Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1753

 

Б.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/02045 дугаар шийдвэртэй Б.Г-гийн хариуцагч Ц-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх 2014 онд Ц-т няравын ажилд орсон. Намайг ажилд орсон цагаас цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс байнгын дарамт, шахалт үзүүлж ирсэн. Тэрээр энэ хугацаанд 10 гаруй хүнийг ажлаас халж, оронд нь дандаа өөрийн хамаарал бүхий хүнийг ажилд авдаг. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б/22 тоот тушаалаар гаргаж намайг ажлаас үндэслэлгүй халсан. Ажлаас халагдах шалтгаанаа асуухад шалгалтаар зөрчил илэрсэн тул өөрийг чинь халлаа гэсэн тайлбар өгсөн. Иймд Ц-гийн няравын албан тушаал дээр эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 1 340 130 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г нь цэцэрлэгийн няраваар ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 4 удаа биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан. Тухайлбал түүнд цэцэрлэгийн гадна гэрлийг сольж, янзлах, хүүхдийн хоолны үзэсгэлэн гаргах, хог цэвэрлэгээний тайлан гаргах, Нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн албан тоотын дагуу холбогдох тайланг гаргаж хүргүүлэх ажлыг хариуцуулсан боловч гүйцэтгээгүй. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас манай ц-т явуулсан хяналт шинжилгээгээр хүнсний материалын тайлан гаргаагүй, хүнсний материал дутсан, санхүүгийн анхан шатны баримтууд дутуу зэрэг санхүүгийн зөрчил илэрсэн. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс манай цэцэрлэгийн 2019 оны эхний 4 сарын байдлаар санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалган зааварчлах ажлын тайлангийн 2.2, 2.3, 2.4-т заасан илэрсэн зөрчлүүд нь нярав Б.Г-гийн хариуцлагагүй байдал, гаргасан зөрчилд шууд хамаарах юм. Иймд байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалт, Хөдөлмөрийн хуульд зааснаар ажлаас халсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.   

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Адуучин овогт Б.Г-г Ц-гийн няравын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 1 340 130 төгрөгийг хариуцагч Ц-гээс гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.Г-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 195 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 36 392 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

195 дугаар цэцэрлэгийн эрхлэгч миний бие тус цэцэрлэгийн нярав болох Б.Гг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10.6.10, 10.6.31 дэх заалт, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.5.10, 5.5.31 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ажлаас чөлөөлснийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлэхгүйгээр шийдвэр гаргалаа гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байгаа болно. Нярав Б. Г ажлаас халсан үндэслэл болсон гэрээний 5.5.10-д" Цэцэрлэгийн захиргаа болон бусад эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалт, үзлэгт хангалтгүй дүн авсан" гэх заалт байсан. Энэ заалтыг нотлох баримт нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс хийсэн хяналт шалгалтын тайлан болон холбогдох акт юм. Өөрөөр хэлбэл 5 дугаар сард цэцэрлэгүүдийн төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагаас манай цэцэрлэгийн санхүү, аж ахуйн албанд хяналт шалгалт хийсэн бөгөөд түүгээр нягтлан, нярав нар хэн аль нь ажлаа бүрэн гүйцэд хийхгүй байгаа нь тогтоогдож түүнийгээ даган Б.Г-д акт тавьсан. Гэтэл шүүх уг нотлох баримтыг дүгнэхдээ Б.Г-гийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь манай цэцэрлэг 4 бүлэгтэй, хамгийн бага орон тоогоор ажилладаг тул 1 нягтлан бодогч, 1 няравтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр 2 ажилтан нь цэцэрлэгийн санхүүгийн ажлыг гардан хариуцаж ажилладаг мэргэжилтнүүд байдаг бөгөөд тус хяналт шалгалтаар энэ хоёр ажилтан хангалтгүй ажиллаж байгаа нь тогтоогдсон бөгөөд зөрчлийг арилган холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцон ажиллахыг албан бичигт тусгагдсан Сонгинохайрхан дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн ажлын тайлангийн 2,2, 2,3, 2,4 зөрчлүүдийг нэхэмжлэгчийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой зөрчил гэж үзэхгүй, Б.Г-гийн хариуцаж гүйцэтгэдэг ажилд хийсэн хяналт шалгалтыг түүнд хамааралгүй мэтээр дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Гэрээг цуцалсан 2 дахь заалт буюу 5.5.31 дэхь заалт нь "Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй бол” гэсэн заалт юм. Уг заалтыг нотлох хэд хэдэн баримтыг шүүхэд гаргаж мөн гэрчийг асуулгасан боловч шүүх хэт нэг талыг барьж эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Бид дээрх төрийн сангаас хийсэн хяналт шалгалтын дүнгээс харахад манай цэцэрлэгийн санхүүгийн ажил ямар хангалтгүй байгаа нь харагдаж байгаа болно. Б.Г-д хариуцуулж хийхээр төлөвлөгдсөн 3 дугаар сард 1 ажил, 4 дүгээр сард 2-хон ажил тусгагдсан боловч аль аль нь 0 хувьтай үнэлэгдсэн байгаа нь ажлын тайлан дээрээс харагдана. Няравын ажилд хамаарах 2 ажлын тайланг илгээх даалгаврыг цохолтоор түүнд хариуцуулж өгсөн боловч мөн ажлаа хаяж яваад эдгээр тайлангуудыг холбогдох газруудад нь илгээгээгүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүй байсан. Үүний талаарх баримтуудыг хэрэгт хавсаргаж мөн тус тайланг бичиж илгээсэн ажилтанг гэрчээр асуулгасан боловч шүүх үүнийг үнэлэхээс мөн татгалзсанд гомдолтой байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

            Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ц-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар няравын ажилд томилогдон Сонгинохайрхан дүүргийн 195 дугаар цэцэрлэгийн захиргаатай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан Б.Г-г 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б/22 тоот эрхлэгчийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10.6.10, 10.6.31, Хөдөлмөрийн гэрээний 5.5.10, 5.5.31 заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлээр ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.      

/хх4, 5-6/

 

            Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлийг баримталсан ба тушаалын үндэслэлээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс цэцэрлэгийн 2019 оны эхний 4 сарын байдлаар санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар зөрчил илэрсэн нь Б.Г-гийн хариуцлагагүй байдал хамаарна, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу цэцэрлэгийн гадна гэрлийг сольж, янзлах, хүүхдийн хоолны үзэсгэлэн гаргах, хог цэвэрлэгээний тайлан гаргах, Нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн албан тоотын дагуу холбогдох тайланг гаргаж хүргүүлэх ажлыг тус тус гүйцэтгээгүй гэж тайлбарлажээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн “195 дугаар цэцэрлэгийн 2019 оны эхний 4 сарын байдлаар санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалган зааварчлах ажлын тайлан”-гийн 2 дахь хэсэгт 4 бүлэг зөрчлийг нэрлэн заасан байх бөгөөд уг тайланд дурдсан зөрчлүүдийг чухам хэзээ гарсан, хэний буруутай үйлдэл болох талаар заагаагүй байна. /хх 43, 44/ Иймд илэрсэн зөрчлийг нь зөвхөн няравын ажил үүрэгт хамааруулж үзэх үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Түүнчлэн Б.Г нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй удаа дараа зөрчил гаргасан гэж дурдсан боловч нэрлэн заасан зөрчлүүдийг хэзээ гаргасныг шалгаж тогтоосон баримтгүй байна. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах бол зөрчлийг тогтоох ажиллагааг эрх бүхий этгээдээс явуулж, энэ талаар ажилтанд мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангах ёстой.

 

Мөн хог цэвэрлэгээний тайлан гаргах, Нийслэлийн боловсролын газарт албан тоот хүргүүлэх үүргийг захирлын зүгээс няравт цохсон баримт хэрэгт авагдсанаас үзвэл үүрэг өгсөн өдрөө өөр этгээдэд шилжүүлж цохолт хийсэн, яагаад ямар шалтгаанаар нярав Б.Г гүйцэтгээгүй, буруутай байдлыг тогтоосон баримтгүй байна.

 

            Иймд тушаалд дурдсан үндэслэлүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, Б.Г-г ажлаас 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/22 тоот халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлд нийцсэн гэж үзэхээргүй байх тул шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалинтай тэнцэх нөхөн олговорт 1 340 130 төгрөгийг хариуцагчаас гаргуулан түүнд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/02045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ