
2.3.Хэргийн үйл баримтыг тал бүрээс нь шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу бүх талаас нь хөдөлбөргүй явуулаагүй,
2.4.Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн баримтаар өгсөн флаш дискэнд үзлэг хийхдээ холбогдогчийн төлөөлөгчийг байлцуулаагүй, үзлэгийн тэмдэглэлийг тус ажиллагаа хийгдсэнээс хойш 7 хоногийн дараа танилцуулсан нь хуульд нийцээгүй,
2.5.Мөн Зөрчлийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн" Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчлийн хэрэг нээхгүй гэх хэсгийг зөрчиж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
3.Н.Т*******ын гомдлыг Оюуны өмчийн газрын ахлах байцаагч шалгаад З***** а******* Х****** ж****** т*** нь Занабазар хөгжимт жүжигт дуучин Н.Т*******ын дуулсан Дуртмал сайхан уртын дууны бичлэгийг зөвшөөрөлгүй ашигласан зөрчил гаргасныг тогтоож, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 0079803 дугаар шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах тухай даалгаврыг тус тус гаргаж, З***** а******* Х****** ж****** т***т 5000000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, уг жүжгийн бичлэгээс Н.Т*******ын дуулсан хэсгийг хасч засварлан байршуулахыг даалгажээ.
4.Оюуны өмчийн улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа буюу зөрчлийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нээж, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал нийт 58 хоногийн хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан бөгөөд хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг шалгах шалгалт хийгдэж, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан. /х/х-31 дэх тал/
Уг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа Зөрчлийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зорчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн" Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчлийн хэрэг нээхгүй гэх хэсгийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.
5. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1."зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвисан хувь хүнийг, 4.1.3."бүтээл" гэж шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбар дахь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг,; 4.1.10."тоглогч уран бүтээлч" гэж утга зохиолын, урлагийн, ардын урлагийн бүтээлийг дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог дуучин, хөгжимчин, жүжигчин, бүжигчин, уран уншигч зэрэг бусад хувь хүнийг; 17 дугаар зүйлийн 17.4.Ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээлийн зохиогчийн эрхийг үүсмэл бүтээл туурвисан зохиогч эдэлнэ. гэж зааснаас үзэхэд дуучин Н.Т******* нь З***** а******* Х****** ж****** т***т тавигдсан Занабазар хөгжимт жүжигт дуулсан Дуртмал сайхан уртын дууны хэсгийн хувьд зохиогчийн эрх эдлэхээр байна.
6.Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд дараах амины эрх эдэлнэ:
12.1.3.бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тухай бүрд нэрээ дурдуулах;
12.1.4.бүтээл болон бүтээлийн нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр, ... өөрчлөх, гажуудуулахыг хориглох.,
13 дугаар зүйлийн 13.1.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх /цаашид "бүтээл ашиглах онцгой эрх" гэх/ эдэлнэ.
13.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд дараах эрхийг хамааруулна:
13.2.1.хуулбарлах;
13.2.2.нийтэд түгээх;
13.2.3.нийтэд дамжуулах;
13.2.4.нийтэд тоглох;
13.2.5.нийтэд дэлгэж үзүүлэх;
13.2.6.түрээслүүлэх;
13.2.7.үүсмэл бүтээл болгон өөрчлөх.,
13.3.Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно. гэж заажээ.
7.З***** а******* Х****** ж****** т*** нь Н.Т*******ын амины эрх болон бүтээл ашиглах онцгой эрхийг зөвшөөрөлгүй, гэрээ байгуулалгүй, нэрийг нь дурдалгүй ашигласан нь тоглогч, уран бүтээлчийн эрхийг зөрчсөн гэж үзэн Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 0079803 дугаар шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл ногдуулж мөн өдрийн Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах тухай даалгавраар дуучин Н.Т*******ын дуулсан уртын дууны бичлэгийг М******* к******* V** үйлчилгээнд тавьсан хэсгийн хасч засварлан байршуулахыг З***** а******* Х****** ж****** т***т даалгасан нь үндэслэлтэй байна.
8.З***** а******* Х****** ж****** т***аас Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 0079803 дугаар шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3, 17 дугаар зүйлийн 17.4, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан З***** а******* Х****** ж****** т***аас Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э*******т холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 0079803 дугаар шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах тухай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН