| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0469/З |
| Дугаар | 128/ШШ2023/0607 |
| Огноо | 2023-08-07 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2023/0607
2023 08 07 128/ШШ2023/0607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б*******
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* нарын хооронд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариуг хүчингүй болгож, тэтгэврийг нөхөн тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б******* нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар Монгол улсын ерөнхий прокурорын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/381 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгч шийдвэрлэхээс татгалзсан.
2.Д.Б******* нь дээрх татгалзсан шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт гомдол гаргасан боловч тус газрын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3/178 дугаар албан бичгээр гомдлыг хангах боломжгүй талаар хариу өгч, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2023/4760 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Д.Б******* миний бие нь Монгол Улсын ерөнхий прокурорын 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаар тушаалаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар хяналтын прокуророор томилогдон ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн прокурорын газруудад хяналтын прокурор, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөх байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, ахлах прокурор, 2020 оноос Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж байсан.
Миний бие нь 48 настай бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.2, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар Монгол улсын ерөнхий прокурорын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/381 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн болно.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцон, тэтгэвэр олгох шийдвэр гаргаж өгөхийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан боловч тус хэлтсийн байцаагч Ч.Б******* 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр "Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг заасны дагуу тэтгэвэр тогтоолгох боломжтой боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул тэтгэвэр тогтоох хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэж хариу өгсөн.
Миний бие нь төрийн албанд прокуророор 25 жил 11 сар ажилласан тул Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэсний дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан тул Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс өгсөн хариуг хууль бус гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариуг хүчингүй болгож, тэтгэврийг нөхөн тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэжээ.
4.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Б******* нь нэхэмжлэлдээ прокуророор нийт 25 жил 11 сар ажилласан. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь "Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэсэн заалтыг үндэслэн тэтгэвэр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн заалтанд прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул Д.Б*******ийн ажилласан хугацаагаар 55 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч Д.Б******* нь прокуророор 25 жил 11 сар ажилласан тул Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “...нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/381 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн.
2.Д.Б******* Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр /х-х 6 дахь тал/ өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж, мөн өдөр тус хэлтсийн байцаагч /х-х 7 дахь тал/ “Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгох боломжтой боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул ажилласан жилийг тооцох боломжгүй” гэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуг өгчээ.
3.Д.Б******* уг татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр /х-х 33 дахь тал/ гомдол гаргасныг тус газрын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3/178 дугаар /х-х 35 дахь тал/ албан бичгээр “Нийгмийн даатгалын хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлтэй Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3. “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.” гэсэн заалт зөрчилдөж байгаа тул таны тэтгэврийг тогтоож олгох боломжгүй гэж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчээс ...төрийн албанд прокуророор 25 жил 11 сар ажилласан тул Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсний дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан тул Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс өгсөн хариу хууль бус гэж,
5.Хариуцагч захиргааны байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул Д.Б*******ийн ажилласан хугацаагаар 55 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж тус тус маргасан.
6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох ерөнхий зохицуулалтыг тогтоожээ.
7. Харин Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж тус тус заасан нь нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох талаар нарийвчилсан зохицуулалтыг хуульчилж өгсөн байна.
8.Тодруулбал, дээрх хуулиар 25 жил ажилласан прокуророор ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох эрх олгосныг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хязгаарлах боломжгүй.
9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөрөөр зохицуулагдсан тул хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд прокурорын эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Прокурорын тухай хуулийг хэрэглэх нь хууль хэрэглээний хувьд зөв гэж үзлээ.
10.Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул 55 наснаас өмнө нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан нь Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “...эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан болзлыг хангасан нэхэмжлэгч Д.Б*******ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
11.Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б*******ийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариуг хүчингүй болгож, тэтгэврийг нөхөн тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
12.Д.Б******* нь тус дүүрэгт 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө ... хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, ... олгоно.”, гэж заасны дагуу түүний хүсэлт гаргасан 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс Д.Б*******ийн өндөр насны тэтгэврийг тогтоож, олгохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6, 24 дүгээр зүйлийн 3, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б*******ээс Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тэтгэвэр тогтоох боломжгүй талаарх хариуг хүчингүй болгож, Д.Б*******ийн тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн тогтоон олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН