| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00429/И |
| Дугаар | 183/ШШ2024/00907 |
| Огноо | 2024-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2024/00907
2024 оны 02 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2024/00907 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ороо, Нүхт, р гудамж тоотод оршин суух С овогт Бын Эн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,хороо, Нүхт, гудамж, оотод оршин суух, Г овогт Оы МТд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн дагуу 22,500,000 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ЭБ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Ариунжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.
Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ЭБ нь хариуцагч О.МТд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн дагуу 22,500,000 сая төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ЭБ би өөрийн танил О.МТд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 9-н сарын хугацаатай нийт зээлийн хүү нь 1,200,000 төгрөг байхаар тооцож 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч О.МТд бэлнээр өгсөн. О.МТ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 сая төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төлөхөөр тохиролцож хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5% алданги бодно гэж гэрээ хийсэн. О.МТ өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгө, зээлийн хүүгээ төлөхгүй утсаа авахгүй алга болсон. Иймээс О.МТөөс үндсэн зээл 13,800,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг нийт 22,500,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭБ нь О.МТд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай 13,800,000 төгрөгийг сарын хүү 1,200,000 төгрөг байхаар тооцож 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч О.МТд бэлнээр өгсөн байдаг. О.МТ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги бодно гэж гэрээ хийсэн. О.МТ өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгө, зээлийн хүүгээ төлөхгүй, утсаа авахаа байгаа. Иймээс О.МТөөс үндсэн зээл 13,800,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа... гэв.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 10 сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 13,800,000 төгрөг, хүүд 1,200,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:
3.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2021 оны 10 сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 13,800,000 төгрөгийг 2021 оны 10 сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 сарын 01-ний өдрийн хугацаатайгаар нийт хүү 1,200,000 төгрөг байхаар тохиролцож, гэрээнд гарын үсэг зуран нотариатчаар гэрчлүүлсэн байна (1-р хавтасны 4 дэхь тал).
3.2. Зээлийн гэрээний 3.4-т Зээлийг бэлнээр 2021 оны 10 сарын 21-ний өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хүлээн авсан О.МТ гэж гарын үсэг зурсан байна ( нэхэмжлэгчийн тайлбар, 1-р хавтасны 4).
3.3. Зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж талууд тохиролцжээ (нэхэмжлэгчийн тайлбар,1-р хавтасны 4).
4. Хариуцагч нь 2024 оны 01 сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй. Шүүхээс 2024 оны 02 сарын 15-ны өдөр хариуцагчийн 99299876 дугаараар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байа ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
5. Иргэний хуулийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ. Нэхэмжлэгч нь нэг удаагийн шинжтэй зээл олгосон, зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй иргэн байх бөгөөд хариуцагчид 13,800,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг буцаан төлөхөөр тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281.1-т заасан Зээлийн гэрээ байгуулагджээ. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, хуульд нийцсэн.
6. Иймд нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 13,800,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй.
7. Иргэний хуулийн 282.1-т зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл нийт 9 сарын хугацаанд 1,200,000 төгрөгийн хүүтэйгээр зээл олгосон гэж тайлбарлан Зээлийн гэрээний 3.1, 3.3 дахь заалтыг үндэслэл болгож байна. Шүүхээс хүү тохиролцсон Зээлийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр гэж үзэв. Хариуцагч 2022 оны 07 сарын 01-ний өдөр болоход хүүг, үндсэн зээлийн хамт эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлийн хүүд гэрээгээр тохиролцсон 1,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
8. Түүнчлэн Зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заажээ. Зээлийн гэрээний 3.7 дахь заалт нь Иргэний хуулийн 232.1 хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэх хуулийн зохицуулалттай нийцэж байна. Нэхэмжлэгч нь алдангийг Зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөх хугацаа буюу 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцоход 15,000,000 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул 100 хоногоор тооцоод хуульд нийцүүлж 7,500,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул уг хувь хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр 7,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Шүүхээс зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн нийлбэрээс алдангийг тооцож, үүний нийлбэр дүнгийн 50 хувиар алданги бодсоныг хуульд нийцсэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хүү тохирсон зээлийн гэрээнд алдангийг давхар тооцож болохыг хуулиар хориглоогүй, Иргэний хуулийн 232.6-д алдангийг гүйцэтгээгүй үүргээс тооцохоор заасан тул зээлийн үндсэн төлбөр, мөн хариу үүрэг болох зээлийн хүүг оруулж тооцсоноор гүйцэтгээгүй үүргийг тодорхойлох юм. Иймд хариуцагчаас алдангид 7,500,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Хариуцагч нь шүүхэд хүрэлцэн ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нотлох баримтаа гаргах боломжтой байсан хэдий ч энэ үүргээ биелүүлээгүй тул хуулийн дагуу нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон болохыг дурдья.
10. Нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 13,800,000 төгрөг, хүүд 1,200,000 төгрөг, алдангид 7,500,000 төгрөг нийт 22,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 271,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281.1, 282.1, 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөгийг хариуцагч О.МТөөс гаргуулж, нэхэмжлэгч ЭБод олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 271,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ