Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 152/ШШ2024/00149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын … дүгээр багт оршин суух, регистрийн дугаар …., Т ургийн овогт Б-гийн Ш-гийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 1963 онд төрсөн, 61 настай. Би 1982 оны 6 дугаар сард Говь-Алтай аймгийн ХАА-н техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд аав, ээжийн гар дээр 1982 оны 7 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд мал маллаж байгаад цэргийн албанд татагдан явсан. Улмаар цэргээс халагдаж ирээд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тус нэгдэлд мал маллаж, туувар тууж байсан. Дараа нь барилгачнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримт бүрдүүлэхэд 1982-1983, 1986-1988 оны малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 94 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 175 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08/3564 дүгээр лавлагаа, гэрч Б.И, С.С нарын иргэний үнэмлэхийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Б.И, С.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Б.Ш-гийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт, хаягийн хуудас зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ш-гийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл малчин, тууварчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Ш-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Ш-гийн 1982-1983, 1986-1988 онд ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

3. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар зөвлөмжийн хуудсанд: Б.Ш нь Наранбулаг сумын Пионер нэгдлийн Улаан-Үзүүр бригадад 1982-1983, 1986-1987 онуудад ажиллаж байх үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал гараагүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.

Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 175 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Б.Ш-гийн 1982 оны 10 дугаар сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08/3564 дүгээр лавлагаанд: Б-гийн Ш нь Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0214 дүгээр ангид цэргийн алба хаагаад мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 6 дугаар сарын 26-ны өдөр цэргээс халагджээ гэжээ.

БНМАУ-ын Хүн амын регистрийн 070 дугаар картад: Овог, нэр Б-гийн Ш, ажилладаг байгууллага Пионер нэгдэл, орсон он 1988, эрхэлдэг ажил барилгачин, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988.06.19 гэж бүртгэгдсэн байна. Тухайн баримтад нэхэмжлэгч Б.Ш-гийн Пионер нэгдэлд барилгачнаар ажиллаж байх үеийн мэдээлэл бичигдсэн, мөн нэхэмжлэгч нь ...Цэргээс халагдаж ирээд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тус нэгдэлд мал маллаж, туувар тууж байсан. Дараа нь барилгачнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримт бүрдүүлэхэд 1982-1983, 1986-1988 оны малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэж тайлбарласан тул байх тул БНМАУ-ын Хүн амын регистрийн 070 дугаар картыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Б.Ш-гийн хаягийн хуусанд: ...Овог, нэр Б-гийн Ш, төрсөн он, сар, өдөр 1963.09.21, хаана, ямар ажилтай хэсэгт Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд тууварчин, хуудас бичсэн огноо 1987.07.21 гэж бүртгэгджээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.И, С.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Ичинхорлоо Миний бие 1980 оноос 1986 оныг дуустал илгээлтийн эзнээр Пионер нэгдэлд тэмээчнээр, 1987 оноос хоньчноор нэгдэл тарах хүртэл ажилласан. Б.Ш нь 1980 онд 8 дугаар анги төгсөөд Говь-Алтай аймагт Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд элсэн суралцсан. Б.Шгийн аав, ээж Пионер нэгдэлд хоньчноор ажиллаж байсан бөгөөд Б.Ш техник мэргэжлийн сургуулиа төгсөж ирээд 1982 оноос аав, ээжийн гар дээр Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд хоньчноор 1983 оны 5, 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. 1986 онд цэргээс халагдаж ирээд Пионер нэгдэлд 1988 он хүртэл малчнаар ажилласан гэж, гэрч С.Сэржмядаг Миний бие 1980 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтийн эзнээр Пионер нэгдэлд хоньчноор ажилласан ба нэгдэл тарах хоньчиноор хүртэл ажилласан. .Ш нь 1980 онд 8 дугаар анги төгсөөд Говь-Алтай аймагт Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд элсэн суралцсан. Б.Шгийн аав, ээж Пионер нэгдэлд хоньчноор ажиллаж байсан бөгөөд Б.Ш техник мэргэжлийн сургуулиа төгсөж ирээд аав, ээжийн гар дээр Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд хоньчноор ажилласан. Б.Ш хэдэн оноос хоньчноор ажиллаж эхэлснийг сайн санахгүй байна. Улмаар 1983 онд Б.Ш цэрэгт явсан ба 1986 онд цэргээс халагдаж ирээд Пионер нэгдэлд 1988 он хүртэл малчнаар ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 175 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Б.Ш-гийн хаягийн хуусаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч Б.Ш-гийн 1986-1988 оны цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь дээрх онуудад Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь Б.Шгийн хаягийн хуусанд ...Овог, нэр Б-гийн Ш, төрсөн он, сар, өдөр 1963.09.21, хаана, ямар ажилтай хэсэгт Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд тууварчин, хуудас бичсэн огноо 1987.07.21 гэж бичигдсэнээр тогтоогдож байна.

5. Иймд Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 175 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08/3564 дүгээр лавлагаа, Б.Ш-гийн хаягийн хуудас, гэрч Б.И, С.С нарын мэдүүлгийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т ургийн овогт Б-гийн Ш-гийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Ш-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т ургийн овогт Б-гийн Ш-гийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Ш-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ