Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/01

 

 

 

 

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Э.Ариунболд /зайнаас цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: П.О /зайнаас цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Алгирмаа /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Алтанцэцэг /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Б.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 27 настай ,эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эцгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын * дүгээр баг, Данзанваанчигийн *-* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 71/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хутаг-Уул овогт Б-н Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний оройн 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум, 8 дугаар багийн Улаан хошуу гэх газарт О.О-н хоолойг хэрчиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хутаг-Уул овогт Б-н Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 318 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардал, гэм хор учруулсны төлбөр 4,481,000 төгрөгийг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, бүгд 14,481,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмж, шатахууны зардал 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О, түүний өмгөөлөгч нар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, амь хохирогч О.О-н өмсөж явсан гэх ягаан өнгийн урд талдаа цахилгаантай богино куртик 1 ширхэг, дөрвөлжин шоон судалтай хар өнгийн өмд 1 ширхэг, цайвар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цайвар өнгийн дотоож 1 ширхэг, олон тооны цэцгийн дүрс бүхий хээтэй даавуун цамц 1 ширхэг, хажуу хэсэгтээ Fashion гэх бичиглэлтэй хар өнгийн пүүз 1 хос, улаан өнгийн бариултай цаасны хутга 1 ширхгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Б.Б давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс намайг “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

Хэрэгт гэрчээр оролцсон гэрч Б, О, Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нар нь өөрсдийн сайн мэдэж байгаа зүйлийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгөхгүй байснаас би тухайн хэргийг үйлдсэн гэж дүгнэгдэхэд хүрч байна.

1. Гэрч Б нь 2020 оны 12 сарын 11-ний орой ажилдаа өөрийнхөө автомашинтай явсан байсан. 12 сарын 12-ны өдөр Б-г ажлаасаа буугаад гэртээ ирэхэд нь би гэрт нь байж байсан. 12 сарын 11-ний орой би Б ахын гэрт нь очиж хонохоор очсоныхоо дараахан нь гадагшаа О эгчийг машинтай нь ундаанд яваад ирье гэхэд автомашингүй гэж байсан. Мөн намайг очсоны дараагаар О, О нар хоорондоо утсаар ярьж байгаагүй. Т талийгаачийг гэрийн зүүн талын жалганаас олсон талаар надад анх гэрийн гадаа Т, О нар хэлж өгч байсан. Тэр өдрийнхөө оройдоо Н, Т, Б, О эгч нар очиж үзэж ирчихээд жалга нь цус болоод хөлдчихсөн байна гэж ирж байсан.

Энэ бүгдийг хэрэгт асууж тодруулаагүй ба хэрэгт авхуулж, гэрч нартай нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтэй байна.

2. 2020 оны 11 сарын 10-ны өдөр би талийгаачийн дансыг эхлээд гэрт байхад нь бичүүлж авч байсан. Дараа нь алт мөнгөний дарханы газар мөнгө тушаахаар явж байхдаа таарсан. Талийгаач дүүгээ цэцэрлэгээс авна гээд удалгүй явсан би дарханы газар руу ганцаараа орсон. Надад олон ээлжийн өмсөөд байхаар гадуур хувцас байхгүй гадуур гарахдаа ганц өмсдөг хар куртикнээс өөр куртик байхгүй ба би тухайн үед төмөр замчдын нормын гутал өмссөн байсан болохоос өөрөөр нормын хувцас өмсөөгүй. Алт мөнгөний дарханы газрын камерын бичлэгийг ч хэрэгт авахуулах хүсэлтэй байна. Алт мөнгөний газар “мөнгө” тушаасан бөгөөд талийгаачтай цуг яваад орж очоогүй. Намайг үндэслэлгүй гүтгэж байна.

3. Гэрч Н, У, Н нарын мэдүүлэгт намайг 2020 оны 12 сарын 11-ний орой 23 цагийн үед гэрээр ороод гарсан, дахин мэдүүлэгтээ Б мөн бишийг мэдэхгүй гэж зөрүүтэй мэдүүлэг өгснөөс анхан шатны шүүх ...23 цагийн орчим бид гэртээ амрах гээд хэвтчихсэн байж байтал Б манай гэрт орж ирсэн гэсэн мэдүүлгийг үндэслэл болгож яллах талыг баримталж байна. Би тухайн өдөр Н-н гэрээр ороогүй, очих ч шаардлагагүй байсан. Харин маргааш өдөр нь буюу 2020.12.12-нд 19 цагийн үед өөрийн дүү С-н гэрээр орж гэрийг нь галлачихаад оройдоо Б ахын гэрт очиж хоносон. Б ахын гэрт очиж дахиж 2 хонож өдөртөө хүүхдүүдийг нь харж байгаад 14-нд гэртээ харихдаа талийгаачийнхаар ороход талийгаачийг алга болсон, цагдаад мэдэгдэнэ гээд зургийг нь авч гарч байсан. Үүнийг О эгчийн дүү болох О сайн мэдэх ба гэрчийн мэдүүлэгт энэ талаар асуугаагүй байдаг. Цагдаад талийгаачийг алга болсон үед нь мэдэгдээгүй. 3-4 хоног болсны ар дээр талийгаачийн ар гэрийхэн нь мэдэгдсэн байсан. Талийгаачийн ойр орчмын хүмүүсийг давхар шалгуулах, тухайн асуудлыг мэдэх гэрчээс гэрчээр мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна. Талийгаачийг алга болсны 3-4 хоногийн дараагаар О эгч намайг өөрөө тэнд зогс гэж зааж хэлж өгч байсан. Б-н мэдүүлэгт ...заримдаа Б-г гэртээ үлдээд дүү нараа хараад байж бай гэхээр хамт явъя гээд байхаар нь авч явж байсан гэж мэдүүлсэн байсан. Би өөрөө дур зоргоороо явъя гэж хэлж байгаагүй. Өөрсдөө цуг явъя А-н хамт зогсоно гээд зааж хэлж өгч зогсоодог байсан. А-с энэ талаар мэдүүлэг авалгүй орхигдуулж надад бүх хэргийг хамааруулж байна.

4. Би хохирогчтой 2020.12.11-ний орой утсаар ярьсан. Намайг ярихад талийгаач унтах гэж байна, дүү нар унтчихсан гэж байсан. Хохирогчтой өмнө нь би ярьж байхдаа ч гэсэн ойр зуурын “юу хийж байна, хохирогч тамхины мөнгө байна уу” гэж асууж сурдаг байсан. Өөрөөр бид хоёрын дунд дотно харилцаа холбоо байгаагүй. Хохирогчийн олдсон газрыг цагдаад харсан хүн мэдэгдсэн өдөр нь мэдсэн байсан. Уг жалга нь овоон дээрээс харагдах боломжтой ба урьд нь талийгаачийн  ах дүү хамаатан садангууд нь тэр хавийн бүх жалгыг үзэж харж байхад олдоогүй байж 2021 оны 1 сарын 06-нд тэндээс олдсонд үнэндээ эрэл хайгуул олдохгүй болохоор нь бид нарын ихэнх нь Хөвсгөл сумын “Айл баянгийн уурхай”-руу явсан. Тэр хойгуур мэддэг нэг нь тухайн жалганд тавьсан байхыг үгүйсгэх аргагүй. Талийгаач утасныхаа фейсбүүкийн чатаар “Хүн Монгол” гэсэн нэртэй хүнтэй харилцдаг байсан. Надад өөрөө хэлж байсан учир талийгаачийн утсанд үзлэг хийлгүүлж үнэн зөвийг нь олж тогтоолгох хүсэлтэй байна.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан цаасны хутга нь хэрэгт хамааралгүй гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон ба гэрч Б-н мэдүүлэгт ч зээрийн мах янзалж байсан гэж тодорхой мэдүүлдэг. Гэвч энэхүү цаасны хутганы талаар надад мэдэх зүйл алга байна.

6. Хохирол төлбөрийн талаар: Талийгаачийн оршуулгын зардлын 4,481,000 төгрөг сэтгэл санааны хохирлоос 10 сая төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд миний хэргийг хянан үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. хэргийн үнэн мөнийг олж тогтоолгох хүсэлтэй байна. Хэрэгт талийгаачийн амь насыг хохироосон хутгийг олж тогтоолгох, талийгаачийг эрэн хайсан гэх гэрч О, А, А нарыг гэрчээр асуулгах, О, Б, Т нартай нүүрэлдэн мэдүүлэг өгөх хүсэлтэй байна. Гэрчүүд өөрсдөө сайн мэдэж байгаа зүйлээ үнэнээр нь ярихгүй байна” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгасан нотлох баримт нь хангалтгүй өөрөөр хэлбэл Б-д холбогдох гэм буруугийн асуудал эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдох боломжгүй болох нөхцөл байдалд шүүхээс учир дутагдалтай хандаж яллах болоод цагаатгах талын нотлох баримтыг адил тэнцүү хэмжээнд үнэлэх шударга ёсны зарчмыг алдагдуулж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Үүнд:

1. Шинжээчийн 02/03 дугаартай дүгнэлтэд ...хүзүүний арьс булчин, баруун талын гүрээний судас багалзуур хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр баруунаас зүүн чиглэлтэй үүссэн байх боломжтой. Амь хохирогч О хүзүүний шархны улмаас нас барсан байна гэж дүгнэгдсэн. Харин хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураан авсан улаан өнгөтэй цаасны хутга нь тухайн хэрэгт хамааралгүй болох нь хутган дээр илэрсэн цус нь амьтны цус болохыг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлон тогтоосон. Мөн Б-н тээврийн хэрэгсэлд байсан хураан аваагүй байсан цаасны хутга ч хэрэгт хамааралгүй болох нь гэрч Б-н мэдүүлгээс харагддаг. Гэвч хэрэгт тухайн ир үзүүртэй зүйл нь цаасны хутга болон өөр ямар төрлийн ир үзүүртэй зүйл байсан эсэхийг баримтаар тогтоогдоогүй байхад Б-г ...цаасны хутгаар хэрчиж алсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ЭХШШТ хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “яллагдагч ...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, Б-н мэдүүлгийг үнэлж дүгнэх нь учир дутагдалтай байгаа ба хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ч “амь хохирогчийн амь насыг цаасны хутгаар хохирогчийн амь насыг нь хохироосон талаар нотолсон баримтгүй. Хэрэгт тухайн ир үзүүртэй зүйлийг олж тогтоох нь зайлшгүй шаардлагатай байхаар харагддаг. Өөрөөр хэлбэл нотлох баримтын эх сурвалж нь тодорхойгүй, тогтоогдоогүй.

Б-н мэдүүлэгт: ...Б ахын автомашинаас цаасны хутга авсан байсан. Амь хохирогчийн хоолойг хэрчсэн хутгаа Б ахын автомашинд хийсэн гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт авагдсан гэрч О, Б, шинжээчийн 478 дугаартай дүгнэлтүүдээр үгүйсгэгддэг. Шинжээчийн дүгнэлтүүдээр: Шинжилгээнд ирүүлсэн цаасны хутга ... хэсэг дээр илэрсэн цус нь хүний цус биш байна. Гэрч О, Б нарын мэдүүлэгт: ...Автомашины хаалга үүдийг цоожлохгүйгээр онгорхой орхиогүй, Б миний автомашиныг унаж эзэмшдэггүй, машинд засвар үйлчилгээ хийсэн зүйлгүй ... гэж мэдүүлсэн байдаг.

2. Б-г талийгаачтай утсаар байнга холбогдож, хамт явдаг байсныг нь харсан гэрч Э, Б нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа зэрэг баримтуудад үндэслэн Б нь өөрийн барьж байсан гар утсандаа 90227441 дугаарыг барьж ашиглаж байсан нь тогтоогдож байна гэж дүгнэн, гэм буруугийн үндэслэл болгон дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрч Э-н мэдүүлэгт: ...2021 оны 11 сарын 10-ны 17 цаг 06 минутад 90227441 дугаарын утаснаас над руу залгасан. ...санаж байгаагаар зузаан захтай хүрэм өмссөн байсан. Өнгийг нь сайн санахгүй байна. Төмөр замчдын өмсдөг хувцастай их төстэй санагдаж байна. ...Тэгээд хамт явж байсан эмэгтэйд хандаж “чи дансаа хэлчих” гэж байсан. Гэрчийн энэхүү мэдүүлэг нь 2020 оны 12 сарын 11-нд талийгаач гэрээсээ гарч явсан гэх үйл баримттай хамааралгүй байхаар харагддаг. Гэрч С-н мэдүүлэгт: ...Б ахад олон ээлжийн солиод өмсөх хувцас байхгүй гэж мэдүүлдэг. Хэрэгт Б-н өмсөж байсан болон бусад хувцсанд нэгжлэг, үзлэгийг хийн хураан авсан авч, биологийн ул мөрийн тодорхойлох шинжээчийн 596,479,483,485,488 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогддоггүй. Б-н хувьд ч хувцас хунараа угааж цэвэрлээгүй байдаг. 2021 оны 12 сарын 11-ний орой амь хохирогчтой Б нь утсаар холбогдсон байдаг ч утсаар хоорондоо юу гэж ярилцаад хамтдаа хаашаа явсан үгүйг нь тодорхойлох боломжгүй юм.

3. Гэрч О-н мэдүүлэгт: тухайн өдөр утсаар О эгч талийгаачийг манайхаар ирсэн үгүйг асуусан, Б 23 цагийн үед ирсэн гэж мэдүүлдэг ба гэрчтэй хэдэн цагийн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч холбогдсон талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй. Гэрчийн мэдүүлэг эргэлзээгүй үнэн зөв өгөгдсөн эсэх дээр ч эргэлзээтэй байдал байгаа ба Б-г хонохоор очсон гэж цаг хугацааг ч зөрүүтэй мэдүүлсэн байдаг учир гэрч О-г Б-тэй нүүрэлдүүлэн асуулгах ажиллагааг хийлгүүлэх, гэрчээс талийгаачийг асууж сурч байсан цаг хугацаанаас талийгаачийг олдсон өдрийг хүртэлх үйл баримтыг тодруулан асуулгахаар харагддаг. Гэрч Т-н мэдүүлэгт: ...Бид нар сураг чимээ гарахгүй болохоор танктай овоо болон гэр байруудаар хайгаад олохгүй байсан. Миний хувьд 12 сарын 16-ны өдрөөс хойш ...А, Б, А нарын хамт О-н очиж болох айл, найз нөхдийн гэрээр болон Сайншанд сумын ойр орчмын дов жалга зэрэг газруудаар айсан гэж мэдүүлдэг. Эндээс харахад талийгаачийг эрэн хайж байсан гэх гэрчүүдийг хэрэгт гүйцэт асуугаагүй ба хэрэгт гэрчээр оролцоогүй А, О гэх мэт гэрч нараас хохирогч олдсон жалгыг урьд нь шалган үзэж байсан эсэхийг тодруулах нь хэрэгт зайлшгүй хийгдэх шаардлагатай ажиллагааны нэг байсан гэж үзэж байна.

4. Б-с мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийхдээ дүрс бичлэгээр бэхжүүлэх ажиллагааг хийсэн байдаг бөгөөд уг ажиллагааг хийсэн тэмдэглэлээс харахад мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцсон оролцог нар тухайн ажиллагаанд оролцоогүй байдаг тул хх-98-103 талд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа ЭХХШТХ-ийн 25.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, зөрчсөн гэж үзэж байна.

5. Б-с оршуулгын зардалд 4,481,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хуулиар бодит гарсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан ба сэтгэл санааны хохирлыг тодорхойлсон хуулийн зохицуулалтгүй, хуульд үндэслэгдээгүй.

6. Анхан шатны шүүх хуралдаан дээр прокурорын зүгээс 11 жил нээлттэй хорих ангид хорихоор ял санал болгож байсан. Гэтэл анхан шатны шүүх энэ ялыг хүндрүүлээд 13 жилийн турш хаалттай хорих байгууллагад хорихоор шийтгэсэн байдаг. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад энэ ялыг хүндрүүлж байна. Тиймээс Б.Б-д үнэхээр шүүх бүрэлдэхүүн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж дүгнэх юм бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлээд, нээлттэйгээр шийдэж өгөөч гэж хүсмээр байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зарим зүйл нь үнэн, зарим зүйл нь xудлаа байна. Тэр Айлбаянгийн уурхай явсан гэдэг нь бол үнэн харин тэр манай хүнийг тийшээ явж үзүүлээгүй гэж яриад байгаа нь худлаа байна. Т, О бид хэд хамт байж байсан юм чинь тийм юм яриагүй гэж бодож байна. Ялыг нь хүндрүүлэх талаас нь бодож үзнэ үү гэж хэлмээр байна” гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Алгирмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт шүүгдэгч Б.Б нь мэдүүлэг өгөх үедээ цаасны хутгыг Б.Б-н машины багажнаас эд мөрийн баримтаар хураагдсан гэж мэдүүлэг өгдөг ийм учраас  мэдүүлэг өгөхөд ийм зүйл байх боломжгүй. Хоёрдугаарт хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах явцад гэрчүүдийн мэдүүлэг болон цугларсан нотлох баримтыг хэн нэгэнд ярих дэлгэх зэрэг нь хуулиар хориглосон зүйлийг шүүгдэгч Б.Б-д мөрдөн байцаагч ярих нөхцөл үүсэхгүй. Иймд шүүгдэгч нь мэдүүлгээ хүчээр хэлүүлсэн гэх үндэслэлгүй бөгөөд энэ мэдүүлэг өгч байгаа шүүх хуралдаанд авагдсан дүрс бичлэгээс харагдаж байдаг. Хүний дарамтад орж мэдүүлэг өгөх, эсхүл мэдүүлэг өгөхдөө болоогүй зүйлсийг зохиож ярьсан гээд байгаа нь хэргийн бодит байдалтай тохироод байх боломжгүй. Яагаад гэхээр тэр үед Б.Б мэдүүлэг авч байхад тухайн хэрэг дээр ямар, ямар нотлох баримт авагдаж байгаа хаанаас цаасны хутга олдсон гэдгийг Б.Б мэдэх боломж байхгүй. Б.Б-г талийгаачтай байнга холбогдож хамт явахыг нь харсан гэрч Ц.Э, С.Б нэрийн мэдүүлэг  таньж олуулах ажиллагаа зэргээс үндэслэн Б.Б нь өөрийн барьж байсан утсандаа 9022744* гэсэн дугаарыг ашиглаж байсан нь тогтоогдож байгаа гэж дүгнэн гэм буруугийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэсэн байна. Амь хохирогч нь аавынхаа нэр дээр байдаг 960744* гэсэн дугаарыг хэрэглэдэг байсан бөгөөд “Skytel” компаниас ирүүлсэн бүртгэлээр 9022744* гэсэн дугаар луу байнга ярьдаг орсон гарсан бүх дуудлагын бүртгэлийн лавлагаагаар нь харагдаж байдаг. Гэтэл энэ 9022744* гэсэн дугаар амь хохирогч руу ярьсан хүн Б.Б болон нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог боловч шүүгдэгч нь өгсөн мэдүүлэг бүртээ энэ дугаарыг огт мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн мэдүүлэгтээ талийгаач бид хоёр өдөр болгон 2-3 удаа ярьдаг гэж мэдүүлдэг. Түүний ажиллаж байсан  нүүрс зардаг газрын Г-н өгсөн мэдүүлэг мөн ээж С-н мэдүүлгээр ажлаа хийхгүй байнга утсаар яриад зогсчихдог тэгээд хэн юм гэхээр найз охинтойгоо ярьж байна. Намайг залгахгүй болохоор уурлаад байдаг. Тэр охин чинь ажил хийдэггүй юм уу? байнга утсаар ярьж байх юм гэж хэлсэн нь  Г болон С нарын мэдүүлэг дээрээс харагдаж байна. Дээрээс нь Ц.Э-н мэдүүлэг дээрээс 9022744* Б.Б-г барьж байсан гэдгийг нотолсон байдаг. Таньж олуулах ажиллагаа болон түүний өгсөн мэдүүлэг зэргээс харагддаг. Үүнээс Э-н ярьж байсан зүйл нь үнэн бодит юмаа гэдэг нь хаан банкны АТМ дээрх зургаас, дээрээс нь дансны хуулга зэргээс  үнэн бодит юм гэдэг нь харагддаг. Талийгаачийг эрэн хайж байсан гэх гэрчүүдийг хэрэгт гүйцэт  асуугаагүй байна. П.О, О, А гэх мэт гэрч нараас хохирогч олдсон жалгыг урьд нь шалгаж үзэж байсан эсэхийг тодруулах нь зайлшгүй хийгдэх ажиллагааны нэг байсан гэж үзэж байна гэсэн байна. Энэ дээр болохоор уг хүмүүсийн мэдүүлгээр эрэл хайгуул хийгдсэн. Эрж байх явцдаа хэн хаагуур яаж хайсан талаар хэрэгт авагдсан материалаас харагдаж байдаг. Мөн энэ талаар урьд нь өмгөөлөгч З.Алтанцэцэгийн хүсэлтийн дагуу шүүхээр хэлэлцэгдээд үүнийг ч давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн шийдвэрт заагдсанаар шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралд тухайн гэрч нарыг биечлэн ирүүлж мэдүүлэг өгөх боломжтой талаар нээлттэй зааж өгсөн боловч ийм ажиллагаа хийгдээгүй. Тухайн анхан шатны хурал явагдаж байхад шүүгдэгч Б.Б-н болон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн зүгээс энэ гэрч нарыг дахин дуудан ирүүлж хуралд мэдүүлэг өгөх талаар хүсэлт гаргаагүй учраас ийм үйл ажиллагаа явагдаагүй байдаг. Энэ дээр оршуулгын зардлыг эдний талаас зөвшөөрч байгаа. Харин сэтгэл санааны хохирлын хувьд болохоор бид түрүүн хэлсэн мөн түрүүн анхан шатны шүүх хурал дээр ч хэлсэн. Оюунтүлхүүр нь өөрөө айлын том охин, дээрээс нь нэг хүүтэй. Аав ээж хоёр нь ажил хийдэггүй. Өрхийн тогтмол орлогогүй байдаг. Өөрсдөө таван хүүхэдтэй. Ээж аав нь тодорхой ажилгүй учраас энд тэнд ажил гарвал очиж хийдэг. Эзгүй байх хугацаанд нь айлын том охин, гэр орноо цэвэрлэх, дүү нараа харах хоол ундаа хийх гээд бүх гэрийн арын албаны ажлыг авч явдаг байсан учраас хохирогчийн гэр бүлд маш том гарз учирсан гэж үзээд бид нар саналыг гаргасан. Энэ дээр шүүх харгалзан үзээд 50,000,000 төгрөгийн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилснээс шүүх 10,000,000 төгрөгийг олгохоор шийдвэр гаргасан байдаг. Ингээд эцэст нь хэлэхэд шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалт болоод шүүхийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад янз бүрийн үнэн, худал нь мэдэгдэхгүй тайлбаруудыг шинээр гаргаж ирдэг. Бидний хувьд ялыг нь xөнгөрүүлэх тал дээр бодож байгаа зүйл алга” гэв. 

 

            Прокурор Э.Ариунболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаа явцад 9022744* гэсэн дугаарыг Б.Б нь анхнаасаа би энэ дугаарыг огт мэдэхгүй надад ийм дугаар байхгүй гэж мэдүүлдэг. Үүнийг шалгасан баримтаар амь хохирогчийн хэрэглэж байсан тухайн скайтелын гар утас байсан дуудлагын мэдээллийг шалгахад хамгийн  сүүлд 2020 оны 12 дугаар сарын 10-ны 8 цагийн үед 9022744* гэсэн дугаартай холбогдоод энэ өдрөөс хойш тэр холбогдсон дугаарын сүлжээ тасраад дахиж холбогдоогүй байдаг. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, энэ дугаарыг Б.Б барьсан гэдгийг нотлохын тулд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр алт, мөнгөний дархан Э дээр очиж алт мөнгө тушаасан, утсаар ярьсан зэргийг тодруулахаар мэдүүлэг авсан байдаг. Мөн гарч А гээд шүүгдэгч Б.Б-н биеэс хурааж авсан Samsung s7 edge маркийн гар утсыг зарсан гэх гэрчийн мэдүүлэг, мөн тэр хаан банкны АТМ  дүрс бичлэг, хохирогчийн дансны хуулга эдгээр нотлох баримтуудаар тухайн скайтелын гар утасны дугаарыг Б.Б барьж байсан гэдгийг нотлох чухал ач холбогдолтой нотлох баримтууд болохоор эдгээр ажиллагаа хийгдсэн.  Энийг өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хамт явсан гэсэн гэрчийн мэдүүлгийн тухайн 2020 оны 12 дугаар сарын 11-ны хохирогчийн алга болсонтой холбогдолгүй юм аа гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна гэдгийг би ерөөсөө ойлгохгүй байна. Гэрч М, Н мэдүүлэг байдаг. Тухайн үед Н гэх охины төрсөн өдөр нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тохиосон байдаг энэ талаар гэрчүүдийн мэдүүлгүүдэд тодорхой тусгагдсан мөн Б.Б-г тухайн үед ороод гарсан тухай тодорхой мэдүүлдэг байдаг. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй байдаггүй. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар өөр хэн нэгэн этгээд тухайн амь хохирогчийн амь насаа алдсан үйл баримттай хамааралтай гэдэг нь тогтоогдоогүй ээ. Иймд одоо талийгаачийн ойр дотны хүмүүсийг шалгуулъя гэдэг нь эдгээр шалтгаанаас үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хохирогчтой 2020 оны 12 сарын 11-нд  утсаар ярьсан гэж байна энэ бол өмнө нь огт яригдаж байдаггүй, шинээр орж ирсэн асуудал байна. Үүнийгээ шүүгдэгч маань мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ 2020 оны 12 сарын 11-нд  утсаар ярьсан яриагүй очсон, утас надад огт байдаггүй, би гэрт нь орж уулзаад тэгээд гэрээс нь гараад хажуу тийшээ гэр лүүгээ орсон гэж мэдүүлдэг.  Хохирогч бол 2020 оны 12 дугаар сарын 11-нд гэрээсээ гараад 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр олдсон. Энэ хооронд хохирогчийг эрж хайх ажиллагаа явагдсан байдаг. Хэргийн газрын үзлэгээр ямар нэгэн байдлаар цогцсыг зөөвөрлөж тавьсан байдал тогтоогдоогүй. Тийм учраас Б.Б-н давж заалдсан гомдолд дурдагдсан ажиллагааг өмнө нь шалгагдсан дахин шалган тогтоох шаардлагагүй гэж үзэж байгаа.

Өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдол байна. Үүнд шинжээчийн ир үзүүртэй зүйлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ ир үзүүртэй зүйлийг олох ажиллагаа явагдсан байгаа. Шүүгдэгч Б.Б-н 2021 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэгт С.Б ахын машины ард цаасны хутгыг тавьсан гэсэн мэдүүлэг өгдөг. Мэдүүлгээр тухайн хэрэг гардаг газар үзлэг хийсэн, эд зүйлд үзлэг хийсэн, техникт үзлэг хийсэн үзлэгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтуудыг цуглуулаад,  тухайн цаасны хутгыг хурааж аваад шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр цаасны хутган дээрх улаан, хүрэн өнгийн зүйл нь хүний цус биш амьтны гаралтай цус гэж гарсан байдаг. Энэ талаар шинжээчээс тодорхой асуусан. Энэ биологийн ул мөр нь гадны физик, химийн хүчин зүйлийн нөлөөгөөр хадгалах хугацаа харилцан адилгүй байдаг. Эдгээрийг хэргийн газрын газрын орчин, нөхцөл  цаг агаарын байдалтай холбоотой. Ямар эд зүйл дээр ямар ул мөр хэдий хугацаагаар шинж чанараа алдахгүй нь орчны нөлөөнөөс буюу дулаан, чийг, гэрэл, салхи гэх мэт шууд хамааралтай. Тиймээс тухайн хутган дээрээс биологийн ул мөр илрээгүй шалтгаан нь харагдаж байна. Энэ Б.Б-н ах С.Б нь миний машин байнга түгжээтэй байдаг гэдэг. Тийм болохоор тэр мэдүүлэг Б.Б-н хэргийн нөхцөл байдалтай холбоогүй гэдэг нь харагддаг боловч өөрийнх нь мэдүүлгээс та бүхэн авч үзэх юм бол тухайн шинжилгээнд авсан цаасны хутгыг хаанаас авсан, ямар цаасны хутга байсан тэр бүгд нь тодорхой байдаг. Иргэний хуулийн 508.1. Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. Хохирогчийн мэдүүлсэн баримт 4,481,000 төгрөг байдаг. Тэр зардлын 1,000,000 төгрөг үүнийг анхан шатны шүүхээс тогтоохгүй гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод, шүүхэд нэхэмжлэл гаргахын нээлттэй орхиж шийдвэрлэсэн. Мөн сэтгэл санааны 50,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг гэм хорын төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг тийм болохоор тухайн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх тайлбар, дүгнэлт гаргаж байна. Ялын асуудлыг шүүх өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хянан шийдвэрлэх байх. Прокуророос ямар нэгэн санал байхгүй ” гэв.

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос шүүгдэгч Б.Б-г 2020 оны 12 дугаар сарын 11-ний оройн 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум, 8 дугаар багийн Улаан хошуу гэх газарт О.О-н хоолойг хэрчиж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүнийг алсан гэмт  хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч  Б.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Тодруулбал 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 7-94 тоотод оршин суух О-н О нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болж, түүний ар гэрийнхэн эрэн хайж байгаад энэ тухай мэдээллийг түүний ээж П-н О 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргаж /1-р хх2/, улмаар түүнийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрч У.О /1-р хх04, 153-155/ Дорноговь аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан хошуу овооны энгэрт жалганд нас барсан байдалтай олдсоныг цагдаагийн байгууллагад мэдээлж, амь хохирогчийн нас барсан шалтгааныг Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /2-р хх77-78/“... хүзүүний арьс булчин, баруун талын гүрээний судас, багалзуур хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл... хүзүүний шархны улмаас ... цус эргэлтийн алдагдалд орж ... нас барсан ...” гэж тогтоосон тухай хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэхүү хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн оройн 20 цагийн үед О.О-н хоолойг хэрчиж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр дахин өгсөн мэдүүлэгтээ “... орой 18 цаг 00 минут өнгөрч байхад талийгаачийн гэрт очсон намайг гэрт нь ороход талийгаач аав, ээж дүү нарынхаа хамтаар гэртээ байсан. Би талийгаачийнд ороод хэсэг сууж байгаад гараад хажуу талын байшинд ээжийндээ орсон, ... ээжийнд байж байтал талийгаач над руу өөрийн 9685744* дугаарын утаснаас залгаад гараад ир гэж хэлсэн, би ээжийнхээс гараад очтол талийгаач хашаан дотроо  00-н үүдэнд зогсож байсан. Намайг хүрээд очтол Н-н төрсөн өдөр дээр ... хамт очоод ирье гэж хэлсэн. ... хамт явж байгаад гэнэт би Б ахын гэрт нь очиж уулзаад миний хүүхэд Б ахын хүүхэд мөн гэдгийг хэлнэ гэж надад хэлсэн. ...би талийгаачид чи яах гээд байгаа юм, энэ асуудлаас болж манай ах эхнэр хүүхдээсээ сална, манай ээж нөхрөөсөө сална ... манай ах хэрэг төвөгт орно, энэ айлын амьдрал сүйрнэ гэж хэлсэн. Тэгтэл талийгаач заавал Болдбаяр ахын гэрт нь очиж хэлнэ гэж хэлээд зүүн урд овооны хөтөл уруудаж явсан, би талийгаачтай хамт явж байхдаа талийгаачийн хүүхдийн асуудлаас болж маргалдсан. ... талийгаач заавал хэлнэ хэрвээ чи энэ амьдралыг цэгцтэй байлгана гэвэл намайг зогсоолдоо гэж орилж хашгираад байхаар нь түлхэж газарт унагаад хоолойг нь гараараа боож, ухаан алдуулаад халаасанд байсан шар өнгийн цаасны хутгаар хоолойг нь хэрчиж алаад талийгаачийн цогцсыг алсан газартаа үлдээгээд Болдбаяр ахын гэрт очиж хоносон. ... талийгаачийн хоолойг зүссэн шар өнгийн цаасны хутгаа машиных нь арын багажинд хийж орхиод ... явсан.” гэж /1-р хх250/,

 

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...би талийгаачийн гарын баруун гарын бугалганаас бариад урагшаа татаад эргэж түлхэж жалганд унагаад хажуу талд өвдөглөж суугаад хоолойг нь гараараа боосон, намайг хоолойг нь боож байхад талийгаач ухаан алдаад хөдөлгөөнгүй болчихсон, тэгэхээр нь би халаасанд байсан шар өнгийн цаасны хутгыг гаргаж ирээд хоолойг нь зүссэн, талийгаачийг тэр газарт тэр чигээр нь үлдээгээд ... тэр шөнөдөө Б-н гэрт хоносон. ...машины багажийг онгойлгон халаасанд байсан цаасан хутгийг машины арын багажинд хийж үлдээсэн. ... Би талийгаачийг ухаан алдуулаад хоолойг нь зүсэхэд талийгаач жалганд хойш харсан байдалтай байсан. ...” гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар 1.3-т заасан үндэслэлээр буюу бичиг, үсэг мэдэхгүйн улмаас түүний хүсэлтээр өмгөөлөгч оролцуулсан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 25.1 дүгээр зүйлд тус тус заасан мэдүүлэг авах журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн шүүгдэгч Б.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд  “...уг мэдүүлгийг дарамт шахалт үзүүлж авсан, зориудаар зохиож бичсэн...”  гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан ба хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлаас үзэхэд ийнхүү мэдүүлэг авах ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн гадна энэ талаараа Дорноговь аймгийн Прокурорын газарт /хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйд/ гомдол хүсэлт гаргасныг прокурор хянан үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж /4-р хх122-125/ шийдвэрлэсэн байна.

 

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар “яллагдагч ... хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ...” ч хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаад түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Түүний дээрх мэдүүлгүүд нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх6-7/ “...Дорноговь аймгийн Сайншанд сум 8 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан хошуу овооны энгэр хэсэгт байх ... жалга шуудуутай газарт ... эмэгтэй хүний цогцос газарт дээш харж, толгой хэсэг ертөнцийн зүгээр хойд зүгт хандсан ... амь хохирогчийн хамар болон амны хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байх ...” , гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх8-10/,

 

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх55-57/ “06-** улсын дугаартай, Тоёото приус-20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд ... багажны дээрх таг хэсгийг авч үзлэг хийхэд холбогч, олон тооны түлхүүр зэрэг зүйлс ... улаан ... өнгийн цаасны хутга байсныг ... гэрэл зургаар бэхжүүлэв....” , гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх60/,

 

Гэрч Ф.О-н 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлэг “... Тухайн өдөр манай нөхрийг ажилдаа явсан хойгуур 21.00 цагийн орчимд болов уу манай нөхрийн төрсөн дүү болох Б.Б манай гэрт ирж хоноод маргааш өглөө нь айлд нүүрс савлана гээд явсан. ...Манай эгчийн том охин О.О нас барсан бид сэтгэл санааны хувьд хямралд орсон, дээр нь цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж мэдүүлэг авч үзлэг хийж байсан. Тухайн үед би заримдаа юу болоод байгааг ч ойлгохгүй айж сандарсан байсан учраас Б.Б-н манай гэрт хоносон цаг хугацааг андуурч 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манайд хоноогүй гэж мэдүүлсэн байна. ...” /1-р хх235-236/,

 

Насанд хүрээгүй гэрч Т.О-н 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг “...Тэр өдөр хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна. Б ах манайхаас орж ирээд бид хэдээс юу хийж байна гэж асуугаад баруун орон дээр сууж байгаад гарсан. ... О эгч хүүхдээ унтуулчихаад гарч 00-д орж бие засаад ирнэ гэж хэлээд гараад явсан эргэж орж ирээгүй. ... “ /2-р хх-50/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/03 дугаартай шинжээчийн дүгнэлт “Амь хохирогч О.О-н цогцост хийсэн шинжилгээгээр хүзүүний арьс булчин, баруун талын гүрээний судас багалзуур хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ... Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр баруунаас зүүн чиглэлтэй үүсгэгдсэн байх боломжтой. ...” /2-р хх77-78/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх98-103/,

 

Скайтел ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 35-2/3285 дугаартай албан бичиг /3-р хх-51/, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 35-2/47 дугаартай албан бичгээр ирүүлсэн “12/11/2020 20:42 хугацаанд 9022744* дугаартай утас 9685744* дугаарын утастай холбогдсон” тухай жагсаалт /3-р хх109/,

 

Гэрч Ц.Э-н мэдүүлэг “...Тухайн үед надад мөнгө тушаана гэж нэг залуу 90227441*дугаарын утсаар ярьсан, ...би гадуур ажилтай явж байсан болохоор ажил дээр очих болоогүй гэж 50 орчим секундын яриа хийсэн. Би гадуур явж байгаад ажил дээр ирэхэд надтай 9022744* дугаарын утаснаас  ярьсан залуу нэг эмэгтэйтэй хамт явж байсан, надад 13 гр орчим мөнгө тушаасан. Би ... 26000 төгрөгийг 53812098** дугаартай дансанд шилжүүлсэн. Тухайн залуутай хамт явж байсан эмэгтэй 20 орчим насны бордуу царайтай охин байсан. ...” /2-р хх44/,

 

Гэрч Ц.Э-н гар утсанд үзлэг хийж түр хурааж авсан тэмдэглэл /2-р хх-45/,

Гэрч Ц.Э-р 9022744* дугаарын гар утас эзэмшигчийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх90-93/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-н мэдүүлэг “... талийгаач 9685744* дугаарыг барьдаг байсан...” /1-р хх-145/,

 

53812098** дугаартай ХААН банкны данс эзэмшигч нь О-н О болох тухай ХААН банкны Дорноговь аймаг дахь салбарын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/5360/12 дугаартай албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх38-44/ зэрэг нотлох баримтаар батлагдан тогтоогджээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь талийгаач О.О-той ойрын харилцаа холбоотой байсан, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр орой талийгаач О.О-н гэрт очсон, талийгаач болон шүүгдэгч Б.Б нар нь 9685744*, 9022744* дугаарыг ашигладаг, хоорондоо харилцдаг байсан, улмаар талийгаачтай утсаар холбогдож, уулзаж, хамт байсан, түүний амь насыг хохироосон, ингэхдээ цаасны хутга хэрэглэсэн, хутгыг өөрийн ахын эзэмшлийн машины багажинд хийж орхисон, ах Б.Б-д очиж хоносон зэрэг түүний мэдүүлэгт дурдагдсан үйл баримт дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх болон үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь давж заалдсан гомдолдоо “ ...О ... машингүй гэж байсан, ... талийгаачийг гэрийн зүүн жалганаас олсон талаар анх гэрийн гадаа Түвшинжаргал, О нар хэлж өгч байсан тул эдгээр гэрчийг нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтэй, ... алт мөнгөний дарханы газрын камерын бичлэгийг хэрэгт авахуулах, ...Нэмэхжаргалын гэрээр ороогүй, ... талийгаачийн ойр орчмын хүмүүсийг давхар шалгуулах, ... мэддэг нэг нь жалганд тавьсан байхыг үгүйсгэхгүй, ...цаасны хутга хэрэгт хамааралгүй, ... хохирол гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой, ... хэргийн мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү “ гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг нь бичгээр гаргасан давж заалдсан гомдолдоо “... цаасны хутга хэрэгт хамааралгүй ..., гэрч Ц.Э-н мэдүүлэг нь 2020 оны 12 сарын 11-нд талийгаач гэрээсээ гарч явсан гэх үйл баримттай хамааралгүй ...,  талийгаачийг эрэн хайж байсан гэх гэрчүүдийг хэрэгт гүйцэт асуугаагүй ...” ... мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа ЭХХШТХ-ийн 25.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцээгүй ...”, “...сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг болон хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх ...” гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус гаргажээ.

 

Эндээс үзвэл шүүгдэгч Б.Б нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах буюу мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэсэн агуулга бүхий гомдол гаргасан, харин түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нь “...ял шийтгэлийг болон хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх ...” гэсэн үндсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан гэж үзэхээр байх ба дараах үндэслэлээр тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Үүнд:

 

1. Гэрч Б.Б нь шүүгдэгч Б.Б-н төрсөн ах бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу гэрч Ф.О-н мэдүүлгээр Б.Б нь Төмөр замын Барилга орон сууцны ангид галч ажилтай, тэрээр 2020 оны 12 дугаар сарын 11-ний орой ээлжийн ажилтай байсан, түүнийг өөрийнх нь эзэмшлийн тоёото приус маркийн тээврийн хэрэгслээр  эхнэр гэрч  Ф.О ажилд нь хүргэж, өглөө мөн очиж авсан буюу 06-69 улсын дугаартай, Тоёото приус-20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хэрэг гарах үед Б.Б хэрэглээгүй болох нь тогтоогдсон.

 

2. Гэрч М.Т, Ф.О нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал тогтоогдоогүй буюу амь хохирогч О.О-г эрж хайсан талаараа гэрч С.Т “... 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ... манай эхнэр О бид хоёр Сайншанд сумын төвөөр 08-23 цаг хүртэл машинтай болон явган хайж явсан боловч олдоогүй, ...Нөгөөдөр нь буюу 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай эхнэрийн ах дүү нар ... мэдчихсэн ...танктай овоо болон гэр байруудаар, гудамжаар хайгаад олдохгүй байсан. ...” гэж, гэрч Ф.О “... Манай эгчийн охин О.О алга болсноос хойш манай ах дүү нар хайж манаанд гардаг байсан юм. ....” гэж мэдүүлсэн байх ба тэдний энэхүү мэдүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ноцтой зөрүүтэй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн амь хохирогч О.О Дорноговь аймгийн Сайншанд сум 8 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан хошуу овооны энгэр хэсэгт байх жалганаас амь насаа алдсан байдалтай олдсон ба энэ нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсоны гадна гэрч У.О анх цагдаагийн байгууллагад энэ талаар мэдээлсэн болох үйл баримт тогтоогдсон, гэрч М.Т, Ф.О нар талийгаачийн цогцосыг хаана байсан талаар урьдчилан мэдэж байсан гэх нөхцөл байдал болон цогцосыг зөөсөн, зөөвөрлөсөн байх сэжүүр таамаг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч энэ талаар тодруулах зорилгоор анхан шатны шүүхэд гэрч М.Т, Ф.О, Б.Б нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан /4-р хх150/ боловч энэхүү хүсэлтээсээ татгалзсан /4-р хх198/ болохыг дурдах нь зүйтэй.

 

3. Алт мөнгөний дархан буюу гэрч Ц.Э-н мэдүүлэг нь хэрэг гарсан тухайн өдрийн үйл баримтыг нотлоогүй боловч шүүгдэгч Б.Б нь 90227441 дугаар утсыг ашиглаж байсан, амь хохирогч О.О-той хамт явж байсан буюу тэд ойр дотно харилцаатай болохыг гэрч Ц.Э-н гар утсанд дууны бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, түүний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдсон, мөн гэрч Ц.Э-н мэдүүлэг нь  Скайтел ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 35-2/3285 дугаартай албан бичиг /3-р хх-51/, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 35-2/47 дугаартай албан бичгээр, ХААН банкны Дорноговь аймаг дахь салбарын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/5360/12 дугаартай албан бичиг, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх38-44/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх88-89/  зэргээр тус тус батлагдан нотлогдсон тул гэрч Ц.Э-н ажлын байрны камерын бичлэгт үзлэг хийх нь хэрэгт ач холбогдолгүй.

 

Энэ талаар буюу анхан шатны шүүх гэрч Ц.Э-н мэдүүлгийг 90227441 дугаартай хүнийг таньж олуулахад гэрч нь шууд Б.Б-г зааж таньсан нь уг дугаарыг Б.Б эзэмшиж байсныг тогтооход ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журамд нийцжээ.

 

4. Шүүгдэгч Б.Б нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хутганы өнгийг шар гэсэн, хэрэгт хураагдсан хутганд шинжилгээгээр хүний цусны ул мөр илрээгүй байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буюу 06-** улсын дугаартай, Тоёото приус-20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн тээврийн хэрэгслийн урд талын хайрцагнаас шар өнгийн /улбар шар/, ард талын багажнаас улаан өнгийн цаасны хутга тус тус илэрсэн, шүүгдэгч Б.Б нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хохирогчийг цаасны хутгаар хоолойг хэрчсэн талаар болон  хутгыг машины арын багажинд хийсэн талаар мэдүүлж, энэ нь уг тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, мөн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийг ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр шарх гэмтэл учруулж амь насыг хохироосон болох нь тогтоогдсон зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нараас гаргасан цаасны хутга хэрэгт хамааралгүй гэх гомдол үгүйсгэгдэж байна.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд заасан мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны журмын дагуу энэхүү ажиллагааг илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар хийх, мэдүүлгээ шалгуулж байгаа хүн хэрэгт ач холбогдол бүхий зарим тухайлсан зүйл, баримт бичиг, ул мөрийг заах, тодорхой үйлдлийг хийж үзүүлэх, шинжлэн судалж байгаа хэргийн нөхцөл байдалд ямар зүйл ямар үүрэгтэй байсан, үйл явдал болсон газрын байдал яаж өөрчлөгдсөн тухай зааж, урьд өгсөн мэдүүлгээ газар дээр нь тодорхой болгон дэлгэрэнгүй тайлбарлах ба нэг дор, нэг газарт,  хэд хэдэн хүний мэдүүлгийг газар дээр нь нэгэн зэрэг шалгахыг, мэдүүлгийг газар дээр нь шалгаж байхад хөндлөнгөөс оролцох, хөтлөх, сануулах асуулт тавихыг тус тус хориглохоор байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “ ...талийгаачийн хоолойг хэрчсэн жалгаа одоо мэднэ зааж өгч чадна ...” гэснээр түүний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд энэхүү ажиллагааг явуулахад дээрх хуульд заасан журмыг зөрчсөн, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй.

 

6. Гэрч Ф.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2020 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Б манай гэрт 23 цагийн үед орж ирсэн. ...” гэж,  2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... тухайн орой бид нар гэрлээ унтраацан унтаж байхад 23:00 цагийн орчим болов уу манайхаар хүн орж ирэхээр нь би тухайн хүнд хоол унд дууссан байна, одоо яанаа гэж хэлтэл яахав зүгээрээ гэж хэлээд гараад явсан. Эхнэр охин бид гурав тухайн хүн орж ирэхэд гэрэлгүй унтаж байсан, хүн орж ирэхэд гэрлээ асаагаагүй, бид гурав тухайн хүнийг жижиг Б /Б/ байна гэж бодсон царай зүсийг нь бол тухайн үед хараагүй ...” гэснээс үзэхэд түүний энэхүү мэдүүлгээр шүүгдэгч Б.Б-н Н-н гэрээр ороогүй гэсэн нь үгүйсгэгдэж байх боловч энэхүү үйл баримт нь болж өнгөрсөн цаг хугацааны хувьд хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй болно.

 

7. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд буюу хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол оршуулгын зардалд 4481000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д нийцсэн, энэ талаарх хуулийг зөв хэрэглэсэн.

 

Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хохирогчид учирсан  хохирол нь шүүгдэгч Б.Б-н гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс болсон буюу үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх  нь гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэх үндэслэл болох бөгөөд шүүгдэгч Б.Б нь О.О-н амь насыг хохироож, түүнийг алсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул тэрээр Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар “... оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг ...” төлөх үүрэгтэй байна.

 

Улмаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус хохирлыг мөнгөөр төлөх учиртай.

 

Гэвч анхан шатны шүүх хохирогчоос сэтгэл санааны хохиролд 50000000 төгрөг нэхэмжилснийг “... талийгаачийн 2 настай балчир хүүхэд өнчин үлдсэн, ... охиноо харамсалтайгаар алдаж, зээ хүүгээ өөрийн асрамжинд тэжээн тэтгэж байгаа, эхийн сэтгэл шаналал хэзээ ч нөхөн төлөгдөхгүй ... “ гэсэн үндэслэл, нөхцөл зааж 10000000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэм хорыг арилгуулах эрхийн талаарх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д болон дээрх хуулиудад заасантай нийцсэн гэж үзэв.

 

Учир нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй ... бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох ба хүний амь насыг юугаар ч орлуулах, сэргээх боломжгүй тул анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцож гаргуулсныг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

8. Шүүгдэгч Б.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан  “Шударга ёсны зарчим” болон  Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

 

Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,  1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4-т заасан “ ... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...”, “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ...” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөл тогтоогдоогүй.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т “хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаас үзэхэд тухайн зүйл хэсэгт заасан хорих ял дээд хэмжээ болох 15 жилээс бага буюу анхан шатны шүүхээс шүүгдэгчид 13 жилийн хорих ял оногдуулсан нь хүнд биш гэж үзэв.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэсэнд нийцсэн, хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж хүний амь насыг санаатай хохироосон, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай буюу хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй зэргээр түүнд оногдуулсан ялыг болон хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөх хуульд заасан үндэслэл, нөхцөл тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 42 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ