Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/64

 

 

 

 

 

     2022            01            13                                        2022/ДШМ/64   

 

Б.Н-, Б.Х-, Ц.Н-,

У.Ж-, Ц.Д- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бүжинлхам,

шүүгдэгч Б.Н-ы өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Онолтуяа, Д.Тунгалаг,

шүүгдэгч У.Ж-ы өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Х.Ургаа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/1135 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Ж-, Ц.Д-, шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Онолтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарт холбогдох эрүүгийн 201601000278 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Н-,

 

2. Х-,

 

3. Н-,

 

4. Д-,

 

5. Боржгон овгийн Уламбаярын Ж-,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 хоногийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

1. Шүүгдэгч Б.Н- нь “*****” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, тендер сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч гэрээ байгуулсан “***” ХХК-ийн захирал Х.Ц-г өөрт нь мөнгө өгөх талаар ерөнхий нягтлан бодогч Н.А-оор дамжуулан хахууль өгөхийг шаардаж Х.Ц-гээс өөрийн ХААН банкны *** тоот дугаарын дансаар

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 738.000 төгрөг,

2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 1.100.000 төгрөг,

2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 739.000 төгрөг,

2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 402.000 төгрөг, нийт 2.979.000 төгрөгийн хахууль авсан,

мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, мах махан бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор “***” ХХК-ийг Б.Б-ын нэр дээр үүсгэн байгуулж, улмаар А.Х, өөрийн найз Т.Г нарын нэр дээр дамжуулан шилжүүлж, 2014 онд “***” ОНӨААТҮГ-аас зарласан тендер сонгон шалгаруулалтад “***” ХХК-ийг үндэслэлгүйгээр шалгаруулж, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1.772.100.700 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Б.Х- нь “***” ОНӨААТҮГ-ын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчин хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан хүнсний ногоо зарж борлуулдаг “***“ХХК-ийг хууль бусаар шалгаруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн борлуулагч Ц.Н-т хахууль өгөхийг шаардан өөрийн эзэмшдэг ХААН банкны *** тоот дансаар

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг,

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.720.000 төгрөг,

2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 150.000 төгрөг,

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.320.000 төгрөг,

2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.529.000 төгрөг буюу нийт 5 удаагийн үйлдлээр 5.019.000 төгрөгийн,

2016 онд “***” ОНӨААТҮГ-аас зарласан “Төмс хүнсний ногоо” нийлүүлэх багцад тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан “***“ХХК-ийн борлуулагч Ц.Н-ээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 800.000 төгрөг,

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.563.000 төгрөг буюу 2 удаагийн үйлдлээр 2.363.000 төгрөг, нийт 7.382.000 төгрөгийн хахууль авсан,

мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, тэдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд “***” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “***” ХХК-ийн захирал У.Ж-, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг Ц.Д- нартай урьдчилан үгсэн тохиролцож, У.Ж-ы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг тендерт шалгаруулж, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2015/05, 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 343.396.210 төгрөгөөр,

2014 оны хичээлийн жилд “***” ХХК-ийн нэрээр “***” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор Ц.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож, тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 219.174.650 төгрөгөөр тус тус нийлүүлж албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Ц.Н- нь “***” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байхдаа өөртөө болон ажилладаг байгууллагадаа давуу байдал бий болгох зорилгоор “их хэмжээний худалдан авалт хийж, төлбөрийн асуудал гаргадаггүй харилцагч байгууллагаа алдахгүй байх, цаашдын бизнесийн хамтын үйл ажиллагааны тогтвортой байдал, ашиг орлого олох” ашиг сонирхлын үүднээс “***” ОНӨААТҮГ-ын менежер Б.Х-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны *** дугаартай данс руу нь үргэлжилсэн үйлдлээр

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг,

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.720.000 төгрөг,

2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 150.000 төгрөг,

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.320.000 төгрөг,

2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.529.000 төгрөг,

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 800.000 төгрөг,

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.563.000 төгрөг, нийт 7.382.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч Ц.Д- нь Б.Х-, У.Ж- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн нийтийн албан тушаалтан Б.Х-гийн “***” ХХК-ийн захирал У.Ж-ы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг тендерт шалгаруулж, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2015/5, 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 343.396.210 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан,

 2014 оны хичээлийн жилд “***” ХХК-ийн нэрээр “***” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 219.174.650 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд "***" “ХХК, ***” ХХК-иудын тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулахаар урьдчилан амлаж, бичиг баримт тамга тэмдгийг олж өгч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэмт хэрэгт,

5. Шүүгдэгч У.Ж- нь нийтийн албан тушаалтан Б.Х-, хувиараа хүнсний ногоо борлуулдаг Ц.Д- нартай бүлэглэн Б.Х-гийн “***” ХХК-ийг хууль бусаар тендерт шалгаруулан, “***” ОНӨААТҮГ-тай 2015/05, 2016/03 дугаартай гэрээ байгуулан, нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 343.396.210 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд “***” ХХК-ийн тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулах замаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Н-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

Б.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

Ц.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Д-, У.Ж- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н-ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг,

нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х-г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг,

үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд,

шүүгдэгч Н-ийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ж-, Д- нарыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Н-ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100900005406 дугаарын барьцааны дансанд байх 2.979.000 төгрөгийг улсын орлогод шилжүүлж, шүүгдэгч Б.Х-гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 7.382.000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгож,

шүүгдэгч Б.Н- нь хэргийн учир 400 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас 1.772.100.700 төгрөгийг, шүүгдэгч Б.Х-, Ц.Д- нараас тус бүр 224.052.725 төгрөгийг, шүүгдэгч У.Ж-аас 114.165.403 төгрөгийг тус тус гаргуулан *** ОНӨААТҮГ-т олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидиг хадгалуулахаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч Б.Н-ы эзэмшлийн ***** улсын дугаартай “Toyota harrier” загварын тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.Х-гийн эзэмшлийн ***** улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолууд, шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон шийдвэрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

шүүгдэгч Б.Н-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч У.Ж- давж заалдах гомдолдоо: “...У.Ж- намайг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар У.Ж- надаас 114.165.403 төгрөгийг гаргуулан *** ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэжээ.

Үүнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хохирол гаргуулахдаа манай компанийн нэрээр нийлүүлсэн бүх бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнгээр хохирол гаргуулсныг зөвшөөрөхгүй байна.

Учир нь манай компанийн нэрээр нийлүүлсэн бүх бараа бүтээгдэхүүнийг манай компани дангаараа нийлүүлээгүй бөгөөд зарим тохиолдолд Б.Х- манай компанийн нэрийг ашиглаж бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан зааг ялгааг нарийвчилж тогтоогоогүй. Манай компанийн нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүн нь Монголын хүнсний худалдааны зах зээлийн бөөний доод үнэ бөгөөд хэт өндөр үнээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн байхгүй болно.

2. Хохирогчоор тогтоогдсон байгууллагын төлөөлөгч манай байгууллагад хохирол учраагүй хохирол нэхэмжлэхгүй, улсын яллагч шүүгдэгч нараас гаргуулах хохирол байхгүй гэж хэлсээр байхад шүүх хохиролд их хэмжээний мөнгө гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Хохирлын тооцоог бүх нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээр 100 хувь тооцож хүүхдүүдэд нийлүүлж хоол болсон бараа бүтээгдэхүүний үнийг шүүгдэгч нараас 100 хувь гаргуулж байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд *** ОНӨААТҮГ-т нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн хэмжээгээр хохирлыг шууд 100 хувь гаргуулсанд гомдолтой байна. Иймд хохирогч байгууллага манайд учирсан хохирол байхгүй, улсын яллагч төлөх төлбөр байхгүй талаар хэлсээр байхад үндэслэлгүйгээр их хэмжээний хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж төлөх төлбөргүй талаар магадлалд тусгаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Д- давж заалдах гомдолдоо: “...Ц.Д- намайг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар 224.052.725 төгрөгийг надаас гаргуулан *** ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэжээ.

Үүнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Хохирол гаргуулахдаа “***” ХХК болон “***” ХХК-ийн нэрээр нийлүүлсэн бүх бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнгээр хохирол гаргуулсныг зөвшөөрөхгүй байна.

Учир нь, дээрх хоёр компанийн нэрээр нийлүүлсэн бүх бараа бүтээгдэхүүнийг хоёр компани дангаараа нийлүүлээгүй бөгөөд зарим тохиолдолд Б.Х- дээрх хоёр компанийн нэрийг ашиглаж бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан зааг ялгааг нарийвчилж тогтоогоогүй юм. Манай компанийн нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүн нь Монголын хүнсний худалдааны зах зээлийн бөөний доод үнэ бөгөөд хэт өндөр үнээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн байхгүй болно.

2. Хохирогчоор тогтоогдсон байгууллагын төлөөлөгч манай байгууллагад хохирол учраагүй, хохирол нэхэмжлэхгүй, улсын яллагч шүүгдэгч нараас гаргуулах хохирол байхгүй гэж хэлсээр байхад шүүх хохиролд их хэмжээний мөнгө гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Хохирлын тооцоог бүх нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээр 100 хувь тооцож хүүхдүүдэд нийлүүлж хоол болсон бараа бүтээгдэхүүний үнийг шүүгдэгч нараас 100 хувь гаргуулж байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд *** ОНӨААТҮГ-т нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн хэмжээгээр хохирлыг шууд 100 хувь гаргуулсанд гомдолтой байна. Иймд хохирогч байгууллага манайд учирсан хохирол байхгүй, улсын яллагч төлөх төлбөр байхгүй талаар хэлсээр байхад үндэслэлгүйгээр их хэмжээний хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж төлөх төлбөргүй талаар магадлалд тусгаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Онолтуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхээс хэргийг дүгнэхдээ “шүүгдэгч Б.Н-, Б.Х-, Ц.Д-, У.Ж- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс тооцон гаргуулахдаа тендерийн үнийн дүнг үндэслэсэн болно. Учир нь, зарлагдсан тендер нь үнийн дүн тодорхойгүй байх бөгөөд шүүгдэгч нар нь гэрээг байгуулахдаа нийлүүлсэн бараа, материалын үнийн дүнгээр гэрээлсэн байна. Иймд *** ОНӨААТҮГ-т бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн үнийн дүнг тендерийн үнийн дүнд тооцох нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийг хохиролд тооцно” гэж заасан. Үүнээс дээрх хохирол төлбөр нь хуульд заасан шууд учирсан бодит хохирол үзэх үндэслэлгүй бөгөөд эх сурвалж нь хаанаас гарч байгаа нь ойлгомжгүй хоорондоо шалтгаант холбоогүй байна. Шүүх зарлагдсан тендер нь үнийн дүн тодорхойгүй байна гэсэн хэрнээ шүүгдэгч нар нь гэрээг байгуулахдаа нийлүүлсэн бараа, материалын үнийн дүнгээр гэрээлсэн .... гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.4-д тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно” гэж хуульд заасан байх тул дээрх шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй байна.

2. Мөн Авилгатай тэмцэх газраас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоолоор Сангийн яамны хууль эрх зүйн газрыг шинжээчээр томилж *** ОНӨААТҮГ- аас 2015, 2016 онд зохион байгуулагдсан тендерийн талаар /3 дугаар хавтас хэргийн 120-131 хуудас/ шинжээч томилсон.

Үүний дагуу Сангийн яамны 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 6-1/452 дугаартай алба тоотод хариу өгөхдөө “... ***** ОНӨААТҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1, 19.2, 47,8 заалтуудыг зөрчсөн байна. Тухайлбал, бараа материал худалдан авах төсөвт өртөг байхгүй, захиалагч тендерийн баримт бичигтээ тухайн жилд худалдан авах нийт бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлж өгөөгүй байгаагаас тендерт дүгнэлт гаргах боломжгүй байна гэж үзсэн нь тендер хуулийн шаардлага хангасан тендер биш, тендер явуулах боломжгүй үйл ажиллагаа бүхий байгууллага гэж үзсэн нь илт харагдаж байна.

3. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хурал дээр өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Онолтуяа нар шинээр нотлох баримт гаргаж өгсөн.

Үүнд: Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/204 дугаартай **** ОНӨААТҮГ-т хандсан албан бичигт “...танай заавар зөвлөмж ирүүлэх хүсэлттэй танилцаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.5-д “...бараа ажил үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх” гэж зааснаар тоо хэмжээг тодорхой тусгах, мөн хуулийн 8.4-д “тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно” гэж зааснаар төсөвт өртгийг үндэслэлээ болгохыг зөвлөсөн байдаг. Мөн Нийслэлийн Өмчийн харилцааны газар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 6/4286 дугаартай болон Сангийн яамны 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 5/3837 дугаартай албан бичигт тус хуулийн 46.1.5 -д “...“бараа ажил үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх” гэж тус тус заасан нь төсөвт өртөг батлагдаагүй, босго үнэ тогтоогдоогүй үед тендер явуулах ямар ч боломжгүй гэдгийг зөвлөж тайлбарласан байна. Харин тухайн үеийн захирал Б.Н-ы дээрх үйлдлүүд нь тендер огт зохион байгуулж байгаагүй байгууллагыг хүлээн авч удирдахдаа хуулийг судлаагүй хэрнээ шинийг нэвтрүүлж, өөрийн ажлаа сайжруулах гэсэн оролдлого хийсэн нь харагдаж байгаа ба энэ тухайгаа ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

4. Хохирогч байгууллага түүний хууль ёсны төлөөлөгчөөс “манай байгууллагад учирсан хохирол байхгүй” гэж мэдүүлсэн байдаг ба бараа бүтээгдэхүүн нь тухайн жилүүдэд захиалагч нараас захиалсны дагуу бүрэн нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээ үнэ өртөг юм. Иймээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитойгоор дүгнэн үзэж, хуульд нийцсэн, зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Шүүгдэгч Б.Х-гийн хувийн байдлын хувьд гэмт хэрэг зөрчилд 2016 онд холбогдсоны дараа 2017 онд нөхөр нь салж гурван хүүхэдтэйгээ үлдсэн. Одоо өрх толгойлсон 5-14 насны гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Тэрээр эрүүл мэндийн хувьд 2016 оны 11 сард нүүр хамрын хөндийн идээт үрэвсэл цэвэрлэх хүнд хагалгаанд орсон. 2021 оны 10 сард Ковид-19 халдварт өвчний хүнд хэлбэрээр өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гарсан боловч одоо байнга зүрх дэлсэж, амьсгаадаж цээж өвдөж байгаа болохоор эмчийн хяналтанд байгаа юм. 2021 оны 12 сарын сүүлээр хоргүй хавдар авах хүнд хагалгаанд орсон ба хүнд хэлбэрийн цус багадалт үүсэж, цус сэлбүүлж мөн энэ талаараа эмчийн хяналтад байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлэг 1 дүгээр зүйлийн 2-д “ Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хуулиа дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”, мөн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг “Монгол улсад оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан.

Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.3, 4.1.4 “ шүүх байгууллага нь хууль дээдлэх шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах” зорилготой байгууллага юм. Мөн 6 дугаар зүйлийн 6.1-д “ хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт үйл ажиллагааны үндсэн зарчим мөн’ гэж тус тус заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”, 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж төлөх төлбөргүй талаар тусгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Х- энэ хэргийн субъект мөн эсэх дээр шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Х- нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан. Нийтийн албан тушаалтан биш гэдэгт анхаарал хандуулж өгнө үү. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээр гэмт хэргийн хохирол, хор уршгийг тооцож байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Онолтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Н-ы өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч болон миний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч Б.Н-ы хувьд гэм буруугийн асуудлаар маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт шүүгдэгч Б.Н-аас 1.772.100.700 төгрөгийг гаргуулахаар заасан хохирлын асуудал дээр гомдолтой байдаг. Давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгчдийн гомдлыг дэмжиж байгаа. ...” гэв.

 

Шүүгдэгч У.Ж-ы өмгөөлөгч Ц.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч У.Ж-ы болон шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Онолтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээр хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Зарим барааг нь “***” ХХК нийлүүлээгүй. Гэрээнд тусгагдаагүй зүйлийг шүүгдэгч Б.Х- өөрөө нийлүүлж “***” ХХК, “***” ХХК-ийн нэрээр мөнгийг нь гаргуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, нийлүүлээгүй бараа бүтээгдэхүүний үнийг 100 хувь нийлүүлсэн мэтээр хохирлыг тооцож байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлэхгүй, манай байгууллагад хохирол огт учраагүй гэсэн. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол болоод зарцуулагдсан хүнсний бүтээгдэхүүний үнийг 100 хувь гаргуулна гэдэг нь үндэслэлгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ц.Д-гийн  гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн зүгээс “***” ОНӨААТҮГ нь энэ гэмт хэргээс болж хохирсон хохирол байхгүй гэж яригдсан. Мөн прокурор ялын шүүмж явуулахдаа шүүгдэгч нараас хохирол төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Эдгээр нөхцөл байдлууд байсан болохоор анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгч нараас шинжлэн судлаагүй. Шинжээчийн дүгнэлтүүд олон удаа гарсан бөгөөд зөрүүг нь янз бүрээр тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнс болсон байхад нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээр хохирлыг гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм.  Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудтай танилцлаа. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч байгууллагаас хохирол нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Прокурорын хувьд гэрээний үнийн дүнгээр хохирлыг тооцсон. Гэрээний үүрэг биелэгдсэн учраас хохирол гаргуулах шаардлагагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн хэдий ч шүүхээс гэрээ байгуулсан үнийн дүнгээр хохирлыг тооцож шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. Хэдийгээр прокурор эсэргүүцэл бичээгүй ч шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Н-ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт, мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Х-г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт, мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.Н-ийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт,

шүүгдэгч У.Ж-, Ц.Д- нарыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Тодруулбал, прокуророос шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан таван жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж /14хх 179-181/, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан /17хх 38-44/,

 шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж /14хх 184-187/, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан /17хх 70-78/,

 шүүгдэгч Ц.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж /16хх 234-237/, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан /17хх47-50/,

шүүгдэгч Ц.Д-, У.Ж- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж /14хх 189-193/, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт тус тус оруулсан /17хх 53-58, 61-67/ байна.

           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохгүй юм.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хүчин төгөлдөр хуулийн заалтыг шүүх баримталж хэргийг шийдвэрлэнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч У.Ж-, Ц.Д-, шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Онолтуяа нарын “...хохирлыг нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн хэмжээгээр тооцож, хүүхдүүдэд нийлүүлж хоол болсон бараа бүтээгдэхүүний үнийг шүүгдэгч нараас 100 хувь гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийхгүй орхиж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/504 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Н-, Б.Х-, Ц.Н-, У.Ж-, Ц.Д- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН