| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00145/и |
| Дугаар | 152/ШШ2024/00146 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 152/ШШ2024/00146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын … дугаар баг, … тоотод оршин суух, регистрийн дугаар …., Б ургийн овогт Ц-ын Ц-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Миний бие Хартарвагатайн нүүрсний уурхайд 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ресс тоологчоор, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл бага сургуулийн сав угаагчаар, 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1997 он хүртэл Хүний их эмчийн салбарт цагаан хэрэглэлийн угаагчаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. 1995-1997 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагагүй. 1984-1988 оны баримт олдохгүй байгаа тул нэхэмжлэлийн энэ хэсгээс татгалзаж байна. Иймд миний 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Хартарвагатайн нүүрсний уурхайн бага сургуульд сав угаагчаар, 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оныг дуустал Хартарвагатайн нүүрсний уурхайн Хүний эмчийн салбарт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийсэн баталгаажилтын хуудас, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 344 дүгээр тодорхойлолт, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлтийг хамгаалах газрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Х.К, Д.Б, Д.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар болон тэдний ажиллаж байсан байдлыг нотлох шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Х.К, Д.Б, Д.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Ц.Ц-ийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Цийн 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Хартарвагатайн нүүрсний уурхайн бага сургуульд сав угаагчаар, 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оныг дуустал Хартарвагатайн нүүрсний уурхайн Хүний эмчийн салбарт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Ц-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Ц.Ц-ийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаар зөвлөмжийн хуудсанд: Ц.Ц-ийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гараагүй тул ажилласан жил тооцох боломжгүй байна гэжээ.
4.2. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 344 дүгээр тодорхойлолтод: Хартарвагатайн нүүрсний уурхайн баримт тус архивт шилжиж ирээгүй тул Цэрэнжавын Ц-тэй холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй болно гэжээ.
4.3. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Ц-ын Цийн 1993 оны 1-5 дугаар сарын хооронд, 1994 оны 9-11 дүгээр саруудад Хартарвагатайн уурхайн Хүн эмнэлэгт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул тухайн баримтыг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.
4.4. Ц.Ц-ийн 338336 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ...1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Уурхайн бага сургуульд сав угаагчаар ажиллуулав, 1989 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Уурхайн бага сургуулийн сав угаагчийн ажлаас чөлөөлөв, 1989 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Уурхайн хүний их эмчийн салбарт асрагчаар авч ажиллуулав гэх бичилтүүд хийгджээ. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлстийн 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шинжээчийн дүгнэлтээр Ц.Цэд Хартарвагатайн уурхайн бага сургуулиас 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, Уурхайн бага сургууль сав угаагчаар ажиллуулав, сургуулийн ,...+лын 01 өдрийн 41 тоот тушаалаар гэсэн бичиглэл,1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, Уурхайн бага сургуул+.. сав угаагчийн ажлаас чөлөөлөв, Сургуулийн захирлын 1989.01.23 өдрийн 04 тоот тушаалаар гэсэн бичиглэл, 1989 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр, Уурхайн хүний их эмчийн салбарт асрагчаар авч ажиллуулав, Эрүүлийг хамгаалах газрын даргын даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №12 тоот тушаалаар гэж бичсэн байна. Харин 3 дугаар хуудсанд 1988 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн +вагатайн, Уурхайн бага ...+гууль гэсэн бичиглэл, 4-5 дугаар хуудсанд 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...+лын гэсэн бичиглэл,1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн сургуул+.. гэсэн бичиглэлүүд нь норж хатсан, бичиг нь арилсан тул унших боломжгүй байна гэж дүгнэсэн хэдий ч Ц.Ц-ийн 338336 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Уурхайн бага сургуульд сав угаагчаар ажиллуулав, 1989 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Уурхайн бага сургуулийн сав угаагчийн ажлаас чөлөөлөв гэх бичилтүүд уншигдах боломжтой байгаа тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
4.5. Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлтийг хамгаалах газрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар Ажилд томилох тухай тушаалаар Ц.Цийг ... 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс угаагчаар томилсон байх тул тухайн тушаалыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэв. Ц.Ц-ийн хөдөлмөрийн дэвтэрт ...1989 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Уурхайн хүний их эмчийн салбарт асрагчаар авч ажиллуулав гэх бичилт хийгдсэн байх боловч түүнийг ажилд томилох тухай тушаалд 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс угаагчаар томилсон байх тул мөн өдрөөс эхлэн угаагчаар ажилласан гэж үзэх үндэслэлтэй.
4.6. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд Ц.Ц-ийн 1995 оны 01 дүгээр сараас 1997 оны 12 дугаар сарыг дуустал, 2010 оны 5 дугаар сараас 2011 оны 3 дугаар сарыг дуустал Тариалан сумын Хүн эмнэлэгт ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул тухайн баримтыг нэхэмжлэгчийн 1988-1994 онд Хартарвагатайн нүүрсний уурхайн бага сургуульд сав угаагчаар, Хүний эмчийн салбарт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан байдалтай хамааралгүй гэж үзлээ.
4.7. БНМАУ-ын Хүн амын регистрийн 035 дугаар картад: Овог, нэр Ц-ын Ц, регистрийн дугаар …., ажилладаг байгууллага ажилгүй, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988.06.18 гэж бүртгэгдсэн байх тул тухайн баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
4.8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.О, Д.Б, Х.К нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Отгонбаяр Миний бие 1989-1994 онд Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатайн Хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан. Ц.Ц бид 1989 онд хамт Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалаар Хартарвагатайн Хүний их эмчийн салбарт хамт томилогдсон бөгөөд Ц.Ц угаагчаар томилогдсон байдаг. Улмаар намайг 1994 онд ажлаас чөлөөлөгдөхөд Ц.Ц тэндээ ажиллаад үлдсэн. Бид 1989-1994 онд хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатайн Хүний их эмчийн салбар 11 ажилтантай түүнээс ганц угаагч байсан нь Ц.Ц байсан. Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатайн Хүний их эмчийн салбарын эрхлэгчээр н.А гэх хүн ажиллаж байсан юм гэж, гэрч Д.Б Миний бие 1987-2000 онд Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатайн нүүрсний уурхайд жолоочоор ажиллаж байсан. Намайг 1987 онд ажилд томилогдоход Ц.Ц нь Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатайн нүүрсний уурхайд ресс тоологчоор /нүүрсний машин тоолох/ ажиллаж байсан бөгөөд 2-3 жил ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь хаашаа шилжсэн болохыг мэдэхгүй. Ц.Ц-ийн аав н.Ц нь Хартарвагатайн нүүрсний уурхайн эксковаторчин, ээж н.Н нь Хартарвагатайн эмнэлэг, яслийн асрагчаар ажиллаж байсан шиг санагдаж байна. Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатайн нүүрсний уурхайн даргаар Б.П, н.Н, н.С Д.Сурмаажав гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Х.К Миний бие 1988 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатайн нүүрсний уурхайд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг 1988 онд ажилд томилогдоход Ц.Ц нь Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатайн нүүрсний уурхайд ресс тоологчоор /нүүрсний машин тоолох/ ажиллаж байсан бөгөөд 1-2 жил хамт ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн. Түүний дараа Тариалан сумын Хартарвагатайн Хүний их эмчийн салбарт шилжин ажилласан байдаг. Ц.Ц-ийн аав н.Ц нь Хартарвагатайн нүүрсний уурхайн эксковаторчноор ажиллаж байсан. Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатайн нүүрсний уурхайн даргаар Б.Пүрэвжав, Г.Н, Б.С, одоо Д.С гэх хүн ажиллаж байна гэж мэдүүлсэн бөгөөд тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан Ц.Ц-ийн хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлтийг хамгаалах газрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар Ажилд томилох тухай тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн болно.
5. Иймд Ц.Ц-ийн 338336 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлтийг хамгаалах газрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар Ажилд томилох тухай тушаал, гэрч Х.К, Д.Б, Д.О нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Ц-ын Ц-ийн 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Хартарвагатайн нүүрсний уурхайн бага сургуульд сав угаагчаар, 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оныг дуустал Хартарвагатайн нүүрсний уурхайн Хүний эмчийн салбарт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Ц-ын Ц-ийн 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Хартарвагатайн нүүрсний уурхайн бага сургуульд сав угаагчаар, 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оныг дуустал Хартарвагатайн нүүрсний уурхайн Хүний эмчийн салбарт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ