Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 1745

 

 

Г.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг, даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01878 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Э-гийн хариуцагч Д байгууллагад холбогдуулан гаргасан Д Байгууллагын суурин төлөөлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 4 467 771 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д , хариуцагчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч С.Д гийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Э миний бие нь 2007 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаал гарах хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчээр 11 дэх жилдээ ажиллаж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь иргэн миний хөдөлмөрлөх эрхийг дараах байдлаар зөрчиж байгаа тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах хүсэлтэй байна. Миний бие албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж ажлын хариуцлага алдаж сахилгын шийтгэл авагдаж байгаагүй болно. Мөн ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан эсэхийг шалгаж аудитын дүгнэлт гараагүй атал намайг ажил олгогчийн итгэлийг алдсан гэсэн үндэслэлээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гэж шахаж хясан боогдуулан хөдөлмөрийн гэрээг маань цуцалсан нь шударга бус байна.

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод байрлах Дбайгууллагын төв оффисоос над руу ярьж 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төв дээр ирэх хэрэгтэй гэхээр нь Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу онгоцоор нисэж очсон бөгөөд онгоц 15:00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод ирсэн. Онгоцноос буугаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байх хүргэн ахынхаа гэрт 10 сартай хүүгээ орхиод Дбайгууллагын төв оффист очиход 17:00 цаг өнгөрч байсан.

Түүнчлэн тухайн үед ДЗМОУБ-ын аудит н.Б аудитын тайлан эцэслэн гараагүй засаж болно гэсэн боловч хүний нөөцийн дарга н.Счиний хувьд дуусчихсан боломж байхгүй гэсэн мөн аудит н.Б манай аймгийн орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер н.Б-д Г.Э үхэр авсан н.Ж холбоотой гэсэн мэдээлэл авсан, асууж лавлах зүйл байгаа, утас нь холбогдохгүй байна гэхэд нь манай дарга намайг дуудаад ирэхгүй байгаа гэж худлаа хүртэл ярьсан ба мөн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд надад ямар нэгэн мэдээлэл өгөөгүй нуун дарагдуулсан байсан. Онгоцонд хамт явсан н.Жаргалсайхан ахаас ямар учиртай дуудсан болохыг асуухад Ж-д үхэр өгсөн асуудлаар дуудсан байх гэж хэлсэн. Миний хувьд Баян-Өлгий аймгийн Бугат суманд хэрэгжсэн Мал аж ахуйг санаачлагыг дэмжих төсөл-ийн эцсийн өрх сонгох хуралд оролцоогүй сум хариуцаж байсан учир ажлын хэсэгт миний нэрийг оруулсан байсан. Сумаас 0-2 насны хоол тэжээлийн дутагдалтай 2 хүртэлх насны хүүхэдтэй эмзэг өрхийн нэрсийг гаргаж манай ажилтан Т.Е болон сумын багийн дарга нар өрхийн айлчлал хийж өрх сонгосон бөгөөд миний хувьд уг өрхийн айлчлал, өрх сонгох үйл ажиллагаа, үхэр шилжүүлэн өгөхөд оролцоогүй болно.

Хамаарал бүхий этгээдэд үхэр өгч албан тушаалаа ашиглан ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж хэлсэн нь гүтгэлэг болж миний нэр хүнд, сэтгэл зүйд халдаж байна гэж үзэж байна. Тухайн үед төрсөн эгчГ.Днь Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд түүний нөхөр Ц.Кнь олон жилийн өмнө нас барсан байсан, төсөлд хамрагдсан гэх Д.Жанухтай миний бие садан төрлийн ямар ч холбоогүй.

Түүнчлэн Д байгууллагын суурин төлөөлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалд эрх бүхий этгээд Филип Ийвэрт гарын үсэг зураагүй, түүний нарийн бичиг н.Бгарын үсэг зурсан байсан ба би тухайн үед гарын үсгийг анзаараагүй хүүхэд маань өндөр халуурч өвдөөд, мөн ажлаас халагдсандаа сэтгэл санааны хямралтай байсан учир анзаараагүй байсан бөгөөд үүнийг Нийгмийн даатгал дээр очоод мэдсэн.

Уг тушаалд суурин төлөөлөгч Филип Ийвэрт гарын үсэг зураагүй байсан учир Улаанбаатар хотод амьдардаг өөрийн төрсөн эгч Г.Т-ээр дамжуулан 2019.01.30-ны өдөр түүнд хандаж өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлгүй тул гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүссэн захидал хүргүүлсэн. Тухайн үед суурин төлөөлөгч эзгүй байсан бөгөөд арай өөр өнцгөөс харах байх гэж найдсан.

Хариу өгөхгүй байсан учир эгч маань захиралтай уулзах гэтэл боломжгүй, захиаг дамжуулж өгнө гээд уулзуулаагүй, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нарийн бичиг н.Бзахирал байхгүй байгаа, хариу гараагүй, тань руу утсаар яръя гээд уулзуулаагүй, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр очиход захирал ирээгүй, уулзах цаг байхгүй гэх зэргээр худал ярьж дахин дахин явуулж чирэгдэл учруулж байсан.

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дахин очиход захирлыг байхгүй гэхэд нь эгч олон дахин ирж чадахгүй учир байдлаа учирлан сууж байтал хүний нөөцийн дарга н.Сдагуулан захиралтай уулзуулсан байсан. Энэ уулзалтаар суурин төлөөлөгч Филип Ийвэрт нь тушаалын талаар бүрэн бүрэлдэхүүнээр ярилцаж байгаад хариу өгнө гэсэн, түүнээс өгөх хариуг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хүлээсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтээ өгсөн. Дээр дурдсан нөхцөл байдал, хүүхдийн эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас миний бие шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг алдсан.

ДЗМОУБ нь хүүхдийн сайн сайхны төлөө тэр дундаа хамгийн эмзэг өрхөд хүрч үйлчлэх зорилготой мөртлөө сумаас бага насны хүүхэдтэй эмзэг өрхөд хүрч үйлчилсний төлөө бага насны хүүхэдтэй эхийг ажлаас халж байгаа нь байгууллагын үнэт зүйл, алсын харааг зөрчсөн гэж үзэж байна.

Ажлаас халсан тушаалыг ажлын цаг дууссанаас хойш гаргасан байсан. Маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр н.С-д намайг аудитын тайлантай холбогдуулан гаргасан зөрчлөөр нь ажлаас халсан тушаал гаргаж өгөөч гэхэд тушаал чинь гарчихсан гэж хэлсэн.

Аудитын дүгнэлт 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гарсан байхад уг дүгнэлтийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд дүгнэлттэй танилцах, түүнд гомдол гаргах, дахин нягтлах боломжийг олгоогүй. Миний бие 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр жирэмсний амралтаа аваад 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүү Э.Ю-г төрүүлсэн, 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө авсан, уг чөлөөг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгуулсан, ажил олгогч ажлаас чөлөөлөх үед хүүхэд асрах чөлөөтэй байсан. Шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2019/03664 тоот захирамжаар миний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тул 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажил олгогч нь Д байгууллага бөгөөд улсын бүртгэлд Олон улсад төвтэй Д байгууллагын төлөөлөгчийн газар гэх боловч Д байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргасан, хариуцагч мөн. Миний бие 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан, чөлөө дуусангуут ажилдаа эргэж орох хүсэлтэй байсан учир энэ өдрөөс эхлэн цалин хөлсгүй байсан гэж үзэн шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаагаар ажилгүй байсан гэж цалин хөлсийг тооцсон.

Иймд Д байгууллагын суурин төлөөлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Э намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсний олговорт 4 467 771 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цшүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Б.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус байгууллага нь Д байгууллага гэж үйл ажиллагаа явуулдаг боловч Гадаадын иргэн, харьяатын газраас 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн, тодорхой хугацаагаар сунгагдаад явж буй Монгол Улсад олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөлд Олон улсад төвтэй Дэлхийн зөн төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар гэж байгаа болно. Г.Э нь Д байгууллагын Баян-Өлгий орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Хөгжлийн чиглүүлэгчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, манайх ажил олгогч мөн, түүний хариуцагчаар татсан этгээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хариуцагч, үүгээр хэргийг шийдвэрлэхэд маргах зүйлгүй. Д байгууллагын Баян-Өлгий орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт Г.Э нь Хөгжлийн чиглүүлэгчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд ажлаас гарах үедээ хүүхэд асрах чөлөөтэй байсан.

Баян-Өлгий орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хийгдсэн төлөвлөгөөт аудитын шалгалтын үед тухайн хөтөлбөрт Г.Этай холбоотой зөрчил илэрсэн.

Д байгууллагын Баян-Өлгий аймгийн Бугат суманд хэрэгжиж буй тусламж, хөгжлийн хөтөлбөрийг Г.Э хариуцан ажилладаг. 2017 онд 0-2 насны хоол тэжээлийн дутагдалтай хүүхэдтэй өрхийн амьжиргааг сайжруулах зорилготой мал аж ахуйг санаачлах төсөл Д байгууллагаас хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд нийт 101 өрхийн талаар судалгаа хийж, 61 өрхийг шалгаруулснаас 47 өрхийг сонгосон байдаг.

Уг төсөлд хамрагдах өрхийг сонгох ажлын хэсэгт Г.Э нь төрсөн эгч Г.Д хамт орсон, улмаар Г.Д нөхөр асан Ц.К-ын дүү Д.Ж-д давуу тал олгон 2 520 000 төгрөгийн үнэтэй 6 толгой үхрийг олгосон байсан. Энэ үйлдлээр Г.Э нь Д байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн. Тухайлбал ашиг сонирхлын зөрчлөө урьдчилан мэдэгдээгүй, хувийн ашиг сонирхлоор албан тушаалаа ашиглан өөртөө болон хамаатан садны хамааралтай хүмүүст давуу байдал олгосон нь ажил олгогчийн санаачлагаар гэрээг шууд цуцлах үндэслэлд хамаарна.

Д байгууллага нь дотоод журмандаа Ашиг сонирхлын зөрчил гэж юу болохыг тодорхой зааж, жил бүр ажилчдадаа үүнийг сануулж ашиг сонирхлын зөрчлийг урьдчилан мэдэгдэх боломжийг олгодог.

Байгууллагын удирдлагын баг Г.Эд аудитаар илэрсэн зөрчлийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр танилцуулж, түүнээс холбогдох тайлбарыг сонссон, тэгэхэд тэрээр хадам ахын дүү үхэр хүлээн авсныг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэдгийг мэдээгүй гэж тайлбарласан.

Д байгууллагын зүгээс Г.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргах талаар болон цаашид түүнд итгэж төслийн ажлыг даатгах боломжгүй нөхцөл үүссэн талаар танилцуулсан.

Г.Э нь ашиг сонирхлын зөрчил гаргасан гэдгээ ойлгосны үндсэн дээр өөрт нь ямар боломж, бололцоо байгаа талаар олон дахин давтан асууж байсан. Д байгууллагын зүгээс түүнийг бага насны хүүхэдтэй, цаашид ажилд орох боломжийг харгалзан үзээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь зөвшөөрсөн юм. Тэрээр ажлаас халагдах тушаал гарахыг баттай мэдээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

Д байгууллага нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах шийдвэрийг гаргахдаа ямарваа нэгэн хувийн сэдлээр хандаагүй. Баян-Өлгий аймгийн засаг захиргаа болон Д байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт төсөл хөтөлбөрийг ямарваа нэгэн ялгаварлал байхгүйгээр тэгш зохион байгуулна гэж заасан. Д байгууллагын уйл ажиллагааны талаар иргэд зөв ойлголттой, ажилчид үнэн зөв ажиллах ёстой. Д байгууллагын хөгжлийн хөтөлбөр нь ажилтны хамаатан саданд давуу байдал олгох замаар хэрэгждэггүй. Мөн Д байгууллага нь олон улсын хандивлагчдын өмнө хөтөлбөр тэгш, шударга хэрэгжих үүрэг хүлээдэг. Энэ нь Монгол улсад цаашид хэрэгжих буцалтгүй тусламжийн баталгаа болдог. Ажилтан нь ажил олгогчоос гарах шийдвэрийг урьдчилан мэдэж өөрийн хүсэл зоригоор ажлаас чөлөөлөгдсөн. Суурин төлөөлөгч өөрийнхөө эзгүйд эрх, үүргээ хэрэгжүүлэхийг Б.Б даалгасны дагуу дээрх тушаалыг гаргасан тул эрхгүй этгээд гэж үзэхгүй. Г.Э тухайн үед хүүхэд асрах чөлөөтэй байсантай маргахгүй боловч ажилд орох хүсэлтээ гаргаагүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь тушаалд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна. Хүүхэд өвчтэй байсан гэх боловч эмчлүүлэгчдийн картанд эмчид хамгийн сүүлд 2019.01.18-ны өдөр үзүүлсэн бичилт хийгдсэн боловч үүнээс хойш ямар шалтгаантай байсан нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Хуульд заасан хугацаа хэтрүүлснийг сэргээх талаарх хүсэлт гаргаагүй, мөн энэ байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд Г.Э-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний Д Байгууллагын суурин төлөөлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 4 467 771 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Д байгууллагад холбогдох Д Байгууллагын суурин төлөөлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 4 467 771 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Э-гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч хуульд зааснаар шүүхэд хандаж буй этгээдийн хувьд нэхэмжлэл гаргах урьдач нөхцөл нь "эрх нь зөрчигдсөн, уул эрхээ сэргээлгэх" зорилгоор нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Нэхэмжлэгч Г.Э нь "Д байгууллага" (цаашид "Д" ОУБ эсхүл "ажил олгогч" гэх)-ын Баян-Өлгий аймаг дахь Орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчээр 2007 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд талууд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж гэрээндээ өөрчлөлт оруулсан байдаг.

Харин Д Байгууллагын суурин төлөөлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/18 дугаар тушаалаар Г.Эд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт олгосон (2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүү Ю-г төрүүлсэн) бөгөөд тэрээр 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан. Гэвч "Д" ОУБ-ын суурин төлөөлөгчийн "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Р18/12/26 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн "Д" ОУБ-ын Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгч албан тушаалтай Г.Э-ийн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтны өргөдөл нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр, ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт байх ёстой.

Нэхэмжлэгч Г.Э-гийн хувьд ажил олгогчоос "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн К18/12/26 дугаар тушаалыг гаргах үед хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд түүнд хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах хүсэл зориг огт байгаагүй юм.

Тодруулбал, ажил олгогч нь шийдвэр гаргахаасаа өмнө түүнийг Улаанбаатар хот дахь төв байрандаа Баян-Өлгий аймгаас тодорхойгүй шалтгаанаар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуудан ирүүлж, "Аудитын шалгалтаар чамтай холбоотой ноцтой зөрчил илэрсэн учраас чамтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, чамайг ажлаас чинь халах шийдвэр гаргах гэж байна, хэрэв чи өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгвөл цаашдын ирээдүйг чинь бодоод хүсэлтээр чинь ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгч болно" гэсэн ажил олгогчийн хууль бус шахалт шаардлага.зүй бус нөлөөлөл, хөндлөнгийн оролцоотойгоор Г.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил олгогчид хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдөл бичиж өгсөн бөгөөд тэрхүү нөхцөл байдал нь уг өргөдлийн"... Цаашид хувийн асуудлаар ажиллах боломжгүй болсон тул ажлаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн чөлөөлж өгнө үү ..." гэж бичсэн агуулгаас тодорхой харагдана. Түүнчлэн ажил олгогч нь ажилтнаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлийг нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бичүүлж авсан атлаа тухайн өдөрт нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэрээ гаргасан нь ажил олгогчийн хууль бус үйлдлийг давхар нотолж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байхад шүүх "нэхэмжлэгч нь ... ажил олгогчийн тушаалыг хүлээн авсан гэх 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг даруй 18 хоног хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Г.Э нь өөрийн хүүхдээ өвчний учир 2019 оны 2 сарыг дуустал асарсан гэх боловч хэнийх болох нь тодорхойгүй эмчлүүлэгчдийн картад 2018.07.18, 2018.12.04, 2019.01.07, 2019.01.11, 2019.01.18-ны өдрүүдэд эмч үзсэн тухай эмчийн үзлэгийн бичилт хийгдсэн, үүнээс хойших хугацаанд эмчлүүлсэнтэй холбоотой бичилт хийгдээгүй, түүний гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийг 2019.02.22-ны өдөр шуудан хүлээн авсан дардас зэргээс үзэхэд түүнийг хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв" гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх үр дагаварт хүрч байна.

Нэхэмжлэгчийн хувьд ажил олгогчийн дээрх тушаалыг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гардаж авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй гэдгийг мэдэж байсан болно.

Гэсэн хэдий ч Г.Э нь ажил олгогчийн тушаалыг гардаж авсан буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс "Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай" хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шуудангаар 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлэх хүртэлх хугацаанд дараах хүндэтгэн үзэх шалтгаануудтай байсан болно.Үүнд:

-2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод ирэхдээ тухайн үед 9 сар 6 хоногтой байсан хүү Юнрэнтэй хамт ирсэн бөгөөд тэр үед хүү нь ханиадтай, маш өндөр халуурч байсан.

Тухайн үед буюу 2019 оны 01 сараас 2019 оны 03 сарын хооронд улсын хэмжээнд амьсгалын замын томуугийн А хүрээний Н1Ж, НЗЫ2 вирусны дэгдэлт, цочмог томуу төст өвчний дэгдэлт улам нэмэгдэж байсан бөгөөд хот, орон нутгийн эмнэлгүүдийн аль аль нь хэвтэж эмчлүүлэх орны хүрэлцээгүй байсан байдаг. Тиймээс С.Эрдэнэзаяа нь хүүгээ Улаанбаатар хотод болон Баян-Өлгий аймгийн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ бичүүлж гэрээрээ хүүхэддээ 2019 оны 2 сарыг дуустал эмчилгээ хийлгэж, асарч сувилсан. Шүүх гэтэл хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хүү Э.Ю-гийн эрүүл мэндийн дэвтрийг "хэнийх болох нь тодорхойгүй" гэж буруу үнэлсэн.

Нэхэмжлэгч Г.Э хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлснээ нотлохоор гэрч асуулгаж, өөрийн хүү Э.Ю-г өвчтэй /ханиадтай/ байсан талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тодруулбал, хавтаст хэргийн 18 дугаар талд Цагаантуг овгийн Э-гийн Ю 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрснийг бүртгэсэн гэрчилгээгээр Э.Ю Г.Э-гийн хүү болох, мөн 19 дүгээр талд авагдсан Эрүүл мэндийн яамны 2013 оны 11 сарын 450 тоот тушаалаар батлагдсан Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн эхний хуудсанд бичилт хийгдсэн хэсгээс эмчид үзүүлсэн тухай эмчлүүлэгчийн карт нь Э.Ю-нх болох нь нотлогддог.

Г.Э нь нэгэнт өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлгүй байсан тул гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүссэн утга бүхий өргөдлийг суурин төлөөлөгч Филип Ийвэрт 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн эгч Г.Т-ээр хүргүүлсэн бөгөөд ажил олгогч тал уг өргөдлийн хариуг бүрэлдэхүүнээрээ ярилцаж шийдвэрлээд эргээд хариу мэдэгдэнэ гэсэн боловч янз бүрийн шалтаг гарган цаг хожиж хойшлуулсаар шүүхэд хандах хугацааг алдуулсан. Гэтэл шүүгч Б.Ц нь дээрх нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авахаас татгалзсан байх ба харин нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр "Д " ОУБ-д холбогдуулан дахин гаргасан нэхэмжлэлдээ ажил олгогчид холбогдуулан шүүхэд гаргах нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоолгох үндэслэлийн талаар дурдсан байгаа боловч уг нэхэмжлэлийн шаардлага нь "ДЗМОУБ-ын суурин төлөөлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Р18/12/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 4 467 771 төгрөг гаргуулах тухай" шаардлага байх ба өмнө нь уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгч болох Б.Ц 2 дахь нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Г.Э нь “Д” Олон улсын байгууллагад холбогдуулан тус байгууллагын суурин төлөөлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнөөс гадна хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор  шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Э-г ажил олгогчийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалаар “Д” олон улсын байгууллагын Баян-Өлгий аймаг дахь орон нутгийн хөтөлбөрийн зохицуулагчийн ажлаас өөрийнх нь хүсэлтээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлжээ.                                                                                                                                                             /хх-43/

 

Нэхэмжлэгч Г.Э нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан, 10 сартай хүү Ю-гийн эрүүл мэндийн үзлэгийн дэвтрийг шүүхэд баримтаар гаргасан, дэвтэрт 2019 оны 1 дүгээр сарын 7, 1 дүгээр сарын 11, 1 дүгээр сарын 18-ны өдрүүдэд эмнэлгийн үзлэг оношилгоо хийлгэж, эмчлүүлсэн талаар бичигдсэн, 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ой хүрээгүй бага насны хүүхдээ эмчийн зааврын дагуу гэрээрээ асарч, эмчилгээтэй байсан нь тогтоогдож байна.   

    /хх1-18-20/

 

Мөн Г.Э-гийн 2019 оны 2 дугаар сарын 22-нд шуудангаар илгээсэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 101/ШЗ2019/03664 дүгээр шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, /хх2-82, 83/ ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх тайлбараа баримтаар нотолсон байх бөгөөд шүүх дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай талаас нь харьцуулан үнэлээгүй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч Г.Э нь  ажлаас чөлөөлж өгнө үү гэж  бичгээр хүсэлт /хх1-102/  гаргаснаа ажил олгогчийн дарамт шахалтаар бичсэн, ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй гэж, 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн тушаалыг мөн сарын 4-ний өдөр бичгээр хүлээн авсны дараа 1 дүгээр сарын 30-ны өдөр “өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлгүй тул гаргасан шийдвэрээ эргэн харж өгнө үү” гэсэн хүсэлтийг суурин төлөөлөгч Филип Ийвэртэд хүргүүлснээ тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгчийн өргөдлийг Филип Ийвэртэд хүргэсэн, хариу өгнө гэж хүлээлгэсэн талаар гэрч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлсэн байна. /хх2-65, 66/

 

            Г.Э нь ажил олгогчийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 2/18 дугаар тушаалаар мөн өдрөөс амаржсаны болон хүүхэд асрах чөлөөг эдэлж, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүү Э.Ю-г төрүүлэн хүүхдээ асарч байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хүсвэл хүүхдээ 3 нас хүртэл чөлөө авах эрх нь нээлттэй байжээ.

 

            Хариуцагч байгууллагын “Хүний хөгжлийн Үндэсний бодлогын гарын авлага”-ын /хх1-195/ “сайн дураар ажлаас чөлөөлөгдөх” гэсэн дэд хэсгийн 1-д “Ажилтан ажлаас гарах хүсэлтээ нэг сарын өмнө өөрийн удирдлагад өгөх ба хүний хөгжлийн хэлтэст нэг хувийг илгээнэ. Менежер хариуд нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэд зөвшөөрлөө бичгээр өгч түүний ажлын сүүлийн хугацааг товлоно” гэж заажээ. Г.Э-гийн бичгээр гаргасан хүсэлтийн тухайд ажил олгогч дотоод журмын дагуу зөвшөөрөл өгч, ажлын сүүлийн хугацааг товлосон ажиллагаа хийгдээгүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтныг дуудан ирүүлж, хүсэлт бичүүлсэн даруйд мөн өдрөө буюу 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр тушаал гарган, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх нөхцөл байдал, баримтуудаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгээр олгогдсон эрхээ албан ёсны шийдвэртэйгээр эдэлж байсан тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх бодит шалтгаанаар хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Ажил олгогч буюу хариуцагчийн тухайд ажилтны хуулиар олгогдсон эрхийг нь хангах Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон үүргээ зөрчсөн байна.

 

Иймд 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн гаргасныг  хууль зөрчсөн шийдвэр гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй.

 

Харин 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн R18/12/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэх тул тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй.

 

Ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, өнөөдрийг хүртэл цалин хөлсөөр хохирсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 1 дүгээр сарын 2-ноос давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх 8 сар 19 хоногийн олговрыг урьд авч байсан цалин хөлсний дунджаар тооцон олгох үндэслэлтэй.

 

Ийнхүү тооцвол 12 190 500/1 523 812*8 сар/ төгрөг дээр 1 346 624 /7 087,5*19 хоног/ төгрөгийг нэмж нийт 13 537 124 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-д олгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01878 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Эгийн шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г.Э-г “Д” Олон улсын байгууллагын Баян-Өлгий аймаг дахь орон нутгийн хөтөлбөрийн хөгжлийн чиглүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 13 537 124 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3, 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч тал тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ