| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00108/и |
| Дугаар | 152/ШШ2024/00140 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 152/ШШ2024/00140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын … дүгээр багт оршин суух, регистрийн дугаар …..., Х ургийн овогт Б-гийн Б-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдаж нэгдлийн туслах үйлдвэрт нормчин, эмчилгээ тэжээлийн цэгийн малчнаар ажиллаж байгаад цэрэгт явах болсон тул Пионер нэгдлийн даргын тушаалаар 1986 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тушаалаар малчны ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд цэргийн алба хаасан. Би цэргээс халагдаж ирээд өөрийн төрсөн нутаг Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд үргэлжлүүлэн 1988 оноос 1989 оныг дуустал малчнаар ажилласан. Ингээд нэгдэл тарж хувьчлагдаж, би хувийн мал аж ахуй эрхлэн одоог хүртэл малчнаар ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд миний бичиг баримтууд нэрний зөрчилтэй, зарим ажилласан жилийн цалингийн тодорхойлолт, орсон, гарсан тушаалууд олдохгүй байгаа тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 1969 онд намайг төрөхөд миний өвөө төрсний гэрчилгээ авахдаа намайг Нэргүй гэж бүртгүүлсэн байсан. Гэвч миний ээж, аав надад Б гэдэг нэр өгсөн. Би иргэний үнэмлэх авахдаа аав, ээжийнхээ өгсөн нэр Б гэдэг нэрээр авсан. Төрсний бүртгэл дээр миний нэрийг Нэргүй гэж бүртгэснийг би мэдээгүй байсан ба тэтгэвэр тогтоолгох гээд бичиг баримтын лавлагаа авахад Нэргүй нэрээр бүртгэгдсэнийг мэдсэн. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1984 оны 8 дугаар сараас 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оныг дуустал агентаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, цэргийн батлахын хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1986 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар Ня-бо, гидротехникч, цэрэгт явсан ажилчид, малчдыг чөлөөлөх тухай тушаал, гэрч Ш.Г, Д.М нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Ш.Г, Д.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Б.Б-ын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Б-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Б.Б-ын ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар зөвлөмжийн хуудсанд: Б.Б нь 1983.06.15-ны өдөр нормчноор ажилд орсон боловч 1986.06.20-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал малчнаар гарсан тул уг хугацааны жилээр малчнаар тэтгэвэр тогтоох боломжгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай гэжээ.
4.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаар дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Булдагчаагийн Нэргүйгийн 1988 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна. Тухайн цалингийн баримтыг нэхэмжлэгч Б.Б-ынх гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Б 1969 онд намайг төрөхөд миний өвөө төрсний гэрчилгээ авахдаа намайг Нэргүй гэж бүртгүүлсэн байсан. Гэвч миний ээж, аав надад Б гэдэг нэр өгсөн. Би иргэний үнэмлэх авахдаа аав, ээжийнхээ өгсөн нэр Б гэдэг нэрээр авсан. Төрсний бүртгэл дээр миний нэрийг Нэргүй гэж бүртгэснийг би мэдээгүй байсан ба тэтгэвэр тогтоолгох гээд бичиг баримтын лавлагаа авахад Нэргүй нэрээр бүртгэгдсэнийг мэдсэн гэж тайлбарласан ба 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсний бүртгэлийн нэр зөрчилтэй гэх шалтгаанаар Нэргүй нэрээ өөрчлөн Б гэх нэрээр сольсон байна. Нэр өөрчилсний төрсний бүртгэлийн лавлагаанд өөрчлөхийн өмнөх мэдээлэл хэсэгт: Эцгийн нэр Н, Өөрийн нэр Н гэж бүртгэгдсэн байх тул Б-гийн Н нэрээр түүвэрлэн ирүүлсэн цалингийн тдорхойлолтыг нэхэмжлэгчийнх гэж үзэх үндэслэлгүй.
4.3. Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар Ажилд томилох тухай тушаалаар нэхэмжлэгч Б.Б-ыг 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс тус нэгдэлд нормчноор томилсон байна. Тухайн тушаал нэхэмжлэгчид өөрт нь хадгалагдаж байсан ба тушаалд дарагдсан нэгдлийн тамга бүдэг, гаргацгүй байсан тул Увс аймгийн Архивын тасгаас шүүлгэхэд хадгаламжийн нэгжид байхгүй гэсэн хариу өгсөн. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1983 онд 8 дугаар анги төгссөн гэсэн ба Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс түүний БНМАУ-ын Хүн амын регистрийн картыг гаргуулахад 1984 онд 8 дугаар анги төгссөн гэж тэмдэглэгдсэн. Нэхэмжлэгч хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа 1984 оны 8 дугаар сараас эхлэн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан тул дээрх тушаалыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзсэн болно. Харин Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар Ня-бо, гидротехникч, цэрэгт явсан ажилчид, малчдыг чөлөөлөх тухай тушаал нь нэхэмжлэгч Б.Б-ын 1984-1986 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай байх тул тухайн тушаалыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
4.4. Б.Б-ын 604289 дугаартай цэргийн батлахын хуулбарт: Увс аймгийн цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав /1986.06.23/, 1988.08.18-ны өдрийн б/435 дугаар тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Увс аймагт явуулав гэжээ. Цэргийн батлахад бичигдсэн халагдсан хугацаа засвартай байх боловч цэргийн батлахын 13. Хугацаат цэргийн алба хаасан байдал хэсэгт ангийн данснаас хассан он, сар, өдөр 1988.08.18 гэж бичигдсэн байх тул цэргийн албанаас халагдсан хугацааг тухайн хугацаагаар тодорхойлов.
4.5. БНМАУ-ын Хүн амын регистрийн 04 дүгээр картад: Овог, нэр Б-гийн Б, регистрийн дугаар ОЗ69010516, ажилладаг байгууллага Сумын худалдаа бэлтгэл анги, орсон он 1988, эрхэлдэг ажил агент, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988.12.31 гэж бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгч Б.Б 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд агентаар ажиллаж байсан гэх боловч тухайн баримтад Сумын худалдаа бэлтгэл ангид агент гэж тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгчийг дээрх хугацаанд Наранбулаг сумын Худалдаа бэлтгэл ангид агентаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.
4.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ш.Г, Д.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ш.Гармаа Миний бие 1969 онд цэргийн албанд татагдан 1972 онд цэргээ халагдаж ирээд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Би Пионер нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Намайг малчнаар ажиллаж байхад Б.Б 1983 онд Пионер нэгдэлд малчнаар ажилд орсон бөгөөд нэгдэлд тарах хүртэл малчнаар ажилласан. Б.Б нь Пионер нэгдлийн цэгийн /муу мал/ мал маллаж байсан ба одоог хүртэл мал маллаж амьдардаг гэж, гэрч Д.Мятав Б.Б бид хоёр 1983 онд 8 дугаар анги төгсөөд Пионер нэгдэлд нормчноор ажиллаж эхэлсэн. Нормчин нь мал маллахаас гадна нэгдлийн бүхий л туслах ажпуудыг хийдэг байсан. Би 1985 онд цэргийн албанд татагдан яваад 1988 онд халагдаж ирээд үргэлжлүүлээд Пионер нэгдэлд малчнаар ажилласан. Б.Б мөн 2 жил цэргийн алба хаасан бөгөөд 1988 оноос 1989 оныг дуустал Пионер нэгдэлд малчнаар ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.
5. Иймд дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хошууд ургийн овогт Булдагчаагийн Бын 1984 оны 8 дугаар сараас 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар, 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэл ангид агентаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хошууд ургийн овогт Булдагчаагийн Бын 1984 оны 8 дугаар сараас 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар, 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Худалдаа бэлтгэл ангид агентаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ