| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2105000001273 |
| Дугаар | 2022/ДШМ/65 |
| Огноо | 2022-01-13 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ДШМ/65
2022 01 13 2022/ДШМ/65
Ц.Х-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхтуул,
яллагдагч Ц.Х-ын өмгөөлөгч Д.Тунгалаг,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/1822 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Ц.Х-ын өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Х-т холбогдох эрүүгийн 2105000001273 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х-,
Ц.Х- нь 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.М-ыг үсдэх, толгой, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь дух яс, баруун ухархайн дээд хана, дотор хананы хугарал, баруун духны суурийн хэсгийн няцрал, хүзүүний 4 дүгээр нугалмын арын сэртэн, мэдрэл суваг, хүзүүний 5 дугаар нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, дагзны хуйхны шарх, баруун дээд 2 дугаар шүд, баруун доод 4 дүгээр шүдний эмтэрэл, хоёр нүдний зовхи, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун дал, хоёр гуянд цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллагдагч Ц.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шинжээчийн 8435 тоот дүгнэлтэд: “...Б.М--н биед дух яс, баруун ухархайн дээд хана, дотор хананы хугарал, баруун духны суурийн хэсгийн няцрал, хүзүүний 4 дүгээр нугалмын арын сэртэн, мэдрэл суваг, хүзүүний 5 дугаар нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, дагзны хуйхны шарх, баруун дээд 2 дугаар шүд, баруун доод 4 дүгээр шүдний эмтрэл, хоёр нүдний зовхи, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун дал, хоёр гуянд цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо...” гэжээ /хх 35-37/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “онц харгис хэрцгийгээр” гэж, 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн ...бол ...шийтгэнэ” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилжээ. Хавтас хэрэгт авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлт, хохирогчийн “...манай нөхөр өглөө 4 цагаас эхлээд зодсон 07 цаг хүртэл зодсон...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчид олон тооны гэмтэл учирсан, тухайн үйл явдал 2-3 цагийн хооронд үргэлжилсэн, мөн яллагдагч, хохирогч нар нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий эхнэр, нөхөр байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.
“Онц харгис хэрцгий арга гэдэг нь хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон” зэргийг ойлгоно. Яллагдагч нь хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан мөн 4 цагаас 7 цагийн хооронд зодсон зэрэг яллагдагчийн үйлдэлд гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлууд байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр яллагдагч Ц.Х-т холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Яллагдагч Ц.Х-ын өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд хамаарахгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, талуудын тэгш эрх, мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх асуудал буюу мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримт /шинжээчийн дүгнэлт/, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар урьдчилсан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дэх хэсэгт заасан урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд хэлэлцэх асуудлын талаарх хуулиар тогтоосон хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн. Мөн шүүхээс “Яллагдагчийн үйлдэлд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх” гэсэн нь яллагдагчийн гэм буруу, зүйлчлэлийн талаар дүгнэлт хийсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй" гэж заасныг ноцтой зөрчиж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...яллагдагч Ц.Х-т холбогдох хэрэгт миний бие томилолтоор оролцсон. Хавтас хэрэгтээ бүрэн танилцсан. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүндрүүлэх шинж тогтоогдоогүй гэж үзсэн. Яллагдагч Ц.Х- нь урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, удаа дараа зодож байсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Тэрээр гэр бүлээсээ тусдаа Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаад ирсэн. Хэрэг болсон өдөр хоорондоо үл ойлголцох нөхцөл байдал үүсэж, эхнэрийнхээ эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Анх удаа эхнэрээ зодсон нөхцөл байдал тогтоогдсон учраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Онц харгис хэрцгий арга гэдэг нь олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөсөн, цангаасан, шатаасан, хайрсан, түлсэн зэрэг аргыг хамааруулдаг. Иймд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Ц.Х-ыг 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.М-ыг үсдэх, толгой, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, “....яллагдагч нь хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан, мөн 04 цагаас 07 цагийн хооронд зодсон, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг эхнэр, нөхрийн хооронд үйлдэгдсэн тул яллагдагчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлууд байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шүүхэд шилжүүлэх нь зүйтэй ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, “...Б.М--н биед дух яс, баруун ухархайн дээд хана, дотор хананы хугарал, баруун духны суурийн хэсгийн няцрал, хүзүүний 4 дүгээр нугалмын арын сэртэн, мэдрэл суваг, хүзүүний 5 дугаар нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, дагзны хуйхны шарх, баруун дээд 2 дугаар шүд, баруун доод 4 дүгээр шүдний эмтрэл, хоёр нүдний зовхи, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун дал, хоёр гуянд цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 35-37/, хохирогч Б.М-ын “...намайг орноос үсдэж унагаагаад, үснээс тавилгүй чирээд том өрөө рүү орсон. ...Толгой нүүр лүү гараараа цохиод, багалзуурдаад, өргөж байгаад шидэхэд би том өрөөний гутлын шүүгээний булан дагзаараа мөргөсөн. ...Нэг ухаан орсон чинь нөхөр намайг угаалгын өрөө лүү үснээс зулгаачихсан шалан дээгүүр чирч байсан. ...манай нөхөр өглөө 04 цагаас эхлээд 07 цаг хүртэл зодсон. ...” /хх 32-33/, насанд хүрээгүй гэрч Х.Учралын “...манай аав ээжийг орноос татаж унагаан ээжийг түлхсэн чинь ээж толгойгоороо гутлын шүүгээ мөргөсөн. Тэгээд аав ээжийг үснээс зулгаагаад чирж байгаад гараараа нүд рүү нь цохичихсон, үснээс нь зулгаагаад нойл руу орж нүүрээ угаа гээд чирээд байсан. ...Ээжийн хамарнаас цус гараад, цусаар бөөлжсөн. ...” /хх 24-25/ гэсэн мэдүүлгүүдэд дурдагдсан мэдээлэлд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааны арга хэлбэрүүдийг сонгож мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар эргэлзээгүй тогтоовол зохино.
Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Ц.Х-ын өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЗ/549 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Ц.Х-ын өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэрэг прокурорт очтол Ц.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН