| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00413/И |
| Дугаар | 183/ШШ2024/01125 |
| Огноо | 2024-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2024/01125
2024 оны 03 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2024/01125 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, 206/1 байр, 1702 тоотод оршин суух, Хн овогт Чы ТГ /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, хороолол, байр, тоотод оршин суух, Боржгон овогт Айн МБ /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 211 137 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ч.ТГ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.
Хэргийг хариуцагч А.МБын эзгүйд хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.ТГ нь хариуцагч А.МБт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 211,137,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ч.ТГ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага нь түрээсийн гэрээний үүрэгт 211,137,500 төгрөг гаргуулах байгаа. Би хариуцагч А.МБтай 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах өөрийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Уг гэрээгээр түрээслэгч А.МБ нь бетон зуурмагийн үйлдвэрийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд нийт 7 сарын хугацаанд түрээслэн, нэг сарын түрээсийн төлбөрт 35,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Ингээд түрээслэгч нь 4, 5, 6 дугаар сард түрээсийн төлбөрийг төлж байгаад 7 дугаар сард түрээс төлөх үүргээ зөрчсөн. Үүнээс гадна А.МБ нь бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанд байсан түүхий эд болох элс, хайрга, цемент зэргийг ашигласан тул бид хоёр 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ашигласан түүхий эд болон түрээсийн төлбөрийг тооцож тооцоо нийлсэн тухай акт үйлдсэн. Тухайн акт хэрэгт хавсаргасан байгаа. А.МБ нь нийт 111,137,500 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлөхөөр болсон. Гэвч дээрх төлбөрөөс 08 дугаар сарын 14-ний өдөр 40,000,000 сая төгрөг төлсөн бөгөөд 71,137,500 төгрөг үлдсэн. Ингээд тооцоо нийлснээс хойш гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаа буюу 3 сар, 21 хоногийн түрээсийн төлбөр нийт 129,500,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Энэ 2 нийлээд нэхэмжилж байгаа дүн гарч байгаа. Өнөөдрийг хүртэл бетон зуурмагийн үйлдвэрийг хүлээлгэж өгөөгүй байна. Иймээс хариуцагч А.МБ нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн төлбөрийн үлдэгдэл 71,137,500 төгрөг, тооцоо нийлснээс хойш үүссэн түрээсийн төлбөр 129,500,000 төгрөг нийт 200,637,500 төгрөгийг төлөөгүй байгаа тул энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа..., хариуцагч цемент үлдээсэн зүйл байхгүй, нотлох баримт байхгүй, машиныг түрээсийн төлбөрт түр авч байгаач гэж хашаанд авчирсан, тухайн машин нь хариуцагчийн өөрийнх нь эзэмшлийнх биш, хашаанд байгаа, би түрээсийн төлбөртөө саатуулан барих байдлаар хашаандаа байлгаж байгаа, мөнгөө өгөөгүй болохоор ирж аваагүй, гэрчилгээг нь би авсан ... мөнгөө авчирч өгөөд буцааж авна гэсэн ... гэжээ.
Хариуцагч А.МБ шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.ТГийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч А.МБ би нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж байгаа 211,137,500 төгрөгөөс 71,137,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн 140,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2023 оны 4 дүгээр сараас 11 сар хүртэл сарын 35,000,000 төгрөгөөр бетон зуурмаг гаргадаг үйлдвэрийг түрээсэлсэн. Би уг үйлдвэрийг 8 дугаар сараас хойш ажиллуулаагүй бөгөөд ажиллаж байх хугацаандаа түрээс болон ашиглалтын зардлыг цаг хугацаанд төлсөн. Мөн би Ч.ТГийн агуулахад 200 тонн цемент үлдээсэн бөгөөд үүний зах зээлийн ханш 82,000,000 төгрөг, 5033 УНН улсын дугаартай жийп шерооки маркийн 50,000,000 төгрөгийн машиныг Ч.ТГ нь барьцаалж авсан байгаа.... гэв.
Нэхэмжлэгч талаас Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээ, 16092801 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгч Ч.ТГийн 20240105000418 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг, хариуцагч талаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариу тайлбар гаргаж өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 211,137,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:
3.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2023 оны 04 сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зуржээ (1-р хавтасны 4-5 дахь тал). Түрээсийн гэрээний 1.1, 1.3-т Түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлийн СХД, хуучин 22-т байрлах бетон зуурмагийн үйлдвэрийг үйлдвэрлэлийн зориулалтаар 2023 оны 04 сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатайгаар, нэг сарын 35,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон байна. Түрээсийн гэрээний 1.4-т эхний төлбөрийг 2023 оны 04 сарын 10-ны өдөр төлөх бөгөөд дараа саруудын төлбөрийг өмнөх сарын 30-ны өдөр төлөхөөр хуваарь тохирсон байна. Талууд уг гэрээний нөхцөл дээр маргадаггүй.
3.2. Бетон зуурмагийн үйлдвэр нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, 22-ын товчооны постын урд байрладаг бөгөөд бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглуулахаар нэхэмжлэгч нь анх хариуцагчид үйлдвэрийн түлхүүрийг гардуулж хүлээлгэн өгсөн, хариуцагч нь хүлээн авсан баримт дээр маргадаггүй (талуудын тайлбар).
3.3. Талууд 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 сарын 25-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж үзэхэд МБ нь Ч.ТГт 111,137,500 төгрөгийн өртэй байгааг баталгаажуулж 16092801 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэн, гарын үсэг зурсан байна. Талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэнээс хойш буюу 2024 оны 08 сарын 14-ний өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид 40,000,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл нь 71,137,500 төгрөг үлдсэн байна. Хариуцагч уг үйл баримт дээр маргадаггүй. Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэний үлдэгдэл төлбөр 71,137,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан (шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь тал, хариуцагчийн хариу тайлбар). Өөрөөр хэлбэл, талууд 2023 оны 07 сарын 25-ний өдрөөс өмнөх тооцооны үлдэгдэл дээр маргаангүй байна.
4. Иргэний хуулийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь бетон зуурмагийн үйлдвэрийг аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулах зориулалтаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байгаагаас Иргэний хуулийн 318.1-т заасан Түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигддаг ба талууд Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан тул Түрээсийн гэрээ хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр байна.
5. Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний 1.3, 1.4-т бетон зуурмагийн үйлдвэрийг 2023 оны 04 сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатайгаар, нэг сарын 35,000,000 (гучин таван сая) төгрөгөөр түрээслүүлэхээр, дараа саруудын төлбөрийг өмнөх сарын 30-ны өдөр төлөхөөр, 2023 оны 04 сарын 10, 2023 оны 04 сарын 30, 2023 оны 05 сарын 30, 2023 оны 05 сарын 30, 2023 оны 06 сарын 30, 2023 оны 07 сарын 30, 2023 оны 08 сарын 30, 2023 оны 09 сарын 30-ны өдөр төлөхөөр хуваарь тохирсон байна. Иргэний хуулийн 318.1-т түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирч болохоор, мөн хуулийн 319.1-т түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно гэж заасан. Түрээсийн төлбөр, төлбөр төлөх нөхцөлийг талууд Түрээсийн гэрээний 1.3, 1.4-т заасны дагуу тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 318.1, 319.1-т нийцжээ.
6. Хариуцагч нь 2023 оны 07 сарын 25-ны өдөр нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн дүнгээр 71,137,500 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа дээр маргадаггүй, зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан. Харин хариуцагч нь 2023 оны 08 сар, 09 сар, 10 сар, 11 сарын түрээсийн төлбөр буюу 4 сарын түрээсийн төлбөр болох нэг сарын 35,000,000 төгрөгөөр тооцож 140,000,000 төгрөгийг төлөөгүй байна.
7. Хариуцагч нь 2024 оны 08 сараас хойш бетон зуурмагийн үйлдвэрийг ажиллуулаагүй, ажиллаж байх хугацаандаа түрээс болон ашиглалтын зардлыг цаг хугацаанд нь төлсөн гэж маргасан бол нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээний хугацаанд бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглах боломжтой, ажиллуулж байсан, үйлдвэрийг ашиглах боломж гэрээний дагуу байсан гэж тайлбарлаж байна. Иймд талуудын маргааны зүйл нь бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглаагүй тохиолдолд түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх эсэх байна.
8. Иргэний хуулийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 292.4-т хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж заасан байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглуулах зорилгоор хүлээлгэн өгсөн, Түрээсийн гэрээний хугацаанд бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцагч нь ашиглах боломжтой байсан тул бетон зуурмагийн үйлдвэрийг ажиллуулаагүй шалтгаанаар түрээсийн төлбөр төлөхөөс татгалзаж буй нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрөөсөө шалтгаалан үйлдвэрийг ашиглаж чадаагүй нь түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй.
9. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318.1-т заасны дагуу 2023 оны 08 сараас 2023 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны 4 сарын түрээсийн төлбөрт Түрээсийн гэрээний дагуу 140,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
10. Хариуцагч нь нэхэмжлэгчийн агуулахад 200 тонн цемент үлдээсэн бөгөөд үүний зах зээлийн ханш 82,000,000 төгрөг, 5033 УНН улсын дугаартай жийп шерооки маркийн 50,000,000 төгрөгийн машиныг нэхэмжлэгч барьцаалж авсан гэж тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нь цемент үлдээсэн зүйл байхгүй гэж эс зөвшөөрсөн тайлбар гаргаж байна. Хариуцагчийн тайлбарлаж буй 5033 УНН улсын дугаартай жийп шерооки маркийн автомашин нэхэмжлэгчийн хашаанд байгаа үйл баримт дээр нэхэмжлэгч маргаагүй, автомашины эзэмшигч өөр этгээд байгаа талаар тайлбар гаргаж байна. Иргэний хуулийн 238.1-д биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасан. Хариуцагч нь түрээсийн төлбөрт 200 тонн цементийг харилцан тооцуулахаар тайлбар гаргаж байгаа бол нэхэмжлэгчийн эсрэг 200 тонн цементийг шаардах эрхтэй, ийм шаардлага гаргах эрх үүссэн, уг шаардлагыг биелүүлэх хугацаа нь болсон байхыг хуулиар шаардана. Хариуцагч нь 200 тонн цементийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгснөө, тухайн цементийн үнэлгээ 82,000,000 төгрөг болохоо, биелүүлэх хугацаа нь өнгөрсөн болохыг өөрөө нотлох үүрэгтэй байх боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.
11. Түүнчлэн хариуцагч нь 5033 УНН улсын дугаартай жийп шерооки маркийн 50,000,000 төгрөгийн машиныг нэхэмжлэгч барьцаалсан гэж тайлбарлан түрээсийн төлбөр төлөх үүргээс татгалзаж байна. Иргэний хуулийн 215.1-д үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно гэж заасан. Хариуцагчийн Түрээсийн гэрээний дагуу төлбөл зохих үүрэг нь мөнгөн төлбөрийн шинжтэй байх тул нэхэмжлэгчийн хашаанд автомашиныг байршуулснаар хариуцагч түрээсийн төлбөрийг төлөх үүргийг саатуулах боломжгүй байна. Иймд түрээсийн төлбөрт 140,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
12. Шүүхээс хариуцагч А.МБт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-т заасны дагуу утсаар мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Шүүх нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хариуцагчийн тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
13. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагчаас төлөхийг зөвшөөрсөн 71,137,500 төгрөг, 2023 оны 08 сараас 2023 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 140,000,000 төгрөг нийт 211,137,500 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318.1-т заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь Түрээсийн гэрээний үүрэгт 211,137,500 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
14. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,214,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,214,837 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан түрээсийн гэрээний үүрэгт 211,137,500 төгрөгийг хариуцагч А.МБ (РД: РЮ88041971)-аас гаргуулж, нэхэмжлэгч Ч.ТГ (РД: ЦА71042364)-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,214,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,214,837 төгрөгийг гаргуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ