| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00145/и |
| Дугаар | 152/ШШ2024/00143 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 152/ШШ2024/00143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын … дугаар баг, .. тоотод оршин суух, регистрийн дугаар …, Д ургийн овогт Д-ын Х-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд төрсөн, 60 настай. Би цэргээс халагдаж ирээд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Барилга угсралтын трестэд сантехникчээр ажилд орсон ба 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажиллаж байгаад мөн өдрөөс Ханхөхий ББХК-д үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1992 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Өргөө ББХК-д сантехникчээр ажилд орж ажиллаж байгаад 1995 оны 01 дүгээр арын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Увс аймгийн Архиваас Барилга угсралтын трестэд ажилд орсон тушаал, мөн 1991 оны байгууллагын аварга сантехникчээр шалгарсан тушаал олдсон боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал хайхад олдоогүй учраас шүүхэд хандаж байна. Иймд намайг Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл, Ханхөхий ББХК-д 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, Өргөө ББХК-д 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд сантехникчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаар зөвлөмжийн хуудас, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 150 дугаар архивын лавлагаа, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаар тодорхойлолт, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1985 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 258 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар Аварга шалгаруулж шагнах тухай тушаал, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 06/245 дугаар лавлагаа, гэрч Б.Б, Я.Х нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Б.Б, Я.Х нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Д.Х-ын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Х-ын 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Ханхөхий ББХК, Өргөө ББХК-д сантехникчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Х-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Х-ын ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
3. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаар зөвлөмжийн хуудсанд: Д.Х-ын Увс аймгийн Барилга угсралтын трестийн ажлаас чөлөөлсөн тушаал нь Аймгийн архиваас гараагүй, мөн 1990-1992 онд Ханхөхий пүүсэд орсон, гарсан тушаал гараагүй тул уг хугацааны жилийг ажилласан жилд тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Ханхөхий пүүс, Өргөө ББХК-ийн баримт тус архивт шилжиж ирээгүй тул Д-ын Х-тай холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй болно гэжээ.
Увс аймгийн ХАА-н техник мэргэжлийн сургуулиас Д.Х-т 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон 005817 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн ХАА-н техник мэргэжлийн сургуулийн ХАА-н малчин, барилгачин мэргэжлийн ангид элсүүлэв,1982 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн ХАА-н техник мэргэжлийн сургуулийн ХАА-н малчин, барилгачин мэргэжлээр төгсгөв, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татав, 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хугацаа дуусаж бэлтгэлээр чөлөөлөв, 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Барилга угсралтын трестэд сантехникчээр томилон ажиллуулав, 1990 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 1990 оны 1 дүгээр сараас 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ханхөхий пүүсэд сантехникчээр томилон ажиллуулав /Ханхөхий пүүс/, 1992 оны 5 дугаар сарын 25-ны барилгын талбайд сантехникчээр авч ажиллуулав /Өргөө ББХК/, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр энэхүү хөдөлмөрийн дэвтрээр 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл уосад ажилласан хугацааг 9 жил 5 сар ажилласнаар тооцов гэжээ.
ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1985 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 258 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар Аварга шалгаруулж шагнах тухай тушаалууд нь нэхэмжлэгч Д.Хын 1985-1994 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай байх тул тухайн тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 150 дугаар архивын лавлагаанд: Д.Х-ын ажиллаж байсан Ханхөхий ББХК 1991-1992 онд, Өргөө компани 1993 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэжээ.
Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 06/245 дугаар лавлагаанд: Д-ын Х нь БХЯ-ны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Увс аймгаас 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 518051 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.
БНМАУ-ын Хүн амын регистрийн 047 дугаар картад: Овог, нэр Д-ын Х, ажилладаг байгууллага Барилга угсралтын трест, орсон он 1985, эрхэлдэг ажил угсралтын сантехникч, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988.06.15 гэж бүртгэгдсэн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Б, Я.Х нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Б Миний бие 1985 онд Барилга угсралтын трестэд сантехникийн инженерээр шилжиж ирсэн. Тухайн үед Д.Х Барилга угсралтын трестэд сантехникчээр ажиллаж байсан бөгөөд бид хоёр 1989 оныг дуустал Барилга угралтын трестэд хамт ажилласан. 1990 онд Барилга угсралтын трест нь Ханхөхий ББХК, Өргөө ББХК гэх зэрэг 5-6 компани болж өөрчлөгдөхөд Д.Х, бид хоёр Ханхөхий ББХК-д ажиллахаар болсон. Дараа нь Д.Х 1995 он хүртэл Өргөө ББХК-д сантехникчээр ажилласан гэж, гэрч Я.Х Миний бие 1977-1990 онд Увс аймгийн Барилга угсралтын трестэд сантехникч, слесариар, 1990-1995 онд Өргөө ХХК-д сантехникч, слерсариар тус тус ажиллаж байсан. Тус трестэд 1985 онд цэргээс халагдаж ирсэн 5-н залуу ажилд орохоор ирж байсан ба түүний нэг нь Д.Х юм. Д.Х нь сантехникчээр ажиллахаар болсон ба 1990 он хүртэл Барилга угсралтын трестэд ажилласан. 1990 онд Барилга угсралтын трест нь Ханхөхий ББХК, Өргөө ББХК гэх зэрэг 5-6 компани болж өөрчлөгдөхөд Д.Х Ханхөхий ББХК-д ажиллахаар болсон. Дараа нь Д.Х 1995 он хүртэл Өргөө ББХК-д сантехникчээр ажилласан. Д.Х бид хоёр 10 гаруй жил хамт ажиллаж байсан учраас би Д.Х-ын ажиллаж байсан байдлын талаар мэдэж байна гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь нэхэмжлэгч Д.Х-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 06/245 дугаар лавлагаа, БНМАУ-ын Хүн амын регистрийн 047 дугаар картаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч Д.Х-ын цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт шилжиж ирээгүй хэдий ч нэхэмжлэгч нь 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Ханхөхий ББХК, Өргөө ББХК-д сантехникчээр ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 150 дугаар архивын лавлагаа, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадаст одонт Барилга трестийн даргын 1985 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 258 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар Аварга шалгаруулж шагнах тухай тушаал, Д.Хын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 06/245 дугаар лавлагаа, гэрч Б.Батмөнх, Я.Х нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дархан ургийн овогт Дагвын Хын 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Ханхөхий ББХК, Өргөө ББХК-д сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д ургийн овогт Д-ын Х-ын 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трест болон Ханхөхий ББХК, Өргөө ББХК-д сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ