Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 152/ШШ2024/00144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багт оршин суух, иргэний бүртгэлийн дугаар ….........., Б ургийн овогт У-ийн Б-ын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Миний бие 1963 онд төрсөн, 61 настай. Би цэрэгт явахын өмнө 1979-1982 онд Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Үйлдвэр бригадад үхэрчин, заводын туслах мастер зэрэг ажлуудыг хийж байсан. Тухайн үед ажиллаж байсныг нотлох цалингийн баримт архиваас гарахгүй байна. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн баримт бичгээ бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд намайг Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал үхэрчнээр, 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл заводын туслах мастераар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 39 дүгээр зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тодорхойлолт, 1980-1981 онд авахуулж байсан гэх 2 ширхэг фото зураг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3914 дүгээр лавлагаа, гэрч Б.Т, С.С нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Б.Т, С.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, У.Б-ын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт, паспорт авах өргөдлийн маягт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч У.Бын Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал үхэрчнээр, 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл заводын туслах мастераар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч У.Бын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч У.Бын хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

3. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 39 дүгээр зөвлөмжийн хуудсанд: У.Б нь 1979-1982 онд Түргэн сумын Социализмын зам нэгдэлд ажиллаж байх үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны жилийг ажилласан жилд тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.

Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн 1979-1980 оны тушаалын баримт архивт шилжиж ирээгүй ба архивд ирүүлсэн Социализмын зам нэгдлийн 1981-1982 оны тушаал, Үйлдвэр бригадын 1979-1982 оны цалингийн баримтыг судалж үзэхэд У-ийн Б-д холбогдох баримт гараагүй болно гэжээ.

БНМАУ-ын Хүн амын регистрийн 078 дугаар картад: Овог, нэр Усандэвэлийн Б, ажилладаг байгууллага Социализмын зам нэгдэл, орсон он 1981, эрхэлдэг ажил заводын мастер, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр - 06/20 гэжээ.

У.Б-ын паспорт авах өргөдлийн маягтад: Овог, нэр У-ийн Б, одоо хаана, ямар ажилтай Увс аймгийн Түргэн сумын Дэлгэрмөрөн бригадад үхэрчин, өргөдлийг бичсэн он, сар, өдөр 1980.11.01 гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Т, С.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Т Миний бие 1968 оноос 1990 он хүртэл Социализмын зам нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан. У.Б нь 1979 оноос 1982 хүртэл тус нэгдлийн Үйлдвэр бригадад ажилласан. У.Б нь Социализмын зам нэгдэлд грушик, үхэрчин, заводын мастер зэрэг янз бүрийн ажил эрхэлсэн байсан. Миний төрсөн ах Жаргалсайхан заводын мастераар ажиллаж байсан бөгөөд түүнийг ажпаас гарсны дараа ахын оронд У.Б заводын мастер ажиллаж байгаад 1982 онд цэрэгт татагдаж байсан гэж, гэрч С.С Миний бие 1976 оноос 1992 он хүртэл Социализмын зам нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. У.Б 1979 оноос 1982 хүртэл тус нэгдлийн Үйлдвэр бригадад ажилласан бөгөөд бид Үйлдвэр бригадаас грушик авдаг байсан. Грушикийн цалин хөлсийг Үйлдвэр бригадаас олгодог байсан. У.Б 1979 оноос 1982 он хүртэл миний грушикаар ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь БНМАУ-ын Хүн амын регистрийн 078 дугаар карт, паспорт авах өргөдлийн маягтаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн 1980-1981 онд авахуулж байсан гэх 2 ширхэг фото зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул фото зургийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

4. Нэхэмжлэгч У.Бын цалингийн баримт болон холбогдох тушаалууд Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал үхэрчнээр, 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл заводын туслах мастераар ажиллаж байсан болох нь БНМАУ-ын Хүн амын регистрийн 078 дугаар карт, паспорт авах өргөдлийн маягт, гэрч Б.Т, С.С нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт У-ийн Б-ын Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал үхэрчнээр, 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл заводын туслах мастераар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч У.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бууч ургийн овогт Усандэвэлийн Бын Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал үхэрчнээр, 1981 оны 1 дүгээр сараас 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл заводын туслах мастераар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч У.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ