| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00373/И |
| Дугаар | 183/ШШ2024/00810 |
| Огноо | 2024-02-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/00810
2024 оны 02 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/00810 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 5-р хороо, Баянгол гудамж, 51-15 тоотод оршин суух, РД:, Бгин овогт Л нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 24Б-8 тоотод оршин суух, РД:3, Бахам овогт Көкийн Жд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч УМ,
Хариуцагч Ж.е,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч УМ нь хариуцагч Ж.ед холбогдуулан 270,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн эхнэртэй нь зарын дагуу утсаар яриад 17 цагаас шөнийн 01 цаг хүртэл ажилласан. Анх 8 цагийн 100,000 төгрөг илүү 1 цагийн хөлс нь 8,000 төгрөг гэж тооцохоор цагийн ажилтнаар авсан. Би 12 дугаар сарын 25-ны өдөр 17 цагаас 01 цаг хүртэл ажилласан. 7 цаг ажиллаад 100,000 төгрөгөөр тооцсон. 12 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 30 минутаас шөнийн 01 цаг хүртэл 14 цаг ажилласан. Үүний 8 цагийг нь 100,000 төгрөгөөр тооцоод үлдсэн 6 цагийг нь илүү цагийн 8,000 төгрөгөөр тооцсон. 12 дугаар сарын 27-ны өдөр 12 цагаас шөнийн 00 цаг хүртэл 12 цаг ажилласан. Үүний 8 цагийг нь 100,000 төгрөгөөр үлдсэн 4 цагийг нь илүү цагийн 8,000 төгрөгөөр бодсон. 12 дугаар сарын 28-ны өдөр 13 цагаас шөнийн 23 цаг хүртэл 10 цаг ажилласан. 12 дугаар сарын 29-ний өдөр 09 цагаас 23 цаг хүртэл ажилласан. Нийт 57, 58 цаг ажилласан. Энэ мөнгийг авах гэж нэхэмжлэл гаргасан шалтгаан нь торт бүрэх ажил зогсоогоороо хийдэг ажил, маш олон цагаар зогсоод ажилласан. Хөдөлмөрөө үнэгүйдүүлж байгаад гомдолтой байсан. Үлдэгдэл цалин 250,000 төгрөг, таксины 20,000 төгрөг, нийт 270,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УМ 12 дугаар сарын 25-ны өдрийн орой ирсэн. Тортны загвар гаргаад 22 цаг хүртэл ажилласан. 4 өдөр ажилласан. 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаад ажлаа дуусгая гэж байсан. Эхний өдөр хүргэж өгсөн. Дараагийн өдрүүдэд унааны мөнгө өгдөг байсан. Манайх хөнгөн үйлдвэр. Ганц УМ биш, 20-иод ажилтантай. Өөртөө үндэслэлгүйгээр цалин тогтоож байна. Ийм цалин байхгүй. Манайд ажилладаг хамгийн сайн тогооч өдрийн 150,000 төгрөгийн цалин авдаг. Бусад цуг ажиллаж байсан хүмүүс ур чадвараас хамаараад 120,000 төгрөг, доод тал нь 70,000 төгрөгийн цалин авсан. Бүтэн ажилласан 2 өдрийн хөлсийг 150,000 төгрөгөөр, хоцорч ирсэн 2 өдрийг 100,000 төгрөгөөр тооцсон. Манайх тогооч нар цагийн 5,000 төгрөг, туслахууд 4,000 төгрөгөөр бодогдоод явдаг. Эхнэр ярихдаа 100,000 төгрөгөөс 150,000 төгрөг авах боломжтой тортны үйлдвэр байгаа, ирээд уулзаарай гэсэн. Сайн бүрж чадвал өдрийн 150,000 төгрөг гэж ярьсан. Хамгийн гол нь хариуцлагагүй ажилтан. Хэдхэн хоногийн ажил байхад 2 өдөр нь тасалж ирээд, сүүлийн 2 өдрийн ажлыг хаяад явсан. Би ...Миний дүү гадуур ажлаа дуусгачхаад хүрээд ир... гэж хэлсэн. Бүх тортоо бэлэн мөнгөөр зараагүй. Дэлгүүрүүдэд нийлүүлж байгаа, он гараад цалингаа өгнө гэж хэлсэн. УМ 2 өдрийн дараа мөнгө асуусан. Бид боломжоороо өгсөн. ... дансны хуулгаа шүүж үзэхэд 400,000 төгрөгийг шилжүүлсэн. Дахиад 12 дугаар сарын 29-ний өдөр мөнгө асуусан. Байгаа мөнгөө өгсөн. 12 дугаар сарын 25-ны өдрийн 5,6 цаг ажилласан мөнгө нь үлдсэн... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нь ажилласан цагийн үлдэгдэл хөлс 250,000 төгрөг, таксины мөнгө 20,000 төгрөг нийт 270,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдов:
1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийн ажиллуулдаг Турк бэйкерид 2023 оны 12 сарын 25-ны өдөр 17 цагаас шөнийн 01 цаг хүртэл, 2023 оны 12 сарын 26-ны өдөр 10 цаг 30 минутаас шөнийн 01 цаг хүртэл, 2023 оны 12 сарын 27-ны өдөр 12 цагаас шөнийн 12 цаг хүртэл, 2023 оны 12 сарын 28-ны өдөр 13 цагаас шөнийн 23 цаг хүртэл, 2023 оны 12 сарын 29-ний өдөр 09 цаг 30 минутаас шөнийн 01 цаг хүртэл нийт 58 цаг ажилласан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч 2023 оны 12 сарын 25-ны өдөр 17 цагаас 22 цаг хүртэл ажилласан, бусад өдөр нь ажилласан цагтай маргахгүй гэж тайлбарлав (шүүх хуралдааны тэмдэглэлийн 3,4 дэхь тал).
1.2. Хариуцагч нэхэмжлэгчийг торт бүрэгчээр ажиллуулснаа, нэхэмжлэгчийг ажиллаж байхад хяналт тавьж байснаа хүлээн зөвшөөрч, талууд үүн дээр маргадаггүй (нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлийн 5, 6 дахь тал)
1.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 8 цагийн 100,000 төгрөг, илүү цаг гарвал цагийг 8,000 төгрөгөөр тооцож, торт бүрэх ажил хийхээр тохирсон гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч нь өдөрт 500 торт хийх төлөвлөгөөтэй, өдөрт 100,000 төгрөгөөс 150,000 төгрөг, илүү цаг нь 50,000 төгрөг, манайд 10-15 хүн ажилладаг, бүгд нийлээд 500 торт хийх төлөвлөгөөгөөр ажилласан. Нэхэмжлэгчид төлөх ёстой гэвэл 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 5 цагийн үлдэгдэл хөлс төлөгдөөгүй 40,000 төгрөг байгаа гэж маргав (хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь тал).
1.4. Зохигчид ажлын хөлсөд нийт 400,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт дээр маргадаггүй (шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь тал).
1.5. Нэхэмжлэгч нь нийт бодогдсон 650,000 төгрөгийн ажлын хөлсөөс хүлээж авсан 400,000 төгрөгөө хасч, ажилласан цагийн зөрүү хөлсөө 250,000 тооцож шаардаж байна.
2. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв. Иргэний хуулийн 359.1-т хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн Турк бэйкерид торт бүрэх ажлыг гүйцэтгэхээр, хариуцагч нь тохирсон хөлсийг төлөхөөр талууд тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
3. Хариуцагч нь 2023 оны 12 сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн ажилласан цаг дээр маргаж, нэхэмжлэгчийн тайлбарласнаас 3 цаг дутуу ажилласан гэх тайлбарыг гаргаж байх боловч үүнийгээ нотлох ажилласан цагийн бүртгэл гэх мэт нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Иймд шүүхээс хариуцагч өөрийн татгалзлаа нотлоогүй гэж үзэв.
4. Түүнчлэн зохигчид ажлын хөлсийг хэрхэн тооцох эсэх дээр маргасан бөгөөд нэхэмжлэгч цагаар тооцно гэсэн бол хариуцагч 10-15 хүн нийлээд 500 торт хийх гүйцэтгэлээр тохирсон гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилласан өдрүүд болох 2023 оны 12 сарын 25-ны өдрөөс 2023 оны 12 сарын 29-ний өдрүүдэд нэхэмжлэгч нийт хэдэн торт хийсэн талаарх баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.
5. Иймд Иргэний хуулийн 359.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсөд 250,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
6. Харин нэхэмжлэгч нь таксины мөнгө 20,000 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар шаардаж байх ба талуудын хооронд таксины мөнгө төлөх тухай тохирсон зүйл байхгүй, нэхэмжлэгч таксины төлбөр төлснөө баримтаар нотлоогүй, хариуцагч таксины төлбөрийг төлөх үүрэгтэй талаарх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй тул таксины мөнгө 20,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэггүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 8750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туахй хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч Ж.егаас ажлын хөлсөд 250,000 гаргуулж, үлдсэн 20,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ