| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 2119000000116 |
| Дугаар | 2022/ДШМ/02 |
| Огноо | 2022-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2022/ДШМ/02
Б.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Л.Мөнхбаяр /зайнаас цахимаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч: Т.Урангоо/зайнаас цахимаар/,
Яллагдагч: Б.С /зайнаас цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/574 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор Л.Мөнхбаярын эсэргүүцлээр шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, ээж, ах, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн *-* тоотод оршин суудаг, урьд: 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, Боржгон овогт Б-н С.
Яллагдагч Б.С нь 2021 оны 05 дугаар сарын 25-наас 27-ны хооронд Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ё.Б-н итгэмжлэн хариуцуулсан адуунаас 3 тооны адууг завшиж 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бүрдэнэ” гэх газраас хохирогч Ц.Н-н Даюун маркийн мотоциклийг хулгайлж 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр буюу “...мотоциклийг итгэмжлэн хариуцуулж өгсөн эсэх эсвэл яллагдагч нь малыг хариулах үедээ унаж байгаад эзэнд нь хэлэхгүйгээр авч явсан эсэх нь тодорхойгүй ...” гэсэн үндэслэлээр яллагдагч Боржгон овогт Б-н С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2119000000116 дугаартай хэргийг прокурорт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Мөнхбаяр эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ё.Б-н “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутгаас Дундговь аймаг руу оторлож явах замдаа Иххэт сумын 1 дүгээр багийн нутгаар дамжин өнгөрч байхад манай малаас бойвон тамгатай хар зүсмийн гүү, зээрд унагатай, дугуй хүрээтэй саран тамгатай цагаан гүү мөн хятад улсад үйлдвэрлэсэн Даюун нэртэй шар өнгийн мотоцикль алга болсон ...одоогоор надад хулгайд алдсан адуунаас гадна 850,000 төгрөгийн хохирол учирсан ...Сайннямбуу нь манайд мал малладаг байсан болохоор л өөрийн малыг харж бай гээд л мотоциклио өгсөн юм. С нь алга болох үед мотоцикль унаад явсан байсан. Харин сураг сонсоход Дорноговь аймаг, Иххэт суманд мотоцикль унаад явж байсан. Харин сураг сонсоход Дорноговь аймаг Иххэт суманд мотоциклийг минь үлдээсэн байсан тухайн айлаас очиж аваагүй байна. Ийш тийш явсан зардлын мөнгийг авмаар байна. Мөн тухайн айлуудаас нь адуугаа авна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн9, 113 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь хохирогч Ё.Б-н өмчлөлийн мотоциклийг түүний адууг хариулах явцдаа унаж байгаад сумын төв орж архи ууж байгаад эвдэрч унах боломжгүй болохоор нь айлын гадаа орхиод явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хөрөнгө завших” мөн “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргүүдийн шинжгүй байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байтал шүүхээс дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж дүгнэн, харьцуулан харгалзаж үзэлгүйгээр яллагдагчийн мэдүүлэгт хэт үндэслэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.
Иймд шүүгдэгч Б.С-д холбогдох Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/574 дугаартай шүүгчийн захирамжийг хянуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Яллагдагч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мотоцикль одоо Иххэт суманд байгаа. Хойд дугуйных нь шаариг нь унаад тэгээд тэнд түгжигдчихсэн. Хохиролын тухайд би адуу хариулсан цалингаа аваагүй юм, тэгээд тэр цалиндаа таарсан байх гэж бодоод байна. Мотоцикль нь бол ирж аваагүй л болохоос биш айлын хашаанд байгаа. Адуугаа харахдаа ашигла гэж хүлээлгэж тэр мотоциклийг надад хүлээлгэж өгсөн” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан захирамжийг хүчингүй болгуулж, прокурорын эсэргүүцлийг хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Нэгэнт л адуугаа харахдаа ашигла гэж хариуцуулж өгсөн мотоциклийг нь авч явсан учир үүнийг завших гэмт хэрэгт хамааруулахгүй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаярын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.М-с яллагдагч Б.С-г 2021 оны 05 дугаар сарын 25-наас 27-ны хооронд Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ё.Б-н итгэмжлэн хариуцуулсан адуунаас 3 тооны адууг завшиж 2100000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших”, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бүрдэнэ” гэх газраас хохирогч Ц.Н-н Даюун маркийн мотоциклийг хулгайлж 750000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “...хохирогч Ё.Б-н нь яллагдагч Б.С-д БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн Даюун маркийн мотоциклийг итгэмжлэн хариуцуулж өгсөн эсэх эсвэл яллагдагч нь малыг хариулах үедээ унаж байгаад эзэнд нь хэлэхгүйгээр авч явсан эсэх нь тодорхойгүй байхад шалгаж тогтоогоогүй ...” гэсэн үндэслэлээр энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаажээ.
Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө ... ийг завшсан” гэж тодорхойлж заасан байх ба улмаар завших гэдэг нь бусдын тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцаж байгаа этгээд энэ эрхээ ашиглан эзэмшилдээ байгаа хөрөнгөнөөс хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлэн ашиглах, шунахай зорилгоор хууль бусаар бусдад бэлэглэх, худалдах, хэрэглүүлэх зэргээр үрэн таран хийх зэргээр хувьдаа ашиг хонжоо олж байгаа санаатай үйлдлийг хэлнэ.
Харин Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан “автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинж нь ... автотээврийн хэрэгслийг завших зорилгогүй, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл байхаар байна.
Хэрэгт авагдсан баримтаар буюу яллагдагч Б.С-н 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгт “... Б-н ... адууг харж байгаад Дундговь аймаг руу адууг нь хүргэж өгөхөөр болж ... тууж явсан. ...маргааш нь явж байтал унаж явсан мотоциклийн хойд талын дугуйны шаариг нурж, мотоцикль явахаа больсон. ...Б руу гар утсаар залгаж “мотоцикль эвдэрчихлээ ... янзлуулах мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн чинь хариу өгөөгүй ...” /хх-43/, хохирогч Ё.Б 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... С нь манайд мал малладаг байсан болохоор л өөрийн малыг харж бай гээд л мотоциклоо өгсөн юм. ... Харин сураг сонсоход Дорноговь аймаг Иххэт суманд мотоциклийг минь үлдээсэн байсан. Тухайн айлаас нь очиж аваагүй байгаа ...” гэжээ.
Эндээс үзэхэд хохирогч Ё.Б нь яллагдагч Б.С-д мал маллахад хэрэглүүлэхээр өөрийн өмчлөлийн мотоциклийг эзэмшүүлснийг яллагдагч Б.С тухайн зориулалтаар нь хэрэглэж байгаад эвдэрсний улмаас айлд орхисон гэх үйл баримт үгүйсгэгдээгүй байхад анхан шатны шүүх “...мотоциклийг итгэмжлэн хариуцуулж өгсөн эсэх эсвэл яллагдагч нь малыг хариулах үедээ унаж байгаад эзэнд нь хэлэхгүйгээр авч явсан эсэх нь тодорхойгүй ...” гэсэн нь ойлгомжгүй болжээ.
Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүйн гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн, энэхүү журамд нийцээгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах шаардлагатай, эргэлзээтэй нөхцөл байдал гэж үзвэл хохирогч Ё.Б-г шүүх хуралдаанд биечлэн оролцуулах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/574 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурор Л.Мөнхбаярын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар яллагдагч Б.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БАТЧИМЭГ