| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00390/И |
| Дугаар | 183/ШШ2024/00809 |
| Огноо | 2024-02-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/00809
2024 оны 02 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/00809 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, хороо, хороолол,байр, тоотод оршин суух, Охон овогт Шн ЭЗгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3хороо, хороолол, Сүмай давхар, 3тоотод оршин суух, Бо овогт Бийн ДЛд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гал тогооны сав суулганы үнэ 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэбат,
Хариуцагч Б.ДЛ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.ЭЗ нь хариуцагч Б.ДЛд холбогдуулан гал тогооны сав суулганы үнэ 350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ш.ЭЗ нь Б.ДЛд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангахад гал тогооны сав суулганы үнэ 350,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 304 гэсэн чанарын тэмдэгтэй цэвэр ган хийцтэй гал тогооны сав суулга зарж байна" гээд онлайн рекламдаад байхаар нь утсаар нь асууж байгаад Б.ДЛгийн Хаан банкны 5094404532 тоот данс руу нь 350,000 төгрөгийг шилжүүлээд гал тогооны сав суулга болох тогоо, жижиг тогоо, хайруулын шанага, 3 ширхэг халбага сэрээ зэргийг худалдаж авсан. Наборын гадна хайрцаг дээр 304 гэсэн чанарын тэмдэг байсан, гэртээ ирээд задалж үзэхэд жинхэнэ сав суулган дээрээ 304 гэсэн чанарын тэмдэг байгаагүй. 24 см-н диаметртэй тогоонд нь нэг удаа хоол хийгээд үзсэн чинь шууд ёроол нь хөхөрч харласан. Цэвэр ган биш байна гэдгийг нь мэдээд худалдагч Б.ДЛгийн гэрт нь аваачиж өгсөн. Мөнгөө буцааж авъя гэхэд чаддаг юм бол шүүхдээд ав гэсэн. Худалдагч Б.ДЛ нь биет байдлын доголтой бүтээгдэхүүнийг надад зарсан. Гомдолтой байна. Гал тогооны сав суулганы үнэ 350,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.ДЛгээс гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэсэн үүргийг зааж өгсөн. Гэтэл хайрцаг дээрээ 304 гэсэн тоо байсан боловч сав суулга дээр 304 гэсэн чанарын тэмдэг байгаагүй. Нэг удаа хоол хийгээд үзэхэд хөхөрч, харлаад байсан. Хайрцгийн гадна талд 304 гэсэн чанарын тэмдэг байсан. Энэ нь өнгөлөн далдлалт, залилан хэлбэрийн зүйл байсан байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэлцэл хийсэн гэж үзэх гэж хуульчилсан. Тус хуулийн 43.1.1-д заасны дагуу гол нөхцөлөө талууд тохирсон. Тус хуулийн 43.1.2-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээ хэрэгжүүлж, пайз тасалбар буюу мөнгийг төлсөн. Чанарын доголдолтой бараа бүтээгдэхүүн худалдсан учраас Б.ДЛгээс гал тогооны сав суулгын үнэ болох 350,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.ЭЗ пэйж хуудас болон миний дугаар луу холбогдоод ган тогоо авъя гэсэн. Хүргэлтээр очно гэхэд очиж үзье, хаана вэ гэсэн. Манайх Хан-Уул дүүрэгт гэсэн. Манай нөхөр Хан-Уул дүүрэгт шүүх хуралтай байгаа. Эгч нь очоод үзчихье гэсэн. Машин дотор нэг сет явж байгаа та ирээд үзчих, би 2 сартай хүүхэдтэй учраас удаан байж чадахгүй гэсэн тэр эгч манай гэрийн гадаа ган тогоог 30 минут үзсэн. Хоёр төрлийн сетийг олон янзаар үзсэн. Алийг нь авах вэ гээд эргэлзээд байсан. Тэгээд би ...Та удаан үзлээ би яараад байна. Ингэж удаан үзсэн хүмүүс дараа нь асуудал үүсгэдэг. Би орлоо... гэсэн чинь ...Эгч нь авъя. Харин нөгөө тогоонуудыг нь үзчихмээр байна. Нөхөртэйгөө зөвлөмөөр байна... гэхээр нь ...Та энэ сетээ аваад явчих. Таван богдын урд талд манай агуулах байгаа. Та нөхөртэйгөө тэндээс очиж нөгөө сетийг нь үзээд аль таалагдаж байгаагаа та авчхаарай... гэж хэлсэн. Тэр эгч ...Мөнгөө шилжүүлээгүй байхад тогоогоо өгөөд явуулчхаж байгаа юм уу... гэхээр нь би ...Та зүгээр аваад явчих, очиж үзээд авахгүй бол хоёуланг нь үлдээчхээрэй... гэсэн. Тэгээд манай агуулах дээр очоод хайруулын тавагтайг нь авахаар болчихлоо гээд аваад явсан. Авсныхаа дараа миний данс руу мөнгөө хийсэн. Маргааш нь утасдаад ...Би хоол хийсэн чинь тогооны доод талд хөх туяа суучихлаа, өнгө нь хувирчихлаа. Манай гэрт бөөн хэрүүл болж байна. Нөхөр надаас сална гээд салах дээрээ тулаад байна... гэсэн. Би ...Та тогоогоо хэрэглэчихсэн үү... гэсэн чинь ...Жижиг тогоо болон том тогоонд хоол хийгээд хэрэглэчихсэн... гэсэн. Хэрэглэчихсэн бол би буцааж авах боломжгүй та ган тогоог судлаад үзээрэй. 304 гэдэг дардас байхгүй ч тогооны доод талд цэвэр ган гэдэг бичиг байгаа. Ган тогоо халуун дөлөнд туяа суудаг. Монголд хамгийн сайн цэвэр ган гээд байгаа доктор аяа руу утасдаад асуугаад үзээрэй гэсэн. Би залгаад асуухад хөх дөлөнд цэвэр ган хөхөрдөг юм. Хүнсний сод, цуугаар угаачихаар зүгээр гэсэн. Маргааш нь Ш.ЭЗ эгч манай хаалгыг балбаад ...Би тогоогоо буцааж өгнө. Чи луйварчин юм байна. Манай нөхөр шүүх цагдаагийн хүн, , би чамаас яаж л бол яаж авна, чи надаар оролдсондоо харамсана... гэсэн. Би нөхөр рүүгээ залгахад цагдаа дууд гэсэн. Цагдаа ирээд би хаалга онгойлгосон чинь манай гэрийн гадаа тогоогоо орхичхоод явсан байсан. Цагдаа тогоог энд үлдээснээс чи аваад орсон дээр, зургийг нь дараад авъя гэсэн. Тэгсэн эгч гадаа нуугдаж байсан байна лээ. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа миний ургийн овог, бүх юмыг мэдчихсэн байсан. Би онлайнаар зарсан болохоор миний мэдээллийг мэдэх боломжгүй. Ган тогоо цэвэр ган болох нь олон туршилтаар батлагдсан. Манайх Винниг старын албан ёсны дистрибьютер бөгөөд 550,000 төгрөгөөр зарагдах ёстой тогоог 350,000 төгрөгөөр борлуулаад зөвхөн дистрибьютерийн урамшууллыг үйлдвэрээс нь авдаг. 4,000 дагагчтай албан ёсны пэйжтэй газар байгаа. Виннинг стар нь 250,000 дагагчтай том пэйжтэй, цэвэр ган тогоо үйлдвэрлэдэг байгаа. Энэ тогоон дээр асуудал гараад байна яах вэ гэхэд Монголд сорьцын газар байдаг бол сорьц өгөөд баталгаажуул гэсэн. Тэгээд сорьцын газар хайхад Монголд цэвэр ган болохыг тогтоох лаборатори байхгүй гэсэн. Виннинг старын үйлдвэрээс дусаагуур явуулсан. Дусаагуур нь хамгийн сайн чанарын 304 ган дээр өнгө нь хувирдаггүй, бусад муу ган дээр өнгө нь улайдаг бодис. Үүнийг дусаагаад үзээрэй гэсэн. Энэ хугацаанд бид гаалиар 2,500 ширхэг тогоо оруулж ирсэн. Энэ тогоонууд дээр гомдол гарч байгаагүй. Анх удаа гарч байна. Бид үйлдвэрээс нь оруулж ирдэг. Би Японд байсан болохоор хүнийг хүндэлдэг, үнэнч зантай. Ш.ЭЗ эгчид гэртээ хэрэглэж байгаа гал тогоогоо бичлэгээр харуулсан. Хуурамч байсан бол би хэрэглэхгүй. Цэвэр ган цэнхэр туяа татдаг. Хэрэглэчихсэн учраас буцаах боломжгүй байгаа... гэв.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банны дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2024/00489 дүгээр захирамж зэрэг баримтууд гаргаж өгсөн бол хариуцагч талаас .итгэмжлэл, хариу тайлбарыг гаргаж өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гал тогооны сав суулгын иж бүрдлийн үнэд төлсөн 350,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болоод талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдов:
3.1. Нэхэмжлэгч хариуцагчтай тогоо, жижиг тогоо, хайруулын шанага, 3 ширхэг халбага зэрэг гал тогооны иж бүрдлийг нийт 350,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь гал тогооны иж бүрдлийг хүлээж авсан, хариуцагчид гал тогооны иж бүрдлийн үнэд 350,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Талууд уг үйл баримт дээр маргадаггүй (нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл).
3.2. Харин талууд гал тогооны сав суулганы иж бүрдэлд хамаарах тогоог ган тогоо мөн эсэх дээр маргаж, нэхэмжлэгчээс ёроол хөхөрч байсан, тогоон дээр S304 гэсэн чанарын тэмдэглэгээ байхгүй учраас ган тогоо биш, биет байдлын доголдолтой гэж тайлбарласан бол хариуцагч нь эхний удаа хэрэглэхэд хөхөрдөг, тогоон дээр нь S304 тэмдэглэгээ байх албагүй, хайрцган дээр 304 гэсэн тэмдэглэгээ байсан, анх хайрцагнаас задалж шалгаж хүлээж авсан, тогоонууд ган төмөр мөн биет байдлын доголдолгүй гэж тайлбарлаж байна.
3.3. Талууд гал тогооны сав суулгын иж бүрдлийг хүлээлгэж өгөх үед задалж, шалгаж үзсэн, ийнхүү үзэхэд 304 гэсэн тэмдэглэгээ байхгүй байсан үйл баримт дээр маргадаггүй (шүүх хуралдааны тэмдэглэлийн 6, 7,8 дахь тал).
4. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэв. Иргэний хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Хариуцагч нь гал тогооны сав суулгын иж бүрдлийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч нь харилцан тохиролцсон үнийг төлсөн үйл баримт дээр маргадаггүй тул амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гал тогооны сав суулга биет байдлын доголдолтой байсан шалтгаанаар төлсөн мөнгөө буцаан шаардаж байгаа нь гэрээнээс татгалзах хууль зүйн агуулгатай байна.
6. Иймд шүүхээс биет байдлын доголдолтой холбогдуулан нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үнийг буцаан гаргуулах эрхтэй эсэх дээр дүгнэлт хийлээ.
7. Иргэний хуулийн 254.1.Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Иргэний хуулийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байхаар заасан. Мөн Иргэний хуулийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.
8. Нэхэмжлэгч нь тогоо, иж бүрдлийг анх хүлээж авахдаа шалгасан, ийнхүү хүлээж авах үед тогооны гадаргуу дээр 304 гэсэн тэмдэглэгээ байхгүй байгааг мэдсэн хэрнээ гал тогооны сав суулганы иж бүрдлийг хүлээн авсан байна. Иймд гал тогооны сав суулганы иж бүрдлийг хүлээж авах үедээ 304 гэсэн тэмдэглэгээ байхгүй байгааг мэдсэн атлаа түүнийг хүлээж авснаар Иргэний хуулийн 254.1, 205.1-д заасан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзаж, төлсөн мөнгөө буцаан шаардах эрхээ Иргэний хуулийн 255.1.1-т заасны дагуу алджээ.
9. Иймд нэхэмжлэгч нь гал тогооны сав суулгын иж бүрдлийн үнэд 350,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй.
10. Иргэний хуулийн 243.2-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй байхаар заасан. Хариуцагч нь ган тогоог анх хэрэглэх үед хөхөрдөг талаарх мэдээллийг нэхэмжлэгчид өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь биет байдлын доголдолтой холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, өгсөн мөнгөө буцаан шаардах агуулгатай тул хариуцагч Иргэний хуулийн 243.2-т заасан эд хөрөнгийн хэрэглээний шинж чанарын талаарх үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна гэж шүүхээс үзлээ.
11. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243.1, 254.1, 205.1, 255.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.ЭЗгийн хариуцагч Б.ДЛд холбогдуулан гал тогооны сав суулганы үнэд 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ