Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 1746

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01534 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Б-ын хариуцагч Ж.Э-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн ах Ж.Э надаас урьд өмнө мөнгө зээлж байсан хүн. Энэ удаа өөрийн цехээ өргөтгөл хийхийн тулд надаас 10 000 000 төгрөг зээлж, барьцаанд нь дүүгийнхээ үл хөдлөх хөрөнгийг тавьсан. Энэ зээлийг Ж.Э надаас авч өөрийн төрсөн дүү болох Ж.Э-А өгсөн гээд зээлийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ж.Э-Атай байгуулсан. Тухайн үедээ гэрээнд заасан хүүгээ нэг жилийн хугацаанд төлсөн. 2018 оны 5 сараас хойш зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй, зээлийг төлөхгүй зайлсхийж байсан тул шүүхэд хандах болсон. 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөгийг Ж.Э-Агийн дансанд шилжүүлсэн. Гэрээний хугацаа дуусаад 300 хоног болж байгаа бөгөөд 300 хоногийн алданги тооцох бол 15 000 000 болж байгаа боловч хуульд заасны дагуу алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьд хүрсэн тул алданги 5 000 000 төгрөг дээр зогссон. Нийт 15 000 000 төгрөг нэхэмжилж хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ж.Э дүүтэйгээ гэр бүлийн бизнес эрхэлдэг, дүү нь борлуулалт санхүүгийн асуудлыг хариуцдаг. Би Ж.Э-Атай зээлийн гэрээ байгуулсан, анх зээл авахад зээлийг буцааж төлөхөд асуудалгүй гэсэн тул би хариуцагч Ж.Э-Агийн данс рүү 10 000 000 төгрөг шилжүүлсэн гэжээ.

 

Хариуцагч Ж.Э-А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ц.Б гэх хүнийг танихгүй бөгөөд миний төрсөн ах Ж.Э-ын таньдаг хүн. Манай ах Ж.Э 2017 онд хувийн бизнес эрхэлж байсан бөгөөд тухайн бизнес нь мөнгөний хэрэг гараад хүнээс зээлэх гэсэн чинь барьцаа хөрөнгө хэрэгтэй болоод миний дүү өөрийн нэр дээр байдаг хашаа байшингаа барьцаалаад зээл аваад өг ах нь зээлийг чинь төлж барагдуулна гэж хэлсэн. Үүний дагуу зээлийн гэрээ байгуулж, хашаа байшингаа барьцаалсан. Тухайн үед Ц.Б гэх хүнийг харж байсан. Тэрнээс хойш уулзаж байгаагүй. Ц.Б-аас зээлж авсан гэх 10 000 000 төгрөгийг миний төрсөн ах Ж.Э авсан бөгөөд би нэг ч төгрөг аваагүй. Тухайн зээлтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй Ж.Э ах зээлийн хүүг нь төлж байсан. Энэ талаар зээлдэгч Ц.Б анхнаасаа мэдэж байсан. Тухайн зээлсэн мөнгийг Ж.Э зээлж байгаа гэдгийг Ц.Б мэдэж байсан. Ц.Б-ын хувьд мөнгө зээлүүлсэн Ж.Э-оос дээрх мөнгөө шаардах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн Ж.Э ах ч гэсэн зээл авахуулснаа хүлээн зөвшөөрч сар бүр тогтмол хүүг нь төлөөд явж басан. Ийм учраас Ж. Эахыг хариуцагчаар уг хэрэгт оролцуулах хүсэлтэй байна. Би зөвхөн нотариат орж гэрээ байгуулахад нь байсан. Ийм учраас тухайн мөнгийг би өөртөө авч хэрэглээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Э-Агаас зээлийн гэрээний үүрэгт 14 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид Ц.Б-т олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Э-Агийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар 1-436 тоот 128 м/кв хувийн сууц бүхий 700м/кв газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 150 /232 950+70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 298 149 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч Ж.Э-А нь Ц.Б гэх хүнийг танихгүй бөгөөд өөрийн төрсөн ах болох Э миний бие мөнгөний хэрэг гараад нэхэмжлэгч болох Ц.Б-аас мөнгө зээлэх гэсэн чинь барьцаа хөрөнгө хэрэгтэй барьцаалах эд хөрөнгө байвал чамд зээл гаргаж өгнө гэсэн. Миний бие Ц.Б-ыг 2014 оноос эхлэн таньдаг болсон. тэгэхээр нь өөрийн төрсөн дүү Ж.Э-Агийн нэр дээр байдаг хашаа байшинг нь барьцаалж зээл авсан. Ц.Баас зээлж авсан гэх 10 сая төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ж.Э миний бие авч бизнестээ хэрэглэсэн. Зээлийн хүүг би төлөөд явж байсан. Одооч төлсөөр байгаа. Тухайн зээлтэй холбоотой асуудлыг Ж.Э-А мэдэхгүй би зөвхөн түүний нэр дээр байдаг хашаа байшинг нь зээлийн барьцаанд тавьж 10 сая төгрөгийг авсан. Үүнийг нэхэмжлэгч болох Б анхнаасаа мэдэж байсан.

Ц.Б-аас мөнгө зээлэх ямар ч шаардлага байгаагүй. Би 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөгийг дүүгийн данснаас авсан. Ж Э миний бие сард 500 000 төгрөгийн хүүг бүтэн 1 жилийн хугацаанд төлсөн. Зээлийн хүүнд зөвхөн 6 000 000 төгрөгийг төлсөн.

Үүнийг нэхэмжлэгч Ц.Б мэдэж байгаа. Тухайн зээлийг хариуцах ёстой хүн нь Ж.Э юм. Гэтэл нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагчаа буруу сонгож миний дүү Ж.Э-А хариуцагчаар татаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч Ж.Э-А нь Ц.Б гэх хүнийг танихгүй бөгөөд өөрийн төрсөн ах болох Энхболдыг мөнгөний хэрэг гараад байна мөнгө зээлэх гэсэн чинь барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэхээр нь өөрийн хашаа байшингийн гэрчилгээг өгсөн. Тухайн Ц.Б-аас зээлсэн гэх 10 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Э-А өөртөө хэрэглээгүй, түүний ах болох Ж.Э нь өөрийн бизнест хэрэглэсэн бөгөөд нэхэмжлэгч болох Ц.Б нь анхнаасаа Ж.Э-д 10 000 000 төгрөг зээлж байгаа гэдгийг мэдэж байсан. Түүнчлэн Ж.Э нь зээлийн хүүг төлөөд явж байсан. Одоо ч төлж байгаа.

Зээлдэгч Ц.Б нь хариуцагч Ж.Э-А биш Ж.Э-д 10 000 000 төгрөг зээлж байгаа гэдгээ анхнаасаа мэдэж байсан бөгөөд зээлийн барьцаанд эд хөрөнгө тавих хэрэгтэй гэдэг болзол тавьсан. Зээл авахын тулд Ж.Э нь дүү Ж.Э-Агийн хашаа байшинг барьцаанд тавьсан. Үүнийг ч зээлдэгч Ц.Б анхнаасаа мэдэж байсан.

Дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, зөвхөн гадна талдаа хэлбэрийн хувьд хэлцэлийн шинжтэй.

Ж.Э-Агийн хувьд анхнаасаа зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй тул Ц.Б-тай дүр үзүүлэн хэлцэл хийж зээлийн гэрээ байгуулсан байна. Иймд зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагч төлбөрийг төлсөн үндэслэлээр зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ж.Э-А холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Э-Агаас зээлийн гэрээний үүрэгт 14 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид Ц.Б-т олгохоор шийдвэрлэсэн байна.

 

            Дээрх шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид маргаж буй зүйлийн талаар харилцан тохиролцож, хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөр болох 14 300 000 төгрөгийг Ц.Б-т төлж барагдуулсан тул нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Ж.Э-А нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан. “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл” болон 14 300 000 төгрөгийг төлсөн тухай банкны баримтыг хавсарган ирүүлсэн байна.

 

            2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл”-д нэхэмжлэгч Ц.Б, Ж.Э-А нар нь харилцан тохиролцож, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн тул дуусгавар болсонд тооцож Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар 1 гудамж 436 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ. /хх 58 дугаар тал/

 

            Мөн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкны Ц.Б-ын 5019735961 тоот дансанд 300 000 төгрөг, 14 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаар мөнгөн шилжүүлгийн баримт ирүүлсэн байна. /хх 59 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, зохигч талууд болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас зохигчдын эвлэрлийг баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01534 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид эвлэрснийг баталж, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э-А холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 227 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

                                                           

                                      ШҮҮГЧИД                             А.МӨНХЗУЛ

 

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ