Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/00863

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2024/00863 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, хороо, Өнөр хороол р байр, 3 тоотод байрлах, ИВ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, оо, 1 хороолол,дамж, тоотод оршин суух, Чулуут овогт Ан ИДт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 88,403,538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Нямгэрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Ундрах-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

 

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ИВ ХХК нь хариуцагч А.ИДт холбогдуулан 88,403,538 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай компани 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаад энэхүү гэрээний дагуу Subaru froster загварын 2 автомашиныг зээлээр худалдсан. А.ИД нь уг зээлийн төлбөрийг сарын 2,8 хувийн хүүгийн хамт 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Холбогдох машины төлбөрийг бүрэн төлсөн. Төлсөн төлбөрийн баримтыг нотлох баримтаар хавтаст хэрэгт нэхэмжлэлтэй хавсаргаж өгсөн. Мөн энэ машинууд Япон улсаас орж ирэхэд гаалийн татвар төлдөг. Гаалийн татвар төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. А.ИДын манай компаниас худалдаж авсан 2 машины төлбөр болон гаалийн төлбөр нийт 50,458,640 төгрөгийг зээлийн төлбөрт төлөх ёстой. Энэхүү төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Талууд 6 сарын хугацаанд хүү тооцож авахаар гэрээ байгуулсан учраас 6 сарын хугацааны хүүг тооцоод нийт 58,935,692 төгрөг төлөх тооцоо байна. Гэрээний 1.16 дахь хэсэгт заасны дагуу А.ИД нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас алданги тооцож авах эрхтэй. А.ИДын үүргийн гүйцэтгээгүй өдрөөс эхлээд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги тооцвол 255 хоног байгаа. Үүнийг 0,5 хувиар тооцохоор 64,334,715 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийт алданги, анзын хэмжээ тухайн хариуцагч этгээдийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалттай байгаа учраас А.ИДын гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож 29,467,846 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа. Хариуцагч А.ИДаас үндсэн зээл, хүү, алданги нийлээд 88,403,538 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч манайхаас захиалж авсан автомашинуудаа хүлээж аваад бусдад худалдан борлуулсан хэрнээ манай байгууллагаас авсан зээлийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Иймд нийт төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж дүгнэж байгаа. Талуудын хооронд зээлийн үйлчилгээг авах гэрээ байгуулсан. Гэрээний 1.13-д хүү, 1.14-д хугацаа, 1.16-д алданги тохирсон байгаа. Хүү, зээлийн хүү, алдангийн тооцооллыг хүснэгтээр гаргаж өгсөн. Иений ханшийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тооцоолол, үндэслэл нэхэмжлэлд дурдсан баримтууд нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэнчлэн хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Төлбөр тооцооны асуудлыг Төв Азийн зам ХХК гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 210 дугаар зүйлд зааснаар хууль болон гэрээний үүрэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхийг заагаагүй. Үүргийн шинж чанарт хашрахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан. Төлбөрийн үүргийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс өөр этгээд гүйцэтгүүлсэн. Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Талуудын байгуулсан гэрээний агуулга зээлийн гэрээ биш харин Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй ... гэв.

Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөнгөн шилжүүлэг хийсэн баримтууд, зээл, төлбөрийн тооцооллын хүснэгт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, татвар төлсөн баримтууд, Төв Азийн Зам ХХК-ийн албан бичиг, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа гэсэн баримтуудыг гаргаж өгөв.

2. Хариуцагч талаас хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ИВ ХХК нь хариуцагч А.ИДт холбогдуулан 88,403,538 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлээс 58,935,692 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн 29,467,846 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хариуцагч А.ИДын эзгүйд хянан шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ. Шүүхээс 2023 оны 09 сарын 12-ны өдөр Иргэний хэрэг үүсгээд, 2023 оны 09 сарын 13-ны өдөр, 2023 оны 09 сарын 20-ны өдөр, 2023 оны 10 сарын 17-ны өдөр хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдсэн байх бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 101/ШЗ2023/25364 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдагийн газрын нэгдүгээрт хэлтэст даалгаж шийдвэрлэжээ. Дараа нь 2023 оны 11 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг хариуцагчид гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, хариуцагч гарын үсэг зуран хэрэгтэй танилцсан байна. Хариуцагч А.ИД 2024 оны 01 сарын 05-ны өдөр хэргийг өөрийн амьдарч байгаа газрын харьяаллаар буюу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлэх хүсэлт гаргаж, хүсэлтийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 101/ШЗ2024/01856 дугаартай захирамжаар хангаж, хэргийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 02 сарын 15-ны өдөр хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 02 сарын 15-ны өдөр хариуцагч А.ИДын 88688577 дугаарт залгаж мэдэгдсэн байх ба тэрээр за ойлголоо гэж хэлсэн байна. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ийнхүү ирээгүй тул шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон:

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Subaru Forester загварын арлын SJG-010319 дугаартай автомашиныг зээлээр худалдсаны үндсэн төлбөрт 664,250 иен, түүний 6 сарын хүүд 111,594 иен, төгрөгт шилжүүлж тооцоход 19,302,999 төгрөг, Subaru Forester загварын, арлын SJG-017082 дугаартай автомашиныг зээлээр худалдсаны үндсэн төлбөрт 612,750 иен, түүний 6 сарын хүүд 102,942 иен, төгрөгт шилжүүлж тооцоход 17,806,417 төгрөг, үндсэн төлбөрт 50,458,640 төгрөг, хүүд 8,477,052 төгрөг нийт 50,458,640 төгрөг болно. Хариуцагч нь нэг өдрийн 252,293 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн 255 хоногт хоногийн 0,5 хувиар алданги тооцоход 64,334,715 төгрөг гарч байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4-т Анзын хэмжээ нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангид 29,467,846 төгрөг нийт 88,403,538 төгрөгийг шаардсан.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй.

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2021 оны 09 сарын 07-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ (1-р хавтасны 11, 13 дахь тал). Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1-р зүйлийн 1.3, 1.4, 1.9, 1.11, 1.13, 1.14, 1.15-т дагуу худалдан авагчийн захиалгаар автомашиныг гаалийн бүрдүүлэлт хийн захиалгаар оруулж ирэн, худалдан авагчийн эзэмшилд хүлээлгэн өгөх, худалдан авагч нь 6 сарын хугацаанд зээлийн төлбөрийг төлөх, сарын хүүг 2,8 хувиар тооцохооор талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна (1-р хавтасны 11,12 дахь тал). Түүнчлэн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.16-д Анхааруулга: Цэнхэр бичиг олгосон өдрөөс хойш 24 цагийн дотор тухайн автомашины зээлийн төлбөрийг барагдуулсан байх ёстой. 2 дахь хоногоос эхлэн биелүүлээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэжээ (1-р хавтасны 12 дахь тал).

Нэхэмжлэгч нь Subaru Forester загварын 2 автомашиныг тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг Төв Азийн Зам ХХК-д захиалга өгөн тээвэрлүүлэн, гаалийн бүрдүүлэлт хийж, албан татварыг төлсөн байна (1-р хавтасны 16-18, 20-21, 24-27 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дахь тал).

Нэхэмжлэгч нь хариуцагчид Subaru Forester загварын арлын SJG-010319, SJG-017082 дугаартай 2 автомашиныг 2022 оны 05 сарын 05-ны өдөр хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж байна (шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дахь тал).

Хариуцагч нь 2 автомашины төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан (нэхэмжлэл, шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэхь тал).

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.2-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор мөн хуулийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Хариуцагч А.ИД шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй тул хуулийн дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн гаргаж буй тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхээр, мөн хуулийн 263.2.1, 263.2.2, 263.2.3, 263.2.4-т зээлээр худалдах, худалдан авах гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг заавал тусгахаар заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 сарын 07-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 6 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр Subaru Forester загварын арлын SJG-010319, SJG-017082 дугаартай 2 автомашиныг зээлээр худалдаж, түүнд хүлээлгэн өгөх, хариуцагч нь 2 автомашины үндсэн төлбөр, хүүг төлөхөөр харилцан тохиролцсоноос үзвэл Иргэний хуулийн 262.1-т заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь Subaru Forester загварын арлын SJG-010319, SJG-017082 дугаартай 2 автомашиныг 2022 оны 05 сарын 05-ны өдөр хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж байх тул худалдагч гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч гэрээгээр тохирсон үндсэн төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262.1-т заасны дагуу Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 50,458,640 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.13-т заасны дагуу автомашины төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болон татварын нийт дүнгээс сарын 2,8 хувийн хүү тооцохоор заасан байх ба нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийн хүүг 2022 оны 05 сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл нийт 180 хоногоор, төлөгдөөгүй татварын хүүг 2022 оны 05 сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 сарын 05-ны өдөр хүртэл нийт 180 хоногоор тооцож нийлбэр дүнгээр 8,477,052 хүүгийн төлбөр шаардсан байна. Хүүгийн тооцоолол Зээлээр худалдах, худалдах авах гэрээнд нийцжээ (1-р хавтасны 28 дахь тал). Хариуцагч хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262.1, 263.2.3-т заасны дагуу Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүүгийн төлбөрт нийт 8,477,052 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Алдангид 29,467,846 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэдийгээр хариуцагч алданги шаардсан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй, эс зөвшөөрсөн тайлбар, нотлох баримтыг шүүхэд өгөөгүй боловч шүүхээс нэхэмжлэгч хууль болон гэрээний дагуу алданги шаардах эрхтэй эсэх дээр дүгнэлт хийлээ.

Нэхэмжлэгч нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.16-д Анхааруулга: Цэнхэр бичиг олгосон өдрөөс хойш 24 цагийн дотор тухайн автомашины зээлийн төлбөрийг барагдуулсан байх ёстой. 2 дахь хоногоос эхлэн биелүүлээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэх заалтын дагуу алданги нэхэмжилж байна. Цэнхэр бичиг гэдгийг автомашинуудыг гаалийн хашаанаас авахад шаардагддаг бичиг, 2022 оны 05 сарын 05-ны өдөр хариуцагч цэнхэр бичгээрээ машинаа аваад явсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна (шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дахь тал). Гэвч Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.14-т Захиалагч тал нь 6 сар буюу 180 хоногт багтаан автомашины худалдан авалтын зээлийг төлж барагдуулахаар заасан, түүнчлэн уг хугацааны дотор хариуцагч үндсэн төлбөр, хүүг төлөх ёстой байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаагаас алданги шаардаж буй гэрээний 1.16 дахь заалт хоорондоо зөрчилтэй байна.

Иргэний хуулийн 232.1-т хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Эдгээр зохицуулалтын хүрээнд алдангийн гэрээг бичгээр байгуулах, бичгээр байгуулахдаа алдангийг хугацаа хэтэрсэн хоногоос тооцох шаардлага тавьжээ. Гэтэл хугацаа хэтэрсэн гэж үзэх нөхцөл Зээлээр худалдах, худалдан авах гэрээний заалтуудын дагуу зөрчилтэй байх тул Зээлээр худалдах, худалдан авах гэрээний алданги тооцох 1.16 дахь заалт хуульд нийцэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232.1, 232.6-д заасны дагуу Зээлээр худалдах, худалдан авах гэрээний алдангид 29,467,846 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 50,458,640 төгрөг, хүүгийн төлбөрт 8,477,052 төгрөг нийт 58,935,692 төгрөгийг шаардах эрхтэй тул 58,935,692 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,968 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 452,628 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 262.1, 263.2.3, 232.1 болон 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч А.ИДаас Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 50,458,640 төгрөг, хүүгийн төлбөрт 8,477,052 төгрөг нийт 58,935,692 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, алдангид 29,467,846 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,968 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 452,628 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

Даргалагч шүүгч Б.Ганцэцэг